Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж, эрчим хүч хэмнэх, байгальд ээлтэй, утаа, агаарын бохирдлыг шийдэх шинэ шийдэл, технологиудыг танилцуулж байна. Энэ үеэр танилцуулсан монгол эрдэмтдийн нарны цацрагийн эрчмийг дулааны процесст ашиглан зохион бүтээсэн эко буюу нарны зуух, аж ахуй нэгжүүдийн цахилгааны зардлыг 30 хувь бууруулах ухаалаг тоолуурыг МОНГОЛ ХҮНИЙ ГАРААР БҮТЭЭВ буландаа онцлон сурвалжиллаа.
Монгол инженерүүдийн бүтээсэн эко нарны зуух нь түлш хэрэглэхгүй, утаагүй, эрчим хүч хэмнэх өндөр ач холбогдолтой бөгөөд нарны цацрагийг ойлгож нэг цэгт төвлөрүүлэн фокуслах замаар өндөр температурт гарган авч түүнийгээ ус халаах болон хоол цай бэлтгэх зэрэгт ашиглаж болдог нэг төрлийн сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмж ажээ. Нарны эрчим хүчийг ашиглан уг зуухан дээр 5 литр усыг 15-20 минутын хугацаанд буцалгах боломжтой юм байна. Физикийн хуулиар нарны гэрлийн цацрагийг дулаан болгон шилжүүлэх замаар хийсэн энэхүү зуух нь 100 градус хүртэл халах ажээ. Энэ талаар Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн үйлдвэрлэл хяналтын хэлтсийн техникч н.Батзориг "Олон улсад нарны гэрлийг ашиглан нарны зуух бүтээж, түүнийгээ хэрэглээнд нэвтрүүлсэн туршлага олон бий. Францын өмнө зүгт Пиренейн ууланд байдаг Одейлло гэдэг газарт Үндэсний эрдэм шинжилгээний төв нарны зуухыг 1969 онд барьсан байдаг. Энэ газар нь дэлхий дээрх хамгийн сайн нар тусдаг газруудын нэг. Иймд нарны туяаг том хүнхэр Параболын толь дээр асар их хэмжээний нарны гэрэл төвлөрч, түүний хэмийг Цельсийн 3500 градус болтол нэмэгдүүлж нарны эрчим хүчийг ашигладаг. Мөн анх 1789 онд Швейцарын байгаль хамгаалагч Хорас Де Сауссури хайрцган хэлбэртэй нарны зуух зохион бүтээж 50 градуст халаан дулаан гаргаж жимсний чанамал хийж иддэг байсан байгаа юм. Нарны зуухыг ашиглах нь нийгэм, эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой. Бидний хувьд энэ зуухыг 150 мянган төгрөгт багтаан үйлдвэрлэсэн байгаа. Цаашид өрхийн болон аж ахуйн хэрэглээнд нэвтрүүлэх бүрэн боломжтой юм" гэв. "Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ" ХХК-ийн инженерүүд хэрэглэгч өөрийн цахилгаан хэрэглээнийхээ бүх мэдээллийг нэг дороос түргэн шуурхай авч, төлбөрөө онлайнаар цаг алдалгүй төлөх боломжтой хоёр тарифт ухаалаг тоолуур зохион бүтээжээ. Уг тоолуураар иргэд өөрсдийнхөө цахилгааны үргүй хэрэглээг хянаж, төлбөрөө онлайнаар төлөх боломжтой аж. Мөн цахилгааны төлбөрөө төлөөгүй тохиолдолд тоолуур автоматаар зогсох бөгөөд тухайн хэрэглэгчийн гар утсанд цахилгааны хэрэглээний талаарх үнийн мэдээлэл ирэх юм байна. Монгол инженерүүдийн зохион бүтээсэн энэхүү ухаалаг тоолуурыг Сэлэнгэ, Дархан, Төв, Ховд аймгийн иргэд ашиглаж байгаа юм байна. Одоогоор нийтдээ 23 мянган хэрэглэгчтэй болжээ.
Энэ талаар "Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ" ХХК-ийн Борлуулалтын бодлого зохицуулалтын газрын дарга С.Батбаатар "Урд нь цахилгааны мөнгөө төлөөгүй хэрэглэгчийн цахилгааныг нь заавал очиж салгаж, буцааж залгах шаардлага гардаг байсан бол энэхүү ухаалаг тоолуурыг ашигласнаар энэ бүх гар ажиллагаа автомат болж байгаа юм. Хэрэглэгч төлбөрөө төлөөгүй тохиолдолд тоолуур автоматаар унтарч, мөн төлбөрөө хийсэн дариуд 4-5 миунтын дотор автоматаар ажиллах юм. Тоолуурыг ашигласнаар хувь хэрэглэгч болоод аж ахуй нэгжид санхүүгийн хувьд маш сайн хэмнэлт гарч байгаа. Аж ахуй нэгжийн хувьд гэхэд цахилгааны нийт зардлын 30 орчим хувийг энэ тоолуураар хэмнэх боломжтой" гэлээ.