Эрүүл мэндийн даатгал төлсөн иргэн та эмнэлгийн ямар, ямар тусламж үйлчилгээ авч хөнгөлөлт эдлэх боломжтой, 2019 оноос шинээр авч болох хөнгөлөлт үйлчилгээний талаарх мэдээллийг хүргэж байна. Хэрвээ та ЭМД төлсөн бол хамгийн багадаа хоёр сая, хамгийн ихдээ 28 сая төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч хөнгөлөлт эдлэх боломжтой юм.
2019 оноос ЭМД-аар авч болох тусламж, үйлчилгээнүүд
ЭМД-аар фитнессээр хичээллэх боломжтой болно
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг иргэн 2019 оноос фитнессээр хичээллэх боломжтой болно. Өнгөрсөн онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.4 дэх хэсэгт өөрчлөлт оруулан “магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох” гэж нэмсэн юм. Энэхүү өөрчлөлт нь 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ. Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Эрүүл мэндийн даатгалтын Үндэсний зөвлөлөөс журам баталж, БСШУСЯ-наас магадлан итгэмжлэгдсэн фитнесс клубуудын жагсаалтыг гаргах юм байна. Ингэснээр иргэд ЭМД-аараа фитнес клубт хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломж бүрдэх юм байна.
2-12 настай хүүхдийн шүдийг хувийн эмнэлэгт үнэгүй эмчлүүлнэ
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр 2019 оноос эхлэн хэрэгжиж эхэлнэ. Хөтөлбөрийн хүрээнд 2 настайгаас 12 настай хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эмчлэхэд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас /ЭМДС/ гарах юм. Ингэхдээ зөвхөн улсын эмнэлгээс гадна хувийн хэвшлийн шүдний эмнэлэгт шүдээ үзүүлж, эмчилгээ хийлгэсэн 24 сартайгаас 12настай хүүхдийн төлбөрийг ЭМДС-гаас гаргах юм.
ЭМД-аараа яг одоо авч болох тусламж, үйлчилгээнүүд
ЭМД төлсөн бол 500-65000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр эм авах боломжтой
Даатгуулагч эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 20 бүлгийн 183 ерөнхий нэршлийн 817 худалдааны нэрийн эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500– 65000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй.
Жирэмсний өмнөх, дараах эмчилгээнд 145,500-804,090 төгрөгийн зардлыг ЭМД-аас төлнө
Бусад эрхтэн тогтолцооны өвчний улмаас эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай жирэмсний 37 долоо хоног хүртэл, төрсний дараах 6 долоо хоног хүртэл жирэмсэн болон төрсөн эхэд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нэгэн адил оношоос хамаарч 145.500 – 804.090 төгрөгийн зардлыг даатгуулагчийн өмнөөс эрүүл мэнийн даатгалын сан хариуцан эмнэлэгт төлнө.
С вирус зэрэг зарим төрлийн өвчний оношилгоо ЭМД-аар үнэгүй хийлгэх боломжтой
Өвчний учир эмчийн бичсэн заалтын дагуу тухайн сард, тухайн эмнэлэгт даатгуулагч оношилгоо, шинжилгээг Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад хийлгэх эрхтэй. Тухайн эмнэлэгт хийгдэж байгаа өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ /компьютер томограф, МRI, дуран, гэх мэт/-г улирлын төлбөрийн хэмжээгээр буюу 55 000 төгрөг х 3 = 165 000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн эмнэлэгт даатгуулагчийн өмнөөс төлөх ба уг төлбөрийн хэмжээ болон тухайн эмнэлгийн даргын баталсан “Төлбөртэй тусламж, үйлчилгээний тариф”-ын зөрүүг даатгуулагч өөрөө хариуцан төлнө. Тухайлбал, С вирусийн оношилгоог үнэгүй хийлгэх боломжтой.
Өндөр өртөгтэй эмчилгээ, мэс засалд орсон бол нийт зардлын 75 хувийг ЭМД-аас төлнө
“Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протезийн жагсаалт, түүний жишиг үнэ, даатгалын сангаас олгох төлбөрийн хэмжээ” –ний дагуу 18 төрлийн тусламж, үйлчилгээнд 80 гаруй нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн 75 хүртэл хувийг даатгалын сангаас хариуцан төлөх бөгөөд 975 мянган төгрөгрөөс 28.740.750 төгрөгийн хөнгөлж даатгуулагчийн санхүүгийн ачааллыг эрүүл мэндийн даатгалын сангаас хуваалцана.
Уламжлалт, сэргээн засах эмчилгээнд 110,000-116,281 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой
Уламжлалт эмчилгээ авсан даатгуулагчийн өмнөөс 117 000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээ авсан даатгуулагчийн өмнөөс 110.000-116.281 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг. Уламжлалт эмчилгээ: Уламжлалтын эмчилгээнд энэхүү тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан оношийн хамааралтай 111 дэх бүлгийн оношоор хэвтүүлэн эмчлэх эмчилгээ хамаарна. Сэргээн засах тусламж, үйлчилгээ: Сэргээн засах тусламж, үйлчилгээ нь рашаан сувиллын сэргээн засах тусламж, үйлчилгээ; эрт үеийн сэргээн засах тусламж, үйлчилгээ; өдрөөр үзүүлэх уламжлалтын сэргээн засах тусламж, үйлчилгээ гэсэн хэлбэрүүдтэй байна.
- Рашаан сувиллын сэргээн засах тусламж, үйлчилгээнд байгалийн болон байгалийн бус хүчин зүйл ашиглан, мэс заслын бус аргаар сэргээн засах тусламж, үйлчилгээг хамруулна. - Рашаан сувиллын тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.8-д заасан эрүүл мэндийн байгууллага үзүүлнэ. Сувилал нь улсын болон орон нутгийн үйлчилгээтэй байж болно. - Эрт үеийн сэргээн засах тусламж, үйлчилгээнд мэс заслын дараа болон цочмогдуу үед үзүүлэх сэргээн засах тусламж, үйлчилгээ хамаарах бөгөөд уг тусламж, үйлчилгээг рашаан сувиллын клиник тасаг үзүүлнэ.
Эрүүл мэндийн даатгалын хөнгөлттэй тусламж,үйлчилгээнд хэрхэн хамрагдах вэ
Даатгуулагч эхний ээлжинд тусламж, үйлчилгээ авсан эрүүл мэндийн байгууллагадаа өөрийн эрүүл мэндийн дэвтрийн дугаар, регистрийн дугаар, мөн ийм төрлийн тусламж үйлчилгээг тэдэн төгрөгөөр авсан гэсэн албан бичгээ өгөх ёстой. Үүнийг нь тухайн эрүүл мэндийн байгууллага нийгмийн даатгалын санд хүргүүлж, улмаар нийгмийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлэх хувийг олгодог байна. Даатгуулагч хөнгөлөлт эдлэхэд дараах хоёр шаардлагыг биелүүлсэн байх ёстой. Үүнд:
-Эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн байх ёстой
-Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудад эмчлүүлсэн байх