Open iToim app
Нийтэлсэн 2018 оны 7 сарын 17
Румын улсад болсон Олон Улсын Математикийн 59-р олимпиадаас Монголын багийн сурагчид анх удаа бүгдээрээ медаль хүртэж түүхэн амжилтыг бүтээгээд байгаа билээ.  
Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон зургаан сурагчийн нэг, мөнгө медаль хүртсэн, Олонлог сургуулийн сурагч М.Лханаажавтай ярилцлаа.  Тэрээр Улс болон нийслэлийн математикийн олимпиадын аварга сурагч ажээ.

110 орны 594 хүүхэд нэг том зааланд бүгд сууж байгаад тоо бодсон

-Сайн уу. Олон улсын математикийн олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцож мөнгөн медаль хүртсэнд нь баяр хүргэе. Нийт хэчнээн орны хэдэн хүүхэдтэй өрсөлдөж мөнгөн медаль хүртсэн бэ. Бодлогууд нь хэр хүнд бай­в?   
-110 гаруй орны 594 хүүхэд оролцсон. Олон улсын олимпиадад насны ангилал гэж байдаггүй болохоор олимпиадад оролцохоор очсон хүүхдүүд бүгд ижилхэн бодлого бодож, өрсөлддөг. Мэдээж улс болгоны шилмэл хүүхдүүд оролцсон нь тодорхой. Математик сонирхож буй хүүх­дүүдийн ганц мөрөөдөл энэ олим­пиад юм. 594 хүүхэд нэг том зааланд бүгд сууж байгаад тоо бодсон.
Монгол Улсыг төлөөлөн очсон математикийн багийн тамирчдын хувьд энэ удаад анх удаа зургуулаа медаль хүртэж, багаараа 28-д жагссан. Өнгөрсөн жил бид багийн амжилтаараа 48-д жагсаж байсан бол энэ жил багийн амжилтаа хоёр дахин нэмж чадсан.
Миний хувьд 28 оноо авч мөнгөн медаль хүртсэн. Алтан медаль хүртсэн хүүхдийн оноо хамгийн бага нь 31 оноо байсан. Алтан медалийн болзлоос гуравхан оноо дутсан.
Хоёр өдөр дөрвөн цаг 30 минутаар гурван бодлого боддог. Нийт зургаан бодлого бодох ёстой гэсэн үг. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жилийн олимпиадын бодлого арай илүү хөнгөн байсан.  Өнгөрсөн жил бодлогууд нь нэлээд хүнд байсан болохоор 25 оноо авсан хүүхэд алтан медаль хүртэж байсан.
-Зургаан бодлогоосоо хэ­дийг нь бодов. Бүгдийг нь бодсон хүүхэд байв уу?
-Миний хувьд дөрвөн бодлого бодсон. Хоёр хүүхэд л бүх бодлогоо зөв бодсон байсан. Миний санаж байгаагаар нэг нь Хятад хүүхэд байсан.
-Бусад орны хүүхдүүдтэй өрсөлдөж байхад тэдyээс юугаараа давуу болон сул талтай байдаг вэ. Ажигласан зүйл бий юу?   
-Гаднын тамирчдын хувьд олимпиадын сурагчдаа бүр эртнээс бодлоготойгоор бэлтгэдэг юм билээ. Долоон сард болох олимпиадад гэхэд өмнөх оны есдүгээр сараас бэлтгэж эхэлдэг гэсэн. Тэгээд  тамирчдаа бэлтгэхдээ зусланд аваачиж тусгайлан бэлтгэж, гаднын томоохон олимпиадад оруулж, бэлтгэл нь хэр хангагдаж байгааг шалгаж, сорьдог тухайн Казахстаны нэг хүүхэд ярьж байсан.  

Дуртай зүйлээ хийж байгаа хүнээс хичээл зүтгэл, хөдөлмөр аяндаа гардаг

undefined
-Олимпиадын бэлтгэлийн үеэр өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг байсан бэ. Өдөржингөө тоо бодохоор залхах, төвөгшөөх үе гарах уу?
-Олимпиадын бэлтгэлийн үеэр өглөөний 8.30-аас оройн 18.00 цаг хүртэл өдөрт 8 орчим цаг бэлтгэл хийдэг байсан.  Хэцүү бодлогыг оролдсоор байгаад хариуг нь гаргах үед маш том урам зориг авдаг. Харин чадахгүй байх үед шар хөдлөөд байдаг.  Тэглээ гээд хариуг нь гаргахгүй бол сэтгэл амардаггүй. Бас бууж өгдөггүй.  Дуртай зүйлээ хийж байгаа хүнээс хичээл зүтгэл, хөдөлмөр аяндаа гардаг.   
-Одоо чиний хувьд хүссэн сургуульдаа суралцах эрх нээлт­тэй юү. Гаднын то­моо­хон сургуулиудад элсэлтгүй орох боломж бий юу?  
-Математикийн олон улсын олимпиадын алтан медаль гэдэг нь давуу тал болж байгаа юм. Адилхан хүсэлт гаргасан хүмүүсээс нэг шат ахиу гэсэн үг. Түүнээс биш гаднын сургуулиудаас хүсэлт ирэхгүй. БНХАУ зэрэг орнуудад олон улсын олимпиадаас медаль хүртсэн бол их сургуулиудад үнэ төлбөргүй сурах боломжтой байдаг юм билээ. Манайд МУИС-д математикийн чиглэлээр элсэлт өгөхгүйгээр суралцах, нэг жилийн төлбөр төлөхгүй гэх зэрэг урамшуулалтай байдаг.   
-Чиний хувьд энэ хавар ерөнхий боловсролын сургуулиа төгссөн юм байна. Аль сургуульд элссэн бэ. Монголдоо суралцах уу, гадаадад уу?
-АНУ-ын нэг коллежид суралцах өргөдлөө өгсөн байгаа. Ирэх намраас АНУ-руу явж IT инженерээр суралцах төлөвлөгөөтэй байгаа.
-Хүний сурч, мэдэх эрмэлзэл бүр бага насанд төлөвшдөг гэдэг. Хэзээнээс, яагаад математикаар хичээллэхээр болсон бэ?
-Манай ээж Олонлог сургуулийн бага ангийн математикийн багш. Намайг нэгдүгээр ангид ороход манай ангийн багш манай ээж байсан. Тэгээд надад математик зааж өгч, миний суурийг тавьсан. Манай ангид тоо сайн боддог, мундаг хүүхдүүд олон байсан болохоор биднийг хооронд нь оноогоор их өрсөлдүүлдэг байсан. Тэр нь математикт дуртай болоход их нөлөөлсөн юм болов уу гэж боддог. Хүрээлэл сайн байх юм бол хүн тэр хэрээр хөгждөг юм шиг санагддаг.  Тийм мундаг хамт олонтой найзуудтай байхын хэрээр би их хөгжсөн, олон зүйлийг тэднээсээ сурсан. 
Миний хувьд нэг, хоёрдугаар ангид байхаасаа л олимпиадад орж эхэлсэн. Эхэндээ бол медаль авах нь сайхан санагддаг байсан. Сүүлдээ олон улсад илүү том тэмцээнд өөрийгөө сорино, өрсөлдөнө гэж бодож, өөрийгөө бэлтгэдэг болсон. Хөдөлмөрлөж, хөлс хүчээ гаргаад түүнийхээ үр шимийг хүртэнэ гэдэг маш сайхан мэдрэмж болж хувирсан.   
undefined
-Тоо бодоход хүн бүрийн арга барил өөр, өөр байдаг. Хэцүү бодлогыг ямар арга барилаар боддог вэ?
-Гуравдугаар ангид байхдаа өглөө орноосоо сэрээд ээждээ “дараалсан гурван тооны нийлбэр нээрээ гуравт хуваагддаг юм байна” гээд зүүдэндээ бодчихсон тухайгаа хэлсэн гэдэг. Хэцүү бодлогын хариуг зүүдэндээ хүртэл боддог.  
Ямар бодлогоос шалтгаалаад бодох арга барил өөр өөр байдаг. Тооны онол талдаа бодлого байвал бичиж бодно, сэтгэх талдаа байвал бичихгүй, төсөөлж сэтгэнэ. Геометр бол зургийг нь зурна гэх зэргээр.   Миний хувьд олимпиадын үеэр хэцүү бодлогыг бодохдоо аль болох цаг хэмнэх гэж их хичээдэг. Чадахгүй зүйлдээ хэт их цаг алдаж болохгүй гэдэг зарчмыг баримталдаг.     
-Үеийнхээ найзууд болон багш нартаа хандаад юу гэж хэлэх вэ? 
-Манай багш нар олимпиадад ороход медаль аваарай гэж хэлдэггүй. Харин бүх бодлогыг бодох гэж хичээж, оролдож үзээрэй. Дараа нь ямар нэг харамсал төрөхгүйгээр өөрөөсөө гарах бүх хүчээ дайчлаарай гэж хэлдэг. Энэ дашрамд Олонлог сургуулийнхаа багш нарт мөн онцгойлоод Уранчимэг багшдаа баярлалаа гэж хэлмээр байна.
Багш маань өнгөрсөн жил намайг хотын олимпиадад түрүүлээд гарч ирэхэд “Одоо чамд аваагүй хоёр медаль үлдэж байна даа гэж хэлсэн. Тэр нь Улсын математикийн олимпиадын алт, мөн олон улсын медаль байсан. Тэгээд би өөртөө энэ хоёр медалийг энэ жил заавал авна даа гэсэн зорилго тавьсан. Тэгээд эцэст нь зорилгодоо хүрсэн. Тиймд залуустаа хандаад зорилгоосоо битгий няцаж, буцаарай гэж хэлмээр байна. Олон улсын олимпиадаас медаль хүртэх нь миний багын мөрөөдөл байсан. Би үүний төлөө тасралтгүй 12 жил хөдөлмөрлөж, хичээл зүтгэл гаргаж, өөрийгөө бэлтгэсэн. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн