18, 20 настай залуус зүрхний хэм нь алдагдан, даралт нь 180-200 хүрч, элэг нь задарч, үргүйдэлтэй болж буй тохиолдол эрс нэмэгдэж байгаа тухай мэргэжлийн эмч нарын бодит кэйсүүдийг өмнөх нийтлэлдээ дурдсан. Тэгвэл энэ удаад үүний гол шалтгаан болох тестостерон бэлдмэлийн хэрэглээ, түүний бүтэц найрлага, хор нөлөө, Монгол дахь хууль эрх зүйн орчны талаар сурвалжлан хүргэж байна. Гуравдугаар зэрэглэлийн хориотой бэлдмэлийг монгол залуус хэрэглэж байна
Анаболик стеройд нь синтетик аргаар буюу лабораторид гаргаж авсан эр бэлгийн даавар “тестостерон” аж. Уг дааврыг нийлэг аргаар гаргаж авахдаа андрогены үйлчилгээг бууруулж, анаболитик идэвхийг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэдэг. Энэхүү дааврын нэмэлт бүтээгдэхүүнийг АНУ-ын Хууль зүйн яамны харьяа Мансууруулах бодистой тэмцэх газраас “Гуравдугаар зэрэглэл”-ийн хориотой бодисын жагсаалтад оруулсан байдаг байна. Эмнэлгийн заалтаар буюу эмчийн жороор л биш бол уг дааврыг хэрэглэх нь “хууль бус” байдаг байна. Монголд БНХАУ-аас хууль бусаар импортлон оруулж ирж буй уг дааврыг сүүлийн үед бодибилдинг, фитнессээр хичээллэгчид, тамирчид, өсвөр үеийнхэн болон залуус ихээр хэрэглэх болжээ. Энэхүү дааврын бэлдмэл нь булчингийн массыг нэмэгдүүлэх, өөх шатаах процессыг хурдасгадаг учраас залуус богино хугацаанд булчинлаг сайхан биетэй болох зорилгоор хэрэглэдэг байна. Сөрөг үр дагаврууд нь удаан хугацааны дараа илэрдэг бөгөөд элэг, бөөр, түрүү булчирхайн хорт хавдар үүсгэх, үргүйдэлд хүргэх гол эрсдэлт хүчин зүйл болдог байна.
Цахим эмч: Булчинтай болох гэж тестостерон бэлдмэл хэрэглээд нас барсан, биеийн бүх эрдэсээ алдаж, яаралтай хагалгаанд орсон тохиолдол байна
Тестостероныг уураг, өөх шатаагч, судас тэлэгч, хүний бие дэх усыг хөөж, шээс гадагшлуулах бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэж, эрүүл мэндээрээ хохирсон, яаралтай мэс засал хийлгэсэн тохиолдол ч гарсан тухай Цахим эмч Б.Баярбямба:
“Тестостерон бэлдмэл хэрэглээд биеийн бүх эрдэсээ алдаж, булчин нь зангирч яаралтай тусламжаар Улсын гуравдугаар эмнэлэгт хүргэгдэн, гүний булчин өөлж авах хагалгаанд орсон бодибилдингийн тамирчинтай уулзаж байсан. Тэр тамирчин 4-5 жил фитнессээр хичээллэсэн бөгөөд хамгийн сүүлд бодибилдингийн тэмцээнд орсон байгаа юм. Тэгээд тэмцээн дуусаад хоёр хоногийн дараа гэнэт бүх булчин нь зангирч мод шиг болоод тэсэхийн аргагүй өвдөж, эрдэсүүдээ алдаж эхэлсэн байна. Өөрийнх нь хэлж буйгаар тэмцээний өмнө шээс хөөх эмийг тестостерон бэлдмэлтэй хамт хэрэглэж байсан байна. Анаболик стеройдын гаж нөлөөлөл хүний бие дэх эрдэс, усуудыг гадагшлуулдаг. Гэтэл дээрээс нь шээс хөөх үйчилгээтэй эм нэмээд уучихаар биеийн бүх шингэнийг хөөж гаргаад, булчин нь агшиж чадахаа больсон байна. Тэр эмэгтэйтэй хагалгааных нь дараа уулзаад ярилцаж байхад “тамирчид тестостерон бэлдмэлийг далд байдлаар маш их хэрэглэдэг. Тестостерон бэлдмэл хэрэглэж байгаад Дарханы нэг залуу нас барсан тохиолдол ч бий. Фитнессийн багш, дасгалжуулагчид дам байдлаар гаднаас оруулж ирдэг. Нэг тундаршил нь 500 мянган төгрөгийн үнэтэй байдаг тухай ярьж байсан. Уг нь “тестостерон бэлдмэлийг 50-иас дээш насны бэлгийн сулралтай хүмүүст эмчийн жороор олгох ёстой юм. Гэтэл Монголд хууль бусаар оруулж ирээд бизнес болгочихсон. Мэргэжлийн эмчийн хяналт, зөвлөгөөгүйгээр залуус хэрэглэж байгаа нь маш том аюулыг дагуулж байна” гэж ярилаа
Б.Санчир: Тестостерон бэлдмэл архинаас 5-6 дахин илүү элгийг гэмтээдэг
Ингээд тестостерон бэлдмэлийн бүтэц найрлага, сөрөг нөлөөллийн талаар Хүний их эмч, Бодибилдинг, фитнессийн багш, дасгалжуулагч Б.Санчиртай ярилцлаа.
