Байн байн утас нь дуугарч, зөрөн өнгөрөх хүмүүстэй сайн байна уу хэмээн эелдгээр инээмсэглэн мэндлэх залууг Т.Хатанбүүвэй гэдэг. Тэр энэ жил 25 настай. Цахим Нарантуул зах гэх өөрийн бизнесээ эрхлээд хоёр жилийн нүүр үзжээ. Техник технологийн дэвшлээр онлайн худалдаа, хүргэлтийн үйлчилгээ улам л төгөлдөржиж буй энэ цаг үед Нарантуул захыг цахим болгох нь түүний зорилго. Т.Хатанбүүвэй багаасаа "Нарантуул захын хүн" байжээ. Бараа, контайнер зөөх, гар дээрээс жижиг сажиг худалдаа хийх гээд Нарантуул зах дээр хэн юу хийдэг, тэр бүгдийг Т.Хатанбүүвэй хийж үзсэн. Үүнийхээ үр дүнд өөрийн гэсэн бяцхан бизнесээ эрхлээд явж буй нь энэ юм.
Тусархуу зан минь бизнес хийх эхлэл болсон
Бизнес эрхэлдэг хүн бүр өөрийн ямар нэг сайн чанарт тулгуурладаг. Т.Хатанбүүвэйгийн хувьд маш тусархуу зантай гэнэ. Цахим Нарантуул хэмээх түүний эрхэлдэг бизнесийг товчхон танилцуулбал, Нарантуул захын барааг та заавал Нарантуул зах орж авах шаардлагагүй гэсэн үг. Утсаараа захиалахад л Т.Хатанбүүвэй унаанд тавиад өгчихнө.
Энэ талаар тэрээр "Хөдөө орон нутагт байгаа хүмүүс Нарантуул захаас юм авмаар байгаа ч ирж чаддаггүй. Тэгээд хүн гуйна. Хотод байдаг оюутан ч юм уу, ах дүү нараасаа гуйна. Тэр хүмүүс нь хөдөөнөөс захиж буй зүйлийн зараалд явж өгнө. Зараалд явж буй хүн хотын түгжрэл, завгүй амьдрал дунд өөрийн цаг хугацаа, өөр зүйл хийх боломжоо алдана. Хөдөөнөөс юм захиж буй хүн хоол идээрэй, унаанд суугаарай гээд баярласан сэтгэлээ илэрхийлнэ. Харин тэрхүү баярласан сэтгэлээ нааш нь, манайх руу захиалга хийхдээ явуулчихвал хотод байгаа хүний цаг завыг ч, өөрийнхөө цаг завыг ч хэмнэнэ. Манайх найдвартай тул ямар нэгэн байдлаар ажлыг нь бүтээгээд өгнө. Би их тусархуу хүн л дээ. Тусархуу зан минь миний бизнесийн суурь гэж хэлэхэд болно" гэсэн юм.

Түүний байнгын хэрэглээ бол утас. Бидний уулзсан нэг цаг орчим хугацаанд утас нь зогсоо чөлөөгүй дуугарч байсан юм. Хүмүүс захиалга хийх гэж залгахаас гадна ийм юм хайж байна, ийм зүйл Нарантуул дээр хэдэн төгрөгийн үнэтэй байна гэхчлэн залгах аж. Цахим Нарантуул захаас бараа захиалахын тулд Цахим Нарантуул зах фэйсбүүк хуудас руу чат бичих, эсвэл 80374222 дугаар руу залгахад болох юм байна. Т.Хатанбүүвэйг Нарантуул захын бөөний худалдаачид бараг бүгд танина. Ярилцлага өгч байх үед зөрж өнгөрч буй худалдаачид "Хүүе, миний дүү телевизэд ярилцлага өгч байгаа юм уу" хэмээн зөрөх бөгөөд зарим нь "Аая гараад өгчээ" хэмээн ирмээд өнгөрнө.
-Таныг Нарантуул захынхан бүгдээрээ таних уу?
-Танина аа. Өдөр болгон яваад байхаар танихгүй байсан ч нүдэнд нь дасдаг юм шиг байна лээ.
-Ийм нэг хүн яваад байдаг даа гээд үү?
-Тийм ээ. Байнга таарсаар байгаад сүүлдээ мэндэлмээр санагдаад мэндэлж эхэлнэ. Байнга таардаг тэр олон хоног дундаас ярианы сэдэв үүснэ, юм ярина. Тэгээд яваандаа тэр хүнээс бараа авна. Танилцана. Сүүлдээ ах дүү, эгч дүү болно. Ойр зуур амьдрал ярина. Тиймэрхүү л юм болдог доо.
-Өдөрт ер нь хэр их захиалга ирдэг вэ?
-Янз бүр байдаг юм. Миний рекорд 30 гаран байдаг. Түрүү жил 30 гаран хүргэлт хийж байсан юм байна. Ер нь хүн Нарантуулаар явж цаг заваа алдах шаардлагагүй. Нарантуулаар явахад цаг маш их алддаг. Нэг зүйл авах гэж нэг лангуун дээр очсон чинь байхгүй. Тэгээд нөгөөхөө хайгаад явна. Тэгээд өлсөнө, хооллоно. Орж ирэх гэж түгжирнэ, гарахдаа түгжирнэ. Тиймээс манай үйлчилгээг мэддэг бол захиад л болоо шүү дээ.
-Онлайнаар бараа захина, хүргүүлж авна гэхээр найдвартай юу л гэж асуудаг байх?
-Тийм шүү. Манайх бол хамгийн найдвартай.
Ч.Анар шарк алив дансаа гээд л мөнгө шилжүүлсэн
Тэрээр Шарк танк нэвтрүүлэгт орж, орсон дугаар нь өнгөрсөн сард үзэгчдэд хүрсэн. Харамсалтай нь түүний бизнес шаркуудаас хөрөнгө оруулалт авч чадаагүй. Харин Ч.Анар шарк бизнест чинь биш хүнд чинь хөрөнгө оруулъя хэмээн амласан. Ч.Анар шарк хэлэхдээ "Би бизнест чинь биш өөрт чинь хөрөнгө оруулна. Миний хөрөнгө оруулалтыг юунд зарцуулах чинь чиний дур. Би чиний хөдөлмөр, зүтгэлийг харж байна. Намайг бизнес хийж эхэлж байх үед ийм боломж байдаггүй байлаа. Хэрэв байсан бол үүнээс ч илүүг би хийж чадах байсан байх. Тиймээс энэ утгаар би чамд хөрөнгө оруулж байгаа юм шүү. Чи надад эргэж төлөхгүй байж болно. Юунд үрэх чинь надад хамаагүй. Гэхдээ ирээдүйд хоёрдугаар Ш.Сайхансамбуу болвол 20 жилийн дараа надад хөрөнгө оруулаарай" гэсэн юм.
-Та Ш.Сайхансамбуу гэж хүн таних уу?
-Танина. Бүгд л таних байх. Мэдэхгүй хүн байхгүй биз.
-Таныг хоёрдугаар Ш.Сайхансамбуу болох байх гэж Ч.Анар шарк хэлж байсан?
-Нарантуул захаас гарсан үг юм. Намайг хүмүүс хочлоод, энэ хөдөлгөөнтэй залуу хоёрдугаар Ш.Сайхансамбуу болно гээд ах эгч нар явуулдаг ухаантай /инээв/. Нэвтрүүлгийн багт үүнийгээ хэлээд энтертайнмент болгохын тулд тэгж хэлсэн юм.
-Нууц биш бол Ч.Анар шарк хэдэн төгрөг өгсөн бэ?
-Яг л нэвтрүүлэг дээр хэлж байсан шигээ шударга ярьдаг, хэлсэндээ хүрдэг хүн байна лээ. Дансаа өгчих гээд 30 сая төгрөг шилжүүлсэн. Тав таван саяар нь тасалж хийсэн. Одоогийн байдлаар өгсөн мөнгөнөөс нь нэг бүхээгтэй амьжиргаа цагаан авсан. Үлдсэнийг нь хадгалж байна. Аль болох зөв зүйтэй зүйлд зарцуулна.
-Яагаад амьжиргаа цагаан авсан юм бэ?
-Аль аль талаа л бодож авсан юм. Нарантуул дээр газар түрээслэж байснаас машиндаа хүргэх гэж байгаа бараагаа түр хадгалах, хот дотор ганц нэг хүргэлт хийх зориулалттай.
Т.Хатанбүүвэй бол эх орондоо ажил хөдөлмөр хийж, өөрийн гэсэн бүхнээ цогцлоохыг хүсдэг олон мянган залуусын төлөөлөл. Аль болох амар хялбар аргаар мөнгө олох гэхээс илүү гэгээн цагаан хөдөлмөрөөр зүтгэж яваа нэгэн залуу. Тэрээр тархи баялаг байвал ядуу байна, мөнгөгүй байна гэж байхгүй гэж боддог. Түүнтэй хамт байх хугацаанд "Миний бизнес одоо надаас их шалтгаалж байгаа яваандаа надаас хамааралгүй болж өөрөө эргэлдээд явах боломжтой" хэмээн хэлж байв. Угтаа түүний мөрөөдөл орон нутагтаа очиж амьдрах гэнэ.
Хэнтий аймгийн Дадал сумын уугуул тэрээр ирээдүйд нутагтаа очоод хашаанд жижигхэн аж ахуй эрхэлж, ногоогоо өөрөө тариад амьдрах хүсэлтэй. Харин очихоосоо өмнө одоогийн бизнесээ хөл дээр нь босгочихоод явна гэв. Залуустаа хандаж юу гэж хэлэх вэ хэмээн асуухад "Ажил хийж олсон мөнгө, амар аргаар олсон мөнгө хоёрын зарцуулалт тэс өөр байдаг шүү. Амар хялбар аргаар мөнгө олж байна гээд бусдыг хохироож, мөрийтэй тоглож, бооцоо тавьж болохгүй. Асуудал байгаа газар бизнес бий. Тэр асуудлыг шийдэх гаргалгааг олчихвол өөрөө өөртөө ажлын байр үүсгээд явж болно" гэв.
Ингээд тэрээр ажилдаа гарч, бидний уулзалт өндөрлөсөн юм. Түүний утас дуугарсаар Нарантуул захын түм түжигнэж, бум бужигнасан тэр чигт гүйн одлоо.