Open iToim app
Дэлхийн монгол | 13 мин уншина

​ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН: Wall Street-ийн банк, санхүүгийн салбарт шинжээчээр ажиллаж буй О.Энхтайван

​ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН: Wall Street-ийн банк, санхүүгийн салбарт шинжээчээр ажиллаж буй О.Энхтайван
Нийтэлсэн 2017 оны 1 сарын 18
Долдугаар ангид байхдаа АНУ-ыг зорьж өдгөө Нью Йорк хотын “Wall Street” банк, санхүүгийн дүүрэгт байрладаг, олон улсын хөрөнгө оруулалт болон хил дамнасан хөрөнгө оруулалтын ногдол ашигт ногдуулсан гадаад улсын татвараас хөрөнгө оруулагч нарт давхар татварын гэрээнд суурилсан татварын буцаалт олгох үйлчилгээ үзүүлдэг “GlobeTax Services” компанид санхүүгийн шинжээчээр ажиллаж буй О.Энхтайваныг ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагынхаа энэ удаагийн зочноор урьж оролцууллаа.   

Их сургуульд  байхдаа Нью Йорк хотод банк, санхүүгийн байгууллагад ажилд орно гэсэн зорилго өөртөө тавьсан
-Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу. Намайг Оюунбазарын Энхтайван гэдэг. 1992 онд төрсөн. Долдугаар ангид байхдаа АНУ-д очоод 8-р ангиа алгасаад шууд есдүгээр ангид орж арванхоёрдугаар ангиа төгстөл “John F. Kennedy” гэдэг сургуульд дөрвөн жил сурсан. Түүний дараа “Saint Peter's University” гэдэг сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Одоогоор АНУ-ын New Jersey мужийн “Jersey City” хотод амьдардаг. Одоогоор ажлын амралтаа аваад түр хугацаагаар нутагтаа ирчихсэн байна. 
-Wall Street-ийн банк, санхүүгийн салбарт санхүүгийн шинжээчээр ажиллаж байгаа гэсэн. Ажлынхаа талаар ярихгүй. Мөн ажилдаа хэрхэн орсон талаараа?
-Их сургуулиа төгсөхөөс найман сар гаруйн өмнө Нью Йорк хотын Манхаттан дүүргийн төвд байдаг "Ryan Labs Asset Management"  зургаан тэрбум долларын фондтой, бондын зах зээлд хөрөнгө оруулалт хийдэг хөрөнгө оруулалтын менежментийн компанид манай сургуулийг төгссөн оюутнаар дамжуулж цагийн ажилтнаар орсон. Хичээл, дипломынхаа судалгааны хажуугаар тэнд долоо хоногт 20 цаг ажиллаж их юм сурсан. Сургуулиа төгсөөд тэр компанидаа бүтэн цагийн ажилтнаар орох санал авсан. Жинхэлснийхээ дараа зургаан сар гаруй тэр компанидаа санхүүгийн шинжээчээр ажиллаж байсан. Харин одоогийн ажиллаж буй Нью Йорк хотын “Wall Street” банк, санхүүгийн дүүрэгт байрладаг, олон улсын хөрөнгө оруулалт болон хил дамнасан хөрөнгө оруулалтын ногдол ашигт ногдуулсан гадаад улсын татвараас хөрөнгө оруулагч нарт давхар татварын гэрээнд суурилсан татварын буцаалт олгох үйлчилгээ үзүүлдэг “GlobeTax Services” гэдэг компанид санхүүгийн шинжээчээр ажиллаж байна. Манай компани 40 гаруй улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан олон нийтийн компаниуд болон тухайн улсуудын банк санхүүгийн байгууллагууд, татварын ерөнхий газруудтай хамтарч ажилладаг. Тодруулбал, 40 гаруй улсын олон нийтийн компаниудын хувьцаа эзэмшдэг 15 гаруй улсын иргэд, аж ахуйн нэгжүүд, тэтгэврийн сангууд, болон хөрөнгө оруулалтын сангуудад үйлчилгээ үзүүлдэг. Saint Peter's University-д хоёрдугаар курсд сурч байхдаа Нью Йорк хотод банк, санхүүгийн байгууллагад ажилд орно гэсэн зорилго өөртөө тавьсан. Манай сургууль хэдийгээр New Jersey гэдэг өөр мужид байдаг ч гэсэн Нью Йорк хоттой "Hudson River" гэдэг том гол тусгаарладдаг. Оюутан байхдаа "Hudson" голын нөгөө эргээс Нью Йорк хотын өндөр барилгуудыг хараад их сүрддэг байлаа. Мөн сургуулиа төгсөөд би тэр өндөр барилгуудын нэг дотор ажиллана гэсэн мөрөөдөл тээх болсон. Тэр мөрөөдөлдөө хүрэхийн тулд онц дүн авах ёстой, нийгмийн идэвхитэй байх ёстой, олон клуб оюутны байгууллагуудын үйл ажиллагаануудад оролцох ёстой, олон хүнтэй уулзаж танилцаж зөвлөгөө авах ёстой гэдгийг ойлгосон. Нэлээд хичээл зүтгэл гаргасны үр дүнд сургуулиасаа 70 хувийн тэтгэлгээр хүртэл шагнуулж байсан. Нэгдүгээр курсдээ эдийн засгийн тэнхимдээ хамгийн өндөр голч дүн буюу 4.0 дүн авч алтан медалиар шагнуулж байсан. Тухайн сургуулийн анхны монгол оюутан байсан. Ажилд орох CV-ээ хоёрдугаар курсээсээ бэлдэж эхэлсэн.

-Долдугаар ангидаа АНУ-д очоод “John F. Kennedy” дунд сургуульд сурсан гэсэн. Анх очиход хүндрэлтэй асуудал их тохиолдсон уу? 
-Анх очиход хэлний бэрхшээлээс эхлээд хэцүү зүйлүүд олон байсан. Наанадаж эх орноо, аав, ээжийгээ их санадаг байсан болохоор шантраад нутаг руугаа буцмаар санагдах үе байсан. Гэхдээ том мөрөөдлийг тээгээд явсан болохоор түүнийгээ орхиж чадаагүй. Хэцүү байсан ч тэр хэмжээгээрээ хичээсэн. Арванхоёрдугаар анги төгсөхдөө бусад хүүхэдтэй адил хэмжээнд англи хэлийг сураад хичээлийн хоцрогдлоо арилгаж чадсан. Хичээлээ үргэлж хүүхдүүдээс түрүүлж хийж, номоо уншдаг байсан . Дунд сургуульд байхдаа хувийн сахилга баттай болсон. Амжилтын гол үндэс бол хувь хүний зохион байгуулалт, сахилга бат гэж боддог. Мөн би дунд сургуулийнхаа америк хөлбөмбөгийн багт орох завшаан олдсон юм. Манай дасгалжуулагч биднийг цэрэг шиг бэлтгэл хийлгэдэг байсан болохоор хатуужил гэдэг зүйлийг түүнээс сурсан. Энэ үед хүнд хэцүү бэлтгэл сургуулилт их хийлгэдэг байсан болохоор  бусдаас илүү байх ёстой, манай баг хамгийн шилдэг нь байх ёстой гэсэн сэтгэлгээтэй болж чадсан . Тэр зүйл миний амьдралд маш сайнаар нөлөөлсөн гэж боддог. Тамир тэнхээгээ тултал бэлгэл сургуулилт хийж чадсан хүн таван цаг суугаад хичээл хийх амархан санагддаг. 

-Дунд сургуулийнх нь сургалтын арга барил ямар байсан бэ. Монгол сургуулиудаас ялгаатай зүйл нь юу вэ? 
-Сургалтын арга барилын хувьд АНУ-д хүүхдийг олон талаас нь хөгжүүлэхийг хичээдэг. Монголд нэг хичээл дээр л муу авбал тэр жилдээ муу гардаг. Харин АНУ-д бүх хичээлийн дүнгийн дунджаар жилийн эцсийн дүн нь гардаг. Хүн болгон математик, хими, физикийн хичээлд сайн байх албагүй . Нийгмийн ухааны хичээлүүддээ онц аваад байвал тэр дүнгээрээ бусад хичээлүүдээ аваад явах боломжтой. Өөрийн сонирхлоороо зарим ангиудаа сонгож, өөрийн хичээлийн хувиараа зохиож болдог байсан. Дунд сургууль хэрнээ их сургуульд байдаг зарчмууд их байсан . Би испани, латин хэл сонгож дөрвөн жил үзсэн. Англи хэл дээр дахиад өөр гадаад хэл үзэхэд амаргүй байсан ч энэ давааг даван туулсандаа баяртай байдаг.  

АНУ-д их сургуульд элсэн ороход голч дүн, конкурсын шалгалтын онооноос гадна өөр олон шалгуурууд байдаг. Голч дүн, шалгалтын оноо, эссэ, багш нарын тодорхойлолт, нийгмийн идэвхи, спорт болон урлагийн авьяас, манлайлах ур чадвар, нийгэмд тустай зүйлс хийсэн зэргийг хардаг. Зарим сургуульд элсэхийг хүсч буй сурагчдаас кампус дээрээ ярилцлага хүртэл авдаг. Эдгээр шалгуур дээр үндэслэж тухайн сурагчид хэр их тэтгэлэг өгөх боломжтойгоо шийддэг. Хичээлдээ төдийлөн сайн биш ч гэсэн урлагийн юм уу спортын гоц авьяастай хүүхдүүд 100 хувийн тэтгэлэг авах тохиолдол бас бий. Тийм учраас их сургуулиуд руу явуулах CV-гээ бэлдэхийн тулд сурагчид хичээлээс гадуурх олон үйл ажиллагаанд оролцдог. Би хувьдаа сурагчдын зөвлөлийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Латин хэлний алтан медалиар шагнуулж байсан. 2006-2010 онд зуны амралтаараа АНУ-ын Tennessee,  West Virginia, Virginia мужид очиж бага орлоготой өрхүүдийн орон сууцанд засвар хийдэг сайн дурын хөтөлбөрт оролцож байлаа. Мөн 2006-2010 онд өвлийн амралтаараа Louisiana мужийн New Orleans хотод очиж Катерина далайн шуурганд өртсөн айлуудын орон сууц, байшинг цэвэрлэх, сэргээх, засах ажилд оролцож байсан. 
Өөрийн чаддаг зүйлээ сэтгэлээсээ маш сайн хийхийг хичээдэг 
-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Ямар арга барилаар ажлаа хийдэг вэ? -Ажлын өдрөө оффистоо ороод мэйлээ шалгаад тухайн өдөр хийх ёстой ажлынхаа жагсаалтыг гаргадаг. Жагсааж бичээд хамгийн чухал, нэн түрүүн хийх ёстой ажлуудаа эхэлж хийдэг. Зарим өдрийг бизнесийн түншүүд болон харилцагч нартай мэйл, утсаар ярьж өнгөрөөдөг. Би ажлыг маш няхуур нямбай сэтгэлээсээ хийх ёстой гэж боддог. Ажил хүнийг голдог болохоос хүн ажлыг голдоггүй гэж үг байдаг даа. Ажлыг халтуурдах нь өөрийгөө болон бизнесийн харилцагч нараа хуурч байгаа явдал . Миний арга барил гэвэл би өөрийн чаддаг зүйлээ сэтгэлээсээ хийхийг хичээдэг. Мөн компанийнхаа болон харилцагч нарынхаа ашиг сонирхлыг дээдэлж, үнэнч шударга байхыг хичээдэг. Харин чадахгүй зүйлсээ мэддэг хүнээс нь асууж, тэмдэглэж аваад дараагийн удаа өөрөө хийхийг хичээдэг. Хүн бүхнийг мэдэх албагүй гэхдээ мэддэг хүнээс нь үргэлж суралцаж байх ёстой гэж боддог.  
-Ажлаасаа олж авсан хамгийн том хичээл, сургамж юу вэ? -Хамгийн том сургамж гэвэл хүн мэдэхгүй зүйлээ мэдэмхийрч өөрийнхөөрөө хийх гээд дэмий юм байна лээ. Мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрч, мэддэг хүнээс нь цааргалж санаа зовохгүйгээр асууж зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрвээ ингэвэл алдаа гаргахаас урьдчилан сэргийлнэ. Ажлыг яарч сандрахгүй, тайван, чанартай хийх ёстой. -Цаг хэмнэх хамийн сайн арга юу вэ?
-Цаг хэмнэх хамгийн сайн арга бол бүх зүйлийг урьдчилан бэлдэж, төлөвлөж хийх. Ажлыг цаг тулгаж хийхээр өөр асуудлууд давхардаж цагтаа дуусгаж чадахгүй байх магадлалтай. Урьдчилан төлөвлөвөл үүнээс сэргийлж чадна. 
Хүн эх орондоо ааваараа овоглодог бол хилийн дээс алхаад улсынхаа нэрээр овоглодог

-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?
-Бага байхаас л аав "миний хүү хүний хүүхдийн дор орохгүй шүү" гэж хурцалж, зоригжуулдаг байсан. Тиймээс багаасаа л хичээл номдоо шамдаж, бусад хүүхдүүдээс түрүүлэх гэж өөрийгөө шахдаг байсан. Сүүлд АНУ-д очоод монгол хүн бусад хүмүүсийн дор орохгүй шүү гэж өөртөө хэлдэг болсон. Хүн эх орондоо ааваараа овоглодог бол хилийн дээс алхаад улсынхаа нэрээр овоглодог . Монгол хүмүүст асар их оюуны чадамж байдаг. Би монгол хүмүүс дэлхийн хаана ч өрсөлдөж чадна гэж боддог. Гэхдээ эзэн хичээвэл заяа хичээнэ гэж хэлдэг шиг хувь хүний хичээл зүтгэл маш чухал. Би багаасаа л түүх, улс төр, геополитик, газар зүй, олон улсын харилцаа зэрэг нийгмийн ухааны хичээлүүдэд сонирхолтой байсан. Ааваараа "Нууц товчоо" зэрэг Монголын түүхийн номууд уншуулах их дуртай байсан. Монголын эзэнт гүрний түүхээр бахархаж, омогшдог байлаа. 
Мөн том эгч маань намайг их сургуульд ороод мэргэжлээ сонгох гэж байхад үнэтэй зөвлөгөө өгсөн. Би түүх, улс төрд сонирхолтой юм чинь энэ чиглэлээр мэргэжлээ сонгоё гэж боддог байсан. Эгч маань "чи угаасаа эдгээр зүйлд сонирхолтой юм чинь хүссэн хүсээгүй өөрөө сурчихна. Эдгээр зүйлийг хобби гэж үзээд ухаан сорьсон өөр мэргэжил сонговол яасан юм бэ" гэж хэлсэн. Тэгээд би эдийн засагч мэргэжлийг сонгосон. Эдийн засаг гэдэг бол маш өргөн хүрээтэй нийгмийн шинжлэх ухаан. Миний сонирхдог хичээлүүдийг бүгдийг нь өөртөө багтаасан юм шиг санагддаг. Мөн математик, статистик, санхүү, нягтлан бодох бүртгэл зэрэг олон салбарууд руу хөрвөж чаддаг ухагдахуун гэж боддог. Мэргэжлийнхээ хажуугаар сонирхлоороо түүх, улс төр, олон улсын харилцаа, геополитикийн ном, сонин, сэтгүүлүүд уншиж, өөрийн дураараа судалгаа шинжилгээ хийдэг. -Залуу хүнд үлгэр дууриал авдаг хүн гэж байдаг даа. Таны үлгэр дууриалал авдаг хүн хэн бэ? -Надад олон role model-иуд байдаг. Би мундаг, алдартай хүмүүсийн намтрыг унших дуртай. Тэр хүмүүсийн амьдралд тохиолдож байсан бэрхшээлийг даван туулсан байдлыг уншиж ухаарал, урам зориг авдаг. Нелсон Мандела, Барак Обама, Стив Жобс, Билл Гейтс зэрэг хүн төрөлхтний түүхэнд үлдэх хүмүүсийг хүндэлж тэдний хэлсэн үг болон амьдралын зарчмуудыг нь уншдаг. Нелсон Мандела гэдэг хүн арьс өнгөөр ялгаварладаг байдлын төлөө тэмцсэнийхээ төлөө 27 жил шоронд суусан байдаг. Шоронгоос гарч ирээд Өмнөд Африк улсын анхны хар арьс Ерөнхийлөгч болсон төдийгүй өөрийг нь шоронд суулгасан цагаан арьстнуудыг уучилсан. Би хувьдаа Нелсон Мандела-ийг хүнд байж болох тэсвэр хатуужлын болон нигүүлсэнгүй үзлийн дээд туйлын нэг жишээ гэж боддог . Монгол role model гэвэл монгол хүн бүрийн шүтэн дээдэлдэг Чингис хаан. Энэ хүн хар багадаа өнчин өрөөсөн өсч, бусдад боолчлогдож, дарлагдаж маш хүнд амьдралыг даван туулсан. Дараа нь тархай бутархай Монгол аймгуудыг нэгтгэж, мөн бусад улс орныг байлдан дагуулж Монголын эзэнт гүрнийг байгуулсан аугаа суут хүн. 800 жилийн тэртээ амьдарч байсан хэрнээ бүхэл бүтэн Монгол гэдэг үндэстний дархлааг бий болгож одоо хүртэл дурсагдаж буй хүн. Монголчууд бид үүх түүхээрээ, эзэн Чингис хаанаараа бахархах ёстой. Чингис хаан цэргийн мундаг стратегич байснаас гадна маш чадвартай менежер байсан гэж боддог. Хүнийг таних чадвар, мундаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, бусдын сэтгэлийг эзэмдэж өөртөө үнэнч байлгаж чадсан. Монголын эзэнт гүрний үед бидний өвөг дээдэс шашин шүтэх эрх чөлөө, меритийн систем, өртөө, торгоны зам дээрх өрнө дорныг холбосон худалдаа зэргийг бий болгосон нь бидний өвөг дээдэс асар их ухаантай, алсын хараатай хүмүүс байсны тод жишээ юм. Энэ бүх хүмүүсээс суралцаж, өөрийнөө амьдралдаа хэрэгжүүлэх гэж хичээж явдаг даа.
-Долдугаар ангид АНУ-д очоод гадаад хэл сурах хэцүү байсан гэсэн. Залуучууд гадаад хэл сурахдаа юун дээр анхаарах вэ? -Монгол хэлэнд бусад хэлэнд байдаг авианууд байдаг учраас бид гадаад хэл сурахдаа бусад үндэстнүүдээс давуу талтай Би англи хэл сурч байхдаа ярианы хэл, бичгийн хэл, сонсгол дээрээ зэрэг анхаардаг байсан. Ном сонин их уншиж, хадмал орчуулгатай кинонууд үздэг байсан. "Бяцхан тархи" электрон толиороо мэдэхгүй үгээ орчуулдаг байсан. Мэдээж дунд сургуулиа АНУ-д төгссөн болохоор надад олон давуу тал байсныг хэлэх хэрэгтэй. Америк багш нараар англи хэл дээр хичээл заалгасан болохоор их сургуульд орох гэж байхад англи хэл маань их сайн болчихсон байсан. Орчин тойрны нөлөө гэж хэлж болно. Би өсвөр насандаа АНУ-д явсан болохоор монгол хэлнийхээ ихэнх ерөнхий дүрмүүдийг үзчихсэн байсан. Мөн дахиад өөр гадаад хэл төрөлх хэл шигээ сурах боломжтой байсан. Аль болох багадаа гадаад хэл сурах сайн боловч монгол хэлээ эхлээд сайн сурах хэрэгтэй . Би аав, ээжүүдэд хүүхдээ гадагшаа явуулж хэл сургая гэвэл бага балчир байхад нь биш өсвөр насанд нь явуулаарай гэж зөвлөмөөр байна. Мөн хэл сурч байхдаа ичиж зоволтгүй, алдаа гаргасан ч хамаагүй чадах чинээгээрээ ярьж байх хэрэгтэй. Алдаа гаргаж байж л сурна. 

-Таны ойрны таван жилийн төлөвлөгөө юу вэ. Монголдоо ирэх бодол байдаг уу. Эх орондоо таны зүгээс хийж хэрэгжүүлье гэж бодож төлөвлөж явдаг зүйл бий юу? -Миний хувьд дэлхийн санхүүгийн төв Нью Йорк хотод, Wall Street-д банк, санхүүгийн салбарт мэргэжлээрээ ажиллаж байгаа минь асар том боломж төдийгүй нэр төрийн хэрэг. Тиймээс ойрын хэдэн жилдээ тэнд ажиллаж, ажлын туршлагатай болох төлөвлөгөөтэй байгаа. Би гадаадад сургууль төгссөн залуусыг боломжтой бол ажлын туршлагатай болж, жинхэнэ мэдлэг, туршлага эх орондоо авчраасай гэж боддог. Манай улс хөгжиж буй орон учраас зарим тохиолдолд өндөр хөгжилтэй орнуудад байдаг материаллаг бааз төдийлөн байдаггүй. Хэдийгээр хол байгаа хэдий ч Монголд болж буй үйл явц, нийгэм, улс төр, эдийн засгийн байдлыг байнга ажиглаж байдаг. Эх орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулна гэж боддог. Гэхдээ монгол хүн бүр дор бүрнээ хичээж байж нийгэм маань, улс орон маань хөгжинө . Ганц нэг хүн гадаадад сурч боловсорч ирээд хийчих зүйл биш л дээ. Мэдээж хэсэг бүлэг хүмүүс бусдыгаа манлайлах хэрэгтэй байх. -Эдийн засагч мэргэжилтэй, томоохон компанид санхүүгийн шинжээчээр ажилладаг хүний хувьд эх орноо хөндлөнгийн нүдээр хардаг, хөгжүүлэх өөрчлөх хэрэгтэй талуудад нь илүү гярхай ханддаг болов уу. Монгол Улсын хөгжил таны нүдээр? -Би "The Political and Economic Transition of Mongolia: A Model Democracy With a Bright Future" буюу монголоор "Монголын улс төр эдийн засгийн шилжилт: Гэрэлт ирээдүйтэй үлгэр жишээ ардчилал" гэдэг сэдвээр диплом хамгаалсан. Димломынхоо ажлыг хийж байхдаа маш их судалгаа хийсэн. Би Монгол Улсыг нүүдэлчин соёлтой, их өвөрмөц улс гэж боддог. Газар зүйн хувьд Зүүн азид Монгол, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос гэсэн таван улс байгаа. Монголоос бусад дөрвөн улс нь бүгдээрээ соёл иргэншлийн хувьд их төстэй. Бүгд нүүдэлчин биш суурин, тариаланч соёлтой, Күнзийн философийг дагадаг, ханз хэрэглэдэг улсууд. Монгол Улс соёл иргэншлийн хувьд тэс өөр, их газрын арал гэж хэлж болно. Улс орон өөрийн өвөрмөц байдал болон давуу талуудаа маш сайн ойлгож байж, тэрэн дээр тулгуурлаж хөгжлийн загвараа гаргах ёстой гэж боддог. Улс орон болгон өөрийн онцлогтой учраас Дэлхийн банк, Азийн хөгжлийн сан зэрэг олон улсын байгууллагуудын хөгжлийн моделуудыг шууд хэрэгжүүлбэл алдаа дутагдлууд гарах магадлалтай. Учир нь зарим моделууд нь өөр улсуудын жишиг дээр тулгуурласан байдаг. 
Монгол Улс бүс нутагтаа төдийгүй хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан төв Азийн улсуудтай харьцуулахад үлгэр жишээ ардчилсан орон. Манай хоёр хөршид хүртэл нэг хүн, нэг институц төр бариад олон жил болж байна. Монгол улс бол ардчилсан, парламентын засаглалтай орон. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри "Монгол бол ардчиллын баян бүрд" гэж хэлсэн. Олон намын тогтолцоотой, үзэл бодлоо уралдуулдаг, олон нийтийн оролцоотой, зөвшилцдөг, тодорхой хэмжээнд хэвлэлийн эрх чөлөөтөй, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй, хүний эрхийг дээдэлдэг улс шүү дээ. Мэдээж хэрэг улс төр, эдийн засгийн шилжилт одоо болтол өрнөж байгаа учраас алдаа дутагдлууд их байгаа. Зөвхөн Үндсэн хуулиа батлаад, байр малыг хувьчлаад ардчилал, зах зээл бий болчихно гэж байхгүй. Энэ бол хүний нэг үе, тэрнээс ч урт хугацаанд үргэлжилж болох нийгмийн асар том шилжилт, процесс юм. Манайхан бид нар тэгэх ёстой, ингэх ёстой, Монгол Улс баян болох ёстой гэж их ярьдаг. Яг ямар арга замаар, яаж баян хөгжилтэй улс болох вэ гэдэг дээр дүн шинжилгээ, судалгаа, урт хугацааны бодлого дутаад байгаа юм шиг санагддаг. Think Tank-ууд, судалгааны байгууллагууд энэ ажлуудыг хийж, тэр судалгаан дээр суурилж шийдвэр гаргаж, урт хугацааны бодлого боловсруулах ёстой. Эдийн засаг талаасаа Норвегийн жишгээр баялгийн сан байгуулж уул уурхайн салбараас олсон ашгаа хуримтлуулж байх ёстой гэж боддог. Уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнэ дэлхийн зах зээл дээр хэлбэлзэж байдаг учраас үнэ өндөр байх үед баялгийн сандаа хуримтлуулсан мөнгөө үнэ унах үед ашиглаж болно. Ийм сан байгуулж үнийн хэлбэлзлийн эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй. Монгол Улс ирээдүйдээ уул уурхайн салбараас олсон хуримтлалаа ашиглаж олон тулгуурт эдийн засгийн бодлого баримтлах хэрэгтэй гэж боддог. Уул уурхайгаас гадна мал аж ахуй, аялал жуулчлал зэрэг бусад салбаруудын хөгжлийг дэмжих хэрэгтэй. Орчин үед улс орнуудын хөгжлийг хүний хөгжлийн индексээр хэмждэг болсон. Тиймээс Монгол Улс иргэдийнхээ хөгжилд анхаарч, эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой иргэдтэй, том дундаж давхаргатай болж байж улс маань өөрөө хөгжилтэй, баян улс болох юм. 
Монгол хүний ур ухаан, оюуны чадамж, авьяас билгийг дэлхийд таниулан үндэстэн дамнасан томоохон компаниудад ажилладаг, гадаадын шилдэг их сургуульд суралцдаг олон монгол залуус бий. Тиймээс iToim эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа залуусыг ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагаараа танилцуулж байна. Бидэнтэй itoimagency@gmail.com, 77057758 дугаараар холбогдоно уу.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн