Open iToim app
Боловсрол | 5 мин уншина

Б.Баяржаргал: Хүүхэд бүр математикч биш, харин зөв хүн л болох ёстой

Б.Баяржаргал: Хүүхэд бүр математикч биш, харин зөв хүн л болох ёстой
Нийтэлсэн 2018 оны 4 сарын 13
Улсын математикийн олимпиадын таван удаагийн аварга, хоёр удаагийн мөнгөн медальт Б.Баяржаргал багштай ярилцлаа. Түүнээс багш хүн ямар байх ёстой, хичээлээ хэрхэн заадаг арга барилын талаар сонирхсон юм.     
Б.Баяржаргал багшийн гэр бүлийн хүн мөн тус сургуульд математикийн багшаар ажилладаг, Нийслэлийн математикийн олимпиадын аварга Шаравын Уранчимэг.  Том хүү нь улсын математикийн олимпиадын мөнгө хүрэл медальтай математикч гэр бүл ажээ.   
Б.Баяржарга багш “Миний хувьд математикийн багшаар ажиллаад 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд өөрийн сонгосон мэргэжилдээ бүх сэтгэл, оюунаа зориулсаар ирсэн. Харин энэ мэргэжлийг сонгоод амьдралдаа ганц л удаа харамсаж байсан түүхтэй. Тэр нь 1990-ээд он. Тэгш бусын харилцаа хэт их үүсч, төрийн байгууллагын ажилчид тэр дундаа багш эмч нарын цалин ,нийгэм эзлэх байр суурь эрээнээс бараа авч ирээд зарж байгаа ченж нараас доогуур үнэлгэдэж эхэлсэн. Үүнээс үүдэлтэйгээр багш мэргэжлийг эзэмшиж буй оюутнууд чанаргүй болж, боловсролын системд уналтад орсон. Тэгээд өөрийгөө бодитойгоор үнэлүүлэх зорилгоор 2003 онд Баясгалан багшийн санаачлагаар Олонлог сургуулийг байгуулан, хамтран ажиллаж байна.  
Хүний амьдралын амьдрах хугацааг тооцоод үзэх юм бол хамгийн ихдээ 36 мянган өдөр, түүнээс ч бага хугацаа бий гэдэг. Өдөр бүр үнэ цэнэтэй учир маргаашийн төлөө өнөөдрийг золиосолж болохгүй гэсэн зарчимтай ажилладаг.  Өдөр бүрийг үнэ цэнэтэй байлгахын тулд хийж буй ажлаасаа таашаал, баяр хөөр авах, түүндээ дуртай байх нь чухал гэж боддог. Өөрийн чаддаг, мэддэг зүйлээ бусдын хүүхдэд зааж байгаа нь миний хувьд маш том баяр хөөр байдаг. Нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй тийм аз жаргал мэдэрдэг.  Энэ бол хүн оршин буйн, адгууслаг амьтнаас ялгарах хамгийн том ялгаа.  Дотоод ертөнцдөө аз жаргал мэдэрч байгаа юм бол тэр жинхэнэ аз жаргал. Хэрвээ хүн эд баялаг, хоол унд, гоё ганган хувцсаар сэтгэл ханаж, түүнээс баяр хөөрийг мэдэрч байгаа бол тэр нь хүнийг адгууслаг амьтнаас ялгарах зүйлгүй болгож байгаа юм” хэмээн яриагаа эхэлсэн юм. 

Би хүүхдэд загас барьж өгдөггүй. Харин засаг барих аргыг заадаг...

undefined
Б.Баяржаргал багш олон улсад Монгол Улсаа төлөөлдөг математикийн шигшээ багийн сурагчдыг 2003 оноос хойш бэлтгэсээр иржээ.  
Тэрээр хүүхдүүд хичээл заадаг арга барилаасаа хувалцахдаа Би хүүхдэд загас барьж өгдөггүй. Харин засаг барих аргыг заадаг. Ганцхан загас барьж өгөхийн оронд цаашдаа олон загас барьж болох тэр аргыг л заах гэж хичээдэг. Тэр нь загас барих бол боловсрол олгох юм. Билл Гейтсийн “Ядуу төрөх таны алдаа бус ядуу үхвэл таны буруу” гэж хэлсэн үг байдаг. Загас барих аргаа сурсан хүүхэд бүх зүйлээ тэгээс эхлээд өөрийн гараар амьдралаа босгоод явдаг.  
Ер нь хүүхдийг тоо сайн боддог болгохоос илүүтэй зөв, сайн хүн болгож төлөвшүүлэх нь чухал.  Хүний үнэлэмжийг бий болгож байдаг хоёр том хүчин зүйл бий. Тэр нь олдмол оюун ухаан буюу боловсрол, зөв сэтгэл, зөв бодол, зөв төлөвшлөөр тодорхойлогдоно.  
Үнэхээр толгой сайтай, авьяаслаг, эрдэм мэдлэгтэй хүн байлаа гээд хүн чанар султай, бусдыг боддоггүй, буруу бодолтой байвал ямар ч хэрэггүй. Тиймдээ ч эрт дээр үеийн багш нар эрдэм мэдлэгээ хүн бүрт заагаад байдаггүй. Хэр зөв хүн бэ гэдгийг нь сорьж шалгаж байж, эрдмийн оньсыг нь тайлж өгдөг байсан гэдэг. Мөч чанар муутай, дотоод хүн муу бол эрдмийн оньсыг нээж өгдөггүй байсан байгаа юм.  Муу хүн байна гээд шийтгэдэг, сорьдог. Түүнийг дааж гараад сайн хүн болж төлөвшвөл эрдмээ заадаг. Муу чигээрээ үлдвэл чи миний шавь гээд хөөгөөд явуулдаг. Тийм зүйлийг одоо ч гэсэн бодууштай зүйл байгаа юм.        
Тэгэхээр хүүхдийг зөв бодолтой, зөв хүн болгож төлөвшүүлэх нь багш хүний хамгийн том үүрэг юм. Зүгээр нь сурах бичгээс тоо бодохыг заах багш хүний ажил биш. Зөв бодолтой, энэрэнгүй, ертөнцийг үзэх үзэл нь гэгээлэг, аливаад чин сэтгэлээ ханддаг хүн болж төлөвшүүлэх гэж хичээдэг.  Хүүхдийн үйлдэл хэн нэгний даалгавар хүслээр бус өөрийнх нь хүсэл сонирхлоор илэрч байх нь хамгийн чухал. Энэ нь хүүхэд тухайн зүйлийг зүрх сэтгэлээсээ хийж буйн илрэл юм.  Ахмад хүнийг хүндэлж автобусанд суудал тавьж өгөхийг тэр хүүхэд хэн нэгний даалгавраар, ёстой гэсэн хандлагаар бус чин сэтгэлээсээ ахмад настай хүнийг хүндэлдэг, суудал тавьж өгдөг байх ёстой” гэж ярилаа.

Улсын сургуулиуд хүүхдийг туршилтын лаборатори болгон ашиглаж байна

undefined
Түүнчлэн тэрээр боловсролын систем гажуудлын талаар “Бидний үеийнхэн Марк Энгельс, Ленинийн сургаалаар хүмүүжиж ирсэн. Гэтэл  1990 оноос хойш болдог, болдоггүй зүйлийн зааг хязгаар гэж байхгүй болчихсон. Үүнээс анархист үзэл буюу “би”-гийн  амиа бодсон үзэл гарч бий болсон.  Бусдын эрх чөлөөг хүндэтгэхээ байчихсан. Уг нь Бусдын эрх чөлөөгөөр өөрийн эрх чөлөөгөө хязгаарладаг чадаж байгаа бол ардчилал гэж тодорхойлдог байсан. Үүнийг дагаад хүүхдийн хүмүүжил навс унасан.  Энэ бүхнийг томоор нь аваад үзэх юм бол коммунист орнуудыг шашныг Сталин бодлогоор устгасантай холбоотой.
Түүнээс Буддын шашнаа авч үлдсэн ганц Ерөнхийлөгч Хо Ши Минийн  гэдэг. Түүний ач гавьяагаар 100 сая хүн амтай Ханой хотод мотоцикл унаж яваад шүргэлцсэн хоёр хүн биенээс түшиж босгоод, инээгээд салж байна. Хүмүүсийн үзэл суртал, хандлага, соёл шашны үзэл суртлаас маш их хамааралтай байдаг. Итгэл үнэмшилгүй болсон улсын ялгаа бол асар их. Шашин бол зөв хүн байх ухааныг зааж төлөвшүүлж байдаг зүйл. Шашныг зөв оруулж ирэх юм бол хүмүүжлийн асуудал аяндаа цэгцэрнэ.   
Нөгөөтэйгүүр 1990 оноос өмнө ЗХУ-ын боловсролын системээр явдаг байсан. Маш сайн систем. Оросын математикийн школ бол дэлхийд гайхуулдаг систем байсан.  Заах арга зүйг нь олон зуун жилийн сэтгэл судлалын үндсэн дээр бэлдэж гаргаж ирсэн систем. Гэтэл манайд 1990 оноос хойш Жайка, Сорс, Данида гэхчлэн олон янзын сангуудыг оруулж ирсэн. Эдгээр нь ядуу буурай орны масст зориулсан хөтөлбөр. “Маргааш Ерөнхийлөгчийн сонгуультай шүү гээд тавьсан зарлалыг бүгд уншаад очоод сонгуулиа өгч байвал болно” гэх массын сургалтыг Монголд оруулж ирсэн. Энэ бол 300 сая, наанадаж 20 сая хүнтэй улсад тохирдог боловсролын хөтөлбөрүүд. Үүнэс болоод боловсролын систем навс унасан.  Хөтөлбөрийг дагаад ном, сурах бичгүүд, багш нарын журнал хүртэл өөрчлөгдсөн.  
Одоо ч эмх цэгцэндээ сайн ороогүй л байна. Чиглэл өгдөг байгууллагууд хүчтэй боловсон хүчнээр солигдоогүй цагт уламжлал бол цөм хөтөлбөр боловсрол ийм явж ирсэн, ингэж явах чстой гэсэн чиг баримжаа алга байна. Боловсролын асуудал маш хүнд.  Хувийн сургуулиад бол яахав, үйлчилгээний байгууллага гэдэг утгаараа сайн хөтөлбөр, сайн сургалт олгож байна. Харин улсын сургуулиудад сурч буй Монголын ирээдүй болсон хүүхдүүд маш хайран байгаа юм. Хүүхдүүдээр туршилтын лаборатори болгон ашиглаж, тоглож байна. 3 сая хүн бүгд элит боловсролтой байх ёстой.
Өнөөдөр төрийн өндөрлөгүүд нь авлига аваад, оффшор хөрөнгөнөөс болж баригдаж байна. Үүнийг буруутгахгүй, манай нийгмийн төрүүлсэн баялаг. Шашин ч үгүй, филисофи ч үгүй явсан үеэс төрж гарсан анархистууд.   
Зөв хүн болгож төлөвшөөгүй болохоор түрүүнд хэлсэнчлэн өндөр эрдэм, мэдлэг боловсролтой байгаад ямар ч хэрэггүй. Чононд хонь хадгалуулсантай адил болчихож байгаа юм” гэж ярьсан юм.    
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн