Бид Монгол брэндийн бүтээгдэхүүн хэрхэн бүтдэг, нэг бүтээгдэхүүний ард хэчнээн монгол хүн хөлс, хүч, хөдөлмөрөө зарцуулдаг, мөн монгол брэндийн бүтээгдэхүүнийг сонгохын чухлыг харуулах зорилгоор “МОНГОЛ ХҮНИЙ ГАРААР БҮТЭЭВ” цуврал сурвалжлагыг бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаагийн цувралаараа “Алтай кашмир” ХХК-ийн үйлдвэрийг зорьж торомны ноосон бүтээгдэхүүнийг хэн, хэрхэн бүтээдэг талаар сурвалжилж, тус компанийн ууган ажилтан шүлжмэлийн чанар шалгагч Н.Байгальмаатай ярилцлаа.
“Алтай Кашмир” ХХК нь ямааны ноолуур боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор анх 1994 онд цех үйлдвэр байгуулж байсан бол өдгөө найман төрлийн дамжлагын үйлдвэртэй, сард 100 тонн ноос, ноолуур боловсруулан 18 мянган ширхэг ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэлхийн таван том компанийн нэг болжээ. Түүнчлэн тус компани өдгөө ямааны ноолуур, торомны ноос, сарлагийн хөөврөөр хийсэн 10 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ дэлхийн 38 оронд экспортолж , дэлхийн хэмжээнд 30 гаруй гэрээт борлуулагч, худалдааны төлөөлөгчидтэй хамтран ажиллаж байгаа аж. Мөн 500 гаруй үндсэн ажилтантайн дээр түүхий эд бэлтгэн нийлүүлдэг хоршоод, малчидтай хамтран ажиллаж ойролцоогоор 1000 гаруй өрхийг ажлын байраар хангаж, ажил амьдралаа залгуулахад нь хувь нэмэр оруулж буй ажээ. Тиймээс бид Европын зах зээлд эрэлттэй байгаа торомны ноосон бүтээгдэхүүнийг монгол үйлдвэр хэрхэн боловсруулдаг, үйлдвэрлэлийн ямар технологийг ашигладаг, ямар процессоор дамждагийг онцлон сурвалжилснаа хүргэе.
Торомны ноосон цамц хийхийн тулд хамгийн түрүүнд түүхий эдээ хоршоодоор дамжуулан малчдын гар дээрээс хүлээн авна. Үйлдвэрт хүргэгдэн ирсэн түүхий эдийг угаах, хялгас ялгах хэсэгт шилжүүлнэ. Нэг кг торомны ноос уугах хэсгээс гарахдаа 750 грамм болж гарна. Угаасны дараа ноосоо задлан сэгсэрнэ. Энэ нь хаг, өтөг бууц, нарийн хог шороог унагах зорилготой. Дараа нь ноосоо угаах нунтагтай дөрвөн онгоцоор дамжуулан эцэст нь тавдугаар онгоцонд цэвэр усаар зайлж хатаагч машинд дамжуулна. Хатаасны дараа гурван шат дамжлагаар самнана. Энэ дамжлага нь технологийн хамгийн чухал шат бөгөөд ноосны ширхэг тасрахгүй урт байх нь энэ дамжлагаас маш их хамаарна. Үүний дараа ээрэх, шүлжих, оёх хэсгийн үйлдвэрийн дамжлагаар дамжина. Шүлжих хэсэгтээ Герман болон Японд үйлдвэрлэсэн өндөр хүчин чадал бүхий компьютержсэн автомат сүлжих машинуудыг ашигладаг байна.
Оёдлын хэсгээс бэлэн болсон цамц угаах, хатаах, үслэх, индүүдэх хэсэгт шилжинэ. Угаахдаа технологийн нарийн горимоор угаадаг бөгөөд оёдлын хэсгээс гарч ирсэн хатуу, том нэхээстэй цамцнуудыг зөөлөн, нарийн нэхээстэй харагдуулах процесс энэ хэсэгт явагддаг байна. Индүүдэж, хатаасан цамцанд MADE IN MONGOLIA ALTAI CASHMERE шошгыг нааснаар борлуулах хэсэгт шилждэг байна.
Энэ бол торомны ноосон цамц үйлдвэрлэдэг технологийн шат дамжлагууд бөгөөд нэг ширхэг торомны ноосон цамц хэрэглэгчдийн гарт хүрэхийн тулд найман хэлтэсийн үйлдэрийн 40 гаруй технологийн дамжлага, боловсруулах үйлдвэрийн ажилчин, загвар зохион бүтээгч, нэхмэлчин, сүлжигч, оёдолчин гээд 300 гаруй монгол хүний гараар дамжин эцсийн бүтээгдэхүүн болдог байна.
Харин одоо тус үйлдвэрийн ууган ажилчдын нэг шүлжмэлийн чанар шалгагч Н.Байгальмаатай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Шүлжмэлийн цехэд хэр олон жил ажиллаж байна. Өдөрт ойролцоогоор хэр олон цамц шүлждэг вэ?
-Шүлжмэлийн цехэд 1980 оноос хойш ажиллаж байна. “Алтай кашмир” компанид ажиллаж эхлээд 10 гаруй жил болж байна. Миний хувьд өдөрт 50-100 ширхэг цамц шүлжиж, шалгадаг. Бүтээгдэхүүний загвараас шалтгаалаад өдрийн бүтээмж өөр өөр байна. -Импортын бараатай өрсөлдөөд зогсохгүй, дэлхийн зах зээлд дээр бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа болохоор тэр хэмжээний стандартад нийцсэн цамц шүлжинэ гэдэг тийм амар ажил биш. Тэр хэрээрээ шүлжмэлийн хэсэгт ажиллаж байгаа хүмүүсээс маш өндөр ур чадварыг шаарддаг байх?
-Тийм. Гэхдээ шүлжихдээ автомат машин ашигладаг болохоор ачаалал, ажиллагаа багатай. Харин шүлжмэлээс гарч ирсэн бүтээгдэхүүнийг нарийн шалгаж, зарим хэсэгт нь гараар шүлжих үе гардаг. Тэр болгонд нарийн мэргэжлийн ур чадвар шаарддаг. Түүнээс гадна манай бүтээгдэхүүний түүхий эд маш үнэтэй, дээрээс нь боловсруулах шатны маш олон процессыг дамжин, олон хүний хөдөлмөр шингэсэн утас бидэнд ирж байгаа учраас нэг л алдаа гаргах юм бол тэр их хөдөлмөрийг үгүй хийх болдог. Тийм болохоор шүлжих хэсэг бол маш хариуцлагатай ажил.
-Таны хувьд 10жил ажилласан компанийнхаа ууган ажилчдын нэг юм байна. Энэ олон жил ажлаа ямар сэтгэлээр хийж ирсэн бэ. Ачаалалтай, өндөр ур чадвар шаарддаг үйлдвэрт удаан ажиллана гэдэг хувь хүнээс маш их тэвчээр, хатуужил, хөдөлмөр шаарддаг байх?
-Ноос, ноолууран бүтээгдэхүүн түүхий эдээсээ шалтгаалаад зах зээл дээр маш үнэтэй зарагддаг. Үнэтэй авсан ноолууран цамцаа хэрхэн арчлах талаар зөвлөгөө өгөхгүй юу?
-Ноолууран бүтээгдэхүүнийг бүлээвтэр буюу 35-36 градусын усанд гараар угаах ёстой байдаг. Угаахдаа мушгилгүйгээр сэгсэрч, индүүгээр хэлбэрийг нь гаргаж хатаах хэрэгтэй. Манайхан үүнийг мэдэхгүй угаалгын машинд угаагаад, сэгсрээд хатаачихдаг. Үүнээс үүдэн цамцны чанар муудаж хэт агших, сунах процесс бий болдог. Ноолууран хувцсаа бага зэрэг толбо болгосон тохиолдолд заавал хими цэвэрлэгээ гэлтгүй толбо болсон хэсэгтээ бага зэрэг аяга таваг угаагч түрхэж байгаад цэвэр усаар угаагаад үзээрэй гэж зөвлөмөөр байна.
Бид монгол брэндийн бүтээгдэхүүн хэрхэн бүтдэг, нэг бүтээгдэхүүний ард хэчнээн монгол хүн хөлс, хүч, хөдөлмөрөө зарцуулдаг, мөн монгол брэндийн бүтээгдэхүүнийг сонгохын чухлыг харуулах зорилгоор“МОНГОЛ ХҮНИЙ ГАРААР БҮТЭЭВ” цуврал сурвалжлагыг бэлтгэн хүргэж байна. Бидэнтэй itoimagency@gmail.com, 777057758 дугаараар холбогдоно уу.