Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Сурвалжлага: Хөдөөгийн сайханд, малчны хотонд...

Сурвалжлага: Хөдөөгийн сайханд, малчны хотонд...
Нийтэлсэн 2023 оны 6 сарын 6
iToim сурвалжлах баг нийгэмдээ баялаг бүтээж буй хөдөлмөрч залуусыг цувралаар танилцуулж буй билээ. Өмнөх дугааруудад бид Нарантуулын хоёрдугаар босс Т.Хатанбүүвэй, Зүүдээ хувцас болгон урладаг Г.Анударь, Зэвсэгт хүчнийг орхиж хувийн бизнесээ эхлүүлсэн Б.Бодьхүү нарыг танилцуулсан.
Тэгвэл энэ удаагийн дугаарт “Hello Huduu” төслийн санаачлагч Г.Нямлхамыг онцолж байна.
undefined
Г.Нямлхам нь малчин айлын том охин. Өмнө нь хөдөө, хот руу ирж очоод л явдаг байсан бол гэр бүл зохиож, хүүхэдтэй болсныхоо дараа хотын зовлонг мэдэрчээ. Агаарын бохирдол, түгжрэл, давчуу орон сууцанд хүүхэд өсгөнө гэдэг их хэцүү. Ажил, амьдрал нь хотод тул шууд хөдөө очиж амьдрах ч хэцүү. Тиймээс нөхөртэйгөө хүүхдээ аваад агаар салхи амсахаар хөдөө аавындаа очжээ. Тэр үед Г.Нямлхам "Би ч яахав аав ээж дээрээ ирээд хөдөөний сайхныг мэдэрч, агаар салхинд гарч чадаж байна. Харин хөдөө хамаатан садангүй, очих айлгүй хүн хэнийдээ очих болж байна аа" гэж бодсоноор энэхүү төслийг эхлүүлэх санаагаа олсон байна.
Ингээд 2021 оны долдугаар сараас сошиал хаягаа нээж, эхний захиалгуудаа авч эхэлжээ. Хоёр сарын хугацаанд нийт 12 гэр бүлд үйлчилсний дараа суурин соёлд амьдарч байгаа хүүхдүүд монгол ахуйгаас алсарч байгаа юм байна гэдгийг олж харсан байна. Тиймээс малчны хотод гэрээ түрээслээд ч болов монгол ахуй, малчин соёлоо хүүхдүүдэд түгээгээд, ядаж л малынхаа зүсийг, төлийг мэддэг, унага байна гээд инээдэг хүүхдүүдийг бий болгоё гэж сэтгэл шулуудсан аж.
Хөдөөгийн сайханд дурлах, энэ зүг хөлгийн жолоо залах, үр хүүхдээ таван хошуу малын захтай, зүлэг ногоон дээр тоглуулах, "би монгол хүн" бахархал, сэтгэлгээг суулгах, өглөөний сэнгэнэсэн сайхан агаарт гэр бүлээрээ алхах, адуу янцгаах, үхэр мөөрөх, тогоо нэрэх, аргал түүх, ааруул тавих, сур элдэх тэр л ахуй, соёлыг иж бүрнээр нь авчирсан, хотоос тийм ч холгүй гараад нүүдэлчин монгол ахуй руу шууд л яваад орчих боломжийг "Hello Huduu” бүрдүүлжээ.
Эхлээд малчид “Hello Huduu” төсөлд малчин айлаар бүртгүүлэх хүсэлтээ өгөх бөгөөд өөрийн гэрийн дэргэд тусгайлан бэлдсэн илүү гэрийг барина. Төслийн зүгээс уг гэрт заавал байх ёстой тавилга, эд хогшлын жагсаалтыг гаргаж өгснөөр гэрээ тохижуулдаг байна. Өөрөөр хэлбэл, тухайн малчин айлд очиж буй гэр бүл яг л хөдөөний нэг гэртээ оччихсон мэт, яг л гэртээ байгаа мэт мэдрэмжийг авах ёстой. Тэрхүү гэрийг 100 мянган төгрөгөөр /тухайн гэрийг хэр тохижуулснаас хамааран үнэ өөр байна/ түрээслэх бөгөөд 80 хувийг малчдын орлого болгон өгдөг аж. Малчин айлаас сүү, цагаан идээ авах бол тусдаа хөлсийг малчин айлдаа өгнө. Малчин айлд ирсэн хүмүүс байнгын холбоотой байж, мах сүү, цагаан идээгээ тасралтгүй авдаг болсон байна.
“Hello Huduu” төсөл одоо гурван малчин айлтай. Нэг нь төслийн санаачлагч Г.Нямлхамын аавынх бөгөөд Төв аймгийн Борнуур суманд байдаг. Нөгөө хоёр нь хотоос холгүйхэн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Гурвын даваа гэх газар байдаг аж. Үйлчлүүлэгч нэмэгдэж байгаа ч малчин айлынх нь хүрэлцээ бага байгаа тул улам олон малчин айлтай болохыг төслийн багийнхан зорьж байна.
Н.Наранцэцэг: Монгол хүн бид мах цусандаа шингэсэн өв уламжлал, заншилтай
undefined
Н.Наранцэцэг бол “Hello Huduu” төслийн малчин айлын гэрийн эзэгтэй. Төсөлд нэгдсэнээр нэмэлт орлоготой болохоос гадна малчид ямар их хөдөлмөрөөр мах, цагаан идээг бэлтгэдэг талаар хотынхонд ойлгуулах зорилготой гэнэ. Үүнээс гадна малчин аж ахуйн соёлыг ирсэн хүүхдүүдэд зааж сургах нь түүний хүсэл. Анх ирсэн хүүхэд гэр рүү орохдоо гэрийн босгон дээр гишгээд л, өтөг бууцны үнэр авч чадахгүй хамраа чимхээд л эхэлдэг гэнэ.
Энэ талаар тэрээр “Малынхаа шимээр цагаан идээ боловсруулах нь малчин хүний ур чадвар байдаг. Энэ зунаас бид “Hello huduu” төслийн хүрээнд давхар орлоготой болох бизнес эхлүүлж байгаа тул аль болох залууст өв уламжлалаа зааж сургах, өөрсдөө  улам шамдах, зорин ирж байх хүмүүст цагаан идээ яаж боловсруулах, таргаа яаж бүрж тогоо нэрдэг, өрмөө хэрхэн гаргаж авдаг зэргийг зааж сургах бодолтой. Уламжлал гэдэг бидний үнэт зүйл. Хүүхдүүд малын баас, өтөг бууц үнэртээд гээд хамраа чимхэж байсан бол өнөөдөр тоохгүй л хөөрхөн гүйлдэж байна. Монгол хүн бид мах цусандаа шингэсэн өв уламжлал заншилтай. Монгол хүн хөдөөдөө яаж зохицож бие нь эрүүл байдаг, малчин хүн ямар их хөдөлмөрлөдгийн зах зухаас хүүхдүүд таньж мэдэж авч байна. Хөдөөгийн малчид бид ханиад хүрлээ гэхэд эм уухгүй, сонгинотой битүү шөлөө уучихна. Зочин ирэхэд тавагтай идээ, цайгаа бариад угтдаг. Энэ бүхнийг хүүхдүүддээ хотын хүмүүс зааж сургавал зүгээр санагддаг” хэмээн ярилаа.
"Hello Huduu" төсөл хот, хөдөөг холбох гүүр болно
undefined
"Hello Huduu" төслийн амбийц маш том. Одоо нийгэмд хөдөө, хот гэх зааг ялгаа үүсээд байна. Хөдөө ч тэр, хот ч тэр өөрийн давуу тал, сайхан зүйлстэй. Хотын сайхан соёлыг хөдөөд нэвтрүүлэх, хөдөөний сайхан соёлыг хотод авчрах гүүр болох нь энэхүү төслийн амбийц ажээ.
Энэ талаар Г.Нямлхам "Цаашдаа зөвхөн хот хөдөө хоёрыг аялал жуулчлалаар л холбох уу гэвэл үгүй. ЖДҮ, гар урлал ч юм уу, эсвэл суран хэрэгсэл, сүү сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн гээд олон харилцаа байгаа тул тэр болгон дээр "Hello huduu" орж ажиллах алсын хараатай. Нөгөө талаар, малчин айлууд нэмэлт орлоготой болохоос гадна би чинь монгол уламжлалаа үлдээж, хөдөө, малчны хот гэдэг зүйлээ залууст таниулж, мартагдашгүй сэтгэгдлийг үлдээж байгаа гэдэг мэдрэмжээр манайхтай хамтарч байгаа гэсэн үг. Бидний үүсгэж байгаа хамгийн гол үнэ цэн нь энд л байгаа юм" гэсэн юм.
iToim сурвалжлах баг "Hello Huduu" төслийн малчны хотоос бэлдсэн видео сурвалжлагыг хүлээн авна уу.

Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн