Олон нийт таньдаг, хэвлэлд байнга л бичүүлдэггүй ч, монголчуудын таньж мэдэх ёстой, хийсэн бүтээсэн нь дэлхийд Монголын нэрийг дуурсгаж яваа математикийн ухааны докторыг энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ буландаа танилцуулж байна.
Тэр бол Токиогийн их сургуулийн анхны монгол доктор Б.Батцэнгэл юм.
10 жилийн хичээлийн агуулгыг долоон жилд багтаан судалж, 14 настайдаа их сургуульд элссэн түүний амжилт бага сургуульд байхаас нь эхлэлтэй. Математикийн амжилтаар эхэлсэн түүний ажил, амьдралын замнал, карьер, боловсролын салбарыг тойрон бидний яриа өрнөлөө.
-Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг хүлээн аваад ярилцахаар болсон танд баярлалаа. Таныг Токиогийн их сургуульд Монголоос анх удаа доктор хамгаалсан хүн гэж дуулсан. Орчин цагт бол дэлхийн боловсролыг эзэмшиж, өндөр хөгжилтэй оронд суралцах боломж залууст нээлттэй болсон. Харин 1990-ээд оны үед бол гадаадад, тэр дундаа дэлхийн томоохон их сургуульд суралцах боломж хомс, хэн дуртайд нь нээгддэг эрх биш байсан. Тэгэхээр ярилцлагын эхний асуултаа таны Токиогийн их сургуульд суралцах болсон түүхээр эхлүүлье?
-Сайн байна уу. ДЭЛХИЙН МОНГОЛ булангийнхаа зочноор урьж оролцуулсанд баярлалаа. Миний хувьд бага сургуулийнхаа нэг, гурав, тавдугаар ангийг алгасаад 10 жилээ долоон жил сурч төгсөөд 14 настайдаа МУИС-ийн математикийн ангид орж байлаа. Их сургуулийн дөрөвдүгээр курсээс МУИС-таа тооны онолын хичээл зааж эхэлсэн. Тухайн үед Монголд тооны онолын мэргэжилтэн гэж байгаагүй. Тийм болохоор надад хичээл зааж байсан Дашдорж багш намайг сонгоод тооны онолын чиглэлээр бэлтгэж байсан. Их сургуулиа төгссөний дараа МУИС-т гурван жил багшлаад 1993-1999 онд Токиогийн их сургуульд доктороо тооны онолоор хамгаалсан. Математик дотроо нэлээд хатуу, бүх талын мэдлэг шаарддаг салбар нь тооны онол.
Токиогийн их сургуульд суралцах болсон нь их учиртай. 1990-ээд оны үед Токиогийн их сургуулийн Эйжи Хорикава гээд профессор Монголын тухай нэвтрүүлэг зурагтаар үзсэн байгаа юм. Тэр нэвтрүүлгээр Монголын иргэдийн амьдралын их л өрөвдөлтэй, траншейны хүүхдүүдийн хүнд хэцүү амьдралын дүр зургийг харуулсан байгаа юм. Тэгээд монголчуудад тусалъя гэж шийдээд Япон, монголч эрдэмтэн Шиба Рёотарод Токиогийн их сургуульд нэг монгол оюутныг сургамаар байгаа тухайгаа хэлсэн гэдэг. Харин Шиба Рёотаро өөрийн шавь Азийн их сургуулийн профессор Шиничи Койбучид хэлсэн. Койбучи гуай Монголын шинжлэх ухааны академийн Бира гуайд хэлсэн байдаг. Харин Бира гуай манай МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн захирал Болдсүхтэй уулзаж энэ тухай хэлсэн юм билээ. Тэгээд 1992 онд Математикийн хүрээлэнг МУИС руу нэгтгэх хурал болсон юм. Тэр хурал дээр Болдсүх ах гарч ирээд “Надад Японы Токиогийн их сургуульд нэг хүн сургах боломж байгаа. Энэ боломжийг би Батцэнгэлд олгоно” гэж хэлчихээд индэрээс буучихаж билээ. Тэр үе хүртэл би өөрөө ч мэдээгүй явсан. Гадаад, монгол зургаан хүнээр дамжиж байж надад Токиогийн их сургуульд сурах боломж нээгдсэн юм.
Хожим сонсоход Болдсүх ах намайг сонгосон нь бас учиртай байж. Болдсүх ахын аав Цагаан гэж хүн намайг бага сургуульд байхад Боловсролын хүрээлэнд байсан юм. Манай сургууль дээр нэг удаа шалгалт авахаар ирж байсан удаатай. Гэтэл тэр шалгалтын дараа гэртээ очоод хүүхдүүддээ “Батцэнгэл гээд математикт авьяастай хүү байна” гээд ярьж байсан гэдэг. Тэр үг хожим Токиогийн их сургуульд ороход нөлөөлсөн үү, их л урт замаар гадаадад сурах боломж надад ирсэн юм.
-Таниар дамжин Токиогийн их сургуульд хэд, хэдэн монгол залуу сурсан гэдэг юм билээ. Тэр тухайгаа дурсахгүй юу?
-Надад математикийн чиглэлээр бэлтгэсэн олон шавь нар бий л дээ. 1999 онд Токиогийн их сургуулийг төгсөж ирээд 2008 он хүртэл МУИС-т багшилсан юм. Одоо Соёмбо, Орчлон сургууль дээр зөвлөх багшаар ажиллаж байна. МУИС-д багшилж байхдаа тооны онолын чиглэлээр бэлтгэсэн өөрийн шавь Г.Баярмагнай, Батзаяа нарыг Токиогийн их сургуульд тодорхойлолт бичиж өгөөд доктор хамгаалуулсан.
Г.Баярмагнай нь одоо МУИС-ийн математикийн тэнхимд багшлахын зэрэгцээ, Монголын олимпиадын хорооны даргаар ажиллаж байна. Харин Батзаяа Японд мэргэжлээрээ ажиллаж байгаа. Монголд тооны онолын чиглэлээр надтай хамт бэлтгэгдсэн гурван хүн бий. Хоёр нь миний шавь.
Анх Токиогийн их сургуульд суралцахаар очиж байхад зурагт үзээд Монгол Улсад туслахаар болсон Токиогийн их сургуулийн Эйжи Хорикава профессор надад “Бидний чамайг сургаж буй зорилго бол Монголд сайн математикийн мэргэжилтэн бэлтгэж өгөхийн тулд юм шүү” гэж хэлж байсан. Тийм болохоор миний хувьд залгамж халаагаа бэлдэж, дотооддоо сурах боломжгүй тооны онолчдыг Токиогийн их сургуульд зуучилж өгсөн. Харин Батзаяагаас хойш Токиогийн их сургуульд тооны онолын чиглэлээр бэлтгэчих шалгарсан сайн хүүхэд гарч ирээгүй байна. 2008 онд МУИС-аас гарчихсан болохоор төгсөж байгаа хүүхдүүдийг тэр бүрчлэн сайн мэдэхгүй юм. Үнэхээр шалгарсан сайн хүүхэдтэй таарах юм бол Токиогийн их сургуульд одоо ч сургаад өгөхөд бэлэн шүү.
-Шалгарсан сайн хүүхэд нь таны хувьд ямар шалгуурыг давах ёстой вэ.?
-Үнэхээр авьяастай хүүхэд байх ёстой. Нэгдүгээрт, тоо боддог, хоёрт бас тоо боддог. Математикчдыг хийдэг зүйлэээр нь хоёр ангилж болно. Нэг хэсэг нь тоо боддог. Нөгөө хэсэг нь онол боловсруулдаг. Надад бол бодлого боддог хүн хэрэгтэй.
-Хүний сурах хүсэл эрмэлзэл бага насанд төлөвшдөг гэдэг. Таны хувьд бага байхын л шалгарсан сайн хүүхэд байж ээ?
-Би жилийн дотор математик, монгол хэлний хичээлийнхээ агуулгыг дараагийн ангитайгаа давхар үзчихдэг байсан. Хичээлийн эхний хагаст хоёдугаар ангийн хичээлийг, хоёрдугаар хагаст гуравдугаар ангийн хичээлийг судлаад дуусчихдаг байсан юм.
Намайг манай аав математикт дуртай болгосон юм. Манай аав геологич мэргэжилтэй хүн байсан болохоор математиктаа их сайн байсан. Тав, зургаан настай байхдаа л хоёр, гуравдугаар ангийн тоог ааваараа заалгаад бодоод сурчихсан байсан.
Нэг сонин түүх бий. Зургаадугаар ангид аав надад матерцийн тодорхойлогчоор бодох аргыг зааж өгч байсан. Тэгээд хичээл дээрээ очоод долдугаар ангийн тоог тэр аргаараа бодчихсон чинь багш мэл гайхсан шүү. Гэтэл тэр тодорхойлогчоор бодох арга нь их сургуульд заадаг арга байж л дээ. Тэгсэн нэг өдөр багш намайг аравдугаар ангид дагуулж ороод тоо бодуулдаг юм байна. Самбартаа хүрэхгүй болохоор сандал тавьж дээр нь зогсож байгаад л нөгөө аргаараа аравдугаар ангийн ах эгч нарт тоо бодож өгсөн. Тэр явдлаас хойш намайг тоож хардаггүй байсан том ах нар сургуулийн хөл бөмбөгийн талбай дээр очихоор шууд л багтаа оруулаад тоглуулдаг болсон.
-Бодлого боддог хүүхэд төрөлхийн үү, олдмол уу. Төрөлхийн математикийн авьяасгүй ч тэр хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, сайн математикч болгож болох уу?
-Мэдээж төрөлхийн авьяастай хүүхэд байж болно. Гэхдээ хүүхдийн логик сэтгэлгээ, сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, бодлого сайн боддог болгож болно. Логикийн зөв дасгал хийгээд байх юм бол ямар ч хүүхдийн сэтгэх чадвар хөгжиж байдаг. Гагцхүү багаас нь зөв бэлдэх хамгийн чухал. Миний бодлоор хүүхдэд логиктой сэтгэж бодлого бодох чадварыг олимпиад хамгийн сайн олгодог гэж боддог.
Арван жилийн математикийн хичээлийн программ, олимпиадын бодлого хоорондоо маш том ялгаатай байдаг. Арван жилийн хичээлийн программ бол наад захын заавал мэдэх ёстой зүйлийг зааж байгаа юм. Нэг ёсондоо хүүхэд бүр мэдэж байх ёстой математикийн стандартыг олгож байна. Түүнээс хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлж, бодлого бодоход сургаж байгаа зүйл биш юм. Дээр үед математикийн хичээлийг геометр, алгебрь гэж тусдаа хичээлийг программ болгож заадаг байсан. Тухайн үед геометрийн хичээл үзэж байсан хүүхдүүд үнэхээр сайн бэлтгэгдсэн. Геометрийн хичээл бол хүүхдэд логиктой сэтгэх аргыг сургадаг байсан юм. Гэтэл одоо бол дунд сургуулийн хичээлийн программ хүүхдэд квадрат тэгшитгэл бодох томъёог л цээжлүүлж байна. Хүүхэд сэтгэхээ больж, робот машин шиг баахан томьёо цээжилдэг болсон. Автоматаар цээжилсэн хүүхдүүд өөрөө сэтгэхээ больчихдог юм.
Техник,технологи өндөр хөгжсөн АНУ зэрэг оронд сэтгэдэг хүүхэд шаардлагагүй байж магадгүй юм. Харин Монголд бол сэтгэдэг, боддог хүүхэд хэрэгтэй.
Математикийн хичээл уг нь хүүхдийн аналитик дүгнэлт хийх, мэдлэг бүтээх чадвар, бие даан суралцах, шүүмжит сэтгэлгээ, логиктой бичиж, харилцаж, үндэслэл гаргаж сурах чадварыг хөгжүүлэх ёстой юм. Ийм сургалтыг либерал гэж нэрлээд байгаа юм. Хуучин Зөвлөлтийн сургалтын арга барил. Манайд ч ийм л байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулга дэндүү их өөрчлөгдсөн.
Сурах бичгийг гэхэд хүссэн хүн нь ямар судалгаа шинжилгээгүй бичиж, зохиож байна. Социалист нийгмийн үед хэрэглэж байсан Оросын сурах бичгүүд бол 10, 20 жил туршигдаж, боловсруулагдсан маш сайн байсан. ЗХУ сайн сурах бичгүүддээ Төрийн шагнал олгодог байлаа. Оросууд академик талдаа шинжлэх ухаанд нэлээд ойртсон, хүний сэтгэлзүй дээр тулгуурсан үнэлэлт, дүгнэлттэй маш сайн сурах бичгүүд зохиодог байсан юм. Гэтэл оросууд ч өөрсдөө тэр сурах бичгээ алга болгосон. Одоо түүндээ маш их харамсаж байна. Финландын боловсрол яагаад дэлхийд номер нэг гэж хүмүүс яриад байна вэ. Тэд “Бид Хуучин социалист Оросын төвшинд одоо л дөхөж очиж байна” гэж өөрсдийгөө хэлсэн байдаг.
ЭЕШ-ын тухайд хугацаанаас эхлээд өөрчлөх, засаж залруулах юм их бий
-Их, дээд сургуульд оюутан элсүүлэх ЭЕШ-ын системд шүүмжлэлтэй хандах хүн олон бий. Тухайлбал, МУИС-ийн математикийн ангид элсэх гэж байгаа хүүхдээс авч буй шалгалтад агуулга чанарын шаардлага хангаж байна уу. Ер ЭЕШ шалгаруулалтын сайн систем байж чадаж байна уу?
