Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ: Сарлагийн хөөвөр, торомны ноосон бүтээгдэхүүнийг экспортолж байна

МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ: Сарлагийн хөөвөр, торомны ноосон бүтээгдэхүүнийг экспортолж байна
Нийтэлсэн 2016 оны 12 сарын 8
Швейцарын хөгжлийн агентлагаас “Ногоон алт” төслийн хүрээнд сарлаг, торомны ноосоор хийсэн бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд гаргах зорилгоор үндэсний үйлдвэрүүд, малчидтай хамтран ажилласан тайлангаа танилцуулж, төслийн үр дүнд гаргаж авсан сарлагийн хөөвөр, торомны ноосон бүтээгдэхүүнийхээ үзэсгэлэнг өчигдөр гаргалаа. 
 "Ногоон алт" төсөлд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий аймгийн малчид, мөн Алтай кашмер, Монгол нэхмэл, Жинст мөрөн, Баялаг Өлзий, Сор кашмер, Блюскай, Уужин, Сноуфийлд зэрэг боловсруулах үйлдвэрүүд хамрагдан сарлагийн хөөвөр, торомны ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж өдгөө 100000 орчим еврогийн бүтээгдэхүүнийг гадаадын зах зэээлд нийлүүлээд байгаа ажээ. 
"Ногоон алт" төслөөс сарлагийн хөөвөр, торомны ноосоор хийсэн бүтээгдэхүүнийг дэмжин үйлдвэрүүдтэй хамтран ажилласан нь Mонголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд таниулах, малчдын түүхий эдийг хоршоогоор дамжуулан авч орлогыг нь нэмэгдүүлэх гээд олон талын ач холбогдолтой нүдээ олсон ажил байсан тухай үзэсгэлэнд оролцсон үйлдвэрүүд онцолж байсан юм.

Сарлагийн хөөвөр, торомны ноосон бүтээгдэхүүнээ Швейцар, Англи, Герман, Солонгос, Хятад зэрэг улсууд руу экспортолж буй “Алтай кашмер” компанийн ерөнхий нягтлан Э.Лхагваа “Манай компани 1993 оноос хойш ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулсаар ирсэн. Сүүлийн хэдэн жил “Ногоон алт төсөл”-тэй хамтарч торомны ноос, сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлж байна. Бид торомны ноос, сарлагийн хөөврөөр эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцас мөн хөнжил хийж байна. Бүтээгдэхүүн маань гадаадын зах зээлд маш эрэлттэй байгаа. Борлуулж байгаа үнийн хувьд бүтээгдэхүүн тус бүр өөр өөр. Ойролцоогоор сарлагийн хөөвөр, торомны ноосон бүтээгдэхүүнээ 70-250 мянган төгрөгийн үнээр гадаадын зах зээлд нийлүүлж байна. Энэ бол "Ногоон алт" төслийг хэрэгжүүлж буй хамт олны монгол үйлдвэрүүдэд, цаашлаад Монгол Улсын хөгжилд оруулж буй маш том хувь нэмэр гэж бодож” хэмээн ярилаа.
-Торомны ноос самнан боловсруулах технологийг амжилттай туршжээ-

Түүнчлэн "Ногоон алт" төслийн хүрэээнд Монголд торомны ноос самнаж бүтээгдэхүүн боловсруулах анхны туршилтыг амжилттай хийсэн байна. Энэ талаар төслийн багтай хамтран ажилласан Монгол, Японы хамтарсан "Туяа" компанийн захирал Р.Бавуудоржтой цөөн хором ярилцлаа.
-Торомны ноосыг самнаж үйлдвэрлэх технологийг төслийн хүрээнд амжилттай туршсан гэсэн. Торомны ноосыг самнаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь ямар ач холбогдолтой вэ?
-"Ногоон алт" төслийн хүрээнд торомны ноосыг самнан болосруулах туршилтын ажлыг амжилттай хийсэн. Тэмээний ноос маш өвөрмөц бүтэцтэй. Тэмээний ноосоор хийсэн хувцас норсон, чийг нэвтэрсэн үедээ үнэр гараад байдаг. Бид чийгтэж, норсон ч үнэр гарахгүй байлгах зорилгоор торомны ноосыг самнаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилтыг хийсэн. Ингэснээр торомны ноосоор хийсэн бүтээгдэхүүн маань үнэргүй, ноолууртай адил хэмжээний зөөлөн ширхэгтэй, дулаан шинж чанартай болж чадсан. Энэ бол технологийн маш том дэвшил. Мөн торомны ноосыг самнаж боловсруулснаар гарцыг нь мөн нэмэгдүүлж байгаа юм. Өмнө нь хяргаж боловсруулсан нэг тонн ноосноос 300 орчим кг нь үйлдвэрлэлд тэнцдэг байсан бол самнасан нэг тонн ноосноос 500 орчим кг нь эцсийн бүтээгдэхүүн болж байна.

-Энэ төрлийн бүтээгдэхүүн Европын зах зээлд маш эрэлттэй байгаа гэсэн. Торомны ноосыг самнаж түүгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа Монголоос өөр улс бий юу?
-Торомны ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа орон гадаадын зах зээл дээр маш ховор . Тийм болохоор манайд үйлдвэрлэсэн цэвэр торомны ноосон бүтээгдэхүүнийг маш их сонирхож байгаа юм. Монгол, Хятадад, Казахстанд л хоёр бөхтэй тэмээ байдаг. Тэр дундаа манай баруун аймгууд, Ховд, Баянхонгорын тэмээний ноос өнгө, чанарын хувьд өвөрмөц онцлогтой. 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн