Дэлхийн банкны судалгаагаар Индонез улс Зүүн Ази, Номхон далайн бүсэд багтдаг орнуудаас хамгийн хурдацтай хөгжиж буй орны тоонд багтжээ. Одоо индонезууд хөгжлийнхөө төвшингөөр Хятад, Энэтхэгийг гүйцэхээр нэхэж явна. Тус улс эдийн засгийн өсөлтөө хадгалж чадсан нэг нууц нь татварын шинэ бодлого нь гэнэ. Тодруулбал, тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүнд өндөр татвар тогтоох хууль хэрэгжүүлж эхлээд нэлээд хэдэн жил болж байгаа аж. Тансаг хэрэглээнд өндөр татвар тогтоох хууль батлагдсанаар иргэдээсээ10-75 хувийн татвар авдаг болжээ. Жишээлбэл, тансаг хэрэглээний, тэр дундаа импортын өндөр үнэтэй электрон бараа, гар утас, компьютер, зурагт худалдан авч байгаа бол 10, тансаг зэрэглэлийн хөгжмийн зэмсэг, орон сууц, үнэртэй усанд 20, далбаат онгоц, автомашин, үнэт эрдэнийн чулуу, зүүлт худалдан авбал 75 хувийн татвар ногдуулдаг болсон гэнэ. Үүндээ амташсан Индонезийн Засгийн газар тансаг хэрэглээний татвараа нэмэгдүүлж, дээд хязгаарыг нь 125-150 хувь болгон нэмэгдүүлэх талаараа мэдэгдэж байсан . Тэд тансаг хэрэглээний татварын хувь хэмжээг ингэж өсгөх нь эдийн засгийн өсөлтийг дотооддоо шингээх хамгийн зөв аргын нэг гэж үзэж байгаа юм байна. Өндөр үнэтэй импортын бараа, бүтээгдэхүүнд татвар ногдуулж эхэлснээр гадаад худалдааны алдагдал нь буурч, татварын орлого нэмэгдэж, хэрэглээний барааны импорт эрс багасч, үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний борлуулалт нь ч өссөн дүнтэй гарчээ. Ийнхүү эдийн засагт нь эергээр нөлөөлж байгаа учраас тансаг хэрэглээний татварын хэмжээг нэмэх болсон талаараа Индонезийн эрх баригчид итгэл төгс мэдэгдэв.
Харин энэ хуулийн эцэг гэж хэлж болохоор АНУ, Герман, Франц зэрэг өндөр хөгжсөн оронд Тансаг хэрэглээний татварын хуулийг илүү нарийвчлалтай боловсруулж, ашиг хүртэж байгаа гэж шинжээчид хэлдэг. Эндээс санаа авсан дэлхийн улсуудын ихэнх нь тансаг хэрэглээний татвартай болоод байна. Манай хоёр хөрш ч татварын энэ системийг хэрэгжүүлж эхэлсэн.
ОХУ л гэхэд 2014 оноос тансаг зэрэглэлийн буюу 3-5 сая рублийн үнэтэй атвомашин худалдан авбал 1.5, 5-10 сая хүртэл рублийн автомашинд хоёр, харин 10-15 сая рублийн үнэтэй автомашинд гурван коэффициентээр тус тус татвар ногдуулж байхаар болсон. Манайхаар бол 200 сая төгрөгийн үнэтэй автомашин худалдан авбал дээрх коэфициентээр татвар төлнө гэсэн үг.