-ЭЕШ-ын системээс илүү дээр оюутан элсүүлэх шийдэл олж чадаагүй байна. Монгол орон даяар элсэгчдийг шалгаруулж авна гэдэг нэг талаар хүртээмж, хүүхэд бүрт их сургуульд суралцах боломжийг олгож байгаа нь давуу тал. Хуучин бол МУИС-ийн математикийн тэнхим гэхэд аймаг, сум, нийслэлээс математикаар тодорсон цөөн хэдэн хүүхдийг сургууль дээрээ дуудаж авч ирээд шалгалтаар оруулдаг байсан. Одоо бол хүүхэд бүрт МУИС-ийн математикийн ангид орох эрх нээлттэй болсон. Гэхдээ ЭЕШ-ын агуулгын хувьд өөрчлөх хэрэгтэй зүйлүүд олон бий. Би нэг жилийн ЭЕШ-ын математикийн шалгалтад агуулгад анализ хийж үзсэн.
Тестээр тухайн хүний мэдлэгийг шалгана гэдэг бол их дутуу дулимаг байдаг. Тэр дундаа математикийн чиглэлээр мэргэжил эзэмших гэж байгаа хүнээс тестээр шалгалт авна гэдэг маш хангалтгүй байгаа юм. Тухайн бодлогын зөв хариу тестийн хувилбарууд дотроо өгөгдсөн байдаг болохоор хариуг нь оруулж тавиад аль нь зөв болохыг шалгаад үзчихэд маш амархан байдаг.
Анализ хийж байхад 20 бодлого дотор зарим нь 2-3 үйлдэлтэй, зарим 6-7 үйлдэлтэй бодлого байгаа юм. Хэрвээ тухайн 20 бодлогыг үнэхээр суугаад бодох юм бол 120 минутад багтах зүйл огт биш. Бүх бодолтыг нь хийчихээд хүүхдээр хуулуулж бичихэд л 2-3 цаг болж байгаа юм.
Геометрийн хичээлийн нэг бодлого дээр 6 минут өгсөн байгаа юм. Гэтэл тэр бодлогыг бодох гээд зургийг нь зурж байтал хоёр минут нь өнгөрчихөж байгаа юм. Геометрийн бодлого дээр бол хамгийн багадаа 10 минутын хугацаа өгөх ёстой юм.
Гэхдээ хугацаа нь дэндүү хүрэлцээгүй байгаа мөртлөө хүүхдүүд өндөр оноо аваад байдаг. Энэ ямар учиртай вэ гэхээр хүүхдүүд өөр тактикаар бодоод байх шиг байгаа юм. Түрүүнд хэлсэнчлэн нэг хэсэг нь хариуг нь орлуулж боддог, нөгөө хэсэг нь бодлогын хариуг автоматаар цээжилдэг гэж байгаа юм. 20 бодлого бодохоос илүү 200 бодлогын хариу цээжлэх нь илүү хялбар, ил цаг хэмнэчихэж байгаа юм.
Хүүхдийг зөвхөн шалгалтын системд зориулж бэлтгэж байгаа нь чанаргүй оюутан, муу мэргэжилтэн төрөхийн эхлэл
Ерөөс хүүхдүүд шалгалтын системд зориулж л өөрсдийгөө бэлдэж байгаа юм. Шалгалтын агуулгыг боловсруулж байгаа хүмүүс ч хүүхдийн сэтгэх бодох чадварыг бус бэлэнчлэх сэтгэлгээ, робот шиг цээжилсэн эсэхийг шалгаад байгаа юм. Аль аль нь түүндээ дасан зохицчихсон. Тэгэхээр хамгийн сайныг нь шалгаруулж авах зорилго алдагдчихаж байгаа юм. Энэ нь нөгөө их сургуульд чанаргүй оюутан элсэж буй нэг шалтгаан. Би математикийн хичээлийн шалгалтад хийсэн судалгааны дүгнэлтээ Боловсролын яаманд гаргаж өгсөн боловч хариу өгөөгүй, одоог хүртэл энэ байдал хэвээр үргэлжилсээр байна.
-Хүүхэд яагаад тоо бодох ёстой, энэ нь өөрт нь ямар тустай талаар томчууд шиг ухаарч, ойлгодоггүй учраас аав, ээж нь хүүхдээ “чи хийхгүй бол болохгүй, хийх ёстой” зэргээр дүрэмдээд бүр ч тусгүй гэдэг. Та ямар арга барилаар хичээлээ заадаг байв?
-Би бодлогоор нь хүүхдийн сонирхлыг татах гэж хичээдэг. Хүнд хэцүү гэж бодохоос илүү тухайн бодлогыг бодоход аль болох хөгжилтэй, зугаатай байлгах аргыг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, хүүхдэд тухайн бодлогын хариуг заавал олох хүсэл төрүүлж өгч байгаа юм. Бодлого бодох дуртай болгож байна гэсэн үг. Хүүхдийн энэ суурийг л маш сайн тавиад өгчих юм бол түүнээс хойш өөрийгөө дайчлаад бие даагаад сураад явчихдаг. Математикийн багш хүн хүүхдэд нэг бодлого бодуулж сургахаас илүү хариуг нь олъё гэсэн хүсэл эрмэлзэлтэй болгох нь чухал юм болов уу.
Түүнээс гадна Ц.Баяраа багшийн туршлагаас харж байхад хүүхдийг хооронд багаар ажилуулах хүүхдийн хөгжилд чухал нөлөөтэй юм шиг байгаа юм. Өрсөлдөгчгүй хүн хөгждөггүй гэдэг их үнэн. Сайн талаар нь хүүхдүүдийг хооронд нь өрсөлдүүлэх юм бол бие биеээ маш их хурцалж, харилцан хөгжиж байдаг.
-МУИС-аас хувийн сургуульд шилжин багшлах болсон нь ямар шалтгаантай вэ?
-МУИС-д багшилж байх үед цөөн хэдэн оюутнаас бусад нь математикт сонирхолгүй орж ирж байсан. Нэг төгсөлт хамгийн ихдээ 1-2 хүүхэд л математикч болж математикийн чиглэлээр ажиллах сонирхолтой байгаа юм. Харин би бол математикч бэлтгэмээр байсан. Тиймд математикст сонирхолтой хүүхдийг бага сургуулиас нь бэлтгэх хэрэгтэй гэдгийг ойлгосон.
-Таны хувьд олон жил их сургуульд багшилсан хүн. Орчин үеийн их сургуулиудын сургалтын агуулга, чанартай хэн санал нийлдэг вэ. Өөрчлөх, шинэчлэх хэрэгтэй талуудад нь мэргэжлийн хүний хувьд нэлээд гярхай байдаг болов уу?
-МУИС-ийн математикийн ангийг төгсөж байгаа хүүхдүүдийг таван жилээр төгсгөөд магистрын зэрэг өгдөг болгох тухай нэг санаачлага гаргаж байсан юм. Яагаад вэ гэвэл, дөрвөн жилийн сургалт бол математикийн ангийн оюутнуудад математикийг үнэрлүүлээд л төгсгөчихөж байгаа юм. Математикч хүн заавал үзсэн байх ёстой сургалтын агуулга дөрвөн жилд багтахгүй байгаа юм. Дөрвөн жилдээ зөвхөн математикийн судлах ёстой агуулгыг судалж байвал болно л доо. Гэтэл кредит систем гэж нэмэгдээд хэрэгтэй, хэрэггүй хичээлүүд нэмэгдэж үндсэн математикийн хичээлийн агуулгаас маш их зүйл хасагдсан.
Магистрт хасагдсан агуулгыг зааж байна уу гэхээр бас л үгүй. Нарийн мэргэжил нэрээр хэдэн сонгодог хичээл заагаад төгсгөчихөж байгаа юм.
Их сургуулийн бүтэн программ, өөрөөр хэлбэл математикч хүн үзсэн байх ёстой зүйлийг үзээгүй хүүхдүүд төгсгөөд байгаа юм. Математикч төгсөгж байгаа бол математикч л төгсгөх ёстой. Сургалтын төлбөрийг нь нэмээд ч хамаагүй математикч хүний заавал үзэх ёстой бүтэн агуулгыг заах ёстой.
Математикийн чиглэлээр мэргэжил олгож байгаа төлбөр бол одоогийнхоос хэд дахин илүү болгох ёстой юм. Хими, физик, математикийн чиглэлээр суралцаж байгаа бусад мэргэжлээс төлбөр хэд дахих их байх ёстой. Тэр өндөр төлбөрийг улсаас даах ёстой юм. Олон улсад ингэж л нарийн мэргэжилтнүүдээ бэлтгэдэг. Улс эх орон оршин тогтнохын бас нэг үндэс бол чадвартай нарийн мэргэжилтнүүд юм. Үүнийг ойлгодог, мэддэг улсад бол тусгай системээр зохицуулаад явдаг.