Бид монгол брэндийн бүтээгдэхүүн хэрхэн бүтдэг, нэг бүтээгдэхүүний ард хэчнээн монгол хүн хөлс, хүч, хөдөлмөрөө зарцуулдагийг харуулах зорилгоор "МОНГОЛ ХҮНИЙ ГАРААР БҮТЭЭВ" цувралыг бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаагийн цувралдаа “Бабул трейд” ХХК-ийн үйлдвэрийг зорьж Бабулай таргийг хэн, хэрхэн бүтээдэг талаар сурвалжилж, тус компанийн захирал Л.Хандаатай ярилцлаа.
“Одоогоос 10 жилийн өмнө гэр бүлийнхээ хүнтэй хамт айлын хажуу өрөө түрээслэн амьдардаг байхдаа Бабулай таргийг хийж эхэлсэн. Тэр үед би таксинд явдаг байлаа. Тухайн үед Оросоос оруулж ирдэг мөстэй сироп гадуур их зарагддаг байсан. Гэтэл манай хүүхэд нэг удаа түүнийг идээд харшил гарчихсан. Эхнэр бид хоёр сандраад тараг бүрээд түрхсэн чинь харшил нь зүгээр болчихсон. Түүний дараа бас нэг удаа гэртээ газан плетикаа унтраалгүй унтсанаас гэр бүлээрээ хордлогод орж байсан удаа бий. Тэгэхэд мөн л таргаар хорыг нь тайлж байсан. Ер нь энэ явдлуудаас хойш тарагны талаар судалж эхэлсэн дээ. Тэгээд анх эхнэр маань сүү хөөрүүлж тараг бүрээд чихэртэй холиод хөлдөөснийг нь идээд үзсэн чинь үнэхээр сайхан амттай байсан. Тэр цагаас л Бабулайг хийх санаа төрсөн. Бабулайг анх зарж эхэлсэн түүх маань их хөгтэй. 10 литр сүүгээр тараг бүрээд, жижиг жижгээр нь арцны товчтой уутанд хөлдөөгөөд бас болоогүй ээ, бичгийн цаасан дээр шошгыг нь хэвлэж наагаад 50 төгрөгөөр дэлгүүрүүдэд зардаг байлаа. Эхэндээ хүмүүс энийг чинь хэн авдаг юм гээд л урдаас түлхэнэ. Одоо тэр үеэ эргэн бодохоор сэтгэлээс гардаггүй нэг явдал байдаг. Бабулайг хийснээс хойш анх удаа тэгж баярласан гэх үү дээ. Нэг удаа эхнэр бид хоёр Баянхошууны хөтлийг даваад цаашаа нь “Нуур” гэдэг газрын нэг мухлагт суудаг эмээд 20 ширхэг Бабулай зарчхаад үүрч явсан 10 уут ачааг нуруунаасаа авснаас илүү эрч хүч, урам зоригийг авч байж билээ. Тэр үед нэг уут Бабулай 1600 төгрөг болдог байсан. Шувуу фабрикаас автобусанд суугаад мухлагтай эмээд тараг хүргэж өгөхөд 1600 төгрөг болно. Ямар ч ашиггүй хэрнээ хийе бүтээе, болгоно, бүтээнэ гэсэн хүсэл эрмэлзэл, гал халуун сэтгэл байсан болохоор л тэгж явсан даа.”
Энэ бол Бабулай таргийг анх хийж, хэн ч авахгүй байхад хөлсөө урсган хичээж байсан тэдний түүх.
Тэд анх Бабулайг амьдарч байгаа түрээсийн байрандаа хийж зардаг байсан бол өдгөө өдөрт 10 тонн сүүгээр 200 мянган ширхэг тараг үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэртэй болжээ. Түүнчлэн “Бабул трейд” компани нь 260 гаруй сүү бэлтгэн нийлүүлэгчидтэй, 50 гаруй ажилтантай, ойролцоогоор 300 гаруй өрхийг ажлын байраар хангаж, амьдралаа залгуулахад хувь нэмэр оруулж байгаа юм.
Бабулайг хийхийн тулд хамгийн түрүүнд малчид, фермер эрхэлдэг хүмүүсээс өглөө эрт сүүгээ хүлээн авна. Сүүгээ өгөхөөр ирсэн хүмүүс малд нь 72 цагийн дотор ямар нэг өвчний шинж тэмдэг илрээгүй гэсэн мал эмнэлгийн бичигтэй ирнэ. Түүнийг нь сүү хүлээн авч байгаа мэргэжилтэн шалгаад сүүнд байгаа 32 төрлийн үзүүлэлтийг зориулалтын багажаар шалган шинжилгээ хийж стандартад нийцсэн сүүг хүлээн авна. Сүү бэлтгэн нийлүүлэгчдэд анхаарах ёстой хамгийн чухал зүйл бол сүүгээ зөв аргаар, маш сайн хөргөөх явдал байдаг тул “Бабул трэйд” компаниас сүүний бүтцэд өөрчөлт оруулдаггүй, гашилгадаггүй тусгай зориулалтын сүүний бетоныг тэдэнд тарааж өгдөг ажээ.
Ингээд сүүгээ хүлээн авсныхаа дараа шүүлтүүрт оруулж дамжлагын хоолойгоор үйлдвэрийн хэсэг рүү оруулна. Үйлдвэрийн дамжлагад хамгийн чухал хэсэг бол тараг бүрэх хэсэг буюу бүрэлдүүлгийн шат. 92 градус хүртэл ариутган цэвэршүүлж, тусгай зориулалтын төхөөрөмжид бүрэлдүүлгийг явуулна. Тараг 12 цагийн турш бүрэлдэж 56 градусын температуртай савлах хэсгийн шугамд орно.
Ойролцоогоор өглөө ирсэн сүү 24 цагийн дотор Бабулай болон үйлдвэрээс гарч хэрэглэгчдийн гарт очдог бөгөөд 10 литр сүүгээр л гэхэд 200 орчим ширхэг Бабулай хийдэг байна.