exclusivetimeline
“АВЛИГА ХОРООЛОЛ”-ЫН ТҮҮХ
2006.12.19
Эм энд Жи констракшн ХХК болон ХУД-ийн Засаг даргын Тамгын газар хооронд байгуулсан 04 тоот хамтран ажиллах гэрээ

Гэрээнд "Төрийн албан хаагчдын хэрэгцээнд 30 айлын орон сууцыг үнэ төлбөргүй шилжүүлэх"-ээр тусгасан.

2007.07.04
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 138 дугаар тогтоол

Нэг. Монгол Улсын Засгийн газрын 40.000 айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт 11.8 га газарт хэрэгжүүлэх 3 үе шат бүхий төслийн саналыг дэмжсүгэй.

Хоёр. Төмөр замын дуу чимээнээс тусгаарлах хана босгох, авто замын сүлжээ, үерийн далан барих, инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг төслийн нэгдүгээр үе шатанд Монгол-Солонгосын хамтарсан "Эм энд Жи Констракшн" ХХК-ийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджавт үүрэг болгосугай.

2007.09.07
ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 52 дугаар тогтоол

Нэг. Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт 11.8 га газарт Монгол-Солонгосын хамтарсан “Эм энд Жи констракшн” ХХК-ийн хэрэгжүүлэх 3 үе шат бүхий төслийн саналыг дэмжсүгэй.

Хоёр. Дээрх төслийн саналыг дэмжин дүүргийн 2007 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд тусгуулах, газар ашиглуулах шийдвэр гаргаж, гэрээ байгуулж ажиллахыг дүүргийн Засаг даргад зөвшөөрсүгэй.

2007.09.11
ХУД-ийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Элдэвсүрэнгийн 1/517 дугаар албан бичиг

Монгол Улсын Засгийн газрын 40.000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус дүүргийн 1-р хорооны дэвсгэрт 11.8 га газарт хэрэгжүүлэх 3 үе шат бүхий төслийн саналыг дэмжиж Нийслэлийн 2007 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол тусгуулж төслийн эхний үе шатны ажлыг Монгол-Солонгосын хамтарсан “Эм энд Жи констракшн” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгүүлэхээр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 7-р сарын 4-ний өдрийн 138 дугаар тогтоол гарсан тул Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гаргаж манай ажилд туслана уу.

2007.12.29
ХУД-ийн ИТХ-ын 32 дугаар тогтоол

Нэг. Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын 2007 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн дүн "Бүрэн хангалттай" гэж дүгнэсүгэй.

Хоёр. Хан-Уул дүүргийн газар зохион байгууллатын 2008 оны төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.

Хавсралтын 2 дахь хэсэгт Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно, төмөр замын урд орон сууцны зориулалтаар 11.8 га газрыг олгосон.

2008.01.18
ХУД-ийн Засаг дарга Д.Загджавын 23 дугаар захирамж

ХУД-ийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 04 тоот хамтран ажиллах гэрээг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

Нэг. Монгол Улсын Засгийн газрын 40.000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт 11.8 га газрыг нийтийн орон сууцны барилга барих зориулалтаар “Эм энд Жи констракшн” ХХК-д 5 жилийн хугацаатай ашиглуулсугай.

2008.09.17
Нийслэлийн Засаг дарга Т.Билэгтийн А/442 дугаар захирамж

Нийслэлийн Газрын алба, Барилга хот байгуулалтын төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2008 оны 9-р сарын 4-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 52 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг шинээр баталгаажуулсугай.

2008.09.30
Газар ашиглах эрхийн гэрчилгээ

Нийслэлийн Засаг даргын А/442 дугаар захирамжийг үндэслэн 11.8 га газрыг Монгол-Солонгосын хамтарсан Эм энд Жи констракшн ХХК-д 5 жилийн хугацаатай орон сууцны зориулалттай ашиглуулахаар гэрчилгээ олгов.

