"Wall Street"-ийн банк санхүүгийн салбарт шинжээчээр ажиллаж буй монгол залуу О.Энхтайвантай ЖДҮХС-гийн зээл, түүний зарцуулалт, үр өгөөжийн талаар ярилцлаа.
-ЖДҮХС-гийн зээл зорилтот эзэндээ хүрсэнээр, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэнээр эдийн засагт ямар үр өгөөжтэй талаар эдийн засагч хүний хувьд тайлбар өгөхгүй юү?
-Монгол Улсын экспортын дийлэнх хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Байгалийн баялаг л гаргаж орлого олдог улс. Дэд бүтцийнхээ асуудлыг улс төрийн хэрүүл болгож шийдэж чадахгүй явсаар яг үнэндээ бэлээхэн ухаад гаргах нүүрсээ ч далайцтай экспортолж чадахгүй арчаагүй байдалд байна. Монголчууд өөрсдийн оюун ухаанаа шингээж эцсийн бүтээгдэхүүн гаргах тухай ярьдаг ч чадахгүй явсаар ирсэн. Манай нийгэмд их олон бүтээлч, хүсэл эрмэлзэлтэй хүмүүс бий. Банкны зээлийн хүү өндөр учир тэр болгон санхүүжилт олдохгүй, олдсон ч ашиг орлого олж амжилттай явах нь ховор. Ийм хүмүүст энэ зээл шударга сонгон шалгаруулалтаар очсон бол эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, маш олон бүтээлч хүмүүсийн хүсэл эрмэлзэл биелж, жижиг дунд үйлдвэрлэл маань хөгжиж, уул уурхайгаас хамааралтай эдийн засаг маань тодорхой хэмжээнд солонгорох байсан. Гэвч энэ мөнгө зорьсон эзэндээ, бүтээлч, хүсэл эрмэлзэлтэй жирийн иргэдэд хүрч чадаагүй нь харамсалтай.
-ЖДҮХС-гийн зээлийг ямар зохицуулалтаар олговол зорилтот хүмүүстээ хүрч, үр ашгаа өгөх бол. Олон улсын туршлага, зөв шийдэл юу байж болох вэ?
-Банкнууд зээл өгөхдөө зээлдэгчдийн бизнесийн төслийг харж, хэр итгэл даах зээлдэгч вэ, хэр амжилт олох боломжтой төсөл вэ, барьцаа, компанийн үнэлгээ гээд олон шалгуурууд хардаг. Иймэрхүү бодит шалгууруудыг харгалзан үзэж зээлийг өгөх хэрэгтэй. Жишээлбэл "Shark Tank” нэвтрүүлэг дээр гардаг шиг мэргэжлийн хүмүүс төслийг нь хянаж үзээд, шударга сонгон шалгаруулалтаар олгох хэрэгтэй.
Ард түмний итгэл, тэр дундаа бүтээлч залуусын хүсэл эрмэлзэл мохсон нь хамгийн том алдагдсан боломж
-Одоогоор УИХ-ын арваад гишүүн ЖДҮДС-гаас зээл авсан мэдээлэл олон нийтэд ил болоод байна. Гишүүдийн хамгийн дээд тал нь 1.4 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Энэ ер нь хэр их мөнгө вэ. Зорилтот эзэндээ хүрсэн бол хичнээн ажлын байр, хичнээн жижиг дунд үйлдвэрлэлийг хөл дээр нь босгох байсан бэ. Алдагдсан боломжийн талаар?
