Мөрийн хөтөлбөр | 5 мин уншина

Мөрийн хөтөлбөр: Намууд татварын талаар юу амлав

Мөрийн хөтөлбөр: Намууд татварын талаар юу амлав
Нийтэлсэн 2024 оны 6 сарын 18
УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд оролцох 19 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөрт татварын шинэчлэлтэй холбоотой ямар бодлого тусгасанд хариулт хайлаа. Бизнес, аж ахуйн эрхлэхэд татварын бодлого хамгийн чухал. Иймд, нам, эвслүүдийн татварын талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан гол бодлого, нийтлэг заалтууд, тодорхой буюу хэрэгжүүлэх боломжтой, тодорхой бус буюу хэрэгжилт нь ойлгомжгүй зэрэг ангиллаар харьцуулан тоймлолоо.
ГОЛ БОДЛОГО
undefined
МАН-ын хувьд бүсчилсэн хөгжлийг татварын бодлогоор дэмжих хууль эрх зүйн орчин бүрдүүлэхээр зорьж буйгаа тусгасан байна. Тухайлбал, бүсийн тэргүүлэх чиглэлд багтах бизнесийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 5 хувь болгон бууруулах хуулийн шинэчлэл хийхээ амлажээ.
undefined
АН-ын хувьд ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх болон өндөр технологийн шийдлийг нэвтрүүлж буй салбаруудад татварын хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэхээ амласан байна. Тэр дундаа НӨАТ-ын тухай хуулийг шинэчилж, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлэхээ онцолжээ.
undefined
ХҮН намын хувьд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шатлалын босго дүнг 6 тэрбумаас 10 тэрбум болгох замаар бизнесийн үйл ажиллагааг тэлэхээ амлажээ.  Мөн тус нам бичил, жижиг, дунд, гарааны бизнесийг татварын бодлогоор дэмжинэ гэж тусгажээ.
НИЙТЛЭГ
Дотооддоо үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангах боломжтой бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дэмжих зорилгоор ижил нэр төрлийн импортын бараанд татвар ногдуулах агуулга бүхий заалт намуудын мөрийн хөтөлбөрт нийтлэг тусгасан байна.
Тухайлбал МКН болон БНН-ын мөрийн хөтөлбөрт импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих, дотоодын зах зээлийг хамгаалах зорилгоор татварын зохицуулалт хийх тухай тусгажээ.
undefined
Манай улсад одоогоор барилгын зарим бүтээгдэхүүн тэр дундаа цемент, барилгын угсармал хийц зэрэг бүтээгдэхүүнд импортын гаалийн татварын бодлого мөрдүүлж байна. Уг нь энэ бодлого нь дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжээд зогсохгүй хэрэглэгчдэд хямд үнэтэй бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг олгох зорилготой боловч бодит байдал дээр дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид нь үнээ хөөрөгддөгөөс болж хэрэглэгчид тухайн нэр заасан бүтээгдэхүүнийг зах зээлийн ханшаас өндөр үнээр авдаг буруу тогтолцоотой. Үүнийг цементийн үнийн өсөлтөөс харж болохоор байна. Тиймээс уг бодлого нь агуулгын хувьд нэн шаардлагатай хэдий ч хэрхэн, яаж хэрэгжүүлэх зохицуулалтыг нарийвчлан тооцоолох нь илүү чухал юм. Тухайлбал, дээрх хоёр нам импортыг орлох дотоодын үйлдвэрлэлээ татварын бодлогоор дэмжинэ, татварын цогц бодлого хэрэгжүүлнэ гэдэгт яг ямар бодлого багтаж байгаа нь бүрхэг байна.
Тэгвэл МАН-ын мөрийн хөтөлбөрт энэ төрлийн татварын зохицуулалтыг зөвхөн хүнсний нэр төрлийн бүтээгдэхүүнд мөрдүүлэхээр тусгажээ.
undefined
Монголд: Одоо мөрдөж буй татварын хуулиар шувууны өндөг, хүнсний ногооноос төмс, сонгино, байцаа, шар лууван, шар манжин, мөн цагаан идээ, зөгийн зэрэг бүтээгдэхүүнд 20 хүртэл хувийн гаалийн татвар ногдуулж байна. Мөн хилийн боомтуудаар гурил импортлох бол 5 хувийн татвар ногдуулах хуулийн заалт үйлчилж байна.
Олон улсад: Шударга өрсөлдөөнийг хангах, дотоодын болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ дэмжих, хүнсний аюулгүй байдлын стандартыг баримтлах зорилгоор импортын ижил төрлийн бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулдаг жишиг олон улсад бий. Тухайлбал, Америк, Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, Орос, Канад, Австрали зэрэг улс оронд хүнсний зарим бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг мөрдүүлж байна.
Ард түмний олонхийн засаглал нам мөрийн хөтөлбөртөө мөн татварын бодлогоор дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих тухай заалт тусгажээ.
undefined
ТОДОРХОЙ
Намуудын мөрийн хөтөлбөрт татварын бодлогоор хэрэгжүүлэх тодорхой тусгасан заалтуудаас мөн онцлоё.
МАН-ын мөрийн хөтөлбөрт бага орлоготой иргэдийг дэмжсэн татварын бодлого гэж тусдаа заалт тусгасан байна.
undefined
Энд тансаг хэрэглээ, энгийн хэрэглээ гэдэгт яг юу, юу багтаж байгаа вэ гэдэг нь чухал. Энэ зохицуулалт нь бага орлоготой иргэдийг дэмжиж магадгүй ч дундаж орлоготой иргэдэд дарамт болохгүй гэх баталгаа байхгүй. Мэдээж бидний ярьдагаар “амьдралаас тасарчихсан” гэх тодотголд багтах уулын аманд дархан цаазат газарт хувийн хаустай, өндөр үнэтэй автомашин олноор нь хэрэглэдэг гэхчилэн иргэдэд тансаг хэрэглээний татвар ногдуулахыг үүнд багтаахаар тооцсон байх магадлалтай.
Тансаг хэрэглээний татвар нь дэлхийн улс орнуудад мөрдөгдөж буй нэг төрлийн татварын түгээмэл хэлбэр юм.
ЭНЭТХЭГ улс тусгай хамгаалалтын буюу дархан цаазат бүсэд 500 ам.метр талбай бүхий орон сууцанд амьдарч байгаа бол тансаг хэрэглээ гэж үзэж татвар ногдуулдаг.
ТАЙЛАНД улс брэндийн гутал, сүрчиг, цүнх, гоо сайхны барааны дэлгүүрээс 30 хувийн татвар авдаг байна. 
ГРЕК, АВСТРАЛИД мөн нисдэг тэрэг, онгоцтой хүмүүсээс тансаг хэрэглээний татвар авдаг зэргээр дэлхийн бусад улс орнуудад тансаг хэрэглээнд олон төрлийн татвар ногдуулж байна.
МАН ийнхүү иргэдийг бага орлоготой, тансаг хэрэглээтэй гэж ангилан ялгаатай татвар ногдуулахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан бол ХҮН нам гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих хөрөнгө оруулалтын эх үүсвэртэй болоход илүү анхаарахаа амлажээ. Тодруулбал, ХҮН нам гарааны бизнесийг санхүүжүүлэх венчур капитал сан гэдэг шинэ төрлийн зохицуулалтыг оруулж ирэхээр тусгасан байна.
undefined
Уг заалтад тусгагдсан венчур сангийн үйл ажиллагаа нь "эрсдэл их байх тусам орлого их байх, эрсдэл бага байх тусам орлого бага байх" гэдэг зарчим дээр тулгууралдаг арга хэлбэр юм байна. Ялангуяа гарааны бизнес эрхлэгчид болон инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээнд зориулж үйл ажиллагаагаа эхлэхээс нь өмнө санхүүжилт олгох буюу эрсдэл өндөртэй ч өгөөжийг нь бодож хөрөнгө оруулдаг сангийн төрөл. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд гарааны бизнесээ дэмжихэд ийм хөрөнгө оруулалтын санг ашигладаг туршлага бий.
Венчур капиталын хөрөнгө оруулалтыг Америкт голчлон хийж байсан бол сүүлийн жилүүдэд Ази, Номхон далайн зах зээл тэр дундаа 2013 оноос хойш Энэтхэг, Хятадад энэ төрлийн хөрөнгө оруулалт тогтвортой өсч байна.
ТОДОРХОЙ БУС
Намууд мөрийн хөтөлбөртөө татварын бодлогын талаар тусгахдаа хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй, хэт ерөнхий заалтууд тусгасан тохиолдол ч байна.
ИРГЭДИЙН ОРОЛЦООНЫ НЭГДЭЛ НАМын хувьд мөрийн хөтөлбөртөө аливаа татварын чөлөөлөлтийн эсрэг бодлого баримтлахаа тусгаж татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тухай хууль санаачлахгүй, батлахгүй байхаа илэрхийлжээ. Мөн аливаа татварын хөнгөлөлттэй холбоотой мэдээллийг ил тод болгох зорилгоор нээлттэй сонсгол явуулах, хууль тогтоомж санаачлах явцыг ил тод болгох зэрэг заалт тусгасан нь хэрэгжүүлэх ажил нь хэт ерөнхий бөгөөд тунхагийн чанартай байгаа юм.
undefined
САЙН намын мөрийн хөтөлбөрт туссан татварын бодлого нь мөн л хэт ерөнхий бөгөөд татварын оновчтой бодлогоор дэмжинэ гэдэгт юуг багтааж байгаа нь бүрхэг байна. Татвар ногдуулах аргачлалыг олон улсын жишигт нийцүүлэх заалт нь агуулгын хувьд хэрэгжих боломжтой ч чухам ямар татварт ногдуулах аргачлалыг олон улсын ямар жижигт хүргэхээр зорьж буй нь ойлгомжгүй байгаа юм.
undefined
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 19 нам, 2 эвслээс нийт 1300 гаруй нэр дэвшигч өрсөлдөж байна. Мөрийн хөтөлбөртөө татвартай холбоотой заалтыг 5 нам тусгаж, бусад нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт татвартай холбоотой бодлого, заалт огт тусгагдаагүй байна.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болоход цөөн хоног үлдлээ. Та сонголтоо хийхээсээ өмнө намуудын мөрийн хөтөлбөрийг заавал уншиж танилцаарай.
Ашигласан эх сурвалж:
Ц.Санчирмаа нь 2011 оноос сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн