Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар гадаадад олон сая төгрөгөөр эмчлэгддэг цус, ясны хавдар, ясны чөмөгний үйл ажиллагаа дарангуйлагдсан эмгэгүүд, бүх төрлийн булчирхайн хорт хавдар, хүнд хэлбэрийн дархлаа дутмагшил, төрөлхийн бодисын солилцооны эмгэг гэх мэтээр олон төрлийн өвчнийг цусны үүдэл эс шилжүүлэн суулгах аргаар Монголдоо эмчилж, өдгөө дөрөв дэхь өвчтөнөө эмчлээд байгаа ажээ. Энэ талаар тус эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн их эмч Д.Булгантай ярилцлаа.
-Цусны үүдэл эсийг шилжүүлэн суулгаж цус, ясны хавдар болон бүх төрлийн булчирхайн хорт хавдрыг Монголдоо эмчилж байгаа гэсэн. Энэ мэс ажилбарыг хэзээнээс хийж эхэлсэн бэ?
-Бид цусны хавдар, ясны чөмөгний үйл ажиллагаа дарангуйлагдсан эмгэгүүд, болон булчирхайн хорт хавдар гэх мэт хүнд хэлбэрийн дархлаа дутмагшил, төрөлхийн бодисын солилцооны эмгэг, аутоиммуны өвчнүүдийг эмчилдэг цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг дөрөв дэхь хүндээ амжилттай хийлээ. 2000 оны үед Монгол Улсын хүний гавъяат эмч Н.Оюундэлгэр цусны үүдэл эс шилжүүлэн суулгах төслийг анх санаачилсан боловч тухайн үед ойлгож дэмжих хүн байгаагүй. Ингэж явсаар 2009 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны тасгийн хамт олон анхны төслөө бичиж холбогдох хүмүүст танилцуулсан. Анхны төслийг Н.Оюундэлгэр эмч өөрийн багш Ч.Цэрэннадмид, Н.Одгэрэл, А.Отгонбат, Н.Нэргүй, А.Нансалмаа, Б.Хишигжаргал шавь нарын хамт бичиж байсан. Тухайн үеийн эмнэлгийн дарга Ж.Жамбалжав болон эмчилгээ эрхэлсэн орлогч Б.Бямбадорж нар бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг өөрийн орондоо нутагшуулаад удаагүй үе байсан болохоор бидний энэ төслийг маш сайн ойлгож, дэмжиж эхлүүлсэн. Тухайн үед Бээжингийн цэргийн 307-р эмнэлэгтэй хамтын ажиллагаа эхлүүлж анхны хоёр эмч, хоёр сувилагч сургалтад хамруулсан. Мөн эмнэлгийн төсвөөс багагүй хөрөнгөөр анхны ариун өрөөгөө шийдүүлж байсан. Үүнээс анхны бичсэн төслөө бага багаар сайжруулж явсаар өнөөдрийн энэ амжилтад хүрч, олон хүний амийг аврах эмчилгээний аргыг эх орондоо нутагшуулаад байна.
-Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг яг яаж хийдэг вэ?
-Цусны ихэнх төрлийн хавдар, ясны хавдар, бүх төрлийн булчирхайн хорт хавдрын үед туяа эмчилгээгээр цусны эмгэг эсүүдийн төлжилт явагдаж байгаа ясны чөмгийг чөлөөлж, шинээр донорын болон өөрийн эрүүл цусны үүдэл эсийг шилжүүлж, сэлбэснээр цусны ба дархлааны эсүүдийн үүсэл, хөгжлийг шинэчилж, сэргээдэг эмчилгээ юм. Энэ эмчилгээг донорын болон өөрөөс нь үүдэл эс шилжүүлэн суулгах гэсэн хоёр янзаар хийдэг. Манай тасгийн хувьд өөрөөс нь үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийж байна.
-Одоогоор хоёр өвчтөнд эмчилгээгээ бүрэн хийж дахин хоёр хүний цусны үүдэл эсийг шилжүүлэн суулгаж байгаа гэсэн. Ямар өвчтэй хүмүүс байв?
-Ясны чөмөг шилжүүлж суулгах эмчилгээ нь элэг, бөөр шилжүүлэн суулгахтай адил нэг өдөр хийгддэг мэс засал биш , үндсэн хавдрыг хими эмчилгээгээр эмчлэх, үүдэл эсээ өсгөх, өсгөсөн эсээ шүүж цуглуулах, хөлдөөж хадгалах, дахин хими эмчилгээгээр ясны чөмгийг дарангуйлах, өвчтөндөө сэлбэх, эцэст нь шинэ эсүүд төлжихийг хүлээх, хоёрдогч хүндрэлийг засах гээд маш олон дамжлагатай, удаан хугацаа шаарддаг эмчилгээ. Эхний өвчтөн Хэнтий аймгийн харьяат, түгмэл миелом оноштой, 50 настай хүн байсан. Эмчилгээ нь амжилттай болж, биеийн байдал нь сайжирсан. Харин хоёр дахь өвчтөн маань цуснаас гаралтай ясны хорт хавдартай Жимсээ гэдэг бүсгүй байсан бөгөөд эмчилгээ амжилттай болсон. Харин одоогоор хоёр өвчтөнд эмчилгээгээ хийж байна. -Үүдэл эс суулган шилжүүлэх эмчилгээг гадаадад ямар өртгөөр хийдэг вэ. Танай эмнэлэгт энэ эмчилгээг ямар өртгөөр хийж байгаа вэ?
-Дэлхий нийтээр 1969 онд АНУ-д цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийж эхэлсэн . Түүнээс хойш Ази, Америк, Европын өндөр хөгжилтэй орнуудад энэ эмчилгээний арга нэвтэрсэн. Харин эмчилгээний зардал нь өвчний төрөл, донорын сонголт, эмчилгээний дараа гарч болох хүндрэл зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг. Энэ эмчилгээг гадны улсуудад 200-500 сая төгрөгийн хооронд хийдэг. Харин манайд 30-40 сая төгрөгөөр хийж байна. Монгол Улс цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ нэвтрүүлсэн Ази, Номхон далайн эргийн 15 дахь орон болсон . Энэ эмчилгээг хийдэг болсноор өвчтөнүүд эх орондоо, ойр дотнын хүмүүсийнхээ дунд тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Манайхан гадаадад олон зуун мянган ам.доллараар энэ эмчилгээнд хамрагддаг ч хэл нэвтрэлцэхгүйн дээр эмчилгээний дараа хяналтад оролгүй шууд ирдэг учир гүйцэд эмчилгээ авч чаддаггүй. Үүнээс гадна зөвхөн цусны өвчний үед үзүүлэх тусламж, үйлчилгээ дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүрч, үр өгөөжийг нь өөр олон салбар хүртэх боломжтой. -Эмчилгээний энэ өндөр технологийг шинээр нэвтрүүлэхэд эмч, мэргэжилтнүүдийг сургаж, бэлдэх нь их чухал байсан байх. Эмчилгээний багаа хэрхэн бүрдүүлсэн бэ?
-Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь 2011 оноос ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах төсөлт ажлыг эхлүүлсэн бөгөөд эмч мэргэжилтнүүдийг өөрийн нөөц бололцоонд тулгуурлан бэлдсэн. Дөрвөн жилийн хугацаанд давхардсан тоогоор 30 удаагийн сургалтаар цусны эмч, лаборатори, халдварт, эрчимт эмчилгээ, сувилагч нар, лаборантууд, инженер гээд цогцоор нь бэлдсэнээр энэ эмчилгээг хийх боломж бүрдсэн. Сургалт одоо ч гэсэн үргэлжилсээр байна. Мөн Солонгос, Япон, Хятад мэргэжилтнүүдийг өөрийн оронд урьж сургалт явуулсан байгаа.
-Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах төслийн хөрөнгө мөнгө, санхүүг хэрхэн шийдсэн бэ?
-Бид энэ эмчилгээг хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж, лабораторийн багажуудаа шийдүүлэх гэж олон төрийн болон төрийн бус байгууллагаар төслөө танилцуулж явсан. 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт танилцуулах боломж олдож, улмаар шаардлагатай хөрөнгийг шийдүүлж чадсан. Төсвийг шийдэж өгснөөр цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг эрчимжүүлж, үндэсний багийг бүрдүүлж зохион байгуулах, шаардлагатай зүйлсээ авах гээд ажил эрчимжсэн. Ингэж ажилласны дүнд Монгол Улсад анх удаа цусны үүдэл эс шилжүүлж суулгах төвийг япон, солонгос стандартаар байгуулж, лабораторыг орчин үеийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж чадсан.