-Арилжааны банкны хүү маш өндөр байхад эхэн үедээ хүүгээс чөлөөлөгдсөн, цаашлаад маш бага хүүтэй олон зуун сая төгрөг гэдэг бол Монголын хэмжээнд их мөнгө. 1.4 тэрбумыг жишээлбэл зүгээр л банканд хадгалвал хүүгийн ашиг л гэхэд их мөнгө шүү дээ. Ямар ч эрсдэлгүй баталгаатай амар хялбар орлого. Зарим хүмүүс энэ мөнгийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж ашиглаж ББСБ-аар дамжин иргэддээ буцаагаад зээлдүүлсэн нь зөвхөн мөнгө угаалт төдийгүй шударга ёсыг уландаа гишгэсэн үйлдэл юм. Энэ их мөнгийг зорилтот эздэд нь өгөхгүй эрх мэдэлтнүүд албан тушаалаа урвуулан ашиглаж өөрсдөдөө болон өөрсдийн хамаарал бүхий компаниудад олгосон нь хууль зөрчсөн бусармаг явдал мөн. Монголд тэрбум байтугай хэдэн арван сая төгрөгийн санхүүжилт авахад хүндрэлтэй байдаг. Үүнийг жирийн иргэд маш сайн мэднэ. Алдагдсан боломж бол асар их, хамгийн гол нь ард түмний төр засагтаа итгэх итгэл нь алдагдсан. Бүтээлч залуусын хүсэл эрмэлзэл мохсон нь харамсалтай. Зарим эдийн засагчид энэ зээл зорилтот эздэдээ хүрсэн бол хэр их ажлын байр нэмэгдэх болон эдийн засагт өгөх байсан бодит өгөөжийн талаар судалгаа хийж байгаа юм билээ. Энийг нарийвчлан тооцоолоход тодорхой хэмжээний цаг хугацаа орно.
Жирийн иргэд 1 сая төгрөгийн хулгай хийгээд 5 жилийн ял авдаг байхад сайд дарга нар хэдэн тэрбумаар нь хулгайлчихаад уучлалт гуйгаад өнгөрөх үү
-Уучлал гуйгаад л хуулийн хариуцлагаас мултарч болох уу?
-Би энэ талаар нийгмийн сүлжээн дээр өөрийн итгэл үнэмшил, үзэл баримтлалдаа тулгуурлан санаа оноогоо илэрхийлж байгаа. Хэдэн цуврал видеонууд ч оруулсан. Цаасан дээр хараар бичигдсэн хууль эрх зүйт төрийн зарчмаар иргэн бүрт тэгш үйлчлэх ёстой. Энэ зарчим алдагдаж эрх мэдэлтэй сайд дарга нар хууль зөрчиж, өөрсдийгөө хамгаалан хууль баталж, төсвийн мөнгөнөөс тэрбум тэрбумаар шамшигдуулчихаад уучлалт гуйгаад өнгөрнө гэвэл энэ улсад шударга ёс хэзээ ч тогтохгүй. Хууль зөрчсөн л бол хуулийн өмнө улсад учруулсан хохирлынхоо мөнгөн дүнгийн хэмжээгээр ял шийтгэл хүртэх ёстой. Жирийн иргэд нэг сая төгрөгийн хулгай хийгээд таван жилийн ял авдаг байхад сайд дарга нар хэдэн тэрбумаар нь авчихаад хариуцлага хүлээхгүй байна. Хуулийн хариуцлага хүлээх ёстой. Жирийн иргэд нь хуулийн хариуцлага хүлээдэг мөртлөө албан тушаалтнууд хууль дүрмийг нулимаад өнгөрч байгаа нь ард иргэдийг бухимдуулж байна. Олон нийтийн төсөв хөрөнгийг хувьдаа завшиж иргэн бүрийн халаас руу гараа дүрсэн хулгайч нар хариуцлага хүлээхгүй яваад байдаг нь Монголын төр хэр их ялзарсны томоохон илэрхийлэл. Зарим хэвлэлээр цөөн хэдэн хүмүүсийн бүлэг фракцын бий болгосон далд эдийн засгийн тухай нийтлэл хэвлэгдсэн. Эрх зүйт төрийн зарчим баримталж хуулийн засаглал бий болгохгүй бол бид хөгжлийн тухай яриад хэрэггүй. Энэ бусармаг зүйлс их олон жилийн турш гарч байгаа юм билээ. Төсвийн хөрөнгө зорьсон эзэндээ хүрдэг байсан бол Монгол Улс өнөөдөр арай өөр хөгжлийн төвшинд байх байсан, энэ бол бидний алдагдсан боломж. Бидэнд өнөөдөр шударга ёсыг бий болгох хуулийн засаглалын далайцтай реформ хэрэгтэй байна.
Гишүүний халдашгүй дархан эрх гэдгээрээ хийсэн гэмт хэргээ халхалж байна
-Ёс зүйн хариуцлага хүлээх ёстой юу?
-Зарим хөгжилтэй орнуудад "Үндэслэлгүй Хөрөнгөжилт" гэдэг заалтаар төрд ажиллаж буй албан тушаалтнууд хуулийн хариуцлага хүлээдэг юм билээ. УИХ-ын гишүүд өөрсдийн үг үйлдлээрээ ёс зүйн хэм хэмжээнийхээ доройтлыг ард түмэндээ хангалттай харуулж байна. Уучлалт гуйхгүй гэж гүрийнэ, миний компани биш гэж булзайруулна, зарим нь буцаагаад төлчихье юун сүртэй юм бэ гэж байна. Зарим нь би уг нь их гоё бизнес хийж байсан гэх. Энэ бол бидний итгэл хүлээлгэж сонгосон гишүүд маань ард түмнийхээ итгэл рүү нулимж буй эрээ цээргүй үйлдэл. Баримттайгаар хууль зөрчсөн гишүүнийг прокурор гишүүнээс нь татгалзуулах санааг Их хуралд оруулахад бөөнөөрөө нийлж загнаад нууц санал хураалтаар хамгаалж авч үлдсэн. Энэ бол маш шившигтэй явдал төдийгүй хулгай дээрэм манай төрийн эрх барих дээд байгуулагын төвшинд байгаагийн илрэл. Төрийн түшээд маань зохион байгуулалттайгаар бүлэглэн хууль зөрчсөн нь харагдаж байна. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй дархан эрх гэдгээрээ хамгаалагдаж гэмт хэрэг хийснийхээ төлөө хариуцлага хүлээхгүй байгаа нь эрх зүйт төрийн, хуулийн засаглалын зарчим Монголд үйлчлэхгүй байна гэсэн үг. УИХ гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь л барьвал хариуцлага тооцно гэж байна.
1992 оны шинэ үндсэн хуулинд бичигдсэн байдаг хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулах тухай заалт хэрэгжихгүй байна. Энэ Монголын ард түмний хүсэн хүлээсэн нийгэм биш. Хуулиа мөрдөхгүй явсаар ирсний хар гай гарч байна. Анхнаасаа мөрдөөгүй байсаар ирсэн Үндсэн хууль руугаа бүх бурууг чихэж, хуулийг өөрчилнө гэдэг яриа гараад байгаа нь логикын хувьд авцалдаагүй.
Эдийн засагт шударга өрсөлдөөнийг бий болгож нийгмийн амьдралыг хуулийн хэрэгжилтийн хүрээнд авч үзэхгүй бол эрүүл мэнд, боловсролын системд ахиц гарахгүй. Бизнес хийлээ ч шударга өрсөлдөөн байхгүй тул амжилт гаргахгүй. Ажилгүйдэл, ядуурал, архидалт, хүчирхийлэл буурахгүй. Эрүүл саруул боловсролтой монгол залуус Солонгост хар ажил хийх гэж өдөр шөнөгүй оочерлодог хэвээрээ байх болно. 1990 онд цөөн хувь хэвлэгдсэн Баабарын "Бүү Март, Мартвал Сөнөнө" гэдэг ном байдаг. Өнөөдөр гажуудсан ардчилалынхаа ялзралд салхи оруулахын тулд бид энэ үгийг дахин санаж залуучууд маань иргэний нийгэмдээ идэвхитэй оролцмоор байна.
О.Энхтайваны манай сайтын ДЭЛХИЙН МОНГОЛ буланд өгсөн дэлгэрэнгүй ярилцлагыг эндээс уншаарай.