Танд цагаан сарын бэлтгэлээ хийхэд зориулан хаана, ямар үзэсгэлэн худалдаагаар юу худалдаалж байгааг нэгтгэн танилцуулж байна.
Цагаан сарын хэвийн боов, шинэ ургацын хүнсний ногоог Скай Их дэлгүүрээс
Скай Их дэлгүүрийн "Монгол бахархал" үзэсгэлэн худалдаанд хэвийн боов, цагаан идээ, Монгол хөрсөнд ургасан Сэлэнгийн ногоо, байгалийн органик жимс, ууц өвчүү, мөнгөн аяга, бүс, дээл гутал, малгай гээд бүхий л зүйл нэг дор худалдаалж байгаа аж.
Үргэлжлэх хугацаа: Нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 26 хүртэл
Тавгийн ааруул, цагаан идээгээ Архангайн цагаан идээний үзэсгэлэнгээс
Архангай аймгийн цагаан идээний үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд болж байна. Үзэсгэлэнд сум бүрээс ирсэн ааруул, ээзгий, тос, сүү, өрөм, зөөхий зэргийг худалдаалж байгаа аж. Тухайлбал:
-Чихэртэй хорхой ааруул 12-13 мянга,
-Чихэргүй ааруул 10-12 мянга,
-Иж бүрэн тавгийн ааруул 130-210 мянга,
-Бурхны тавгийн ааруул 30 мянга,
-Сарлагийн өрөм 10-16 мянга,
-Сарлагийн сүү 2500-3000 төгрөгийн үнэтэй байна.
Үргэлжлэх хугацаа: Энэ сарын 10-ныг хүртэл 09- 19.00 цагийн хооронд
Цагаан сараар гоёх дээлээ Мишээл Экспогоос
"Цагаан Сар" үзэсгэлэн худалдаа Мишээл Экспо төв болон Мишээл барилгын их дэлгүүрт болж байна. 21 аймгийн малчдын гараар бэлтгэсэн сүү, цагаан идээ, айраг, мөн үндэсний хувцас, ноос ноолууран бүтээгдэхүүн, үслэг эдлэл, гадуур хувцас, гутал, бэлэн хувцас, хүүхдийн хувцас, мөнгөн эдлэл, хөөрөг, даалин сонирхож байгаа бол Мишээл Экспо төв болж буй үзэсгэлэнг зориорой. Мөн цагаан сараар тавилгаа шинэчлэх төлөвлөгөөтэй байгаа бол Мишээл барилгын их дэлгүүрийг зориорой.
Үргэлжлэх хугацаа: Нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 9 хүртэл
Хонины ууц, үхрийн өвчүүгээ "Баянхонгорт үйлдвэрлэв" үзэсгэлэнгээс
"Баянхонгорт үйлдвэрлэв" үзэсгэлэнд Хонгор нутгийн малын мах, хонины ууц, үхрийн өөхтэй өвчүү, уулын зэрлэг сонгино худалдаалж байгаа аж. Та цагаан сарын баярын хонины ууц, үхрийн өвчүүгээ авах гэж байгаа бол энэ үзэсгэлэнг зориорой. Мөн тус үзэсгэлэнгээр ингэний исгэлэн хоормог, Бууцагааны ааруул, Галуутын цагаан бурам, Эрдэнэцогтын сарлагийн өтгөн сүү, хэнз зөөхий, тогооны өрөм, ээзгий зэрэг эрүүл бүтээгдэхүүн, Шинэжинстийн цагаан ямааны ноолуураар хийсэн бэлэн хувцас, эсгий урлал, модон урлал бүх төрийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа юм байна.
Үргэлжлэх хугацаа: Хоёрдугаар сарын 5 хүртэл
Цагаан сарын бэлгээ Соёолж төвөөс
Харин та цагаан сараар барих гарын бэлгээ сонирхож байгаа бол Соёолж төвд болж буй "Монголд үйлдвэрлэв 2017" үзэсгэлэнг зориорой. Тус үзэсгэлэнд цагаан сарын гарын бэлгээс гадна хэвийн боов, тавгийн идээ, цагаан идээ, чихэр жимс, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, нэхий дээл, ууц өвчүү худалдаалах юм байна. Мөн үзэсгэлэнгийн бүтэгдэхүүнүүдээ үйлдвэрийн үнээр худалдаалах аж.
Үргэлжлэх хугацаа: Хоёрдугаар сарын 12-наас 26 хүртэл