Өнгөрч буй долоо хоногт дотоод үйл явдлаар дүүрэн өнгөрлөө.
Улс төрийн хүрээнд Ерөнхийлөгч ээлжит бус чуулган зарлах талаар УИХ-ын даргад албан бичиг илгээсэн, оффшор бүсэд байршуулсан мөнгийг эгүүлэн татах 49 хоногийн хугацаа дууссан зэрэг онцлох үйл явдлууд боллоо.
Харин улс төрийн намуудын хувьд Ерөнхий сайд, МАН-ын даргын томилгоо гээд нийгэмд өрнөж буй яаралтай шийдвэрлэх ёстой чухал асуудлуудад төдийлэн ач холбогдол өгөхгүй байгаа нь ажиглагдлаа. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт ургац хураалт удаашралтай буюу ургацын 50 орчим хувийг алдах төлөвтэй, нүүрсний экспорт 2 дахин буурсан, эмч, уурхайчид цалингаа нэмүүлэхийг шаардаж, ажил хаялт зарлахаа мэдэгдсэн, шүлхий газар авч нийслэлийн хэмжээнд тархаж хөл хорио тогтоох аюул нүүрлэсэн, ОУВС хөтөлбөрөө зогсоох, санхүүлжилтээ хойшлуулах магадлалтай гэх шил шилээ дарсан муу мэдээ үргэлжилсэн долоо хоног байлаа. Гэтэл улс төрийн намуудын хувьд хувьд Ерөнхий сайд, МАН-ын даргын томилгоон дээр зодолдож, өвөлжилтийн бэлтгэл, улс орны үндэсний аюулгүй байдалд заналхийлээд буй шүлхий өвчинд анхаарах сөхөө алга.
Ингээд өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Шүлхий өвчний тархалт газар авсаар байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Мөнххаан, Баруун-Урт, Түмэнцогт, Баяндэлгэр, Дарьганга, Түвшинширээ сум, Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сум, Хэнтий аймгийн Норовлин, Батноров, Баянхутаг, Галшар, Хэрлэн сум, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Эрдэнэ, Алтанширээ сум, Төв аймгийн Сэргэлэн, Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан сум зэрэг гурван аймгийн 21 суманд оношлогдож, хорио цээрийн дэглэм тогтоосон. Түүнчлэн нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэгдээд байгаа юм. Шүлхий өвчин их хэмжээгээр тархах нь зөвхөн мал амьтан хорогдохоор зогсохгүй улс орны худалдаа, хорио цээр гээд үндэсний аюулгүй байдлын төвшинд яригдана. Учир нь шүлхий өвчин ихээр тархсан орны гадаад худалдаа, айлчлал, зорчих эрх гээд бүгдийг нь олон улсад хорьдог байна. Гэтэл тус бүс нутгуудад тархаж буй шүлхий өвчин нь Монголд огт гарч байгаагүй шүлхийн халдвар тул одоогоор урьдчилан сэргийлж, хамгаалах вакцин байхгүй байгаа ажээ. Учир нь өмнө хийж байсан вакцин үйлчлээгүй бөгөөд одоо гараад байгаа халдварт 10-20 сая тун шинэ төрлийн вакцин зайлшгүй шаардлагатай байгаа гэнэ.
Манай улс энэ оны эхний хагаст 19.5 сая тонн нүүрс экспортлож түүхэн дээд амжилтыг тогтоосон. Бүтэн жил экпортлох нүүрсээ хагас жилийн дотор амжуулж экспортлоход Хятад улс дотоодын нүүрсний уурхайнуудынхаа ажиллах хоногийг жилд 275 хоног болгож танасан, Австралид гуравдугаар сард маш хүчтэй үер болж багадаа 20 сая тонн коксжих нүүрс усанд живсэн, Хятад улс Хойд Солонгост нүүрсний хориг тавьсан зэргээр хэд хэдэн голлох зүйлүүд нөлөөлсөн гэж үзэж буй. Хятадын нүүрсний эрэлтийг дагаад манай улсын нүүрсний компаниуд ч сэргэж, уул уурхайн салбараас Монгол Улсын эдийн засагт сайнаар нөлөөлөх эерэг хүлээлтүүд ажиглагдаж байсан.
