iToim сурвалжлах баг уншигч та бүхэндээ нийгэмдээ баялаг бүтээж буй залуу үеийн төлөөллийг цувралаар танилцуулж буй билээ.
Энэ удаагийн дугаарт загварын ертөнцөд шинэ өнгө төрхөөр цахиур хагалж, хоёрхон жилийн дотор брэнд болтол нь хөгжүүлж чадсан “Minerva Goddis” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий дизайнер Г.Анударийг танилцуулж байна. Г.Анударь нь 2016 онд СУИС-ийн Дүрслэх урлагийн академийг зураач, дизайнер мэргэжлээр төгсчээ. Сургуулиа төгсөнгүүтээ “ураад өгье” гэсэн бодол хүн болгонд байдгийн адил түүнд ч тийм дэврүүн хүсэл байлаа. Гэхдээ өдийг хүртэл туулсан зам нь бодсон шиг нь дардан байгаагүй нь мэдээж. Би юу хийх гэж төрсөн хүн бэ гэх эрэл хайгуулыг олон жил хийсэн байна. Энэ хугацаанд монгол бүжиг ч нэг бүжиглэж, Make up хийж сурсан ч түүний хүссэн зүйл биш, нэг л сэтгэлд нь хүрэхгүй байв.
Харин гагцхүү өөрийн ертөнцийг цаасан дээр буулгаж, түүнийгээ хувцас болгон урлах нь Г.Анударийн хийх ёстой бас дуртай зүйл нь юм байна гэдгийг ойлгожээ. Тэрээр ингэж өөрийгөө олсон нь өнөөдрийн “Minerva Goddis” брэндийг бий болгох суурь болсон байна. Minerva Goddis брэндийг үүсгэн байгуулаад хоёр жил л болж байгаа ч залуусын дунд аль хэдийнэ алдартай болжээ. Бүр коллекц бүрээс нь худалдан авдаг байнгын үйлчлүүлэгчтэй болоод амжсан байна.
Тус брэндийн хувцас дандаа Limited Edition гардаг бөгөөд хамгийн ихдээ л таван ширхгийг урладаг аж. Хувцсаа урлахдаа дахин давтагдахааргүй үнэ цэн, загварын шийдэл, өнгөний нийцлийг чухалчлахаас гадна хамгийн гол нь чанартай байлгахыг зорьдог байна. Г.Анударь “Minerva Goddis” брэндийг үүсгэн байгуулсан түүхээ бидэнтэй ингэж хуваалцлаа.
“Маш урт түүхтэй. Их сургуульд сурч байхдаа маш том мөрөөдөлтэй, төгсөөд л "ураад өгнө" гэсэн бодолтой байлаа. Хүн бүр л тэгж боддог байх. Гэтэл төгсөөд амьдрал дээр гараад иртэл зүгээр л хэн ч биш байсан. Юу хийхээ мэдэхгүй, олон газруудад ажиллаж үзээд шантарчихсан. Би юу ч хийж чадахгүй юм байна, дизайнер гэдэг мэргэжлээр хол явахгүй юм байна гээд гутарчихсан.
Тэгээд дизайнераа болиод Make up сураад багшилж байтал Өвөрмонголын Одон телевизээс стилистээр ажиллаач гэсэн урилга хүлээн авлаа. Ингээд БНХАУ-ыг зорьсон. Одон телевизэд ажиллаж байхад БНХАУ-ын олон ангит киног хариуцдаг Тогосоо гээд алдартай дизайнертай танилцсан. Бас жүжигчин мэргэжилтэй хүн байхгүй юу, тэр эгч. Тэгээд Тогосоо эгч надад Монголд байгаагүй саналыг тавьсан. Тэр нь юу вэ гэхээр зүгээр л чиний мэдрэмжид би итгэж байна гээд итгэл хүлээлгэчихсэн. Чи дураараа ажилла, чамаас юу гарахыг харъя гээд. Тухайн үед би хүний юман дээр өөрийгөө хөгжүүлэх боломж олдлоо л гэж бодож байсан. Надад маш их даавуу тал байна, би юу хийж болох вэ гэж бодоод өөрт төрсөн мэдрэмжийнхээ дагуу зураад, хувцаснуудаа хийсэн. Тэгсэн харин миний тэр илэрхийлсэн мэдрэмж, хувцаснууд хүмүүст маш таалагдсан.
Хамаг зүйлээ энэ газар сурсан. Монголд Make up хийж байсан болохоор БНХАУ-д дахин сураад хувцас урлах, нүүр будах гээд хоёр зүйлийг давхар хийж байсан. Тэгээд бүр хадуураад монгол бүжигчин болж ч явсан. Хувцсаа хийгээд л, нүүрээ будаад л, бүжгээ бүжиглээд л. Энэ бүхнээс би юу ойлгосон бэ гэхээр би нэг үйлдлээ өдөр болгон давтдаг хүн биш юм байна, өдөр болгон нэг үйлдлээ хийдэг ажил хийвэл би галзуурах юм байна гэж бодож байсан. Хятадад сурангаа ажиллаад гурван жилийг арай гэж давсан. Гэхдээ одоо бодоод байхад Хятадад байхдаа хятад хүмүүсийн хурд болон хүмүүсийн итгэлийг алдахгүй байх ёстой гээд маш их зүйл сурсан юм байна.
Ингээд гурван жилийн дараа ирээд дахиад л хадуурч өгсөн. Тийм баян айлын хүүхэд биш учир санхүүгийн бололцоогоо бодно шүү дээ. Өөрөө л бүх юмаа болгох гээд амьдарч байсан, ядаж байхад яг цар тахлын үе таарчихсан. Тэгээд телевизүүдэд бас стилистээр ажиллаад баахан хүүхнүүдийн дунд бөөн юм болсон. Тэд би юу өмсөх үү, яах уу, нүүрээ яаж будах уу, үсээ яах уу гээд л. Ингэж ажиллаад за бас л миний ажиллах газар биш байна гээд больсон.
Гэтэл манай найз хоёулаа хамт юм хийх үү гэхээр нь тэгье гээд эхлүүлсэн нь Minerva Goddis юм. Манай найз завгүй учир би ганцаараа ганц оёдлын машинтай эхлүүлж байлаа. Өөр юу ч байхгүй. Эхлээд юу хийхээ мэдэхгүй, бусдын жишгээр мөнгө олохоо бодоод массын хувцас хийдэг юм уу гэж бодсон. Гэтэл би мөнгө боддог хүн биш юм байна лээ. Надад мөнгө чухал биш зүгээр л дотроо байгаа зүйлээ ямар нэгэн зүйлд шингээж байж, тэрнээсээ тайвшрал авч, гоёор мэдэрч, гарч байгаа хувцас минь үнэ цэнтэй байлгах чухал байсан. Анх хувцас хийж эхлэхэд эргэн тойрныхон чиний хийж байгаа гаж юмыг чинь хэн авах вэ, хэн сонирхох вэ гэж байлаа. Тэр үед ганцаараа тэмцсээр хажуугаар нь хувцсаа хийж байсан.
Хамгийн анх өвлийн загвар гэж гаргатал хүмүүст маш их таалагдаж, эрэлттэй болов. Өглөөний 07.00 цагаас шөнийн 02.00 цаг хүртэл ганцаархнаа ажиллаж байлаа. Энэ хугацаанд хувийн асуудлаас болоод амьдрах байргүй, очих газар ч үгүй болсон. Ээж ааваасаа гуйдаггүй өөрөө болгодог болохоор ганцаараа хичээсээр байгаад байр авч байсан нь миний хамгийн баяртай үе байсан. Яг өөрийнхөө хүссэн юмыг хийгээд тэр нь хүмүүст таалагдсанаар байр авсан болохоор маш их баярлаж байлаа. Ийм л түүхтэй.”
-Minerva Goddis одоо хэдүүлээ вэ?
-Үндсэн үйл ажиллагааг хариуцдаг таван хүн бий. Оёдол болон бусад зүйлсийг хийхэд хамтарч ажилладаг газрууд бий. Байгуулагдаад удаагүй ч бид олон зүйлийг туулсан. Одоо бидэнд зөвхөн хийх, хүмүүст ойлгуулах л үлдлээ. Манай улсын загварын ойлголт 100 жилээр хоцрогдолтой. Харин залуу үе харьцангуй гайгүй. Тиймээс залуусаа биднээс илүү мундаг хүмүүс болоосой, илүү хөгжөөсэй гэж боддог. Үүний төлөө монголоосоо явахгүйгээр эндээ байж, хийж байгаа зүйлээ үр дүнтэй байлгаж, цар хүрээг нь томсгож, дараагийн үедээ ойлгуулмаар байна. Ядаж л хүн цаг хугацааны эрхээр өөрийгөө олдог юм аа, байнга нэг чигээрээ байдаггүй юм аа гэж хүч, зориг өгмөөр байдаг. Монголд анх ажилд орж байхад энэ хүүхдийн тархинд яг юу байна вэ гэдгийг хэн ч олж хардаггүй. Энэ хүүхдийг дураар нь тавьчихвал юу гарах бол гэж боддоггүй. Нэг газар ажилд орохоор чи яг ийм юм л хий гээд хайрцаглачихдаг.
Анх төгсөөд нэг газар очоод ажилд ортол за дизайнераар төгссөн юм нь энийг оё, чи тэдэн загвар зураад ир тэгвэл чамайг ажилд авлаа гэх мэтээр ханддаг. Ингэж загвар зурж өгөөд алдаж байсан тохиолдол ч бий. Миний зурж өгсөн загварыг өөрсдийнхөө мэтээр хувцас урлаад худалдаанд гаргасан байсан. Гэтэл нэг шинэхэн дизайнер "би үүний загварыг гаргасан юм" гэхэд хэн ч итгэхгүй шүү дээ. Ийм муухай зүйлсийг мэдэрч байсан болохоор ажилчдадаа тийм зүйл үзүүлэхийг хүсдэггүй.
-Анхны коллекцоо танилцуулахад хүмүүс хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Шинэ содон, өвөрмөц загвартай учраас бүгд “ваав” гэж байсан даа. Ихэнх нь гаднын брэнд юм уу гэж байсан. Үйл ажиллагаагаа эхлүүлээд эхний нэг жилдээ бид Minerva Studio буюу хувцасны студи гэж явж байлаа. Нэг жил үйл ажиллагаагаа явуулаад бид Minerva Goddis брэнд гэж өөрчлөгдсөн. Эхний жилд би хичнээн гоё зүйл хийж байгаа ч брэнд болжээ гэх итгэл байгаагүй. Студийн түвшин брэндийн түвшин шал өөр шүү дээ.
Харин одоо бол брэнд гэж хэлэх бүх зүйл нь манайд бий. Манай хувцасны бүх зүйл нь гүйцэтгэл сайтай. Загвар гоё, өнгө нь зохицолтой, материал нь чанартай, монгол хүний биеийн онцлогт тохирсон. Биднийг брэнд болгодог зүйл нь дахин давтагдашгүй байдал. Би дизайнераар сураагүй байхдаа гудамжинд явж байгаад өөртэйгөө адилхан хувцас өмссөн хүн харахаар эвгүй санагддаг байсан. Тиймээс өөртөө мэдэрсэн бүх муухай зүйлээ илүү сайн болгож сайжруулахыг хичээдэг. Би маш их зүүд зүүдэлдэг л дээ. Зүүдэнд минь маш их санаа орж ирдэг. Заримдаа обой ч юм уу, ямар нэг зүйлийг хараад сонин хэлбэр дүрстэй харагддаг ч юм уу. Түүнийгээ цаасан дээр буулгаад хувцас болгодог. Зүүдээ бодит болгочихоор их сонин санагддаг.
-Гоё гэх юм уу. Зүүд гэдэг хийсвэр зүйл шүү дээ. Тэр хийсвэр зүйл бодит болоод хувцас болоод гараад ирэхээр таашаалтай санагддаг.
-Ирээдүйгээ хэрхэн хардаг вэ?
-Ирээдүйд манай Minerva гаднын зах зээлд гарна. Энэ бол цаг хугацааны асуудал, өөрсөддөө бүрэн итгэлтэй байдаг. Бид цар хүрээгээ үргэлж тэлж байх болно. Одоо бид оёмол бүтээгдэхүүн гаргаж байгаа бол цаашдаа байгальд ээлтэй сүлжмэл, ноос, ноолуур, арьс ширээр хувцас хийх болно.
Ийнхүү үүсгэн байгуулагдаад хоёр жил болж буй Minerva Goddis брэнд зургадугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар зочид буудлын эвент холлд “Minerva Goddis Fashion show 2023” хэмээх анхны бие даасан загварын шоуг хийх гэж байна. Тасалбарыг удахгүй Shoppy.mn-ээр худалдаалах аж.