Эрүүл монгол | 2 мин уншина

​Монгол эрдэмтэд шар сүү, пивоны дрожоос эрүүл мэндэд тустай уургийн бэлдмэл гарган авлаа

​Монгол эрдэмтэд шар сүү, пивоны дрожоос эрүүл мэндэд тустай уургийн бэлдмэл гарган авлаа
Нийтэлсэн 2017 оны 4 сарын 26
Дэлхийн Оюуны өмчийн байгууллага, Монголын Оюуны өмчийн байгууллага, БНСУ-ын Оюуны өмчийн байгууллагууд хамтран монгол эрдэмтэн, судлаачдын дунд  зохиосон “Инновацийн шийдэл бидний амьдралд” уралдааны дүнг өнөөдөр танилцуулж, эхний гурван байрт шагнал гардууллаа.

Уралдааны нэгдүгээрт байранд зохион бүтээгч З.Золжаргалын агаарын бохирдлоос хамгаалах зориулалттай "салхивчны иж бүрэн агаар шүүгч"-ийн шийдэл шалгарсан бол хоёрдугаар байранд шар сүү, пивоны дрожоос эрүүл мэндэд тустай уургийн бэлдмэл гарган авсан ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн судлаачдын судалгааны бүтээл шалгарчээ. 
Дэлхийн олон оронд сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ үйлдвэрийн хаягдал шар сүүнээс  уургийн бэлдмэл гарган авч экспортолдог. Гэтэл 60 сая малтай Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд шар сүүнийхээ багахан хувийг савлаж зардаг ч дийлэнх хувийг нь асгадаг байна. 
Харин энэ орон зайг нөхөх хүний эрүүл мэндэд тустай уургийн бэлдмэлийг шар сүү, пивоны дрожоос гарган авч, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой технологийг гарган авсан  ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн биохимийн лабораторийн эрхлэгч, доктор М.Баяржаргалаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Шар сүү, пивоны дрожоор эрүүл мэндэд тустай уургийн бэлдмэл гарган авсан шийдэл нь хоёрдугаар байрандшалгарсанд баяр хүргэе. Уургийн бэлдмэл нь эрүүл мэндэд ямар ач холбогдолтой вэ?
-Шар сүүний уургийн 50-55 хувь нь булчингийн өсөлтийн үйл ажиллагааг дэмжих үүрэгтэй бол 20-25 хувь нь нойр зохицуулах, бухимдал тайлах, зан араншин сайжруулах, тайвшруулах ач холбогдолтойг судалгаагаар тогтоосон байдаг. Шар сүүнд агуулагдах нийт уургийн 90-ээс дээш хувийг шингэц сайтай, биологийн өндөр идэвхтэй альбумин, глобулин уураг эзэлдэг. Тиймд гадаадын орнууд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг явцад гарсан шар сүүг ашиглан уургийн бэлдмэл гарган авч ашигладаг. Гадаад экпортолдог орнууд ч бий. Гэтэл манай улсад цөөн хэдэн үйлдвэр шар сүүгээ савлан зардаг. Бусад нь асгачихдаг. Тэгэхээр иргэд нь шар сүүгээр хийсэн уургийн бэлдмэлийг гадаасаас импортолж байна. Бид энэ орон зайг нөхөж, хаягдал болон асгаж байгаа шар сүү, мөн пивоны дрожыг ашиглан хүний эрүүл мэндэд тустай уургийн бэлдмэл гарган авлаа. Энэ бэлдмэл эрүүл мэндэд болоод үйлдвэрлэлд томоохон ахиц дэвшил авчрах шийдэл юм.
-Судалгаагаа хэр удаан хугацаанд хийсэн бэ. Бэлдмэл нь хэзээнээс иргэдийн гарт хүрэх боломжтой вэ?
-Манай судалгааны багт биохимийн чиглэлийн 8 мэргэжилтэн хамтран ажилласан. Энэ бол бидний судалгааны ажлын нэгээхэн хэсэг. Одоогоор бэлдмэлээ нунтаг байдлаар гарган авсан байгаа. Удахгүй хэрэглээнд нэвтрүүлнэ. 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн