Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал энэ оны наймдугаар сард ашиглалтад орно. Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсны дараа Чингис хаан нисэх онгоцны буудлыг ямар зориулалтаар хэрхэн ашиглах тал дээр Ажлын хэсэг гарчээ. Одоогоор ажлын хэсгийнхэнд Буянт-Ухаагийн цогцолборыг ашиглах тал дээр дараах саналууд ирсэн бөгөөд Засгийн газраас удахгүй эцсийн шийдвэрийг гаргах ажээ.
Хэсэг бүлэг хүнд хувааж, хувьчилж өгөөд орон сууц бариад, хувийн өмч болгох уу, эсвэл Монгол Улсын эдийн засгаа дэмжсэн бодлогын том төв болгох уу гэдэг асуудал олны анхаарлын төвд байгаа билээ.
100 мянга орчим га талбайтай Буянт-Ухаагийн цогцолборыг юунд ашиглах вэ
Амралт соёлын газар, зочид буудал, казино байгуулах
Аялал жуучлалын хаалттай бүс байгуулах. Энэ хаалттай бүсэд зөвхөн казино байхгүй бөгөөд 80 хувьд нь үйлчилгээ болон Монголоо сурталчлах үзмэрийн талбар байх ажээ. Энэ саналыг Д.Оюунхорол сайдын үед гаргасан бөгөөд аялал жуулчлалын хаалттай бүсийг бий болговол гадны жуулчид ирээд сонирхдог дэлхийн брэндийн том дэлгүүрүүдтэй, мөн олон мянган монгол залуус ажиллах ажлын байрыг бий болгох аж. Ийм цогцолборыг байгуулснаар уул уурхайн салбараас орлого олдог улс биш аялал жуулчлалын салбараас хөгжиж чаддаг улс орон болох боломж бий гэсэн төсөөллийг хийгээд байгаа юм.
Сургалтын бааз байгуулж, түргэн, тагнуул, онцгойгийнхон ашиглах
ИНЕГ-аас яаралтай түргэн тусламжийн үед ашиглах нөөц онгоцны буудал болгон ашиглах санал. Хэрвээ энэхүү саналыг ажил хэрэг болговол тус цогцолборт бүс нутгийн сургалтын бааз байгуулж, яаралтай үед түргэн, тагнуул, онцгойгийнхон нөөц болгон ашиглах ажээ.
Төрийн болон гаднын дээд хэмжээний зочид төлөөлөгчдийн хүлээн авах VIP нисэх буудал
Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтнууд тэдгээрийн зэрэг зиндаатай адилтгах хэмжээний албан тушаалтан, гадаадын зочин, төлөөлөгч болон дипломат ажилтнуудыг хүлээн авах VIP нисэх буудал, нөөц нисэх онгоцны буудал болгон ашиглах санал. Энэ санал дээр Ажлын хэсгийнхэн нэгдмэл байр суурьтай буюу хамгийн дэмжигдэх магадлал өндөртэй байгаа аж.