iToim сурвалжлах баг ажил хөдөлмөр эрхэлж, нийгэмдээ зөв үлгэр дуурайлал болж буй хөдөлмөрч залуусыг цувралаар танилцуулж буй билээ. Энэ удаагийн дугаар Anir Dream Construction компанийн үүсгэн байгуулагч, захирал Б.Бодьхүүг танилцуулах гэж байна. Б.Бодьхүү Монголын зэвсэгт хүчинд 10 орчим жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн ч нэг л өдөр ажлаа орхин өөрийн хувийн бизнесийг эхлүүлжээ. Хайртай ажлаа орхиод сантехник, цахилгаан, дохиолол хамгааллын үйлчилгээ үзүүлэх бизнесээ эхлүүлсэн нь өнөөгийн нийгэмд амьдрах гэж тэмцэж буй залуу гэр бүлийн л үйлдэл аж.
Тэрээр 2014 онд Батлан хамгаалахын их сургуулийг төгсөнгүүтээ Монголын зэвсэгт хүчинд ажиллаж, бэлтгэл ахмад цолтой 2022 оны тавдугаар сард өөрийн хүсэлтээр халагдсан байна. Зэвсэгт хүчинд байх хугацаандаа энхийг сахиулах ажиллагааны наймдугаар ээлжээр үүрэг гүйцэтгээд иржээ.
Ажлаасаа гарах болсон шалтгаанаа тайлбарлахдаа "Манайх шиг залуу гэр бүлийн хувьд цэргийн цалингаар амьдрахад хангалтгүй байсан нь гарах шалтгаан болсон. Монголын зэвсэгт хүчин гэх том тогоонд 10 орчим жил ажиллахдаа алдаж онож, туршлага хуримтлуулж, дурсамж үлдээжээ. Олон сайн сайхан зүйлтэй учирсан байна. Ажлаа орхисондоо харамсдаггүй. Гэхдээ цэрэг, цагдаагийн хувцас өмсөөд явж буй онжавууд, үе тэнгийнхнээ харахаар өөрөөрөө бахархах, албандаа ажиллаж буй хүмүүстээ цагаахан атаархдаг" гэлээ. Ийн ярих Б.Бодьхүү эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.
Миний баримталдаг зарчим нь аливаа ажилд эзний сэтгэлээр хандаж, чанартай гүйцэтгэх
Залуу хүний хувьд ажлаа голохгүйгээр эзний сэтгэлээр хандаж хөдөлмөрлөх нь хамгийн чухал гэдгийг Б.Бодьхүү онцолж байсан юм. Барилга, сантехникийн ажлыг хар, бор ажил гэж ярьдагтай санал нийлдэггүй тэрээр хөдөлмөрлөж, хөлсөө гаргаж олсон мөнгө хамгийн амттай хэмээн ярина.
Анх ажлынхаа хажуугаар нэмэлт орлоготой байя гэж өрөмдөж тогтоох ажлыг ганцаараа хийж явжээ. Ингэж явсаар энэ ажилдаа хүч хаях хэрэгтэйг ойлгож, ажлаа орхин компаниа байгуулсан байна. Одоо түүний компани сантехник, холбоо дохиолол, цахилгаан, өрөмдлөг, тогтоолт гэх мэт ажлыг хувь хүн, албан байгууллагад үзүүлдэг аж.
Тэрээр энэ талаар ярихдаа "Манай аав гарын дүйтэй хүн бий. Багаасаа алх хадаастай ойр өссөндөө ч тэр үү, энэ ажилдаа дуртай. Манай онцлог гэвэл чанар бас цогц үйлчилгээ. Ямар ч орчинд хүн аюулгүй байх ёстой. Тиймээс чанартай хийснээр аюулгүй ажиллагааг хангах боломжтой. Манайд ирж буй дуудлагуудын 60-70 орчим хувь нь өмнө нь чанаргүй хийгээд эвдэрсэн, гэмтэл гарсан тохиолдлууд байдаг. Иймд мэргэжлийн түвшинд чанартай хийх хамгийн чухал юм" гэв.
Б.Бодьхүү барилга, сантехникийн ажлыг хар, бор ажил гэж ярьдагтай санал нийлдэггүй нэгэн. Сайд дарга ч бай, энгийн ажилтан ч бай бүгд л хөдөлмөрлөдөг. Хамгийн гол нь аливаа ажлыг голохгүйгээр чин сэтгэлээсээ, эзний сэтгэлээр хандаж хийвэл олж буй мөнгө ч гэсэн амттай байна гэж боддог гэнэ.
Үргэлжлүүлэн тэрээр залуусдаа ингэж захилаа.
"Эдийн засаг хямралтай байна, амьдрал хэцүү байна, Монголд амьдрахад хэцүү байна зэрэг хандлагууд их мэдрэгдэх болсон. Гэхдээ хувь хүн өөрөө хичээгээд зөв гэсэн гаргалгаатай юмаа зоригтойгоор бариад авахад энэ сайхан эх оронд сайхан амьдрах нөхцөл боломж бүрэн дүүрэн байна"