2008.10.21
Капитал банктай байгуулсан 538 тоот барьцааны гэрээ

Эм энд Жи констракшн ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Э.Чимэддагва болон Капитал банкны Гүйцэтгэх захирал А.Ариунболд нарын хооронд 538 тоот барьцааны гэрээ байгуулж, "Алтан өргөө" орон сууцны хорооллын төслийн санхүүжилтэд 11.8 га газрыг нэг сая ам.долларын зээлийн барьцаанд тавьсан.

2009
"Алтан өргөө" орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөө

Эм энд Жи констракшн ХХК Aqua Garden болон усан паркийн төсөл хэрэгжиж буй Дунд голын дагуу газарт анх 18 орон сууц, 7 барилга, байгууламж бүхий "Алтан өргөө" орон сууцны хороолол барихаар төлөвлөж байв.

2011.03.25
Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын 256 дугаар захирамж

Нэг. Капитал банк ХХК-д Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт 11.8 га газрыг орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар газар ашиглах эрх шилжүүлэн баталгаажуулсугай.

Хоёр. Газар ашиглах эрх нь баталгаажигдсан Капитал банк ХХК-тай холбогдох хууль тогтоомж, эрхийн актын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газрын албанд даалгасугай.

Гурав. Энэ захирамж гарсантай холбогдуулан нэр шилжигдэн баталгаажигдсан Нийслэлийн Засаг даргын 2008 оны 442 дугаар захирамжийн Эм энд Жи констракшн ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болгосонд тооцсугай.

2011.12.23
НИТХ-ын 8/69 дугаар тогтоол

Нийслэлийн 2012 оны төсөв батлах тухай 8/69 дугаар тогтоолоор "Авлига хороолол"-ын газрын урдуур урсдаг Дунд голын дагуу Сэлбэ гол, Дунд голын дагуу үерийн хамгаалалтын далан барих шийдвэр гарсан. Улсын төсвийн 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2013 онд даланг ашиглалтад оруулсан

2011.06.18
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол

Нийслэлийн Засаг даргын 2011 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 256 дугаар захирамжийг хүчингүйд тооцож, “Эм энд Жи констракшн” ХХК-д газар ашиглах эрхийн гэрчилгээг нь сэргээж олгохоор шийдвэрлэсэн.

2011.09.20
Английн “Vitala Group”-ын үүсгэн байгуулагч Вольф Виерих усан паркийн төсөл хэрэгжих газартай танилцав

Английн "Vitala Group"-ын үүсгэн байгуулагч Вольф Виерих Монгол Улсад ирж усан паркийн төсөл хэрэгжих газартай танилцахын зэрэгцээ тухайн үеийн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд асан, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй албаны хүмүүстэй уулзсан. Гэвч Вольф Виерих нь хэд хэдэн улсад эрэн сурвалжлагдаж байгаа санхүүгийн луйвар хийдэг этгээд бөгөөд “Vitala Group” нь залилан хийдэг халхавч компани болохыг хожим мэдсэн.

2013.05.09
Эм энд Жи Констракшн ХХК-ийн хувьцаа эзэмшилд өөрчлөлт оров

Эм энд Жи Констракшн ХХК-ийн үүсгэн байгуулагч, БНСУ-ын иргэн Им Жүн Ү компанийн 100 хувийн хувьцааг БҮТИ ХХК-ийн захирал Г.Батжаргалд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэв.

2013.09.07
Эм энд Жи констракшн ХХК болон Английн "Vitala Group"-ын хооронд усан паркийн ТЭЗҮ хийх гэрээ байгуулав.

Эм энд Жи констракшн ХХК-ын Гүйцэтгэх захирал Г.Батжаргал болон Английн "Vitala Group"-ын үүсгэн байгуулагч Вольф Виерих нар усан паркийн ТЭЗҮ хийх гэрээ байгуулав. Компани ТЭЗҮ хийлгэх төлбөрт нэг сая орчим ам.доллар төлж залилуулсан байдаг.

2013.10.18
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн А/951 дугаар захирамж

Нэг. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар тогтоолыг үндэслэн 11.8 га газрыг Эм энд Жи констракшн ХХК-д ногоон байгууламжийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй.

Хоёр. Газар эзэмших эрх олгогдсон дээрх байгууллагатай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасугай.

Гурав. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 256 дугаар захирамжийн Капитал банк ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болгосугай.

2013.10.25
Газар эзэмших эрхийн гэрчилгээ

Нийслэлийн Засаг даргын А/951 дугаар захирамжийг үндэслэн 11.8 га газрыг 5 жилийн хугацаатай ногоон байгууламжийн зориулалтаар Эм Энд Жи ХХК-д эзэмшүүлэхээр гэрчилгээ олгов.

2013-2018
11.8 га газрын дагуу үерийн хамгаалалтын далан босгож, Дунд голын голдирлыг өөрчлөв

Компани газрын гэрчилгээг сэргээн авснаас хойш 5 жилийн хугацаанд газар дээрээ юу ч хийгээгүй.

2013 онд төсвийн хөрөнгөөр 11.8 газарт үерийн хамгаалалтын далан босгож, Дунд голын голдирлыг өөрчилсөн.

2017 онд 11.8 газрын газрын баруун хэсэгт Олимпын гүүрний бүтээн байгуулалтад оролцож буй хятад ажилчдыг байршуулсан.

2018.11.27
Нийслэлийн Засаг дарга С.Батболдын А/1111 захирамж

Нэг. Захирамжийн хавсралтад заасан 65 иргэн, аж ахуйн нэгжийн, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэргийн өөрчилсүгэй.

Хавсралт: Эм энд Жи констракшн ХХК-ийн ногоон байгууламжийн зориулалттай 11.8 га газрыг "үйлчилгээ" зориулалттай 2.9 га, "үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор" зориулалттай 7.9 га, үйлчилгээ зориулалттай 0.2 га болгон гурав хувааж тус бүр 15 жилээр эзэмшүүлэхээр газрын гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн.

2018-2020

Компани 2018 оны дөрөвдүгээр сараас Дунд голын салаа урсаж байсан хэсэгт газар тэгшлэх ажил эхэлж, усан паркийн төслийн барилгын бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн.

2020.09.30
Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн А/1155 захирамж

Нэг. Усан парк байгуулах зориулалтаар Эм Энд Жи ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2010 оны А/375 дугаар захирамжаар 11.8 га газар эзэмших эрх олгосон боловч тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, тухайн газраас хэсэгчлэн худалдахаар нийтэд зарласан нь цаашид ч уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахгүй болох нь тогтоогдож байх тул “Эм Энд Жи” ХХК-д олгосон дор дурдсан газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2020.10.23
Нийслэлийн удирдлага солигдов

2020 оны Нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулиар бүрэлдсэн НИТХ-ын анхдугаар хуралдаан болж Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох асуудлыг дэмжэв. Д.Сумъяабазар хотын даргаар сонгогдож, тамга тэмдгээ хүлээн авснаар эрх зүйн хувьд Эм энд Жи констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй Захиргааны хэргийн шүүх хуралд хариуцагчаар оролцох болов.

2021.01.27
Газар ашиглаж, эзэмших гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт протокол

Эм энд Жи констракшн ХХК-ын тоот гэрээний газрын төлбөрийн тооцоог дараах байдлаар нийлэв.

2021.03.03
Нийслэлийн Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэр

Ж.Батбаясгалангийн газрын гэрчилгээг цуцлах тухай захирамжийг цуцалж, хэргийг нэхэмжлэгч "Эм энд Жи Констракш" ХХК-ийн талд шийдвэрлэв.

2021.08.26
Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазарын А/653 тоот захирамж

Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэр дэх тусгай хамгаалалттай газар нутаг болон хавсралтад заасан байршилд хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн үйлчилгээний барилга, инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, зам, замын байгууламж, тохижилт, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбай барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх олгох, барилга байгууламж барих зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл хугацаанд түр зогсоосугай.

2021.09

Компани 2021 оны наймдугаар сараас Aqua Garden орон сууцны хотхон баригдаж буй газарт техник байршуулж, барилгын ажлын бэлтгэл хангаж эхлэв

2022.01.11
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын А/17 дугаар захирамж

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжийн Эм энд Жи констракшн ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон. А/17 захирамжийн хавсралтаар 2.9 га, 2.9 га болон 4.7 га гурав хуваасан газрын зориулалтыг худалдаа, үйлчилгээ, орон сууц, сургууль болгон өөрчилж, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн.

2022.01.11
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн 01122-А/17/2022 тоот шийдвэр
2022.01.12
Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 01122-А/17/2022 тоот шийдвэр шийдвэрийг үндэслэн газар эзэмшүүлэгчийг төлөөлж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэй Б.Отгонцэцэг, газар эзэмшигчийг төлөөлж Эм энд Жи констракшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан нар энэхүү гэрээг байгуулав.

2022.01.12
Газар эзэмших эрхийн гэрчилгээ

Нийслэлийн Засаг даргын 2022 оны нэгдүгээр 11-ний өдрийн А/17 тоот захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах, нэгж талбарын дугаар бүхий гурван газарыг Эм энд Жи констракшн ХХК-д худалдаа, нитийн үйлчилгээний газар, төв, цогцолбор, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх гэрчилгээ олгов.

2022.03.23
Aqua Garden орон сууцны хотхоны Архитектур төлөвлөлтийн даалгавар

Нийслэлийн ерөнхий архикетор Н.Нацагдорж Эм энд Жи констракш ХХК-ийн Үйлчилгээтэй орон сууцны цогцолборын Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлав.

2022.04
Aqua Garden орон сууцны хотхоны барилгын ажил зөвшөөрөлгүй эхлэв
2022.04.14
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн 01/2002 тоот албан бичиг

Эм энд Жи констракшн ХХК-ийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 2.9 га эзэмших эрхийн гэрчилгээгээр авсан газар нь Усны тухай хуулийн 22.2, 22.3-д заасан усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байна. Иймд Газрын тухай хуулийн 33.6-д"усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд ирэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно" гэж заасны дагуу Эм энд Жи констракшн ХХК-д олгосон газрыг цуцалж, хэрхэн шийдвэрлэсэн талаар 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ний өдрийн дотор хариу ирүүлнэ үү.

2022.05.05
Ус сувгийн удирдах газар дарга Ц.Төрхүү

УСУГ-ын Техникийн нөхцөл олгох комиссын 2022 оны тавдугаар сарын 5-ны өдрийн хурлын шийдвэр, 576/14, 481/18 дугаартай техникийн нөхцлүүдийг үндэслэн 2 жилийн хугацаатай олгов.

2022.05.06
Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж Aqua Garden орон сууцны хотхоны зураг төслийг батлав
2022.05.13
Өндөр барилга газар хөдлөлтийн урьдчилсан арга хэмжээ тооцооны мэргэжлийн зөвлөлийн хурал

Хурлаар зөвлөлийн гишүүд Aqua Garden орон сууцны хотхон Дунд голын урсац, голдирол дээр баригдах бөгөөд ойр орчимд үерийн эрсдэл үүсэх эрсдэлтэй талаар дурдаж, анхааруулсан хэрнэ зөвшөөрөлд гарын үсэг зурж баталсан.

2022.05.18
Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн захирал Ч.Золбаяр

Техникийн нөхцөл 1 жилийн хугацаатай олгов

2022.05.30
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ны Ажлын хэлтсийн дарга Т.Батдондог

Техникийн нөхцөл 2 жилийн хугацаатай олгов

2022.05
Aqua Garden орон сууцны хотхоны барилга зөвшөөрөлгүй хэрнэ угсралтын ажил 2-4 давхарт хүрэв
2022.06.09
Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Эрүүл ахуй халдвар хамгаллын хяналтын улсын ахлах байцаагч

Барилгын зураг төсөл хянасан талаар

2022.06.16
Онцгой байдлын ерөнхий газар

Барилга байгууламжийн зураг төслийн галын аюулгүй байдлын дүгнэлт

2022.06.16
Барилга, хот байгуулалтын яам

ЗТ-5.1 заалттай Онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн зураг төслийн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

2022.06.30
Барилга хөгжлийн төв

MK-05/2022 зургийн шифртэй барилгын ажлын зураг төсөл

2022.07.01
Туул голын сав газрын захиргаа 01/424 тоот албан бичиг

Эм энд жи констракшн ХХК нь Усны тухай хуулийн 22.2.1-д заасан “Онцгой хамгаалалтын бүсэд” худалдаа, үйлчилгээ, орон сууцны барилга барьж байгаа нь хууль зөрчсөн, цаашлаад энэхүү хууль бус шийдвэрийг гаргуулахаар хахууль өгсөн байж болзошгүй байна. Иймд эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд заасан Хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй энэхүү нөхцөл байдлыг шалгаж өгнө үү.

2022.07.05
Aqua Garden орон сууцны хотхоны барилгын ажил эхлүүлэх хүсэлт өгөв

Эм энд Жи констракшн ХХК зөвшөөрөлгүй барилгын ажил эхэлснээс хойш 4 сарын дараа барилгын ажил эхлэх зөвшөөрөл хүссэн албан бичгээ Барила, хот байгууллалтын яаманд илгээв

2022.07.07
Барилга хот байгуулалтын яам 002/2022 дугаартай Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгов

Компани зөвшөөрөл хүссэнээс хойш 2 өдрийн дараа Барилга хот, байгууллалтын яамнаас Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгов

2022.08.08
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ 01/4313 тоот албан бичиг

Эм энд Жи констракшн ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалж, тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу ирүүлэх агуулга бүхий01/2022 тоот албан бичгийг 2022 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр танд хүргүүлсэн боловч өнгөрсөн гурван сар хагасын хугацаанд ямар нэг хариу ирүүлээгүй байна.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг зөрчиж, Усан парк цогцолбор барих нэрийн дор орон сууцны зориулалттай барилга барьж байгаа бөгөөд 01/2022 тоот албан бичгийг хүргүүлэх үед барилгын ажил суурь цутгалтын шатанд явагдаж байсан бол өнөөдрийн байдлаар долоон давхрын угсралтын ажил хийгдэж байна.

2022.08.24
Улаанбаатар сүлжээ ХХК

Техникийн нөхцөл 1 жилийн хугацаай олгов

2023.07
Хотын төвд үер болж, Сэлбэ, Дунд голын дагуух орон сууц, оффисын барилгууд усанд автав
2023.07.28
Барилга хот байгуулалтын яам Aqua Garden орон сууцны хотхоны барилгын зөвшөөрлийг цуцлав
2023.08.17
Ерөнхий сайд нийслэлийн Засаг Д.Сумъяабазарт шинээр дахин газар олгох захирамж гаргахгүй байх үүрэг өгч, хууль зөрчиж газар олгосон, эзэмшсэн, барилга барьсан асуудлыг судалж, шалгахыг мөн үүрэг болгов
2023.08.18
Хотын дарга "Авлига" хорооллын хоёр блокийг албадан нурааж, газрыг улсын орлого болгохоор захирамж гаргав
2023.08
Барилгын ажил өнөөдрийг хүртэл зогсоогүй, угсралтын ажил 24 давхарт хүрч, гадна фасадны ажил үргэлжилсэн хэвээр байна
Сошиал сувгуудаар хуваалцаарай:
Апп татах:
Exclusive 2023