Улс төрийн үйл явдал давамгайлсан, анхны цастай аравдугаар сарын анхны долоо хоног эхэлж байна. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг тодруулсан, 2017 оны төсвийн тодотголыг өргөн барьсан зэрэг онцлох үйл явдлуудаар дүүрэн өнгөрлөө. iToim агентлаг долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх МАН-ын Бага хурал, Байнгын хорооноос олонхийн санал авч Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвших эрхээ авлаа. УИХ-ын чуулганаас эцэслэн баталснаар тэрээр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдох юм. Ингээд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдын талаарх зарим мэдээллийг хүргэж байна.
Төгссөн сургууль, мэргэжил
1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль
1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,
1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,
2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.
2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд
2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байна.
Засгийн газрын хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Болормааг томиллоо.
Ж.Болормаа нь Боловсрол судлалын шинжлэх ухааны магистр зэрэгтэй, улсад 29 жил, үүнээс төрийн албанд 20 жил ажиллажээ. Томилогдохоосоо өмнө Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан юм.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.09.29) Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв.
Эдийн засгийн өсөлт, төсвийн орлогын гүйцэтгэлтэй уялдуулан ОУВС-ын хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний явцад тохирсон зарим арга хэмжээг хэрэгжүүлэх болон төсөвт зайлшгүй тодотгол хийх дараах үндэслэл шаардлага байгаа юм байна.
1. Төсвийн давсан орлогоос 500 тэрбум хүртэл төгрөгийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх чиглэлийн арга хэмжээ, түүний дотор сургууль, эмнэлэг, аймаг орон нутгийн засаг захиргааны барилгад засвар хийх, төлөгдөх ёстой өр төлбөрийг барагдуулах зэрэгт зарцуулахаар ОУВС-ын хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний явцад тохирсон болно. Энэ хүрээнд жижиг дунд үйлдвэрийг дэмжиж ажлын байр нэмэгдүүлэх, төв суурин газрын болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах, байгалийн аюулт үзэгдэл, мал амьтны гоц халдварт өвчний улмаас учирсан хохирлыг барагдуулах, орон нутгийн болон улсын төсөвт хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах, шүүхийн шийдвэрийн дагуу иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад олгох төлбөрийг барагдуулах зэрэг цаг үеийн тулгамдсан арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага үүсээд байна. Эдгээр нь нэг удаагийн шинжтэй арга хэмжээ байх бөгөөд дараагийн төсвийн жилд зардлын нөлөөлөл үзүүлэхгүй юм.
2. Мөн давсан орлогын тодорхой хэсгийг хуримтлуулах, хуримтлалыг богино хугацаатай зээллэгийг бууруулах, өндөр өртөгтэй өрийг буцаан худалдан авах, мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэхэд ашиглахаар ОУВС-тай урьдчилан тохиролцсоны дагуу төсөвт тодотгол хийх шаардлага үүсэж байна.
3. Монгол Улсын 2017 оны төсөв батлагдсанаас хойш хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 онд бүх хүүхдэд олгох талаар гарсан Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 201 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг төсөвт тусгах шаардлагатай болсон бөгөөд энэ талаар ОУВС-тай мөн тохирсон болно. Үүнтэй уялдуулан нийгмийн эмзэг ядуу өрхүүдэд олгох хүнс тэжээлийн хөтөлбөрт шаардагдах хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага үүсээд байна.
4. Өсөн нэмэгдэж байгаа боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний эрэлт, хэрэгцээнд нийцүүлж шаардагдах зардлыг тооцож төсөвт тусгах шаардлагатай байна.
5. Төсвийн зарцуулалтын үр ашигтай байдлыг хангах зарчимд нийцүүлэн төсвийн 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл, салбарын яамдаас бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан Төсвийн ерөнхийлөн захирагч нарын батлагдсан төсөвт зарим зохицуулалтын шинжтэй өөрчлөлтийг төсвийн тодотголд тусган хэрэгжүүлэх шаардлагатай байна.
6. Өмнөх жилүүдэд гэрээ нь хийгдсэн “Барих-Шилжүүлэх” концессын төслийн эргэн төлөлт, хөнгөлөлттэй зээлийн Монголын талын хариуцах санхүүжилт болон шүүхийн шийдвэртэй болон бусад өр төлбөрүүдийг барагдуулах зайлшгүй шаардлага үүсэж байна.
7. Дээр дурдсан үндэслэл, шаардлагын дагуу холбогдох өөрчлөлтүүдийг төсөвт тусгаснаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ДНБ-ийн 0.5 хувиар сайжирч ДНБ- ий -9.9 хувь болж сайжрахаар байгаа талаар төслийн танилцуулгад дурдагджээ.
Төвийн тодотголд дурдсан зарим онцлох зүйлүүдээс дурьдвал, Хууль тогтоомжийн зардалд хүүхдийн мөнгөний санхүүжилт дийлэнх хувийг эзэлж байгаа аж. Өнгөрсөн долдугаар сард Засгийн газраас бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох шийдвэрийг гаргасан. Ингэхдээ 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хүүхдийн мөнгө аваагүй 0-18 нас хүртэлх хүүхдийн 40 хувьд нөхөн олгож, долдугаар сард бүх хүүхдэд мөнгө олгохоор шийдвэрлэсэн. Өмнөх нөхөж, долдугаар сард бүх хүүхдэд мөнгө олгосноор нийт төсөвлөсөн 161.5 тэрбум төгрөгөөс 146.2 тэрбум төгрөгийг зарцуулсан. Төсөвлөсөн хөрөнгөөс 15.3 тэрбум төгрөг үлдсэн бөгөөд энэ нь наймдугаар сарын хүүхдийн мөнгийг бүрэн олгоход хүрэлцээгүй учраас хүүхдийн тасалдсан байна. Иймд 2017 оны төсөвт тодотгол хийж, нэмэлт санхүүжилтийг баталснаар найм, ес, аравдугаар сарын хүүхдийн мөнгө дансандаа орох боломжтой болох юм. Сангийн яамныхны боловсруулсан 2017 оны тодотголын төсөлд хүүхдийн мөнгөнд 104.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт суулгасан байна. Энэхүү эх үүсвэр нь он дуустал бүх хүүхдэд хүүхдийн мөнгө тасалдалгүй олгоход хүрэлцээтэй.
Харин ирэх жил Валютын сантай тохиролцсон хөтөлбөрийн дагуу нийт хүүхдийн 60 хувьд хүүхдийн мөнгө олгохоор 2018 оны төсвийн төсөлд суулгасан байна. Түүнчлэн төсвийн төсөлд тэтгэвэр нэмэх, цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.