Гэтэл өсөлттэй байсан нүүрсний экспорт долдугаар сараас огцом буураад байна. Тодруулбал, энэ оны зургадугаар сард Монгол Улс 4059.7 мян.тонн нүүрсийг 270976.5 мян.ам доллараар экспортолсон бол энэ үзүүлэлт хоёр дахин буурч өнгөрсөн долдугаар сард 1916.2 мян тонн буюу 126762.5 мян ам доллар болж буурсан байна.
Үүнд Гашуунсухайтын боомтын үйл ажиллагаа, хил гаалийн нэвтрэх чадвар нөлөөлж буйг мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Гашуунсухайтын боомтоор өмнө нь өдөрт 1000 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол энэ тоо хоёр дахин буурсан байна. Долдугаар сараас хойш тус боомтоор өдөрт хамгийн ихдээ 500-600 машин л нэвтэрч байгаа гэнэ.
Олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ, эрэлт нэмэгдэж байгаа энэ үед бидэнд маш том боломж өгөгдсөн. Нүүрсний үнийн хувьд л гэхэд хоёр дахин нэмэгдсэн. Тодруулбал, Монгол Улс нэг тонн нүүрсээ 67.5 ам.доллараар борлуулж байсан нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн үзүүлэлттэй байсан.
Гэтэл алдаж болохгүй энэ боломжийг хил гааль, тээвэрлэлтийн асуудлаа шийдээгүйн улмаас тавиад явуулж байна. Энэ боломж тийм ч удаан үргэлжлэхгүй. Хойд Солонгосын хориг энэ оны сүүлээр дуусна, мөн Хятадын геополитикийн бодлого хэрхэн өөрчлөгдөхийг бид мэдэхгүй. Тиймд ойрын хугацаанд хил гаалийн асуудал тэр дундаа нүүрсний экспортын гол боомт болох Гашуунсухайтыг олон улсын боомт болгох, бусад арга хэмжээг яаралтай авч, хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Ургац хураалт Орхон аймагт хамгийн өндөр буюу 27 хувьтай, Хөвсгөл аймагт 9.7 хувьтай, Төв аймагт 8.7 хувьтай, улсын хэмжээнд ургац хураалтын дундаж 4.6 хувьтай явж байна. Харин төмсний ургац хураалт 3.2 хувьтай, хүнсний ногоо 9.5 хувьтай явагдаж байна. Ургацын урьдчилсан балансаар дотоодын нийт хэрэгцээнийхээ 48 хувийг алдана гэх тооцоо гарсан нь дотоодын хэрэгцээг хангаж чадахгүйд хүргээд байна. Мөн хадлан, тэжээл маш бага хураасан тулд өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс хийхийг харьяа яамууд сэрэмжлүүлээд байна. Энэ өвөл нийт нутгийн 80 орчим хувьд өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа юм.
Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Дархан цаазат газрын хилийн зааг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн зааг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт багтсан аж ж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтод даалгав. Ингэснээр нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн 14 зөвшөөрлийг хүчингүй болох юм байна.
Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолоор дээрх газруудын хилийн заагийг тогтоон нийт 754.8 мянга га газрыг улсын тусгай хамгаалалтад авсан юм. Тогтоолын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсэг тусгай зөвшөөрлийн судалгаа гарган, аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж, оруулсан хөрөнгө оруулалт, зардлын хэмжээг тооцон, геологи хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, татварын байгууллагад гаргасан тайлан, татвар төлөлтөд дүгнэлт хийсэн байна.
Статистикийн ерөнхий хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийг 2017 оны эхний наймдугаар сарын байдлаар өчигдөр танилцуулсан.
Тус үзүүлэлтэд дурьдсанаар улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2017 оны эхний наймдугаар сард 4.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төсвийн орлого 904.7 тэрбумаар буюу бараг нэг их наядаар өссөн үзүүлэлт ажээ. Өнгөрсөн оны мөн үед улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 3.5 их наяд байжээ.
Түүнчлэн төсвийн орлого 4.5 их наяд хүрсэн нь сүүлийн таван жил тохиогоогүй өндөр үзүүлэлт ажээ. Улсын төсвийн орлого хамгийн сүүлд 2011 оны эхний наймдугаар сарын байдлаар 4.528.949,5 төгрөгт хүрч байжээ. Түүнээс хойшхи жилүүдэд хамгийн ихдээ 3.7 их наяд хүрсэн байна.