Нийслэлийн яаралтай тусламжийн төвд хэт халалтаас үүдэлтэй даралт ихэссэн, ухаан алдсан тухай дуудлага нэмэгдсэн байна. Учир нь ойрын өдрүүдэд Улаанбаатарт өдөртөө 36 градус хүртэл халж байгаа юм. Иймд цусны даралт ихсэх өвчнөөс хэрхэн сэргийлэх, ямар төрлийн хүмүүс харвалт өгөх эсрдэл өндөртэй байдаг талаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн Харвалтын тасгийн эрхлэгч эмч Ж.Ариунаа эмчийн зөвлөмжийг хүргэж байна.
Долоо хоногт хоёр удаа артерийн даралтаа хэмжихэд дээд даралт 140, доод даралт 90-ээс ихэссэн бол артерийн даралт ихэссэн гэж үзнэ. Нарны хэт халалтын нөлөөгөөр бүх биеийн судас тэлснээр цусан хангамж хомсрох шалтгаан болж харвалтын эрсдэл нэмэгддэг. Мөн хөлс ихээр ялгарснаас биед шингэн дутагдаж, цус өтгөрнө. Цус өтгөн байх нь тархинд цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн тархины судасны хатуурал, чихрийн шижин, стресс зэрэг маш олон зүйл харвалт өгөхөд нөлөөлдөг. Сүүлийн үед залуу хүмүүс харвах тохиолдол их гарч байгаа. Манайд харвалт өгөөд ирж байгаа иргэдийн хамгийн залуу нь гэхэд 19 настай хүн байна. Энэ нь залуучууд хэт их стресстэж, нойр муутай явсан, архи, тамхи ихээр хэрэглэсэн, буруу хооллолт нэн ялангуяа давсны хэтрүүлэн хэрэглэлт зэрэг амьдралын буруу дадал хэвшилтэй холбоотой байна. Мөн тархины даралт харваж байгаа залуусын дийлэнх нь хэт таргалалттай, чихрийн шижин өвчтэй байна.
Хэт тарган хүмүүс чихрийн шижинтэй байх эрсдэл өндөр байдаг. Чихрийн шижин өвчин харвалтад нөлөө үзүүлдэг голлох хүчин зүйлүүдийн нэг. Чихрийн шижинтэй байна гэдэг нь цусан дахь сахарын хэмжээ өндөр байна гэсэн үг. Цусанд дахь сахарын хэмжээ өндөр байхаар цус өтгөрнө. Цус өтгөрөхөөр хөл, гар, бөөр, нүдний торлогийн судсуудад өөрчлөлт бий болдог. Судас нарийсч, бөглөрөл үүсээд ирэхээр тархины цус харвалт гэдэг зүйл бий болдог. Эрэгтэй хүмүүсийн бүсэлхийн тойрог 100-аас дээш, эмэгтэй хүнийх 90-ээс дээш байх тохиолдолд чихрийн шижинтэй байх эрсдэлтэй өндөр байдаг. Түүнийг дагаад харвах эрсдэл ч өндөр.
Зун болохоор даралт бууруулна гээд хүмүүс үзэмний шүүс их авч уудаг. Үзэм шүүс бол чихэрлэг ихтэй, кальтай жимсний ундаа. Даралт бууруулдаг гэдэг нь буруу ойлголт.
Даралтаа тогтмол хянаж, архи согтууруулах ундааны хэрэглээгээ багасгаж, зөв хооллож, идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Цусны даралт ихдэх болон чихрийн шижин өвчтэй бол эмээ тогтмол уух, гадуур гарахдаа биедээ авч явах нь чухал. Хэт хүйтэн ус уух, хүйтэн усанд орох нь тэлсэн судсыг гэнэт агшаах эрсдэлтэй байдаг. Үүнээс татгалзах хэрэгтэй. Өөх тос ихтэй хоол, архи, согтууруулах төрлийн ундаа болон их махнаас татгалз, жимс, ногоо түлхүү хэрэглэх нь чухал. Зун болохоор даралт бууруулна гээд хүмүүс үзэмний шүүс их авч уудаг. Үзэм шүүс бол чихэрлэг ихтэй, кальтай жимсний ундаа. Даралт бууруулдаг гэдэг нь буруу ойлголт.
Харвалт өгсөн иргэдийн 10-15 хувь нь эргээд амьдралын хэвийн төвшинд очиж чаддаг бол гуравны нэг нь тахир дутуу, эмгэгтэй, 27 орчим хувь нь нас бардаг.
Даралт харваж байгаа үед нүд бүрэлзэж юм харахгүй болно, тэнцвэр алдаж алхаж чадахгүй болно, гар мэдээгүй болж барьж байсан зүйлээ алдана, хэл ярианд өөрчлөлт орж хэл орооцолдох зэрэг шинж тэмдэг ажиглагддаг. Энэ шинж тэмдгүүд илрэх юм бол ойр байгаа эрүүл мэндийн байгууллага болон түргэн тусламжийн төвд хандах хэрэгтэй. Харвалт өгч байгаагаа мэдсэн тохиолдол дур мэдэн эм, тариа хэрэглэж, архи ууж огт болохгүй. Архи харвалтыг гүнзгийрүүлж, нэмэгдүүлэх эрсдэлтэй байдаг.