-Тестостерон даавар гэж юу вэ?
-Эр хүн байгалиасаа ханхар цээж, булчин шөрмөс, хүчирхэг зүрх, хурц ухаанаас гадна үхэн үхтэлээ үр удмаа үлдээх чадамжаар хангагдсан байдаг. Гэтэл орчин үед 30 гараад л эрт хөгшрөөд, гүзээ сууж, булчин сулбайж, бэлгийн сулралд ороод байгаа. Үүний гол шалтгааныг анагаах ухаан эрчүүдийн гурван дуртай зүйл буюу машин, буйдан, шар айрагнаас илүүлтэй тестостерон даавар гэж үздэг. Тодруулбал тестостерон дааврын дутмагшил бол эр хүний жинхэнэ гол санаа зовж анхаарч байх ёстой зүйлсийн нэг юм.
Эр хүний хувьд бие махбодийг зохицуулж байдаг ганц гол даавар бий тэр нь тестостерон. Уг даавар төмсөгөнд боловсорч эр бэлгийн хоёрдагч шинжийг тодорхойлж эр хүний бэлгийн үйл ажиллагаг зохицуулдаг. Хурд хүч ,дайчин чанар ,тэсвэр тэвчээр , хүчирхэг хүйсний гол шинжүүд энэ даавартай холбоотой. Химийн бүтцийн хувьд анаболик стеройд тул булчингийн масс нэмж, өөх хайлуулахад оролцдог.
Тестостерон даавар ургийн хөгжлийн 7 хоногоос ялгарч эхэлдэг бөгөөд энэ үеэс хүйсний ялгарал явж эхэлдэг. Эхлээд эмэгтэй төрхөөр хөгжиж байснаа Т дааврын нөлөөгөөр ХУ хромосомтой ураг эрэгтэй төрхтэй болон цаашид хөгжинө. Эхэсээс гонадотропин даавар ялгарч төмсөг бөөрний дээд булчирхайнаас тестостерон ялгарах процессын эхлэл тавигдана. Эхийн хэвлийд байгаа ураг 4 сартайгаас Т дааврын хэмжээ нас биенд хүрсэн хүнийхтэй адил хэмжээнд хүрдэг.
Хүүхэд төрсөнөөс 3 сарын дараа тестостероны хэмжээ буурч өсвөр насанд бэлгийн бойжлын үед дахин ихэсдэг. Өсвөр насны хүүхдүүд гэнэт өсөж булчинлаг болж дуу хоолой нь бүдүүрч зан авир өөрчлөгддөг нь энэ насанд тестостерон даавар их хэмжээгээр ялгарч эхэлдэгтэй холбоотой. 25-30 насанд тестостероны хэмжээ хамгийн их тунгаар ялгарч байдаг. Цаашид жилд 1-2 хувь тестостерон дааврын хэмжээ буурч байгаад 80 насанд 25 насныхаа үетэй харьцуулахад 40 хувь буурчихдаг. Артерийн даралт ихдэх, чихрийн шижин, зүрхний шигдээс мөн эм удаан хугацаагаар хэрэглэх зэрэг нь тестостерон дааврын хэмжээг огцом бууруулж өгдөг. Эр бэлгийн дааврын хэмжээ буурахаар эр хүний биед гарах өөрчлөлтийг эрчүүдийн цэвэршилт гэж нэрлэдэг, Гэхдээ эр хүний цэвэршилт нь эмэгтэй хүнийхтэй адилгүй. Нас ахихын хэрээр эмэгтэй хүн шиг нөхөн үржихүйн чадамж нь алдагдахгүй харин бэлгийн дур буурч, хөвчрөлийн хямрал үүсэн бэлгийн сулралтай болдог энэ нь улмаар сэтгэл гутрал архаг ядаргааны шалтгаан болж өөртөө итгэх итгэл буурна. Эрчүүдийн хувьд чихрийн шижин , артерийн даралт ихсэх өвчин , зүрх судасны өвчин , таргалалт, нойргүйдэл, невроз эсвэл депресс, архинд донтох , ямар нэг эмийг маш удаан хэрэглэхээр эмч бичиж өгсөн үед заавал эрэгтэйчүүдийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Пиво, архи тестосторон дааврыг дарангуйлж өгч байдаг. Ингэснээр хүн таргалж эхэлдэг. Тарган хүмүүсийн хувьд тестосторон даавар буурсан байдаг.
Хэтэрхий эрт эсвэл хэтэрхий хурдацтайгаар тестостерон буурвал эрт хөгширч эхэлдэг. Ихэнх эмч нар энэ байдалд анхаарал хандуулаад байдаггүй, өвчтөнгүүд ч мөн адил архаг хууч өвчин, эмийн хэрэглээнээс болж ийм байдалд хүрсэнээ тэр бүр ойлгодоггүй.
-Тестостерон даавар хүний биед өөрөө нийлэгждэг. Гаднаас тарилга, бэлдмэл маягаар нэмэлтээр хэрэглэж байгаа нь сөрөг нөлөөллийг үзүүлдэг гэж ойлгож болох уу?
-Сүүлийн үед спортоор хичээллэж буй залуусын дунд тестостероны хууль бус зохисгүй хэрэглээ ихэссэн. Дааврын (тестостерон) хувьд хүний биед өөрөө нийлэгждэг болохоор гаднаас их хэмжээгээр авах буюу тарьж хэрэглэх нь бие организмд маш ноцтой эмгэгүүдийг учруулах нь ойлгомжтой. Товчхондоо бол төмсгөнд ялгарч буй дааврыг тарилга хэлбэрээр авах нь тухайн дааврыг дахин төмсгөнд үйлдвэрлэх нөхцлийг үгүй хийж байгаа юм. Ингэснээр төмсөг жижгэрэх, хатингарших мөн цаашлаад үргүйдэлд хүрэх аюултай.
Манай улс шиг хүн ам цөөтэй нөхцөлд энэ нь нэг талаараа үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хор уршигтай байгаа юм. Хурдан хугацаанд жингээ хасах, булчинтай болох эсвэл хэн нэгэн найз нөхрийн ятгалгаар тестостерон дааврыг сонирхож хэрэглэж үзэх хандлага ихээр ажиглагдах болсон. Сошиал орчинд эмх замбраагүй худалдаалж байна. Энэ төрлийн бүтээгдэхүүн дээр ямар нэг хууль зүйн орчин байхгүй. Ингэснээр дамлаж худалдаалах нөхцлийг улам өөгшүүлэх хандлагатай байгаа юм. Гол нь зайлшгүй хүнд үеийн эмчилгээнд хэрэглэдэг дааврын төрлийн бүтээгдэхүүнийг мэргэжлийн эмчийн хяналт зөвөлгөөгүй хэрэглэх нь маш том эрсдэл болон аюулыг дагуулж байгаа юм.
-Тестостерон бэлдмэлийг хэрэглэснээр үргүйдэлд хүргэхээс гадна ямар сөрөг нөлөөллийг бий болгодог вэ?
-Шодойн өглөөний хөвчрөл алга болох, бэлгийн дур сонирхол буурах, зан ааш өөрчлөгдөх, шалтгаангүй ядрах, бухимдах, ясны сийрэгжилт явагдаж байнга нуруугаар өвдөх, нойронд муудах, анхаарал сулрах, булчингийн хүч буурах, хэвлийгээр таргалах, үс сахлын ургалт удаашрах шинж тэмдэг илэрнэ. Японы эрдэмтэн нэг хийсэн судалгаа байсан. Хүнийг уурлах үед судалгаа хийсэн чинь тестостороны хэмжээ нэмэгдсэн байдаг. Гаднаас нэмээд авч байгаа үед илүү их уурлах, стрессттэх шинж тэмдгүүд өртөмтгий болчихдог. Тестостерон бэлдмэл хэрэглээд зан төлөвт нь өөрчлөлт орсон, эмгэгтэй болсон, төмсөгний хэмжээ нь жижгэрсэн гэх зэрэг олон залуу надаас зөвлөгөө авахаар ирдэг.
Түүнээс гадна элгийг гэмтээнэ, бөөрөнд асуудал үүсгэнэ. Архи уусны дараах элэгний эсийн задрал тестостерон хэрэглэсний дараах элэгний эсийн задрал 5-6 дахин илүү өндөр байдаг. Архинаас илүү элгийг гэмтээдэг гэсэн үг.
Тестостерон бэлдмэлийг хэрэглээд гоё сайхан булчинтай болж, бусдын нүдэнд сайхан харагдаж болох ч нөгөө талдаа дотор эрхтнийг гэмтээж, эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж байгааг мэдэхгүй байна. Саяхан л гэхэд нэг залуу надаас “тестостерон тарилга өөх хурдан хайлуулдаг гэж байна, яаж хэрэглэх вэ” найзтайгаа гурван сарын хугацаатай жингээ хасах бооцоо тавьчихсан юм гэж асууж байсан.
М.Сарангуа: Охид, залуус тестостероныг замбараагүй хэрэглэж байгаа нь эмгэнэл
Тестостерон бэлдмэл уураг, судас тэлэгч, амин хүчлээс юугаараа ялгаатай талаар Фитнессийн багш М.Сарангуатай ярилцлаа.
-Уургийн талаар хүмүүсийн дунд явган яриа их байдаг. Шинжлэх ухааны үндэслэлтэй ойлголт өгнө үү?
-Хүний бие махбодид эрүүл амьдрах хэрэгцээ гэж байдаг. Бид энэхүү хэрэгцээг хангахын тулд хооллодог. Хоол хүнсээр дамжуулан үндсэн таван шим тэжээлийн бодисыг авч байдаг. Түүний нэг нь уураг /protein/ юм. Уургийг хүн өдөр тутам хоол унднаасаа нөхөн авч байх ёстой байдаг. Яагаад гэвэл уураг нь хүний бие махбодийн эрүүл оршихуйн үндэс бөгөөд эрүүл мэнд, өсөлт хөгжил, бие организмын хэвийн үйл ажиллагааг хангах гол шим тэжээл-түлш нь юм.
-Хүний биед уургийн нөлөөллийг дурдвал?
-Уураггүйгээр хүний биеийн өсөлт хөгжилт, эрхтэн эд эсийн нөхөн төлжилт ба илчлэг үйлдвэрлэлийн аль аль нь явагдах боломжгүй юм.Хүний биеийн бүх эрхтэн систем, тархи, зүрх, элэг, бөөр, нүд, арьс үс, дотоод эрхтэн... мэдээж булчин шөрмөс холбоос эд гээд хүний биеийн бүх хэсэг эсээс тогтдог. Эс нь дотроо маш олон эрхтэнтэй бөгөөд хромсом гэж чухал зүйл байдаг. Хромсом бол бидний генийн мэдээлэл юм. Хромсом болгон өөрийн гэсэн утаслаг гинжин хэлхээ бүтэцтэй. Тэдгээрийн химийн бүтэц шинж чанар нь тэр чигтээ уураг байдаг. Тиймээс уураггүй хоолловол эсийн уураг дутагдаж эсүүд өөр өөрсдийгөө хуваан нөхөн үржиж чадахгүйд хүрдэг. Цаашид удмын мэдээллийг хадгалах чадвар үгүй болж хүний бодисын солилцоо зогсоход ч хүрэх аюултай. Мөн дархлааны систем уургаар тэжээгддэг. Элэгний хэвийн үйл ажиллагааны үр дүнд олон төрлийн дархлааны даавар үүсэн бий болж байдаг. Уураг дутагдахад дархлаа муудаж бие сульдах, ядрах, турах, өвдөх зэрэг үйл явц хурдасдаг.
-Уургийг ямар хоол хүнснээс авах боломжтой вэ?
-Уургийг амьтны гаралтай, ургамлын гаралтай гэж хоёр ангилдаг. Амьтны гаралтай уургийг амьтаны мах, загас, өндөг сүү болон сүүн бүтээгдэхүүн зэргээс авах боломжтой. Амьтны гаралтай уурагт үл орлуулагдах есөн төрлийн амин хүчил болон нийт 20 төрлийн амин хүчил бүгд агуулагдсан байдаг учир ТӨГС УУРАГ гэж нэрлэдэг. Үл орлуулагдах 9 амин хүчил нь хүний биед үүсэж бий болдоггүй бөгөөд зөвхөн амьтны гаралтай уураглаг болон өөх тостой хоол ундыг ямар хэмжээтэй ямар давтамжтайгаар идэж ууснаас хамааран бие махбодид тодорхой хэмжээгээр нийлэгжих боломжтой байдаг.
Харин ургамлын гаралтай уургийг төрөл бүрийн самар, буурцаг, шош, вандуй, арвай... мөн мөөг, бууцай, брокли... гэх мэтийн төрөл бүрийн хүнсний ногооноос авдаг. Орлуулагдах 11 төрлийн амин хүчлийг агуулдаг ба үл орлуулагдах амин хүчил дутуу байдаг учраас ТӨГС БУС УУРАГ гэж нэрлэдэг.
-Уургийн бэлдмэл гэж юу вэ?
-Тухайн эх сурвалж болох шар сүү, өндөг, буурцаг... гэх мэт хүнснээс зөвхөн уургийг нь ялган авч шингэн зүйлд найруулан уухад бэлэн болгосон, нунтаг хэлбэрт оруулсан хувилбарыг хэлнэ. Дэлхийд Уургийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжөөд даруй хагас зуун өнгөрчээ. Зах зээлд олон жилийн турш нийлүүлэлт хийснээс шалгараад хүлээн зөвшөөрөгдсөн хэд хэдэн брэнд компаниуд үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна.
Бидний мэдэх шар сүүний уураг /whey protein/-ийг гаргаж авахдаа фермийн үнээний сүүг гашилгаж шар сүүг нь өндөр температурт ууршуулан гаргаж авдаг байна.
Тиймээс хэмжээг тохируулан нэмэлтээр хэрэглэхэд, хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй бөгөөд тослогоос нь салгасан+шингэц сайтай байдаг давуу талтай. Уургийн төрөл нь бүтэц болон шимэгдэх хугацаанаас нь хамаараад;
-Хурдан шингэдэг уураг /100% цэвэр шар сүүний уураг/
-Нийлмэл уураг /нүүрс ус+уураг/
-Удаан шимэгддэг казеин уураг
-Шар буурцагны уураг... гэж байдаг.
Тэдгээр уурагны амт нь шоколад, банан, гүзээлзгэнэ, ванил... гээд янз бүр байх бөгөөд өөрийнхөө дуртай амталгаагаар сонгож болно. Мөн ус, жүүс, сүүнд найруулж ууж болно. Гэхдээ хичээллэх зорилгодоо нийцүүлэх нь зүйтэй. Хэрэв илүүдэл жин хаях гэж байгаа хүн бол аль болох илчлэг бага, тослоггүйгээр уувал сайн. Уургийг найруулахдаа нэг удаад дээд хэмжээ нь 30 гр байхаар тооцоход зохистой.
-Уургийг зохистой хэмжээнд хэрхэн хэрэглэх ёстой байдаг вэ?
-Аливаа хүн өөрийнхөө амьдралын хэмнэлийг аль болох өөрийн эрүүл мэндэд ээлтэйгээр удирдан, шинжлэх ухааны ололт амжилтыг ашиглан зөв зохион байгуулж чадсанаар эрүүл саруул, гоо сайхныг мэдэрч амьдрах боломж ихсэж байна. Тэгэхээр тухайн хүний бие махбодийн уургийн үндсэн хэрэгцээ болон тухайн өдрийн амьдралын хэмнэл хэрхэн өрнөж байгаагааас хамаарч хоол хүнснээсээ авах шаардлагатай уургийн хэмжээг тооцоолон гаргаж болдог болсон.
Хөдөлгөөний идэвхтэй амьдардаг болон дасгал хийж байгаа хүн нэг өдрийн хоол хүнснээсээ, биеийн жингийн кг тутамд 1-3 гр орчим уураг авах шаардлагатай байдаг. Харин амьдралын идэвх багатай хүн өдөрт 1 гр орчим уураг авч байхад хангалттай.
Тухайлбал, амьдралын идэвх багатай амьдардаг 70кг жинтэй хүний нэг өдрийн уургийн хэрэгцээг тооцоолж үзье. Амьдралын идэвх багатай хүн нэг өдрийн уургийн хэрэгцээ биеийн жингийн кг тутамд өдөрт 1 гр орчим уураг авна гэж тооцно. Тэгэхээр амьдралын идэвх багатай 70 кг биеийн жинтэй хүний нэг өдрийн уургийн хэрэгцээ нь 70 кг х 1 гр=70 гр байх бөгөөд
Өглөөнөөс авахуулаад орой хүртэл 70 гр уургийг хоол хүнснээс авах шаардлагатай гэсэн үг. Тухайн хүн тогтмол 06.00 цагт сэрдэг бол 06.30 цагаас эхлэн 3 цаг дутамд, өдөрт 4-5 удаа хооллохдоо, нэг удаагийн хоолонд 14-17,5 гр орчим уураг агуулсан хоол иднэ гэсэн үг юм. Хөдөлгөөний идэвхтэй амьдардаг, спортоор хичээллэдэг, илүүдэл жингээ хасаж байгаа 70 кг жинтэй хүн \70 кг х 2 гр=140\ гр уураг хэрэглэх шаардлагатай.
70 кг жинтэй хөдөлгөөний маш их идэвхтэй гүйлтийн, дугуйн... спортын тамирчид, мөн бодибилдингийн болон хүчний спортын тамирчин 2,5-3 гр хүртэлх уураг агуулсан хоол хүнс хэрэглэж болно.
Мэдээж уурагийг уураг агуулсан хоол хүнснээс авна. Жишээлбэл, 100 грамм үхрийн мах 25 грамм орчим уураг агуулдаг гээд бодоход нэг удаагийн хооллолтоор 100-150гр махнаас уургаа авлаа гэхэд дараагийн хоолны цагаар 4-5 ширхэг өндөгний цагаанаас /1ш өндөгний цагаан 6 гр орчим уураг агуулдаг өөх тослоггүй, шингэц хурдан/, эсвэл тахианы мах 100 гр /100 гр тахианы мах 31 гр уураг агуулдаг/ гэх мэтчилэн аль болох ходоод гэдэсний хоол боловсруулах ачааллыг бодолцож хоолоо сонговол зүгээр байдаг.
Манай Монголын нөхцөлд завсар чөлөөгүй ажилладаг ажилчин хүн, мөн Дасгал сургуулилт хийж байгаа тамирчин... хүн өдөрт дөрөв таван удаа хооллоод гүйгээд байх / цаг, мөнгө /боломж бас хомс байдаг. Бас улаан махан хоолыг ходоод өдөржин боловсруулах гээд ачаалал ихтэй байдаг зэргийг тооцвол нэмэлтээр сайн чанарын нунтаг найруулж уух нь цаг мөнгө хэмнэхээс гадна, ходоодны ачааллыг хөнгөвчилж өгөх сайн талтай.
Уураг уугаад эрүүл болчихно гэж бодвол өрөөсгөл ойлголт юм
-Жингээ хасаж байгаа хүмүүс уураг хэрэглэх нь хэр тохиромжтой вэ?
-Хүмүүсийн дунд дараах төөрөгдлүүд байдаг. Зарим хүн хүчний дасгал хийхгүйгээр жингээ хасахаар шийдэж маш их кардио, аэробик, спининг, гүйх зэрэг дасгалыг хийж байхдаа уураг хэрэглэх шаардлагагүй гэж боддог. Гэтэл харин ч илүү их уураг шаардлагатай байдаг. Мах болон уураглаг хоол идэхгүй байснаар, уурагийн дутагдал болж турах биш харин маш их ядарч арьс үс хумс муудаж илүү их идэх дуршилтай болдог. Мөн уураг уучхаар л эрүүл болчихно гэж бодвол өрөөсгөл ойлголт юм. Эрүүл болох процессыг дэмжиж байгаа чухал дадал хэвшил гэж ойлгох нь зөв юм.
Зарим хүмүүс фитнессээр хичээллээд ядаргаанд орлоо гэдэг. Гэтэл энэ нь уураг-хоол унд, амралт, дасгалын ачааллаа тохируулж чадахгүй байгаатай холбоотой байдаг. Хэрэгцээгээ нөхөн фитнессэр хичээллэхийн гол зорилго бол нөхөн сэргэлтийг дэмжиж дархлааг сайжруулах, стресс тайлах, илүүдэл жинг аажмаар хаях, ажлын ачааллыг даах чадварыг нэмэгдүүлэх юм. Бүтэн өдөржин ачаалал ихтэй ажилласан ч ажрахгүй инээгээд гараад явдаг тийм хүчтэй байх болно. Аливаа асуудал, стрессийг хөнгөхөн даван туулах чадвартай болдог. Яагаад гэвэл булчин их байх тусам хүн бага ядардаг.
Тэгэхээр уураг нь зөвхөн хүчний дасгал хийж булчинг хөгжүүлж томруулахад хэрэгтэй гэсэн ойлголтыг халж аливаа хүн эрүүл саруул амьдрахын тулд бие махбодийн хэрэгцээг зохистой хэмжээнд хангаж тогтмол хэрэглэх ёстой гэдгийг ойлгох нь чухал байна.
Дараах төрлийн хүмүүст уургийн бэлдмэл хэрэглэхийг хориглоно
-Булчин уураг хоёр ямар хамааралтай байдаг вэ?
-Уураг нь хоол боловсруулах замаар ферментийн нөлөөгөөр аминхүчил болон цусанд шимэгдээд булчин болон бусад эд эсийг тэжээдэг. Уургийг ихэнхдээ булчингийн массыг нэмэгдүүлэх, өөхний хэмжээг багасгах, өөрийн хүссэн галбирлаг биеийг бүтээх, бие махбодийн эрүүл мэндийг дэмжих... гм зорилгоор хэрэглэдэг.
Хүний биеийн араг яс бол, тэнцвэр болон тулгуур хөдөлгөөнийг гүйцэтгэгч аппарат нь юм. Түүний гадна талаар үе холбоос булчингууд бэхэлсэнээр хүн хөдөлгөөн хийдэг, явдаг. Хүний хоол хүнснээс авах шаардлагатай байдаг уургийн дутагдал болон бие махбодийн булчингийн алдагдал хоёр ихсэх тусмаа хүн явж байгаад сөхөрч тээглэж унах, тамирдаж хэвтэрт орох, өвдөх... зэрэг олон эрсдэл үүснэ. Булчин бол хамгийн их уурагнаас тогтдог эрхтэн юм. Хүний биеийн илүүдэл өөх-таргалалтыг бодисын солилцоонд оруулдаг чухал эрхтэн бол булчин юм.
Булчин их сайн байна гэдэг нь дархлаа сайн байх бие эрүүл байх үндэс юм. Бие махбодийн үйл ажиллагаа нэгэнтэйгээ харилцан хамааралтай байдаг. Энэ хуулийн дагуу, биеийн эрүүл мэнд болоод өвчний эдгэрэлт нь булчингийн үйл ажиллагаа ямаршуухан байхаас ихээхэн шалтгаална.
-Нэмэлт нунтаг уургийн бүтээгдэхүүнийг заавал эмчийн заавраар хэрэглэх ёстой юу?
Тухайн уургийн найрлага болон зааврыг сайн судлах хэрэгтэй. Бөөрний архаг дутагдалтай, хавдартай,16 нас хүрээгүй, жирэмсэн эх элэг хатуурлын шинж тэмдэг илэрсэн, даралт ихтэй, чихрийн шижинтэй хүн хэрэглэхийг хориглоно. Тэдгээр зааврыг сайн уншиж танилцсаны үндсэн дээр зорилгоо тодорхойлон Шинжлэх ухааны үндэслэлтэй тун хэмжээг тооцож хэрэглэнэ.
Жингийн илүүдэлтэй, ямар ч дасгал сургуулилт хийлгүйгээр /хөдөлгөөний идэвхгүй амьдардаг хүн/ уураглаг хоол болон уургийн нэмэлтийг хэтрүүлсэн тунгаар идэж уугаад эхэлвэл үр дүн гэхээс илүү сөрөг үр дагавар гарах нь зайлшгүй. Мэргэжлийн хүмүүсийн хяналтанд зохистойгоор хэрэглэнэ.
-Уургийг устгадаг бодис, хоол хүнс гэж байдаг уу?
Манайхан уураг агуулсан мах өндөг... гм хоол идэх үедээ цай ихээр уудаг. Энэ нь уургийн хэрэгтэй бүтцийг эвддэг муу талтай. Ингэж их мах хэрэглэдэг мөртлөө цус багадалт өвчин их байна гэдэг нь бидний хэрэглээ буруу байгааг илтгэж байгаа хэрэг юм.
-Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өдөрт авах ёстой уургийн хэмжээ ялгаатай байдаг уу? Мөн эрэгтэй, эмэгтэй хүний биеийн онцлогт тохирсон уургийн бэлдмэл гэж ялгадаг уу?
-Эрэгтэй эмэгтэй хүний уураг гэж ялгадаггүй. Харин тухайн хичээллэгчийн биеийн жин болон хичээллэх зорилго зэргээс хамааран уурагийн хэмжээг тодорхойлж болдог. Тухайн уурагт агуулагдах орц, хэмжээ, жин хасах үед уудаг уураг, жин нэмэх үед уудаг уураг зэргээрээ ялгагддаг.
-Жин нэмж, хасахад хэрэглэдэг уургууд юугаараа ялгагддаг вэ?
Жин нэмэхэд хэрэглэдэг уураг нь нүүрс ус, өөх тос, чихрийн агууламж их байдаг. Харин илүүдэл өөх багасгах үед уудаг уураг нь чихэр, нүүрс усны агууламж багатай байх бөгөөд уурагийн агууламж өндөр хувийг эзэлсэн байдаг.
-Уургийг хэр удаан хэрэглэж болох вэ. Уургийг олон жилийн турш хэрэглээд байвал ямар нэг сөрөг үр дагавар гарах уу?
-Дэлхий нийтээр Уураг бол насан туршийн хэрэглээ юм гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Уургийн үйлдвэрлэл хүнсний зах зээлд төрөл бүрээр хөгжиж байна. Гагцхүү зөв зохистой хэмжээнд хэрэглэдэг мэдлэг хэрэгтэй байна.Өөрийн бие махбодийн хэрэгцээ болон амьдралын хэмнэлийг зөв тооцон зохистой хэмжээнд хэрэглэж дадах нь чухал.
Уургийн өдөр тутмын хэрэглээний талаар юу гэж бодвол зохистой вэ гэхээр хүмүүс өдөр тутмын амьдралдаа бие махбодид шаардлагатай нүүрс ус-илчлэгээ хангахаар дэлгүүрээс талх, шоколад аваад иддэгтэй дүйцэх хэлбэр нь юм гэж ойлгоход болно.
Дасгал сургуулилтын үечлэлд тохируулан хэрэглэнэ. Мэдээж ачаалал ихтэй бэлтгэлийн үеээр тунг тохируулна. Хүчний бэлтгэлийн үечлэл нь 3 сар орчим үргэлжилээд 10-15 хоног амардаг байхаар төлөвлөх нь уламжлал болсон арга юм. Амрах үедээ ачаалал ихтэй ажиллаж байсан ходоод гэдсээ ч гэсэн түр амрааж уургийн хэрэгцээг хоолноосоо авч байхыг хичээх нь зүйтэй байдаг. Энэ нь байгалийн жамаар хооллож бие болон сэтгэлээ амрааж буй хэлбэр юм.
Заримдаа уургийг найруулаад аваад явах тохиолдол гардаг. Найруулсан уургийг тасалгааны температурт 3-4 цаг, хөргөгчинд 5-6 цаг хадгалж болно. Хугацаа хэтэрвэл нян үржих таатай нөхцөл болдог гэдгийг анхаарахад илүүдэхгүй бизээ.
Нэмэлтээр уургийг үргэлж хэрэглэснээр биед дасал болдог уу, хэрэглэхгүй бол бие нь шаардаад байдаг болчихдог гэдэг?
-Тухайн хүнд өөрийнх нь эрүүл байх хэрэгцээн дээр + ямар зорилгоор хэрэглэх гэж байгаагаас хамаараад нэмэлт хэрэгцээ үүсэж байдаг гэдгийг дээр тодорхой дурдсан. Тухайн шаардлагатай уургийн хэрэгцээг хоол хүнснээс болон нэмэлтээр аль алинаас тохируулан авах боломжтой гэдгийг л мэддэг байх хэрэгтэй.
Монгол орон маань жилийн дөрвөн улиралтай билээ. Эрс тэрс тэсгим хүйтний уур амьсгалыг малын гаралтай хоол хүнснээс уурагаа сэлбэж байж ажрахгүй давдаг онцлогтой.
Манайхан л сайн мэддэгүй болохоос биш, дэлхийтэй харьцуулвал Монгол оронд маань хамгийн сайн шимт чанартай уургийн эх сурвалжууд байдаг. Бид бэлчээрийн малын ашиг шимээ зөв зохистой хэмжээнд ашиглаж сайн уурагаар хооллодог соёлоо улам боловсронгуй болгох нь нэн чухал байна. Цаашид өөрчлөлтөнд орохоос нь өмнө ойлгож, өөрсдийн бие махбодийн хүчтэй гениэ хадгалах боломжтой.
-Уургийн илүүдэл ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ. Элэг ходоодонд сөрөг нөлөөтэй гэдэг?
-Шинжлэх ухааны туршилтын баримтад дурдахдаа, бүлэг хүмүүсийн уургийн 1 өдрийн тунг кг жинд 3,4 гр хүртэл нэмэгдүүлэн туршилт хийж үзэхэд тухайн бүлэг хүмүүс булчингийн массаа илүү авч, өөхний хувийг бууруулжээ. Мөн гаж нөлөө илрээгүйг тэмдэглэсэн байна. Дэлхий дахинд уургийг зохистой хэмжээнд хоол хүнснээсээ болон нэмэлтээр байнгын хэрэглээгээ болгоод хэвшчихсэн байдаг.
Зарим хүмүүсийн хувьд уураг их байх тусмаа булчинд сайн гэж боддог. Гэтэл хүний бие уургийг 2-3 цаг тутамд 30 гр орчимыг боловсруулж шимэгдүүлэх чадвартай байдаг бөгөөд 30гр-аас дээш хэмжээгээр уувал элэг бөөр хоргүйжүүлэн шүүх үйл явц доголдож булчингийн шимэгдүүлэлт зогсонги байдалд ордог. Тэгэхээр уургийг хэзээ, хэдэн цагт, ямар хэмжээгээр хэрэглэх вэ гэдэг чухал байдаг.
Тэгэхээр энэ тухай сайтар судлаад уурагаа зөв сонгон, уургийн нунтгийг зохистой хэмжээнд хэрэглэхэд санаа зовних зүйлгүй болсон гэсэн үг.
Анзаарч байхад, манай орны хүмүүсийн дунд дээрх асуулттай холбоотойгоор уурагнаас боллоо гэж ам дамжин буруу цуурхал тараад байгаа том шалтгаан байна.
Энэ нь өөр өөр нэршилтэй тестостерон агуулсан тосон тарилганы тухай асуудал гэж бодож байна. Энэхүү гормон агуулсан тарилганы замбараагүй хэрэглээнээс үүдэлтэй сөрөг мэдээллүүд нь Хүмүүсийн уурагны талаарх бодлыг их өөрчилж байна. Уураг хүний биед муу гэсэн төөрөгдөлд оруулж байгаа байх гэж таамаглаж байна.
-Тестосторен бэлдмэл гэж юу вэ. Бүтэц найрлага нь ямар байдаг вэ?
Тестострон нь физиологийн идэвхит бодис бөгөөд хоногт 4мг үүнээс 3.5мг нь төмсөг 0.5 мг нь бөөрний дээд булчирхайгаас ялгардаг. Эр бэлгийн 2 дахь шинж сахал үс ургах, дуу хоолой бүдүүрэх, цээж мөр өргөсөх, булчинлаг болох, бэлэг эрхтэний бойжилт, сэтгэхүй, биеийн галбир төрх бүрэлдэхэд оролцдог.
Хүний биеийн физиологийн номд тухайн хүний бие махбодид боловсорч байгаа тестостерон төрлийн гормоны үйлчлэлээр; уураг бүрэлдэж тогтох явцыг тохируулж, жин нэмэгдүүлэх, булчин ба ясны системийн хөгжлийг ихэсгэх, өөх хуримтлахыг багасгах, үндсэн солилцоог идэвхжүүлэх үйлчилгээтэй. Мөн цээжний хэнхэрцгийг томруулдаг ба үүнтэй холбоотойгоор уушгины амьдралын багтаамж нэмэгддэг гэж тэмдэглэсэн байдаг. Тэрхүү үйлчилэлийг нь ашиглах зорилгоор хэрэглэдэг гэж бодож байна.
Төв мэдрэлийн системд нөлөөлснөөр сэтгэхүй өөрчлөгдөх, эр бэлгийн эсийн хөдөлгөөнт идэвхит чанар хэсэг хугацаанд удаан хадгалагдахад тусалдаг... гэсэн байдаг.
-Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл юу байдаг вэ?
-Тестостроныг гаднаас бэлэн хэлбэрээр тун хэтрүүлж мөн удаан хэрэглэснээр эрчүүдэд; бие махбодид тестостерон гормон бүрэлдэх өөрийнх нь чадвар дарангуйлагдаж бэлгийн сулрал болон хөх ургах батгаших, зарим үед үс халцрах... шинжүүд илэрнэ. Эмэгтэйчүүдэд; дуу хоолой нь бүдүүрэх, хөх хатангиршах, хэлүү нь эрэгтэй хүний шодойрхуу болж ургах, нүүр биеээр батгаших, сахал ургах, эрүү хамар нүүрний хэлбэр ясны системийн хөгжил өөрчлөгдөх шинжүүд илэрнэ.Дээрх сөрөг шинж тэмдэгүүд нь аль аль хүйсний хүмүүст нөхөн үржихүй талаасаа хор хохиролтой юм. Мөн судалгаагаар зан харилцаанд өөрчлөлт орж хянах чадвараа алдах, мөн нийгэмд биеээ зохистой хэмжээнд авч явах тал дээр, ёс суртахууны доголдол илэрч байсныг тогтоосон байдаг. Ялангуяа залуус, охид замбараагүй хэрэглэж байгаа нь эмгэнэл юм.