Open iToim app
Соёл, урлаг | 7 мин уншина

С.Саянцэцэг: Төгөлдөр хуурч болох нь аав бид хоёрын мөрөөдөл байсан

С.Саянцэцэг: Төгөлдөр хуурч болох нь аав бид хоёрын мөрөөдөл байсан
Нийтэлсэн 2016 оны 12 сарын 26
Бид Монголын урлаг, соёлын алдартнууд, бусдад үлгэр дууриал болж яваа энгийн иргэдтэй ярилцах “Түмний нэг” цувралыг эхлүүлсэн билээ. Энэ удаагийн цувралаараа Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Ч.Сангидорж агсны охин Саянцэцэгийг урьж оролцууллаа. 
-Сайн байна уу. Таныг Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Ч.Сангидорж агсны охин, мөн Олон улсад Монголын нэрийг гаргадаг чадварлаг төгөлдөр хуурч гэдгээр нь манай уншигчид нэлээд сайн мэднэ. Хоёулаа таны төгөлдөр хуурч болох мөрөөдөл хаанаас, хэзээ эхэлсэн талаар яриагаа эхлүүлье?
-Сайн. Би таван настайгаа төгөлдөр хуур сурч эхэлсэн. Миний анхны багш манай аав байсан болохоор багаас минь намайг урлагт хайртай, дуртай болгож өсгөсөн. Долоон настай байхдаа Хөгжим бүжгийн коллежид Монгол Улсын ардын жүжигчин Т.Цолмон багшийн шавиар орж, 15 настайтайдаа П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дунд сургуульд суралцах урилга аваад Москваг зорьсон. Дунд сургуулиа төгсөөд мөн П.И.Чайковскийн нэрэмжит хөгжим, бүжгийн их сургуульд суралцах болсон. Түүнийхээ дараа Мадридын Хааны их сургуульд магистраа хамгаалсан. Сургуулиа төгсөөд Испанид ажиллаж байгаад Монголдоо ирээд таван жил болж байна. Одоо Хөгжим бүжгийн коллежид төгөлдөр хуурын багшаар ажиллаж байна. Би урлагт багаасаа хөл тавьсан. Дуурийн тайзнаа арван хэдэн настайгаасаа тоглож, 14 настай байхдаа дэлхийн ОУ-ын залуучуудын фестивалиас алтан медаль хүртэж байлаа. Төгөлдөр хуурч болох нь аав, бид хоёрын хамтын мөрөөдөл байсан.

-Төгөлдөр хуурч болох нь аав, бид хоёрын хамтын мөрөөдөл байсан гэлээ. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд аав, охин хоёр мэдээж их хөдөлмөрлөж, хичээсэн байх. Ч.Сангидорж гуай охиндоо юу гэж захидаг байсан бэ?
-Манай аав намайг наймдугаар ангид байхад зуны амралтаар Москва руу дагуулж яваад миний төгссөн П.И.Чайковскийн их сургуулийн зааланд Бетховены 9-р симпон, Шопены 24 этүдийн тоглолтыг үзүүлж байсан. Тэгээд тэр үед надад “Миний охин хэзээ нэгэн цагт энэ тайзан дээр гарч тоглох ёстой. Амьд байх хугацаандаа охиныхоо төгөлдөр хуурч болохыг харах аавынх нь мөрөөдөл” гэж хэлж байсан. Түүнээс хойш тэр тайзыг мөрөөдөж эхэлсэн. Аавынхаа захисан мөрөөдлийг биелүүлэх гэж яваа болохоор П.И.Чайковскийн дунд сургуульд бүх хүчээ дайчлаад сайн сурсан. Дунд сургуульд сайн сурсан хүүхдийг их сургуульдаа авдаг байсан юм. Гэтэл намайг дунд сургуулиа төгсөхийн хавар П.И.Чайковскийн их сургуульд гадаад оюутны элсэлт авахгүй гээд хэдэн сар нус, нулимстайгаа холилдож явж билээ. Захирал багшийнхаа өмнөөс “Миний мөрөөдөл бол П.И.Чайковскийн их сургуульд суралцах. Би энэ мөрөөдлөө биелүүлж чадахгүй бол цонхноос үсэрч үхнэ ” гээд л уйлж байж билээ. Тэгээд захирал багш ЗХУ-ын Соёлын яам руу ярьж, намайг тэр сургуульд оруулж өгч байсан. Тэгтлээ хүссэн мөрөөдөл минь биелэхгүй гэж бодох үед тэнгэр нөмрөх шиг болж байж билээ.
Монгол хүүхдүүдийг Олон улсад таниулж, тэдний амжилтын нь гүүр болохоор Монголд ирсэн
-15-хан настай охин хүний нутагт хөгжимчин болох хүсэл мөрөөдөл өвөртлөөд, түүнийхээ төлөө эцсээ хүртэл тэмцэнэ гэдэг хэн бүхний чадах зүйл биш. Мэдээж хэцүү санагдах, шантрах үеүд цөөнгүй байсан байх?
-Тэгэлгүй яах вэ. Хийх хичээл ихтэйн хажуугаар маш их өлсдөг байснаа санадаг юм. Өдөртөө 10-12 цаг бэлтгэл хийдэг байсан. Энэ бүгдийг давж гарахад намайг багаас минь хатуу гараар хүмүүжүүлж, тэвчээртэй байдалд сургасан аав, ээж, багшийн сургамж маш их нөлөөлсөн гэж боддог. Мөн аливаа зүйлийг ойлгож, цээжлэх чадвар бусад хүүхдүүдээс арай илүү байсан. Гадаад хүүхдүүд долоо хоногт цээжилдэг зүйлийг би өдөртөө цээжилчихдэг байсан . Испанид сурч байхад багш надад сарын дотор бэлэн болгоорой гээд нэг зохиол өгч байсан. Түүнийг нь долоо хоногийн дараа цээжлээд очсон чинь “Өнөөдрийг хүртэл ийм хурдан цээжилдэг, тогтоох чадвар сайтай оюутан хараагүй юм байна” гээд гээд гадаад оюутнуудын өмнө сайшаалгаж байсан. Тогтоох, цээжлэхэд чадвар Монгол цусанд байдаг юм билээ.

-15 настайдаа Москвагийн хөгжмийн сургуульд уригдаж, түүнээс хойш дэлхийд алдартай Мадридын Хааны  сургуульд хүртэл сурч, Испанид амьдарч байсан таны хувьд тэндээ ажиллаж, амьдрах сонголт байсан гэж бодож байна. Тэгэхээр яагаад Монголыг сонгож, нутагтаа буцаж ирэв?
-Испанид 23 жил амьдарсан. Тэр үед ч гэсэн монгол хүүхдүүд над дээр очиж суралцдаг байсан. Тухайн үед би тэр хүүхдүүдээ Испанийн мэргэжлийн зааланд заавал тоглуулж, монгол хүн ийм мундаг чадвартай гэдгийг харуулах гэж хичээдэг байсан. Энэ мөрөөдлөө л гүйцээх гэж Монголдоо ирсэн. Монгол хүүхдүүдийг ОУ-д таниулж, тэдний амжилтын нь гүүр болохыг хүсдэг.
Манай шавь “тэмцээн дээр надаас мундаг хүүхэд зөндөө байсан мэдэв үү” гээд уйлж байсан

-Та хэр олон шавьтай вэ. Шавь нар нь багшийнхаа мөрөөдлийг хэр сайн биелүүлж байна?
-Шавийн эрдэм багшаас гэдэг үг бий. Гэхдээ зөвхөн багш сайн байлаа гээд шавь нь хичээхгүй бол сайн сурч чадахгүй гэж боддог. Сайн шавь бол багш сурагчийн хамтын бүтээл, хөдөлмөр гэж хэлэх дуртай. Яг гарын маань шавь гэвэл О.Нандин, Сорхагтан гээд хоёр охин байна. Энэ хоёроосоо их зүйлийг хүлээж байгаа. О.Нандин анх таван настай байхдаа Хонконгийн олон улсын төгөлдөр хуурын тэмцээнд орж байсан. Тэмцээндээ эхлээд их итгэлтэй орсон. Хөгжмөө тоглоод гарч ирэхдээ ээждээ “Надаас илүү мундаг хүүхэд байгаагүй тээ” гээд л баярлаж байгаад дараа нь өөрөөсөө том насны ангиллын тэмцээнийг үзчихээд “тэмцээн дээр надаас мундаг хүүхэд зөндөө байсан мэдэв үү ” гээд уйлсан гэсэн. Бусад оролцогчдын, ялангуяа Хятад хүүхдийн тоглолтыг үзээд багагэлтгүй өөртөө дүгнэлт хийгээд, их зүйлийг ойлгож авсан юм шиг байгаа юм. Өөрийнх нь үеийн хүүхдүүд ямар байгааг харж, өөртэйгээ харьцуулж бодоосой гээд тэр тэмцээнд оруулж байсан. Харин дараа нь Испанийн Веска хотод болсон төгөлдөр хуурын тэмцээнээс алтан медаль хүртсэн. 

-Та Испанид олон жил болсон. Тэндхийн хөгжмийн сургалт ямар байдгийг сайн мэдэж байгаа. Манайхаас юугаараа ялгаатай байна?
-Манайх Оросын сургалтыг дагадаг. Арай хүнд программыг дагаад байгаа юм уу гэсэн бодол байдаг. Тэндхийн оюутнууд олон зохиол тоглохоосоо илүү өнгөний чанар чансаанд илүү анхаарч, эхлээд тоглох зохиолоо ойлгохыг чухалчилдаг. Сурагчид нь тоглох гэж буй бүтээлээ маш сайн судалдаг.

-Монгол хүүхдүүдийн онцлог, давуу тал юу байдаг?
-Монгол хүүхдүүд их холыг мөрөөддөг, сэтгэл нь халуун, хөг сайтай. Мөн хамгийн том давуу тал нь бусдаас илүү задгай сэтгэж чаддаг. Япон, Солонгос хүүхдүүд бол хайрцагт баригдаад багшийн хий гэснийг л хийдэг. Харин Монгол хүүхдүүд илүү задгай сэтгэж, өөрийнхөөрөө байж чаддаг. Дутагдалтай тал нь гэвэл тууштай биш байдаг. Харин Хятад хүүхдүүд үнэхээр тууштай, маш ажилсаг. Энэ нь эцэг эхийн суурь хүүмүүжилтэй холбоотой санагддаг. Хятадад бол тэр хүүхэд хэт нь гэр бүлээ тэжээх ёстой гэсэн хандлагаар ээж, аав нь хүүхдээ сургадаг. Харин Монголд аав, ээж нь хүүхдээ тэжээдэг. Тийм болохоор Хятад хүүхдүүдийг ээж, аав нь хийх дургүй байсан ч уйлуулаад суулгачихдаг. Монгол эцэг, эхчүүд бол хүүхэд маань зовчихлоо гээд болиулчихдаг.
Би мөн орос оюутнуудад хичээл зааж байсан. Орос хүүхдүүд маш ухаалаг байдаг. Испани хүүхдүүд болохоор халуун цустай, хөг сайтай. Сайн багштайй байх юм бол хурдан сайжирчихдаг. 
Хүүхэд гурван нас хүртлээ суралцах чадвар өндөртэй байдаг

-Хөгжим сурснаар хүүхдийн оюун ухаан хэрхэн хөгждөг вэ. Хөгжим сурахын давуу тал, ач холбогдол гэх юм уу?
-Хөгжим хүний баруун тархийг хөгжүүлдэг. Төгөлдөр хуур тоглоход хоёр гар, хоёр хөл зэрэг ажиллаж байдаг. Мөн зөв тэгш сууж сурдаг. Сонсгол, оюуны хөгжилд нь нэмэртэйгээс гадна биеийн хөгжилд ч сайнаар нөлөөлдөг. Хүүхэд гурван нас хүртлээ суралцах чадвар өндөртэй байдаг. Хүүхдийн тархи зургаан сар хүртлээ 50 хувь нь , гурван нас хүртлээ 80 хувь нь, үлдсэн 20 хувь нь амьдралынхаа туршид хөгждөг гэдэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ бага насанд нь сайн ажиллах хэрэгтэй. Ер нь хүүхдийн баруун, зүүн тархийг нь зэрэг хөгжүүлээд, суурийг нь зөв тавиад өгвөл ирээдүйдээ амжилт гаргана.
-Таван настай хүүхдэд төгөлдөр хуур заахад багшаас заах арга талаасаа нэлээд өндөр ур чадвар шаарддаг байх?
-Миний багшлах арга бол миний дүү нараас эхэлсэн. Аав маань надад зааж өгөөд би гурван дүүдээ төгөлдөр хуур заадаг байсан. Ааваас  эхлээд төгөлдөр хуурч, Монгол Улсын ардын жүжигчин Т.Цолмон, ЗХУ-ын ардын жүжигчин Маргарита Феодорова, мөн Галицкая, Эмилианова, Гонзалес гээд миний багш нар их зарчимч хатуу хүмүүс байсан. Энэ багш нарынхаа алтан сургаалийг зүрх сэтгэлдээ байнга тээж явдаг. Энэ сайхан эрдэмтэй багш нараасаа сурч мэдсэн зүйлээ монгол хүүхдүүдээ заахыг хүсдэг. Заах аргын хувьд гэвэл хүүхдийн нас нь бага байх тусмаа магтаалд их урамшиж сайн сурдаг. Тиймээс хүүхдүүддээ аль болох урам өгөхийг хичээдэг. Ихэнхдээ хичээлийн үеэр шавиа эрхлүүлж, тоглоом хийж байгаад л сургачихдаг. Хүүхэд, хүүхдэд нь тохируулж харьцах  хэрэгтэй. Гэхдээ дан ганц багшийн заах арга сайн байлаа гээд хүүхэд гэрийн даалгавраа хийхгүй бол сайн сурдаггүй. Тиймээс аав, ээжүүд маш чухал үүрэгтэй. Манай зарим эцэг эхчүүд хүүхэдтэйгээ маш сайн ажилладаг. О.Нандингийн ээж “Өнөөдрийн манай тоглолтод Селиста гүнж ирсэн байна. Та бүхэн Селиста гүнжийг алга ташин угтаарай” гэхээр Нандин цаанаас дүрд хувираад л Селиста гүнж болоод гаргаад ирдэг” гээд охиноо даалгаврыг нь хийлгэхийн тулд хүүхэлдэйн киноны баатруудаар нэрлээд бэлдүүлчихдэг гэж байсан. Энэ мэтээр хүүхэдтэй эвээр харьцаж байх хэрэгтэй. Гэхдээ заримдаа хатуурхах үе гаралгүй л яахав.
-Испанийн Веска хотод болдог ОУ-ын төгөлдөр хуурын тэмцээний ерөнхий шүүгчээр та ажилладаг гэсэн үү?
-Испанийн Веска хотод болдог олон улсын төгөлдөр хуурын тэмцээний ерөнхий шүүгчээр 1999 оноос хойш ажиллаж байна. Энэ тэмцээн ирэх нэгдүгээр сард болох гээд хүүхдүүдээ бэлдэж байна. Тэмцээнд Япон, Хятад, Солонгос, Канад, Польш, Москва, Итали, Испаниас зэрэг орнуудаас шилдэг төгөлдөр хуурчид ирж оролцоно. Мөн миний Хятад шавь хүүхдүүдтэйгээ, Швейцариас миний шавь Ану-дарь гээд охин ирж оролцоно. Тэмцээнд Хөгжим бүжгийн сурагчдаас гадна СУИС, Хүүхдийн ордоны багш нар хүүхдүүдтэйгээ оролцохоор бэлдэж байна.
-Тэмцээнд нь амжилт хүсье.
-Баярлалаа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн