Хэн нэгнийг амжилтад хүрэхэд түүний ард гэр бүл нь хамгийн хүчтэй, бас хамгийн баттай тулгуур болдог. Эхнэр, эсвэл ээж, аавын халамж, дэмжлэггүйгээр оргил өөд мацсан, тэгээд оройд нь гарсан нэгээхэн ч хүн үгүй. Тэдний нэг бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар “Гацуурт”-ын Л.Чинбат. Тэрээр эцэг, эхээс 15-уулаа. Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрж өсчээ. “Гацуурт”-ын Л.Чинбат хөдөлмөрлөхийг ааваасаа, хүнлэгийг ээжээсээ, халамжлахыг эгчээсээ, хариуцлагыг ах нараасаа, хайрыг хань ижлээсээ, хатуужлыг хүүхэд ахуйгаасаа уламжилсан нэгэн аж.
Иймд бид энэ удаагийн ТҮМНИЙ НЭГ буландаа “Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбатын аав, ээж хоёрыг урьж оролцуулахаар болж Хөдөлмөрийн баатар хүү рүү нь утас цохьсон юм.
Л.Чинбат гуай “Хөдөө ажилтай явж байна. Хэд хоногийн дараа холбогд” гэснээр эхний оролдлого маань бүтэлгүйтэв. 10 гаруй хоногийн дараа дахин холбогдлоо. Гэтэл тэр үед “Манай хамгийн том ах Л.Дорж гээд хүн бий. Тэр хүнээс зөвшөөрөл авч чадах юм бол манай аав, ээжтэй ярилцлага хийж болно” гэв. Тэрхэн зуур толгойд “Өөрөөсөөө холдуулчихлаа. Тэр ах нь ч бараг зөвшөөрөхгүй байхдаа” гэсэн бодол төрсөн ч ингээд орхиж чадсангүй. Ах Л.Доржтой нь холбогдлоо.
Мэнд ус мэдэж, хэрэг зорилгоо хэлэхэд өөдөөс “Чи аль нутгийн хүн бэ, ямар сургууль төгссөн, хаана ажилладаг билээ, яагаад манай аав, ээжийг сонгосон юм” гэх асуултууд асууж бүтэн цагийн турш ярилаа. Л.Чинбат гуайн “Манай ахаар зөвшөөрүүлж чадвал” гэж хэлсэн нь зүгээр ч нэг үг биш байж. Утасны цаанаас мэдлэг сорих хэд хэдэн асуултад хариулж шалгалт өгсний эцэст сая “сарын турш манай аав, ээжийн талаар судалгаа хийгээд эргэн холбогдоорой” гэснээр аав, ээжтэй нь ярилцлага хийх эрх авсан юм.
15 хүүхэд төрүүлж өсгөсөн ачтануудад энэ хэмжээний үнэ цэнэ байлгүй яахав. Харин ч зөвшөөрөл авч чадсан нь зол боллоо гэж дотроо бодон судалгаагаа эхлүүлэв.
Ийнхүү сарын дараа дахин холбогдож “Гацуурт”-ын Л.Чинбатын том ах Л.Дорж гуайгаар газарчуулан Гоодойн амыг зорилоо. Тэдний аав М.Лхагва өдгөө 90 дөхөж яваа бол ээж М.Чанцал нь 80 гарч яваа аж. Тэд зундаа цэвэр агаар, цэнгэг салхи бараадан Гоодойн амны лагерийн байшиндаа зусдаг байна.
Хотоос багагүй зайтай тул замдаа ам хуурай явсангүй. Л.Дорж гуайтай аав, ээж ах дүү нар, тэднийг өсгөж хүмүүжүүлсэн арга ухаанаас эхлээд улс төр, эдийн засаг гээд өргөн цар хүрээг хамарсан яриа өрнүүллээ. Асуусан асуултад дэлгэрэнгүй авч цэгцтэй хариулт өгч байв.
Ямар нэг бичлэг, чухал яриа явагдаагүй байхад юу ярьж байгаагаас уг хүнийг нь харж болох ч юм шиг. Эрүүл хооллолт, эрүүл амьдралын зөв дадал хэвшлийн тухай ярьж, надад хэд хэдэн эрүүл хоолны жор ч хэлж өгөв.
Тэрээр “Бага унтаж, бага идэж, их ажил хийснээр хүний эрүүл мэнд мууддаггүй юм байна. Үүний сонгодог жишээ бол манай аав, ээж хоёр. Би хүүхэд байхдаа аав, ээжийнхээ хэдэн цагт унтаад, хэдэн цагт босож байгааг үзээгүй. Биднийг орой унтахад ажлаа хийгээд үлддэг. Өглөө сэрэхэд аль хэдийн босчихсон цайгаа хийгээд сууж байдаг байсан. Миний муу ээж 15 хүүхэддээ хоол аягалаад хоолгүй хоцорч байсан үе нэг биш нэлээд хэдэн удаа байсан байх даа гэж одоо бодогддог. Манай аав, ээж хоёр насаараа хөдөө мал маллаж хүйтэнд хөрч, халуунд халж байсан хүмүүс. Эрүүл байхын үндэс бол зөв зохион байгуулалт. Зохион байгуулалтгүй байснаас л хүн эрүүл мэндээ алдаж байгаа юм” хэмээн хуучлах зуур Монгол Улсын хөдөлмөрийн баатар “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатын аав М.Лхагва гуайн гадна аль хэдийнээ ирсэн байлаа.
Хоёр буурай хашаандаа төрөл бүрийн мод тарин, цэцэг ургуулж, гаднах орчноо цэмцийтэл цэвэрлэсэн нь тэдний хөдөлмөрчин төрхийг илтгэнэ.
Биднийг гэрт ороход хоёр хөгшин мэндийн сайхан үгс, ширээ дүүрэн амттан, идээ будаа, М.Чанцал эмээ өөрийн гарын сүүтэй цайгаар угтлаа.
Анх хашаагаар нь орж ирэхэд нүдний буланд тугалтай үнээ харагдсан тул, эхний асуултаа энэ сэдвээр эхлүүлээ.
М.Чанцал гуай “Манай бусад мал Лүнд манай хүүгийнд байдаг юм. Хүүхдүүдээс нууцаар ганц тугалтай үнээгээ аваад ирсэн юм. Үүний чинь сүүгээр л зуны цагт сүү, цагаа, таргаар голоо гэсгээж байна шүү. Хүүхдүүд худалдааны сүү аваад өгнө. Өөрийгөө зовоож яах гэсэн юм гээд л үглэх юм" хэмээн ойр зуурын яриа хөөрөө дэлгэн хоол зэхэж гарав.
Энэ хооронд гэрийн эзэн М.Лхагва өвөөтэй яагаад ийм олон хүүхэд төрүүлсэн талаар нь яриагаа эхлүүллээ.
М.Лхагва гуай нэг эгч, хоёр эмэгтэй дүүтэй айлын ганц хүү бол М.Чанцал гуай айлын ганц охин ажээ. Иймд тэд аль аль нь хүүхэд ахуй цагаасаа хүний, хүүхдийн мөрөөдөл болж өсч. Тодруулбал, хэргийн эзэн 6 хүү, хэл амны эзэн 9 охин төрүүлсэн нь тэд өөрсдөө айлын ганцууд байсантай холбоотой гэнэ. 15 хүүхдийнхээ бүгдийнх нь хуримыг хийлгэж, өдгөө хэнээс ч дутахааргүй мэргэжил, мэдлэгтэй болгож өсгөжээ. Хөдөлмөрийн баатар, хуульч, манлай уяач, эмч, эдийн засагч, инженер, холбоочин, малчин гээд салбар бүрийн мэргэжилтнүүд эднийд цөм бий.
Хоёр дахь хүү Л.Чинбатыг Монгол Улсын хөдөлмөрийн баатар болохоос өмнө хоёр, хоёр хоногийн зайтай том хүү Л.Дорж нь Алтан гадас одон хүртсэн бол гуравдахь хүү Л.Батмөнх нь Монгол Улсын манлай уяач болжээ. Нэг айлын гурван хүүхэд долоо хоног хүрэхгүй хугацаанд төрийн дээд шагналыг дараалан хүртэнэ гэдэг хэн бүхний амьдралд тохиолдоод байдаг хувь тохиол биш билээ. Үүний ард М.Лхагва, М.Чанцал нарын дуслуулсан хөлс, урсгасан нулимсны үнэ цэнэ оршиж байсан нь мэдээж хэрэг.
М.Лхагва гуай Говь-Алтай аймгийн Бигэр сумын анхны мянгат малчин. Зөвхөн мал маллах арга ухаанаас гадна мужаан, дархан, анчин, найрч гээд эр хүний хийж болох бүхий л ажлыг торохгүй хийдэг байж.
15 хүүхдээ тэжээж, хүний дайтай хүн болгож өсгөх гэж мориноос буусан өдөр ховор, алх дөшнөөс салсан цаг тун бага байжээ. Өрхөд 75 толгойхон мал хуваарилдаг байсан социалист нийгмийн үед хэдэн халтар хүүхдээ тэжээх гэж зуны нар, өвлийн хүйтнийг үл хайхран анд явдаг байж. М.Лхагва гуай хөдөлмөрч зангаа хүүхдүүддээ өвлүүлжээ. Тэднийг бага байхаас л эхлээд анд дагуулан явж, хээрээр гэр, хэцээр дэр хийлгэж хал үзүүлэн хашир суулгаж байж. Тэрээр 15 хүүхдийнхээ гэрийн модыг өөрийн гараар урлаж өгч байсан мундаг чадварлаг мужаан ажээ.
Энэ талаар түүний ууган хүү Л.Дорж “Биднийг бага байхад манай аав агент хийхийн хажуугаар хайрцагны мод цуглуулаад түүгээрээ аяганы ширээ, шкаф гээд төрөл бүрийн гэр ахуйн модон эдлэлүүдийг хийж айлуудад малаар сольдог байсан. Аавд маань дарханы, мужааны бүх төрлийн багаж байдаг. Бид бүгдээрээ аавтай хамт тэр бүхнийг хийж, багаасаа сурч өссөн нь аливаа зүйлийн арга эвийг олж сурахад маш их нөлөөлсөн. Ерөөс биднийг хөдөлмөрөөр хүмүүжүүлсэн байгаа юм.
Хожим би Оросод Уралын политехникийн дээд сургууль төгсөөд Статистикийн төв газар болон Батлан хамгаалахын яам зэрэг газар ажиллаж байраар шагнуулахад хүртэл бага байхдаа хадаас хадаж, хашаа барьж, ан агнаж, мал гаргах арга ухааныг сурсан нь маш их нөлөөлсөн.
Л.Чинбатын хувьд ч ялаагүй. Анх Геологийн сургуульд ороод суралцахад мань хүнд бүх зүйл их амархан байсан. Тийм болохоор хамгийн эхний долоо хоногтоо төмс хураах нормоо хэд дахин давуулан биелүүлээд шуудай төмсөөр шагнуулаад ирж байсан түүхтэй. Энэ бол бидний ааваасаа өвөлсөн хөдөлмөрч ухааны үр шим шүү дээ. Л.Чинбатын баатар болсон нь ч аавын дайтай хөдөлмөрлөсөнтэй холбоотой. Гэхдээ Л.Чинбатын хийж, бүтээсэн зүйл аавын хажууд будаа. Миний хувьд ч ялгаа байхгүй.
Нэг удаа аавыг Чинбаагийн газар тариалан дээр аваачиж байсан юм. Тэгсэн дараа нь "мал аж ахуй дээр нь очиж үзнэ” гээд зөрүүдлээд болдоггүй. Тэр үед Чинбаа надруу залгаад “мал аж ахуйн хэсэгт сайн зохицуулаагүй, бүрэн дуусгаагүй ажлууд их байгаа. Ах та аавыг ирүүлж болохгүй шүү. Аав харвал толгойгүй болно” гээд ярьж байсан. Айхгүй ч гэсэн аягүй гэгчээр бидэнд тийм зүйл олон тохиолдоно. Биднийг бага байхаас аав маань та нарын гутал доторх хөл хаашаа хөдөлж байгааг харж байна шүү гэж зэмлэдэг байсан.
Хэдийгээр бид ах дүү 15-уулаа өссөн ч маш нарийн дэг журамтай, ах захаа хүндэлж өссөн. Ер нь аав, бид хоёрыг үг дуугараагүй байхад дүү нар маань түрүүлж дуугарахгүй шүү” хэмээн ярьлаа.
Аав, ээжтэй нь ярилцлага хийх гээд холбогдож байхад Л.Чинбат гуай “Манай том ахаас зөвшөөрөл ав” гэж хэлсэн нь аргагүй л бас нэгэн ах захын ёс, хүндлэл тэр үгэнд шингэсэн байжээ.
Харин М.Чанцал гуайн хувьд хорин насандаа ууган охиноо 50 хэдэн насандаа отгон охиноо төрүүлжээ. Тэрээр гурав хүртэлх насны хүүхэдтэй 30 жилийг өнгөрөөсөн нь түүний 30 жил нойргүй хоносныг гэрчилнэ. Учир нь тэдний 15 хүүхэд бүгд хоорондоо хоёр насны зөрүүтэй. Хоёрхон настай балчир үр нь хормойноос нь зүүгдэн байх үед удаах үр нь мэндэлдэг байж. Гэхдээ тэрээр зөвхөн хүүхэд төрүүлээд, асраад суухгүй, эхнэр хүнд ногддог бүхий л ажлыг хийнэ. Өглөө нартай уралдан босч, шөнийн одод түгсэн хойно унтсан өдрүүд түүнд цөөнгүй байжээ.
М.Чанцал гуайн талаар ахмад сэтгүүлч Р.Чулуун 27 жилийн өмнө “Үнэн” сонинд бичсэн нийтлэлдээ таван хүүхэд төрүүлээд алдарт эхийн одон өгдөг. Гэтэл гурван удаа алдарт эхийн болзол хангасан хүнд баатар цол өгөхөд багадах нь юун” гэж бичээд сүүлд Л.Чинбатыг Хөдөлмөрийн баатар болоход “Баатар ээжээс Монгол Улсын хөдөлмөрийн баатар хүү төрж олон түмнээ баярлууллаа” хэмээн хэлсэн нь эзнээ олсон үнэлэлт байжээ.
Ээжийнхээ талаар том хүү Л.Дорж “Миний ээж аймаг сумын төвд олон ороогүй өтөлсөн. Алс Алтай нутагт насаа элээсэн. Агаарын хөлөгт суугаагүй ч аргамаг хөлөглөсөн. Радио телевиз ойшоодоггүй айлынхныхаа яриаг л сонсдог. Хөрөнгө зоорь нь хоттой мал нь, хүсэл зорилго нь хэдэн хүүхдээ өсгөх нь, бусдад тусалбал буян нь тэр болно, бусдыг баяруулбал шагнал нь тэр болно. Айдаг хууль байгалийн зуд турхан, хүчтэй салхи ширүүн бороо, амьдралын там нь худал хуурмаг, бялдууч зан, бусармаг явдал” хэмээн ярьж суутал М.Чанцал гуай таваг дүүрэн бууз барьсаар гал тогооны өрөөнөөс амьсгаадсаар орж ирлээ.
Гэтэл хажуунаас М.Лхагва гуай “Манай самган ирсэн зочныг хоол цайгүй, хоосон гаргана гэж байхгүй. Зочин ирэх юм бол хэвтэрт байсан ч хөл нь хөнгөрөөд босоод ирдэг хүн байгаа юм. Мөн хийдэг ганц ажил нь сүү өргөх. Хөгшиний өргөсөн сүүн цагаан цацлын буянаар үр хүүхдүүд минь өнгөтэй өөдтэй явдаг байх гэж бодогддог шүү” хэмээн хүүтэйгээ ам булаалдан ярив.
Ингээд хоёр буурайгаар 15 хүүхдээ хэрхэн өсгөж, хүмүүжүүлсэн арга ухааных нь талаар яриуллаа.
Ямааны зүсийг цээжилсэн нь ядралгүй 35 үсгийг цээжлэхэд хүргэсэн. Яралзтал үржүүлгийн хүрд цээжилсэн нь яагаа ч үгүй эрт хурга тоолж сурсных....
Эдний 15 хүүхдийн 13 нь их, дээд сургууль төгсөж мэргэжил эзэмшжээ. Тухайн үед сумын сургуулийн наймдугаар анги төгсөгчдөөс 10-хан хүүхдийг сурлагаар нь байр эзлүүлж аймагт сургадаг байж. Гэтэл М.Лхагва гуайн хүүхдүүд 30 жилийн турш сумын 10 хүүхэд тумын нэг хуваарийг авч шалгарчээ. Хүүхдүүд нь яагаад ингэж сурлага сайтай байсан талаар М.Лхагва гуай “Мал маллах арга ухаан бол тэр чигтээ хүүхдийн сурган хүмүүжүүлэх арга ухаан байдаг. Манай хүүхдүүд багаасаа ямааны зүсийг маш сайн тогтоодог, хариулж байгаа хургаа хүртэл тоолдог байсан. Энэ бол хожим 35 үсгээ тогтоож, үржүүлгийн хүрдээ сайн цээжлэхэд их дэм болсон байх гэж боддог шүү. Мөн хүүхдүүд тус бүрдээ өөр өөрийн гэсэн өмчний малтай байсан. Тэр нь хожим өөрийнхөө юмыг аривлаж гамнах ухаанд сургасан гэж боддог. 350 улаан ямаатай айлын хүүхэд 35 үсэг цээжлэхэд ядах юу байх дээ” хэмээн ярьж байсан юм.
Мөн тэрээр цааш үргэлжлүүлэн манай хүүхдүүд айлуудад их зарагдаж өссөн. Айлын ямаа самнаж, малыг нь ойртуулж, морийг нь аргамжиж өгнө. Морьтой хүн ирвэл тосож авч буулгана, мордуулж явуулна.
Эд чинь заримдаа сургуулийнхаа амралтаар гоёо, хармаг түүж зараад мөнгө олж түүгээрээ хичээлийн дэвтэр, номоо авна. Тухайн үед нэг кг гоёо түүхэд төгрөг 50 мөнгө. Нэг сурах бичиг худалдаж авахад 3 төгрөг 10 мөнгө байлаа.
Ер нь ажил хөдөлмөр хүнийг амьдралын ухаантай, хэрсүү, ажигч гярхай болгож хүмүүжүүлдэг. Түүнээс гадна хүнд тусалж байна гэдэг тэр хүүхэд багаасаа хэн нэгэнийг хайрлах ухаанд суралцаж байгаа нэг хэлбэр юм” гэлээ.
Аав, ээж нь тэднийг хэрхэн хүмүүжүүлдэг байсан талаар хүү Л.Дорж ийн ярьсан юм.
Биднийг олуулаа болохоор сургуулийн байранд авдаггүй байсан. Тэгээд аав бид нарт сумын төв дээр нэг гэр барьж өгч байсан юм. Хэдэн дүү нартайгаа бужигнаад л гэртээ байна. Хааяа аав сумын төв орж ирэхээрээ “заа дүү нар нь үгэнд орж байна уу. Хичээлээ сайн хийж байна уу” гээд л надаас асууна. "Үгэнд орохгүй, хичээлээ хийхгүй байна гээд” хэлэхээр аав сурагчийн дүрмээ цээжлээгүй болоод л хичээлээ хийхгүй, дүрсгүйтэж байхгүй юу гэж хэлээд өвлийн хүйтэнд хөөж гаргаад сурагчийн дүрмийг нь цээжлүүлдэг байлаа. Тэгээд аав минь “Иш миний хүүд дүү нар нь арай л хэнздээд байна даа” гэж хэлдэг байсан.
Гэхдээ аав, ээж хоёр намайг буруу зүйл хийлээ гээд хэзээ ч дүү нарын нүүрэн дээр буруутгаж загнахгүй. Дүү нарын нүдэн дээр бол ахынхаа үгэнд ороогүй та нарын буруу, ахыгаа хүндэл гэж хэлдэг байсан даа. Аав их ухаантай хүн. Намайг загнахдаа манай дүүг загнадаг. Тэгэхэд би наана нь яс хавталзаад “Миний гаргасан алдааг дүүгээр минь дажуулан надад хэлж байна даа” гэж санаа авдаг байсан. Тэгэхээр надад аав, ээжийнхээ тэр олон дүүгийнхээ өмнө хүлээх маш том хариуцлага байлгүй яахав дээ. Надад онц сурахаас өөр арга байгаагүй. Тэр олон дүү нартаа үлгэр дууриал болох ёстой ганц хүн нь би юм чинь. Манай аав, ээж хоёрын хүмүүжлийн ухаан бол хариуцлага гэдэг зүйлийг ухамсарлуулж, ах захын хүндлэх ёс байсан гэж боддог.
Мөн манайх гэдэг айлд хот хороонд таних хүн нэг ч байхгүй. Хэдэн халтар хувцсаа үүрээд шуудангийн машинд дайгдаж анх хот орж ирж байлаа. Дүү нар маань ч ялаагүй бүгд миний араас тийм замналаар явж ирсэн. Л.Чинбат гэхэд л анх шуудангийн машинд дайгдаж хотод орж ирээд манайхыг хайгаад олохгүй, өөр таньдаг хүн байхгүй болохоор бүтэн өдөржин хайж явсан гэдэг. Тэгсэн аз болоход манай төрлийн охин Чинбааг хувцсаар нь таньж манайд авчирсан байгаа юм.
Аав минь бидэнд юм үзэж нүд тайл, хол газар явж хүнтэй танилц гэж үргэлж захьдаг байсан. Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз гэдэг дээ. Бид нарыг ийш тийш нь явуулах их дуртай. Намайг бол бага байхаас ойролцоох сумдаар дагуулж явуулаад хөгшин настай хүмүүсээр хууч яриулж, түүнийг нь сонсгож өсгөсөн дөө.
Л.Чинбат хэдэн зуун ажилтантай тэр том компанийн захирал мөртлөө яагаад үргэлж өөрөө хөдөө явж ажилладгийг хүмүүс их гайхаж, сонирхдог. Энэ бол аавын үлдээсэн хүмүүжил. Манай аав Бигэр сумын анхны социалист хөдөлмөрийн төлөө бригадын ахлагч байсан. Дөрөвдүгээр ангийн боловсролтой мөртлөө бригад ахлаад, тэр олон хүнээр хашаа бариулаад явдаг байсан. Гэхдээ аав хэзээ ч тэрийг ингэж хий, энийг ингэ гэж хүнд заадаггүй байсан. Өөрөө хийж үзүүлдэг. Эхлээд өөрөө ажилладаг байсан. Биднийг ажил хийж сургахдаа ч мөн ялгаагүй. Эхлээд өөрөө хийж, үлгэрлэн харуулдаг байсан. Хамгийн хэцүү, хамгийн хүнд ажлыг нь өөрөө хийдэг байсан юм. Бид сургуулийн өмнөх насанд сурч мэдсэн гэхээс илүү сургамжтай хөдөлмөрөөр хүмүүжсэн. Анд дагаж аавынхаа хөдөлмөрчийг, айраг бүлж ээжийнхээ ажилсагийг мэдэрсэн.
-Та малчин, мужаан, дархан, анчин, агент гээд төрөл бүрийн ажил хийдэг сүрхий эр байжээ. Таны ан хийж байсан талаар жаахан ярья. Хэдэн настайгаасаа ан хийж сурав?
-Нэгдлийн үед амлалт, үүрэг маш их авдаг байлаа. 30 гаруй нэр төрлийн үүрэг даалгавар, ажлын төлөвлөгөө авна. Түүнийхээ 28,29-ийг нь биелүүлчихдэг байлаа. Нас залуу ч байж дээ. Одоо бодоход их л хөөргүү хүн байсан байгаа юм. Социалист нийгмийн үед чинь хүнийг ажиллуулж, хөдөлмөрлүүлсэн бол үнэлж чаддаг байсан цаг. Нэгдэл гэдэг чинь хүн мал хоёрт аль алинд нь боломж олгож байсан юм. Монголын Улсын хөгжлийн хамгийн оргил цэг бол 1970, 1980 он байхгүй юу. Тэр үед чинь одоотой адил баян, ядуугийн ялгаа гэж байхгүй. Ажил хийдэггүй хүн гэж байхгүй байлаа шүү дээ. Мал нь хүртэл эрүүлжиж өсөөд, хүмүүс нь ажил хөдөлмөрийн гавьяаг хүртэж байсан сайхан үе.
Тэдэн үнэг, чононы арьс тушаана гээд төлөвлөгөө нормд хүртэл заадаг байлаа. Хажуугаар нь хэдэн хүүхдээ тэжээхийн тулд бишгүй л ан хийж байсан даа. Алтай дэлхий буян заяагаа хайрласан шүү хөөрхий. Би ч их багаасаа ан хийж сурсан хүн. Тийм болохоор хүүхдүүдээ сургуульд ороогүй байхад л дагуулаад ан хийлгэж сургасан. Манай эрэгтэй хүүхдүүд дунд буу шагайж, ан хийж үзээгүй хүн байхгүй. Намайг мал ахуй хайгаад хээр явах хойгуур хөгшин маань хэдэн хүүхэдтэйгээ үлдэнэ. Тэгээд манай хөгшин шөнө чоно, нохой эргэхээр буугаа бариад л гардаг байсан гэдэг. Манай эхнэр буудна шүү.
Ан хийж байсан тухайгаа ярихаар нэг явдал үргэлж санаанд буудаг юм. Нэг өдөр өглөө эрт гэгч нь анд гарлаа. Тэгсэн бүтэн өдөржин хоосон яваад юу ч таардаггүй. Орой хоосон гуяа ганзгалаад их л урам муутай гэр рүү гээ харьж явтал гэнэт замд хоёр гөрөөс тааралдлаа. Хулхи шагайх ч бололцоогүй байсан тул чиглүүлж байгаад л буудаад тавьлаа. Тэгсэн нэг нь тэр дороо тэрийгээд уначихав. Тэнсэн сум тархинд нь туссан байж л дээ. Тэгээд тэр үед хэдэн хүүхдэдээ хоолтой очлоо гээд нэг их баярлаж байж билээ. Амьтныг дутуу алж сэгэлж болохгүй гэсэн зарчимтай. Тийм болохоор хүүхдүүдээ ч тэр “амилж” бууд гэж сургадаг байсан.
-15 хүүхэд өсгөж хүмүүжлэнэ гэдэг тийм ч амар даваа биш. Тэр тусмаа аав хүний хувьд маш том хариуцлага. Зургаан хүүгээ хэр их зоддог байв. Хөвгүүд хөдөлгөөн их байдаг. Хааяа алганы амт үзүүлдэг байв уу?
-Би бол хүүхэд зодох дургүй. Харин шаардлагыг бол маш сайн тавьдаг. Манай эхнэр миний нүдийг хариулж байгаа хэдэн хүүхдээ чимхэнэ. Буруу зүйл хийсэн үед нь зодохоос илүү ойлгуулж, ухааруулж хэлж өгөөд, зөв, сайн зүйл хийсэн үед урамшуулж магтдаг байсан.
-Л.Чинбат гуай багадаа ямар хүүхэд байв?
-Л.Чинбат бага байхын их тууштай, нэлээн зоригтой хүүхэд байсан. Дээрээ гурван ахтай болохоор нэлээн хатуу гараар өссөн. Балчир гэхгүй гурван ах юу хийнэ түүнийг дагаж, дуурайж өссөн. Ах нарын ая талыг олох гэж өөрт нь нэлээд ачаалал өгөгддөг байсан байх гэж бодогддог.
-Юм ховор байсан үед 15 гутал, 15 малгай, 15 дээл бас л хүнд байсан байх?
-Яахав хөөрхий олны олон бас учиртай шүү. Дүү нар нь ах, эгч нарынхаа хувцсыг дамжуулаад өмсчихнө. Харин гутал бол тэсдэггүй байсан. Хааяа өөрийнхөө гараар нэг юм хийж өгнө. Миний том хүү Дорж бага байхаасаа их сүрхий ухаантай хүүхэд байсан. Долдугаар ангид байхдаа Германы пионерын зусланд амраад ирэхдээ дүү нартаа бүгдэд нь хөөрхөн нэг, нэг гуталтай ирж байж билээ. Тийм жаахан хүүхэд мөртлөө дүү нарт нь хамгийн хэрэгтэй зүйл гутал гэдгийг ухаарсан байгаа юм.
-Та 9 хүргэн, 6 бэртэй хүн. Хүргэн, бэрээ анх танилцахаар ирж байхад хэрхэн шинждэг вэ?
-Хамгийн том охиныхоо нөхрийг ирж байхад сур сонгуулж байсан юм. Олон элдсэн сур гаргаж ирж тавьчихаад "заа сонгоод ав" гэлээ. Тэгсэн мань эр айлын ганц хүү байсан ч их сүрхий нүдтэй, амьдралын ухаантай хүүхэд байсан. Тэр дундаас хамгийн сайн элдүүртэй сурыг нь сонгоод авчихаж байсан. Тэр үед “заа энэ залуу миний охиныг аваад явчих л хүн байна даа” гэж харж байсан. Хамгийн том хүргэн болоод ч тэр үү хэдэн дүү нараа нааш, цааш болгоход хангай шиг тус болсон доо.
Эднийх одоогоос 10 хэдэн жилийн өмнө хүүхдүүдийнхээ шахалтаар Төв аймгийн Лүн сумд ирж нутаглах болжээ. М.Чанцал эмээ Говь-Алтайгаас малаа тэмээгээр туусаар яваад Лүнд ирсэн гэдэг. 70 дөхөж яваа буурал тэмээн дээр хэд хоног мал туугаад ирсэн гэдгийг төсөөлөхөд ч бэрх. Гэтэл энэ талаар М.Чанцал гуай “нэг их ядраагүй яваад ирсэн шүү” хэмээн ярьж байсан юм. Ингээд бид түүнтэй мөн цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Яагаад тэр холоос тэмээгээр малаа тууж ирсэн юм бэ. Танай хүүхдүүдэд таныг онгоц хөлөглөөд аваад ирэх ч бололцоо бий шүү дээ. Өөр ямар нэг шалтгаан байв уу?
-Манайх төлтэй малаа тууж явсан юм. Төлтэй малыг өөрийнх нь ая, эвээр тууж явахгүй бол болдоггүй юм. Тэгээд өөрөө л туухгүй бол хэдэн малыг минь энэ хүүхдүүд ширүүн туучихна гэж бодсон. Замд явж байхад хүүхдүүд намайг машинд суулгах гэж их үзсэн л дээ хөөрхий. Гэхдээ нэг их ядраагүй яваад ирсэн шүү.
-Танай том хүү аав, ээж хоёрынхоо хэзээ унтаж, хэзээ босдогийг харж байгаагүй гэж ярьсан. Та өглөө хэдэн цагт босоод өдөр ямар ажил хийгээд орой хэдэн цагт унтдаг байв?
-Өглөө ихэвчлэн нар битүү байхад босно. Хөдөөний ажил их шүү дээ. Дуусна гэж бараг л байхгүй. Хийсээр байгаад орой 12 цагийн үед унтана. Ямаа, хонио өдөрт хоёр удаа саана. Хажуугаар нь гүү, ингэ, үхэр саана. Тэгээд сүүгээ хөөрүүлнэ, саалиа хийнэ, хэдэн хүүхдийнхээ хоолыг хийнэ. Тэгсээр байтал орой болчихно. Манай хүүхдүүд аль, аль нь мал саагаад, сааль хийчихдэг байсан. Бүстэй хүүхдүүд бол гүүгээ бариад өөрсдөө айргаа эсгээд уучихна. Ер нь бүстэй хүүхдүүд чинь эмэгтэй хүүхдүүдээс чих зөөлөнтэй байдаг юм шүү. -Дээр үеийн хүүхдүүд, орчин үеийн хүүхдийн хүмүүжлийн ялгаа ямар байна вэ?
-Маш их ялгаа байна. Одоогийн хүүхдүүд хангамж, хэрэглээ сайтай болоод тэр үү бэлэнчлэх сэтгэлгээтэй, залхуу байна. Манай энэ зуслангийн хавиар амьдарч байгаа айлын хүүхдүүдийг харахад нэг их том ууттай юм /цүнх/ үүрээд өглөө гарах юм. Тэгснээ алга болж, болж уйлсан, зодолдсон, орилсон, чарласан юмнууд л ирж яваа харагдах юм. Зугаалганд яваад архи ууж байхгүй юу. Тэгж байхаар гадуур унасан модны хогийг сайхан түүгээд галлаж чадахгүй байгаа хөгшчүүлд аваачиж өгөөд хичээлийнхээ мөнгийг олох хэрэгтэй. Тэр хүүхэд ч өөрөө ажил сурна. Нөгөө хүнд ч тус болно шүү дээ. Эсвэл малтай айл дээр очоод мал хариулаад хөдөлмөр сурах хэрэгтэй. Гэхдээ сүүлийн үеийн малчид машин, мотоциклээр хонь малаа хариулж байна гэх юм. Энэ яаж болох вэ.
Хүүхдийг багаас нь ажилд сургах юм бол тэр хүүхэд залхуу биш харин ч ажилд дуртай болдог. Манай хүүхдүүд сар, сараар ээлжилж өвгөн бид хоёрыг тойлж, ойр зуурын хэрэгцээтэй зүйлсийг дөхүүлж өгөөд эргэн тойрдог юм. Саяхан манай нэг хүргэний ээлж байсан юм. Тэднийх хоёр хүүхэдтэй. Бага хүү нь бид хоёртой хэсэг хамт байсан юм. Тэр үед шөлтэй хоолны гурил гурван удаа давтуулан илдүүлж байж сургасан. Хүүхдийг энэ мэтээр ажил сургачих юм бол өөрт нь л хэрэгтэй.
-Ер нь гэрийн эхнэр хүн, ээж хүн ямар байх ёстой юм бэ. Та охидууд, бэрүүддээ юу гэж захьж, сургадаг вэ. Та чинь 15 охинтой хүн шүү дээ?
-Хэдэн сайхан бэр бий. Тэдэндээ хүний хүүхэд гэсэн сэтгэлээр нэгээхэн ч удаа хандаж байгаагүй. Бүгд л миний төрсөн охидууд шиг байдаг.
Эхнэр хүн гэрийнхээ ажлыг сайн хийж, үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх үүрэгтэй. Эр нөхөртөө хүндлэлтэй хандах хэрэгтэй. Эр нөхрийнхөө өөдөөс хашгичаад, зандраад, захираад байж болохгүй. Ер нь ажилтай завгүй хүмүүст хэрэлдээд сууж байх ч зав гардаггүй.
Хүний амьдрал л болсон хойно хааяа маргалдах, муудалцах үе гаралгүй л яахав. Тэр болгоныг харин хүүхдүүдээ харуулж болохгүй. Ээж, аав бол хүүхдийн хувьд маш том амьд үзүүлэн, үлгэр дууриал байдаг.
Ер нь хэдэн хүүхдэдээ бусдыгаа хайрлаарай, биеэ бодоорой. Төрдөө үнэнч түмэндээ хүндлэлтэй байгаарай л гэж захьдаг.
Амьд байгаад нь л баярладаг...
"Хүүхдүүд баатар боллоо, багш боллоо гээд тэдний төлөөх зовинол арилахгүй шүү дээ. Үргэлж сэтгэл зовж, өр зээлэнд хүртэл баригдах вий дээ гэж бодно. Баатар нэг суманд баян хүн нэг зуданд гэдэг шүү дээ” хэмээн хоёр буурай хуучилж суусан юм.
Ийнхүү ирсэн гийчин буцдаг жамаар бидний буцах цаг болоход М.Чанцал гуай ихэд сандарсан байдалтай ухасхийн босож хоёр савтай хөлдөөсөн сүү, уутанд хийсэн чихэртэй ааруул бэлэг болгон өгөөд хоёр хацар дээр минь үнэрлэн “сайн яваарай хүү минь, дараа дахиад ирээрэй” хэмээн үдсэн юм.
Хүүхэд ахуй насандаа хөдөлмөрлөж дадсан бол насан туршдаа аз жаргалтай амьдрах хөрс суурь болдог гэдгийг энгийн хэрнээ, эгэлгүй энэ цагийн баатруудын амьдралын түүхээр улам илүү бататган сэтгэлдээ тээсээр хөдлөхөд М.Чанцал эмээ сүүн цацлаа өргөсөөр биднийг үдлээ.
Буцах замдаа том хүү Л.Дорж “Би 10 жилийн хүүхэд байхдаа хөдөө хөхөрч, гадаа гандсан нутгийн буурлуудыг нэг их урт наслахгүй байгааг хараад хэдэн өнчин дүүтэйгээ үлдэх вий гэж их санаа зовдог байсан. Аав, ээж хоёрыгоо ингээд амьд байгаад нь л баярладаг. Өөр нээрээ юу хүсэх вэ. Энэ хоёр минь өнөөдөр бидний нүдэнд харагдаад, хоол цайгаа эргүүлдээд, нас наслаад бидэнтэйгээ хамт хөгширч байгаад нь л баярлаж явдаг" гээд аав, ээждээ зориулан бичсэн нэгэн шүлгээ уншиж өгсөн юм.
Литр хөлс, литр нулимс....
Насны залуудаа ээж минь бүтэн 30 жилээ
Нялзрай биднийгээ өсгөхөд зориулсан
Бүтэн 30 жилийн зуны халуунд
Цээжээ хаттал хөхөө хөхүүлсэн
Бүтэн 15 жилийн хаврын хавсарганд
Хэвлийдээ биднийгээ тээж туулсан
Бүтэн 30 жилийн намрын шөнөөр
Нойроо хугасалж бүүвэйлсэн
Бүтэн 30 жилийн өвлийн хүйтэнд
Өлгийдэн хуурайлж дулаацуулсан
Та хоёр минь биднийхээ төлөө...
Хэчнээн шөнө нойргүй хоноо бол
Хэдэн өдөр хоолгүй хоноо бол
Хэчнээн жил ядарч туйлдаа бол
Хэдэн 10 жил шаналж өнгөрүүлээ бол
Ээж минь та биднийхээ төлөө...
Хэдэн тонн сүү саагаа бол
Хэдэн өглөө нойроо хугаслаа бол
Хэдэн литр нулимс гаргаа бол
Та хоёр минь биднийхээ төлөө...
Хэдэн тонн хүнс бэлдээ бол
Хэдэн тонн түлш зэхээ бол
Хэдэн оюутны зардал цуглуулаа бол
Хэдэн машин ачаа өргөө бол
Аав минь та биднийхээ төлөө...
Хэдэн литр хөлс дуслуулаа бол...