iToim агентлаг аялж, зугаалж байгаа, зуны амралтаа хэрхэн өнгөрөөхөө төлөвлөж байгаа хүмүүст зориулан Монгол орноо тойрон аялах маршрут, заавал үзэх ёстой газруудыг аймаг тус бүрээр нь нэгтгэн цувралаар хүргэж байгаа билээ. Эхний удаад бид Баян-Өлгий, Увс, Завхан аймгийн байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын ул мөрийг хадгаласан газруудаар аялах маршрутыг энд танилцуулсан. Харин энэ удаад Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн аяллын маршрут, заавал үзэх газруудыг танилцуулж байна. Ховд аймаг нь Монгол Алтайн их уулсын бүсэд орших бөгөөд Мөнххайрхан, Хөхсэрхийн нуруу, Баатархайрхан, Мянган угалзат зэрэг том том уул нуруудтай. Аймгийн нутгийн 20 орчим хувийг говь тал эзэлнэ. Нүүрс, гялтгануур, болор, барилгын материалын баялагтай.
Ховд аймгийн Булган суманд хятад улс руу гарах хилийн боомт Ярант, Байтаг хоёр бий. Захчин, мянгад, дөрвөд, урианхай, казак, торгууд, өөлд гэх мэт үндэстэн ястангууд амьдарч бүгд өөр өөрсдийн уламжлалт суурин газар, түүний хэв маяг, уламжлалт хувцас, дуу бүжиг зэрэг соёлын ялгаануудыг бий болгосон байдаг.
200 гаруй жилийн настай өргөн улиаснууд энэ хотыг чимэглэн байдаг. Хамгийн их модтой аймгийн төв юм.
Төрийн тахилгат Алтанхөхий уул,
Ямаан усны хадны сүг зураг,
Цамбагарав уулын байгалийн цогцолбор газар,
Ишгэн толгойн хадны зураг
Энэ дундаас гадаадын жуулчдын анхаарлыг хамгийн их татдаг газар бол мөнх цаст Цамбагарав уул ажээ. Энэ уулын орчимд 200 орчми булаг шанд, эмчилгээний чанартай рашаанууд байдаг тул жуулчид уулын өвөрт байрлан амарч сувилдаг байна. Мөн Б.Явуухулан гуайн
“Хар ус нууурын шагшуурга
Намс намс бөхөлзөнө...” хэмээх шүлэгт гардаг Хар ус нуур Ховд аймгийн үзэсгэлэнт газруудын нэг бөгөөд гадаадаас ирсэн жуулчид газрын диваажин хэмээн магтан биширдэг байна.
Хойд чиглэл: Ачит нуур - Ногоон нуурын хүн чулуу - Сүг зургууд - Сийлхэмийн нуруу - Цагаан нуур
Зүүн өмнөд чиглэл: Мөнгөн дөшийн сүг зураг - Эрээн харганатын түрэг бичээс - Ховд гол - Баяннуур - Дэвэлийн арал БЦГ - Цамбагарав БЦГ.
Өмнөд чиглэл: Алтайн их уулс - их гол нуур, казах ард түмний амьдрал - Толбо нуур - Хөх сэрхийн нуруу ДЦГ - Чигэртэйн рашаан
Баруун хойд чиглэл: Монгол-Алтайн шинэсэн ой - Цагаан салаагийн хадны зураг - Хар ямаатын чулуу - Цагаан гол - Чулуун хөшөөнүүд - Буган чулуу хөшөө - Бага ойгорын бичээс - Цэнгэл сум - Улаанхус сум - Сагсай сум - Таван богд уул
Ховд аймаг тарвасаараа алдартай. Та тарвас авчрахаа битгий мартаарай.
Алтай хот нь Улаанбаатараас 1001 километр зайтай. Газар нутгийн хэмжээ нь 141.4 мянган хавтгай дөрвөлжин километр.
Говь-Алтай аймаг нь Монголын баруун өмнөд хэсэгт орших бөгөөд нутгийн дундуур Монгол Алтайн нуруу баруун хойноос зүүн урагшаа чиглэлтэйгээр нэвтлэн өнгөрнө. Сутай, Бурхан Буудай, Алагхайрхан, Ажбогд, Гичгэнэ зэрэг өндөр уулууд оршино. Мөн Шарга, Бигэр, Хүйс зэрэг томоохон хотгоруудад нь чулуун нүүрс, үнэт чулуу, барилгын материал зэрэг ашигт малтмалтай.
Тус аймагт дэлхийд нэн ховордсон бөхөн, хулан, хавтгай болон бусад олон төрлийн амьтад амьдардаг. Говь-Алтай аймагт Хятад улс руу гарах Бургастайн хилийн боомт Алтай суманд бий.
Ээж хайрхан уул нь Алтайн өвөр говийн уудам зайд уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших жижиг ширхэгт боржин чулуунаас тогтсон хад чулуурхаг өнчин уул юм. Монголын баруун өмнө зүгт Алтай хотоос 200 км зайтай оршино. Д.т.д 2277 м өндөр бөгөөд 1992 оноос тусгай хамгаалалтанд авчээ.
Ээж хайрхан ууланд өвөрмөц тогтоц, ховор сонин үзмэрүүд олон байдаг ба зүүн өмнө хажуугийн чулуулгийн гав судал дагаж цувран тогтсон ногоон хүрээтэй 9 чулуун тогоо бий. Тогоонуудын амсарын дундаж өргөн нь 2-3м бөгөөд хоорондоо 40-50см өндөр чулуун босгоор нэг нь нөгөөтэйгөө холбогдоно. Эдгээрийн 4 дэх нь хамгийн том бөгөөд түүний гүн нь 4 м хүрдэг. Харин 9 дэх тогоо нь бусдаасаа нилээд тусгаарлагдмал. Энэ ууланд хүн амьдарч байсан ул мөр бүхий агуй бий. 9 тогооны ойролцоо орших ба тэдгээр тогоо харсан нүүрэн талыг битүүлж хаалга, гэгээвч гарга тохижуулсан ламын агуй юм. Ээж хайрхан уул нь уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших боржин чулуун уул бөгөөд 93 зүйл ургамал тархсан гэж эрдэмтэд тогтоожээ.
Ээж хайрхан уул нь Монгол Алтайн нуруу, Говь Алтайн нурууны хоорондын хотгорт орших бөгөөд аргаль, янгир, ирвэс зэрэг нэн ховор, ховор том хөхтөн амьтадын хоёр тийш нүүдэллэх коридор болж өгдөгөөрөө чухал ач холбогдолтой. Энд аргаль, янгир, цоохор ирвэс, хярс, мануул, үнэг, чоно элбэг байдаг. Хахилаг ятуу, хулан жороо, ногтруу, уулын цэгцгий, жороо тоодог зэрэг олон зүйл ховор шувууд бий. Ээж хайрхан уулыг тойроод буудайн тариалангийн талбай бий. Нутгийн хүмүүс тариалангийн талбайд зориулж 33 метр өндөр, 12 метр өргөн даланг барьжээ.
Бөөрний зохих заалт бүхий өвчнийг илааршуулах, хурцдалын хоорондох зайг уртасгах сувиллын үйлчилгээ үзүүлдэг. УБ хотоос 960 км, аймгийн төвөөс 134 км, Бигэр сумын төвөөс урагш 17 км-т орших эртний туурь дээр тогтсон “Таван элс” гэдэг газар байрладаг.
АЯЛЛЫН МАРШРУТ 1: Алтай хот –(73 км) -Хүнхэр амралт -(16 км) –Сүмийн дэнгийн хүн чулуун хөшөө- (46 км) – Эрээн нуур - (90 км)– Долоон тогооны талын агуй- (25 км) Тайшир сум - (3 км)- Харандаа хад - (15 км) Тайшир УЦС - (55 км) Алтай хот нийт 323 км.
Түргийн үеийн хүн чулуун хөшөөнүүдийн сонирхож, алдарт Монгол элсний дунд орших нууранд орж, наран шарлаг хийх ба элсний аялал хийж талын агуйгаар орж түүх, хүний гараар бүтээгдсэн гайхамшиг УЦС-ын үйл ажиллагаатай танилцан ая тухтай амралтанд хүрч болно.
Харандаа хад: - Сумын төвөөс 3 км зайд орших энэхүү хад нь галт уулын дэлбэрэлтээс үүссэн лавын урсацаас тогтсон өвөрмөц тогтоцтой, 6 талтай баганан хүрмэн чулуунаас тогтсон толгой юм. 6 талтай хүрмэн чулуу ховор. Ийм толгой Дорноговьд аймгийн Дэлгэр сумд байдаг.
Тайширын УЦС- Тайширын усан цахилгаан станц нь 130м өндөр хадан хавцлыг газрын гүнд 20 м голын эргээс дээш 50 м өндөр, 75 м өргөнтэй, 190 м урт далан барьж байгуулсанаар 50 км/кв талбайтай, 930 сая шоо метр эзлэхүүн бүхий усан сантай нуур үүсгэсэн, хүмүүс болон техник хэрэгслийг далан дээр хүргэх 350 метр урттай тунел бүхий хүний гараар бүтсэн гайхамшигт бүтээл мөн.
АЯЛЛЫН МАРШРУТ 2: Алтай хот - (90 км) - Бигэрийн улаан явар- (18 км) - Бурхан буудай уул-(38 км) Бигэр сум - (17 км) - Таван элсний бөөрний сувилал -(18 км) – Бичигт хад (25 км) - Цагаан хаалганы рашаан -(45 км) -Цогт сум- (60 км)- Ээж уул - (23 км) Хаяагийн говь, услалтын систем- (16 км) - Буурын гол давсны орд газар -(62 км) Цээл сум- (135 км)- Алтай хот нийт - 547 км.
Байгалийн өвөрмөц тогтоцтой нутгаар явган аялаж элсэн манхан үзэх, наранд шарах, 30м өндөр хүрхрээ үзэх, Долоон тогоо, даянч ламын агуйгаар орох, жимсний төгөл үзэх
Бичигт хад: - Бигэр сумын төвөөс 20 км-т оршдог. Эртний түрэг бичээс, сүг зураг бүхий түүх соёлын дурсгал юм. МУ-н Засгийн газрын 1998 оны 235 тоот тогтоолоор “Бичигт хад” –ыг улсын тусгай хамгаалалттай түүх соёлын газар болгосон. Бичигт хад хэмээх толгойн баруун , баруун өмнө, өмнө хаданд 4 хэсэг эртний түрэг бичээс бий. Үүнийг Бигэрийн түрэг түрэг бичээс гэдэг.
АЯЛЛЫН МАРШРУТ 3: Алтай хот - (80 км) – Шарга сум -(20 км) –Шаргын хар заг, Цагаан нуур-(104 км) - Тонхил сум -(45 км) Сутай –(40км) – Угалзын даваа- (125 км)- Тахь нутагшуулах төв, Алаг хайрхан уул - (25 км) Бугат сум -(191 км) - Алтай хот нийт -630 км
Шаргын өргөн уудам говь, хулан тахийн сүрэг, Хар сүүлт, зээр, янгир, Галданбошигтын булш, зэв, дуулгыг үзэх, төрийн тахилгат уулыг сонирхон, нэг өдрийн дотор жилийн 4 улирлын уур амьсгалтай танилцах
Сутай хайрхан- Мөнхт цаст Сутай хайрхан уул нь Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Дарви, Цэцэг сумдын нутгийг хиллэн оршдог. Сутай уул нь цагаан нуруутай сарлагийн тошсон бух хойшоо хараад хэвтэж байгаа хэлбэртэй, сарлаг малаар элбэг уул юм. Иймээс энэ уулыг “Сүүтэй уул” гэж эртнээс нааш ам дамжин яригдсаар ирсэн бөгөөд олон зуун жилийн турш хэлэгдсээр Сүүтэй уул маань Сутай уул болжээ.
Тахь нутагшуулах төв:Говийн их дархан газрын “Б” бүс болгон 1975 оноос тус бүс нутгийг улсын хамгаалалтанд авч, 1991 онд шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн. Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд Тахь нутагшуулах эрдэм шинжилгээ туршилтын төв нэртэй байгуулагдан 19 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 1992 онд Тахийн талд Христиан Освальдын сангийн дэмжлэгээр анх 5 тахь Европоос авчирсан. Түүнээс хойш нийт 13 удаагийн тээвэрлэлтээр тахийг нэмж авчирсан бөгөөд одоогоор 150 гаруй толгой хүртлээ нэмэгдсэн байна.
Баянхонгор аймаг байгалийн олон бүс бүслүүр буюу хангай, тал хээр, говь, цөлийн үзэсгэлэнт байгалийг хамран оршдог.
Монгол улсын төвд орших бөгөөд аймгийн төв нь Улаанбаатараас 630 километр зайтай оршино. Нутаг дэвсгэрийн хэмжээ 116 мянган хавтгай дөрвөлжин километр. 2010 оны дүнгээр хүн амын тоо 76085, малын тоо толгой 1963000 бөгөөд 30100 тэмээгээр, 1213300 ямаагаар улсад тус бүр хоёрт орсон. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 20 сум, 101 багтай.
Хэрвээ Баянхонгор аймагт очвол хүн төрөлхтний анхны соёлоос эхлээд эртний хүмүүс амьдарч байсныг нотолсон Цагаан агуй, өөр гариг ертөнцийн оюун ухаантнуудын бүтээл байж болох Цагаан булагийн хадны дүрс зургууд, эртний хүмүүсийн хаданд бичиж үлдээсэн түүх, соёлын дурсгал болох Бичигтийн хөндийн хадны сүг зургууд, байгаль өвөрмөц сонин тогтоцтой, анагаах эдгээх чадвараараа хосгүй 96 хэмийн халуун Шаргалжуутын халуун рашаан, эртний хаад ноёдын хуралдан чуулж байсан Заг-Байдрагийн Хүрэнбэлчир, одоогоос 100-200 сая жилийн тэртээ амьдарч байсан аварга биет динозаврын чулуужсан яс зэрэг бүхий Бүгийн цав, Ногоон цавууд, энэ дэлхий дээр анх монгол нутагт шатар үүссэнийг гэрчлэх Шатар чулууны хөшөө цогцолбор, дэлхий дээр зөвхөн манай аймгийн нутаг говийн дархан газарт цөөн тооны байдаг говийн баавгай хэмээх Мазаалай зэрэг гайхамшгуудыг үзэх боломжтой.
Та Баянхонгор руу аялахын өмнө тус аймгийн аялал жуулчлалын газрын зураг нэртэй номыг заавал худалдан авч, өөрт хэрэгтэй бүхий л мэдээллээ аваарай.