АШУҮИС-ийн Молекул биологи удам зүйн тэнхэмийн эрхлэгч, анагаах ухааны доктор, профессор Ж.Сарантуяаг Дэлхийн монгол буландаа урьж ярилцлаа.
Тэрээр ОХУ, Япон, Автстралид суралцан эрдмийн зэрэг хамгаалж, судалгааны олон арван бүтээлээ рейтинг өндөртэй олон улсын сэтгүүлд нийтлүүлсэн бөгөөд 2004 оноос хойш АШУҮИС-д багшлахдаа гурван удаа оны шилдэг багшаар шалгарчээ. Ж.Сарантуяа багш “Европын орнуудад очиж үзээгүй газар ховор, зарим газарт нь урт богино хугацаагаар сурч амьдарч үзлээ. Гэхдээ л өөрийн нутгийн шороо нь хүртэл зөөлөн шүү дээ. Яагаад ч юм бэ, эх нутаг руугаа татагдаад байдаг юм. Нэг ч гэсэн хүүхдийн сэтгэлгээг зөв байранд нь оруулж, зөв бодолтой болгочихвол миний зүгээс эх орондоо оруулж буй хамгийн том хувь нэмэр” хэмээн ярьж байсан юм.
Ингээд АШУҮИС-ийн 2018 оны шилдэг багш, анагаах ухааны доктор, профессор Ж.Сарантуяатай ярилцсанаа хүргэж байна.
-Хоёулаа ярилцлагаа таны хүүхэд ахуй наснаас эхлүүлье. Таны аав Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Хүний гавъяат эмч, АУ-ы доктор, профессор Б.Жав гуай шүү дээ. Мэргэжил сонголтод аавынх нь нөлөөлөл байв уу?
-Би сайн аав, ээжийн буянд сайхан гэр бүлд дутагдаж, гачигдах зүйлгүй өссөн. Социалист нийгмийн үед чинь төрийн албан хаагчид тэр дундаа эмч нар бол шөнө ч дуудагдана. Аав, ээж хоёр минь гэртээ их ховор үзэгддэг байлаа шүү дээ.
Аавынхаа тухай дурсаж, ярих маш дуртай. Тэнгэр лүү явсных нь дараа аавынхаа дурсгалд зориулаад амьд ахуйдаа хийж байсан сурах бичиг, судалгаа, зөвлөмжүүдийг нь нэгтгэн “Ач арвижихуйн увидас” нэртэй номыг нь хэвлүүлж түмэн олонд түгээсэн. Нэг ёсондоо номын суварга бүтээсэн.
Угаасаа сайн үйл хийж байсан хүний бие нь хайлсан ч гэсэн санаа үйл нь тасралтгүй дэвжиж байдаг юм билээ. Эх үрсийн салбарын ямар ч дарга, цэрэгтэй уулзсан манай аавыг танихгүй, мэдэхгүй хүн байдаггүй, ээж нь, эмээ нь гээд гэр бүлийнх нь хэн нэгэн эмчлүүлсэн байж таардаг. Хотод ажилладаг байсан мөртлөө л алслагдсан хөдөө орон нутагт хүртэл аавд минь үзүүлж, эмчлүүлэх хүсэлтэй хүмүүс байдаг байв. Нэг удаа аавын ажлынхан нэг төслийн ажлаар хөдөөгийн нэг суманд очсон байна. Тэгсэн тэр айлын эмээ “Жав эмч ирсэн үү, энэ насандаа тэр хүнд л нэг үзүүлчихвэл эдгэчихнэ дээ гэж ярьж байсан” гэнэ билээ. Тиймдээ ч аавыг “Ардын эмч” болоход нүдээ олсон шагнал хэмээн түмэн олон баярлаж байсан гэдэг.
Хожим бодоод байхад аав минь эрдэмтэн, багш, эмч гээд гурван чиглэлээр ажиллаж байсан байгаа юм. Цэвэр эрдмийн ажил хийдэг судлаачаас гадна олонд мэдлэг, ур чадвараараа танигдсан эмч, мөн эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр аймгуудад эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэж өгдөг багш байсан. ЭМЯ-ны эмчлэх сэргийлэх, эх нялхасын асуудал хариуцсан орлогч сайдаар ажиллаж байсан. Өөд болохынхоо урд өдөр Сүрьеэгийн олон улсын хуралд дээр Сүрьеэтэй эхчүүдийн асуудлын талаар ярьж суусан гэдэг. 70 нас хүртлээ хүн олны төлөө зүтгэн, ажлаа хийж яваад л өөд болсон доо.
Тэгэхээр надад ааваас минь, өвөг дээдсээс минь өвлөгдөж ирсэн өгөгдөл байдаг юм болов уу гэж боддог. Аливаа зүйлийн учрыг нарийн ойлгодог сэтгэлгээ миний өвөг дээдсээс уламжлагдсан зүйл. Тиймд өөрөөрөө биш өвөг дээдсээрээ бахархаж явдаг, аливаа зүйлийн учрыг нарийн ойлгодог сэтгэлгээ өв дамжиж ирсэн болов уу гэж боддог.
Миний хувьд 18 настайдаа аавынхаа гэрээс гараад Ленинградын анагаахын их сургуульд сурахаар явж байсан. Төгсөлтийн шалгалтын оноогоор жагсаагаад дээгүүр оноо авсан хүүхдүүдэд гадаадын хуваарь олгож байсан. Анагаахын сургуульд элсэхээр шалгалт өгсөн хүүхдүүдийн эхний гуравт жагсаж байлаа. Ингээд Ленинградын их сургуульд зургаан жил сурч төгссөн. Тухайн үед чинь гадаадад төгсөөд ирсэн хүүхдүүдийг ЭМЯ-наас бүгдийг нь бүртгэж аваад, ажлын байранд хуваарилдаг байлаа. Улсын зардлаар сурсан болохоор хаана ажилууллахыг яам мэддэг. Тэр үед Эх нялхасын төв ашиглалтад ороод хоёр жил л болж байсан юм. Ингээд Эх нялхасын Нярайн тасагт томилолтоо аваад очсон.
Эмч хүн байх, эрүүл мэндийн салбар, эмнэлгийн дотоод асуудал ямар хүнд байдаг гэдгийг Эх нялхаст ажилласан 10 жилийн хугацаа надад ойлгуулсан, бүхнийг биеэрээ туулж мэдэрсэн дээ. Ер нь эмч хүн дор хаяж 5-10 жил ажиллаж байж салбараа, өвчтөнөө ойлгож мэдэрдэг. Одоо бол тийм зүйл алга байна. Анагаахын сургууль төгсөөд л багш болох тохиолдол их байна. Тийм ч болохоор залуу багш нар маань эмнэлгийн амьдрал мэдэхгүй, хэт их ном ярьдаг,туршлагагүй байгаа юм.
Хүүхдэдээ гутал авах гэж байсан мөнгөөр ном худалдаж аваад, англи хэлийг бие дааж сурсан
-Та Японд таван жил амьдарсан юм билээ. Япон руу явах болсон замналаасаа хуваалцахгүй юу?
-Эх нялхаст 10 жил ажилласны дараахан ардчилал гараад нийгэм нэлээд хэцүү байсан. Тухайн үед Япон Монголын харилцаа нэлээд сайжирч ирсэн. Японы Элчингээс жил бүр цөөн тооны Монгол хүмүүсийг докторт сургаж байсан юм. Японы Засгийн газрын тэтгэлэгт шалгаруулж сургана гэсэн сонины зараар бүртгүүлж байлаа. Түүний өмнөхөн эмчийн тэргүүлэх зэрэг авах гээд өгч байсан материал бэлэн байсан болохоор дээрээс нь ажлын газрын тодорхойлолт нэмж аваад л явуулчихлаа. Шалгалт нь 100 асуулт англи хэл дээр орж ирж байсан. Тэгээд шалгалт өгсөнөөс хойш нэлээд хэдэн сарын дараа Боловсролын яам руу ажлаа тараад ханьтайгаа хамт очлоо. Тэнцсэн хүмүүсийн нэрсийг жагсаагаад хананд хадчихсан байна. Өөрийнхөө нэрийг дороос нь хайж эхэллээ. Тэгсэн хамгийн дээд талд миний нэр байж байна. Эхэндээ бол би биш байх л гэж бодсон шүү. Тэгээд Японд таван жил сурч доктороо хамгаалсан.
Миний хувьд англи хэлний тусгай курст сурч байгаагүй, гэхдээ мэргэжлийн англи хэлийг өндөр төвшинд эзэмшсэн. Орос хэлтэй байсан болохоор англи хэлийг бие дааж сурахад давуу тал болсон гэж боддог. Бонгийн “Английский язык” гээд хоёр боть номыг хүүхдэдээ гутал авах гэж байсан мөнгөөрөөр худалдаж аваад уншиж эхэлсэн. Тухайн үед чинь англи хэлний курс ч байхгүй, хоёр нялх хүүхэдтэй хүнд чинь цаг хомс. Хүүхдээ хөхүүлэх үедээ ч номоо харж л байдаг байлаа. Нөгөө номоо үнгэлэгдэж, хуучин болтол нь уншсан. Уншаад байх тусам нүдлэгдчихдэг юм билээ. Ер нь англи хэлийг тэр номыг уншаад гэрээрээ сурсан гэж хэлж болно. Гэрт сууж байхдаа хэл сурч болдог гэдэг жишээ болов уу, бие дааж сурсан. Миний хувьд мэрийлтээс гадна аливаа зүйлийг тогтоох чадвар нэлээд сайн байсан гэж боддог.
-Япон руу гэр бүл, хүүхэд, олон жил ажилласан хамт олноо орхиод явахад хүнд байв уу. Яагаад Японд сурах сонголтыг хийсэн бэ?
-Тухайн үед Японоос гадна АНУ, Орост сурах боломж нээгдэж байсан. Өмнө нь Орост сурсан байсан болохоор дахиад сурах сонирхол байгаагүй. Харин Америк гэхээр их хол санагдаж байсан. Нялх хүүхэд, гэр бүлээ орхиод явахад хүнд байсан. Японд болохоор эхний зургаан сар суралцаад гэр бүлээ хойноосоо татаж авах боломжтой. Тэгээд л Японыг сонгосон. Эхний зургаан сард хэлний бэлтгэлдээ сурчихаад дараа нь Японы Кагошимагийн их сургуулийн хүүхдийн өвчин судлалын тэнхимд судалгаа хийж эхэлсэн.
Эхэндээ бол эмнэлзүй, эмнэлгийн орчны талаарх судалгааны багт ажиллаж байсан. Гэтэл нэг удаа хамт сурч байсан африк докторант залуу “Сараа чамайг харах бүрт, хэзээ уйлаад буцах бол гэж бодох юм. Чиний өмнөхөн нэг хятад эмэгтэй ирээд судалгаагаа дуусгалгүй уйлаад буцсан. Чамайг хараад байхаар их хөдөлмөрч, хоёр хүүхэдтэй мөртлөө энэ бүхнийг амжуулаад сураад байх юм. Эмнэлзүй, эмнэлгийн орчны судалгаанаас илүү халдвартын үүсгэгчийн чиглэлээр судалгаа хийвэл ямар вэ” гэж хэлээд тэр чиглэлээр судалгаа хийдэг нэг профессорыг зааж өгсөн. Хэсэг хугацаанд бодож дүгнэлт хийсний эцэст чагнуурыг пипеткээр сольж, лабораторийн орчинд судалгаа хийж эхэлсэн. Ингээд судалгаагаа ч амжилттай хийж, докторын зэргээ хамгаалсан.
Төгсөхийн өмнөхөн зүрхний чиглэлээр нэг багштайгаа хамтраад томоохон судалгаан дээр ажиллаж байсан. Тэгсэн тэр чиглэлээр дахиад хэдэн жил хамтран ажиллах санал тавьж байсан л даа. Мөн түүнээс гадна АНУ-ын Иелийн их сургуулиас урилга ирж байсан.
-Японд эсвэл АНУ-д ажиллаж амьдрах сонголт байжээ. Амжилттай өрнөж байсан карьераа орхиод Монголдоо ирэх болсон шалтгаан тань юу байв?
-Монголдоо оччихоод дараа нь хаашаа явахаа шийднэ гэсэн бодолтойгоор ирж байсан. Тэгээд Монголдоо ирлээ. Хүүхдүүд дунд сургуульд орчихсон байсан. Гэтэл хоёр хүүхэд минь ямар ч монгол хэлгүй болчихсон, охиндоо нэмэлт хэлний хичээл авах шаардлагатай болсон. Дээрээс нь өмнө нь ажиллаж байсан хамт олны хүрээлэл байхгүй болчихсон, хөгшчүүл ч нас ахиад, аавын маань бие ч өвдөөд эхэлчихсэн байсан. Тэгээд Монголдоо ажиллаж амьдрах нь зөв юм гэдэг шийдвэрт хүрсэн. Монголд ажиллах хугацаандаа пост доктороор Австрид сурсан. Ер нь Европын орнуудад очиж үзээгүй газар ховор, зарим газарт нь урт богино хугацаагаар сурч амьдарч үзлээ. Гэхдээ л өөрийн нутгийн шороо нь хүртэл зөөлөн шүү дээ. Яагаад ч юм бэ, эх нутаг руугаа татагдаад байдаг юм.
Нэг ч гэсэн хүний сэтгэлгээг зөв байранд нь оруулж, зөв бодолтой болгочихвол миний зүгээс эх орондоо оруулж буй хамгийн том хувь нэмэр гэж бодож явдаг. Хүн болгон дарга, эсвэл олон танигдсан супер од байх шаардлага байхгүй. Гэхдээ өмнөх ажлаа л сайн хийж байгаа хүн бусдад зарласан, зарлаагүй супер од гэж боддог.
-Таны хувьд Орос, Япон, Австрид өндөр боловсрол эзэмшсэн хүн. Ер нь боловсролтой хүн гэж хэнийг хэлэх вэ?
-Цаанаасаа өгөгдсөн хэмжээсүүд байна. Дунд сургууль, дээд сургууль гэхчлэн сурах ёстой, эзэмшсэн байх ёстой зүйлүүдийн шалгуур үзүүлэлтүүд байна. Түүнийг нь илтгэж байгаа болохоор л дунд, дээд гэж ангилж байгаа юм.
Хоёрт, дээд боловсрол гэдэг үгийг “дээд” гээд дөрөвхөн үсгээр бичдэг. Төгсөж байгаа хүүхдүүдэд дээд гэдэг энэ үг тун чухал. Дээд гэсэн утга нь хэрвээ та дээд сургууль төгссөн бол аливаа зүйлийн дээд нь байх ёстойг илтгэн харуулж байгаа юм. Дээд сургууль төгсч, мэргэжил эзэмшсэн хүн зөвхөн тухайн чиглэлээрээ ажиллахдаа биш, аливаа зүйлд анализ дүгнэлт хийх чадвартай болж байна гэдгийг харуулж өгдөг. Тийм болохоор оюутнууддаа дээд гэдэг энэ үг насан туршид чинь чамайг дагаж явна, энэ үгийн утгыг битгий алдагдуулаарай гэж захьдаг. Дээд гэдэг үг нь өөрөө бичгийн өндөр соёлтой, биеэ зөв авч явдаг, харилцааны өндөр ур чадвартай, мэргэжлийн төвшинд тодорхой хэмжээний хязгаарт хүрсэн гэдгийг харуулж байгаа юм.
-XXI зуунд залуу хүний гол өрсөлдөх чадварыг та юу гэж тодорхойлох вэ?
-Хүн өөрийнхөө ачааг өөрөө үүрэх ёстой гэж боддог. Улсын ажлыг хувийн ажилтай битгий холь гэж ажилчдаасаа их шаарддаг. Мэдээж хүний амьдралд олон зүйл тохиолдоно. Ар гэрт асуудал гарах, өвчин зовлон тохиолдох гээд хүний амьдралд олон бэрхшээл тулгарна. Маш хэцүү. Японд амьдарч байхдаа нэг зүйлийг сурсан. Би өглөө 5.30-д босоод гэр бүлийнхнээ хоол, ундыг бэлтгээд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргээд ажилдаа очдог байлаа. Тэгээд ажил дээр очоод хүний төлөө зүтгэж, зүтгэж харина. Ажлаа ч, ар гэрийн амьдралаа ч амжуулсаар ирсэн. Гэтэл орчин үед ажлын байран дээрээ байдаггүй хүн байна шүү дээ. Японд бол 2 цагийн чөлөө авсан ч заавал удирдлагадаа мэдэгддэг. Япон хүмүүсийг ажлын цагаар нь ажил дээрээс нь олж болно. Манайд харин тийм биш байдаг. Хүнд ажлын байран дахь хөдөлмөрийн сахилга бат гэдэг зүйл маш чухал.
Монголын багаараа анх удаа рейтинг өндөртэй сэтгүүлд судалгаа нийтлүүллээ
-Эндээс эхлээд таны одоо хийж буй ажлын талаар сонирхмоор байна. Саяхан таны удирдсан Монголын багийн судлаачдын хамтарсан бүтээл олон улсын томоохон сэтгүүлд нийтлэгдсэн гэж дуулсан. Ямар чиглэлээр судалгаа хийсэн бэ?
-Монгол дахь томуугийн В вирүсийн сүүлийн таван жилийн тархалтын төвшинг судалсан судалгаагаа шинжлэх ухааны рейтинг өндөртэй PLOS ONE сэтгүүлд нийтлүүллээ.
Томуугийн вирүс дотроо А хүрээнийхээс B нь илүү хүндрэл учруулна. Хүндрэл ихтэй байдаг болохоор онцолж судлах нь зөв гэж үзсэн. Ер нь аливаа улс үндэстэнд тухайн өвчний талаарх суурь судалгаа заавал байх ёстой юм. Өөрийнхөө үзүүлэлтийг мэдэхгүй бол хүнийг үр дүнг ашиглах боломжгүй шүү дээ. Олон зуун жилийн нүүдлийн түүхтэй орнууд өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Тийм болохоор салбар бүрт өөрийн гэсэн суурь судалгаатай байх ёстой. Энэ чиглэлд нь маш сайн дэмжих ёстой гэж боддог.
Бид өнөөдөр дан ганц Монгол судлаачдаас бүрдсэн багаараа олон улсын том сэтгүүлд судалгаагаа нийтлүүллээ. Энэ бол том амжилт юм. Ийм рейтингтэй сэтгүүлд дан Монголын багаараа гаргасан анагаахын судалгааны бүтээл байхгүй. Надад өндөр рейтингтэй олон улсын сэтгүүлд нийтлүүлсэн олон судалгаа бүтээлүүд бий. Гэхдээ АНУ, Японы гээд гаднын аль нэг улсын багтай хамтарсан судалгаа болохоор нэр, хаяг ч хамт бичигддэг байлаа. Харин энэ удаад дан ганц Монголын багаараа өндөр рейтингтэй сэтгүүлийн шалгуурыг давлаа. Энэ нь дараа дараагийн судлаачдад маш том зам, гүүр болж байгаа юм. Монголын судлаачдыг том сэтгүүлд хүлээн зөвшөөрүүлж чадлаа шүү дээ. Тийм болохоор миний хувьд маш баяртай байгаа.
Намайг Австрид зургаан сар сураад ирсний дараа профессор багш маань “Сараа танай шавь нарыг ямар нэг шалгуур үзүүлэлтгүйгээр сургана” шүү гэж хэлж байсан. Тэр багш надад итгэж байгаа болохоор тэгж хэлж байгаа юм. Үүнтэй адилхан хэн нэгэн Монгол судлаач дараа нь PLOS ONE, өөр нэг сэтгүүлд материалаа илгээхэд “Нээрээ Монголын судлаачдын сайн судалгаа байдаг шүү, өмнө нь нийтлүүлж байсан” гэх үнэлэмж, итгэлийг бий болгож байгаа юм. Үнэндээ Монголын багаараа ийм сэтгүүлд судалгаагаа нийтлүүлнэ гэдэг маш хэцүү, нэлээд өндөр шалгууртай.
-Өндөр хөгжилтэй оронд ажиллаж амьдарч байсан хүний хувьд шинжлэх ухааны салбарын хөгжилд ямар бодлого хамгийн чухал вэ. Таны амьдарч байсан Япон гэхэд шинжлэх ухааны салбартаа ямар бодлогыг барьж ажилладаг вэ?
-Шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд сайн боловсон хүчингээс гадна судалгаа хийх лабораторийн орчин, тоног төхөөрөмж маш чухал. Тиймдээ ч Молекул биологи удам зүйн тэнхимдээ судалгааны тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, энэ чиглэлд хичээж ажиллаж байна. 2014 оноос хойш хөөцөлдсөөр байгад ШУТ сантай хамтарсан төслийн хүрээнд олигонуклеотид нийлэгжүүлдэг төхөөрөмж авч суурилуулсан. Одоогоор 60 гаруй судалгаанд хэрэглэх праймер нийлэгжүүлээд байна. Молекул генетикийн чиглэлийн зарим өвчнийг оношлох, полимеразын гинжин урвалын тодорхой урвалжийг их сургууль дээрээ хийх боломжтой болсон. Молекул генетикийн чиглэлээр оношилгоог хийж болно. ШУТ сангаас талыг нь, манай сургуулиас үлдсэн зардлыг нь гаргаж 130 орчим сая төгрөгийн төслийн үр дүн сайн гарсан. Судалгааны баг маань сайн ажилласан. Шижигнэсэн сайхан залуучууд байдаг, тэд нараараа бахархдаг. Цаашдын судалгаанд маш хэрэгтэй, суурь болсон судалгааны багаж байгаа юм. Бодож төлөвлөж байгаа зүйл их байгаа. Алхам алхмаар урагшилна гэж бодож байна. 2019 оны 3 сард Солонгост болох олон улсын хуралд судалгааны талаар илтгэл тавих, мөн хурлын дарга хийхээр уригдсан байгаа. Энэ урилгыг их хүндэтгэж хүлээж авсан.
Сошиалаас мэдээлэл авч болно, харин мэдлэг, боловсрол авах боломжгүй
-Яг одоо ямар чиглэлээр судалгаа хийж байна вэ. Таны цаашдын 5 жилийн зорилго, төлөвлөгөө юу вэ. Алсын хараа гэх юм уу?
-“Амны хөндийн микробиологи” гээд ном хэвлүүлэх гээд өдөр шөнөгүй сууж байна. Миний хувьд толгойдоо нэг л бодсон бол заавал эцсийг үздэг. Японд доктор хамгаалаад ирсэний дараа Микробиологийн тэнхимд анх багшаар ажиллаж эхэлсэн. Тэр үед Японд доктор хамгаалсан нэг залуу бүсгүйтэй нөхөрлөдөг байсан юм. Шүдний эмч хүүхэн байсан юм. Тэр минь “амны хөндийн өвөрмөц бичил биетнүүдийн онцлог их. Тэр талаар нэг ном бичих юм сан” гэж ярьдаг байсан. Тэр хүслээ биелүүлж чадалгүй өвчнөөр нас барсан. Тэрийг дотроо их бодож явсан. Тэгээд өнгөрсөн жилээс багаа бүрдүүлж, номоо бичиж эхэлсэн. Удахгүй гарна. Ном бол мэдлэгийг түгээх эх үүсвэр. Сүүлийн үед залуус номтой найзлах нь их бага болчихсон. Би Орост, Японд сураад ирэхдээ хэдэн хайрцаг номтой л ирж байлаа. Эмч болох гэж байгаа хүнд ном л нөхөр болдог. Сүүлийн үед сошиалаар мэдээллийг хурдтай авч байна. Гэхдээ мэдлэгийг сошиалаар авах боломжгүй юм. Улс орны асуудлыг, боловсролыг сошиалаар олгохгүй. Арван лайк дарсан ч түүнийг ганцхан хүн ч дарсан байхыг үгүйсгэхгүй, худлаа зүйл байхыг үгүйсгэхгүй гэсэн санаа юм.