Open iToim app
Нийгэм | 6 мин уншина

Д.Баатарсайхан: Хоёр яамны ТНБД-ын захиалгыг Засгийн газарт буцаасан

Д.Баатарсайхан: Хоёр яамны ТНБД-ын захиалгыг Засгийн газарт буцаасан
Нийтэлсэн 2018 оны 9 сарын 12
Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхантай ярилцлаа. 
-Төрийн нарийнгүй Зарим яамны Төрийн нарийн бичгийн даргыг хэзээ томилох вэ. Сонгон шалгаруулалт нь эхэлсэн үү?    
-Одоогоор Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга өөр албан тушаалд шилжсэн тул одоогоор тус яамны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга нь Төрийн нарийны албан үүргийг түр орлон гүйцэтгэж байна. Засгийн газраас тус ажлын байрны захиалгыг Төрийн албаны зөвлөлд  ирүүлсэн. Гэхдээ ажлын байранд тавигдах шаардлагаа дахин хянаж, нягталж  үзэхийг хүсээд захиалгыг яаманд нь буцаасан байгаа.        
Төрийн нарийн бичгийн даргыг томилохдоо Засгийн газраас тухайн албан тушаалд томилогдох хүн ямар шаардлага, шалгуурыг хангасан байх ёстойг тодорхойлж, ажлын байрны сонгон шалгаруулалтыг явуулах хүсэлтээ  Төрийн албаны зөвлөлд ирүүлдэг.  Төрийн албаны зөвлөлөөс уг захиалгатай танилцаж, нягталж үзээд тухайн ажлын байранд тавигдах шаардлага нь ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүй, хэт нэг талыг бариагүй, нэг хүнд зориулсан биш байгаа тохиолдолд тус шаардлагыг үндэслэн уг албан тушаал дээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулдаг эрх зүйн зохицуулалттай.         
Засгийн газраас ирүүлсэн Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байрны шаардлага, шалгуур нь хэт нэг талыг барьсан, шаардлага хангахгүй захиалга байсан. Иймд уг саналыг бусад яамны төрийн нарийн бичгийн шалгууртай адил төвшинд болгох ёстой гэсэн саналаар буцаасан.  13 яамны 13 Төрийн нарийн бичгийн даргын ажлын байрны шалгуур яг адил төвшинд байх ёстой юм. Товчхондоо нэг ажлын байран дээр 13 салбарт 13 хүн ажиллаж байна гэсэн үг. Нэг яамны Төрийн нарийн бичгийн дарга нь докторын зэрэгтэй төрд 20 жил ажилласан. Гэтэл нөгөө яамных нь бакалаврын зэрэгтэй, төрд 3 жил ажилласан байж болохгүй шүү дээ. Төрийн албанд ажиллах боломж иргэн бүрт ижил тэгш, нээлттэй байх ёстой. Тэгэхээр хүн бүрт ижил тэгш боломж олгож, чөлөөт өрсөлдөөнийг бий болгохын тулд сонгон шалгаруулалт ил тод тэгш, шударга байх ёстой.       
Мөн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг тус яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга түр орлон гүйцэтгэж байгаа.   Засгийн газраас ЭМЯ-ны Төрийн нарийны сонгон шалгаруулалтыг зарлуулъя гэсэн захиалга ирүүлсэн. Төрийн албаны зөвлөлөөс тус захиалгыг  бас буцаасан. Өмнө нь ажиллаж байсан Төрийн нарийн бичгийн дарга нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, өргөдлийг нь шүүх хэлэлцээд тус албан тушаалд эргүүлэн томилох шийдвэр гаргасан. Иймд дараагийн сонгон шалгаруулалтыг явуулах боломжгүй болсон тухай Засгийн газарт албан бичиг явуулсан.         
Түүнээс гадна Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг тус яамны Газрын дарга түр орлон гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар уг ажлын байрны захиалга Засгийн газраас Төрийн албаны зөвлөлд хараахан ирээгүй байна.    
-Ашиг сонирхлын зөрчилтэй захиалгыг Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газарт буцааж болно. Гэхдээ Төрийн албаны зөвлөл хянах үүрэгтэйгээс биш, өөрчлөх эрхгүй биз дээ?      
-Томилох эрх бүхий албан тушаалтан нь захиалга ирүүлж байгаа ажлын байранд тавигдах шаардлагыг өөрөө баталдаг. Тэр баталсан шаардлагыг Төрийн албаны зөвлөлөөс зөвхөн хянах үүрэгтэй. Хэт нэг талыг барьсан, нэг хүнд зориулсан захиалгыг өөрчлөх шаардлагатай бол буцаах эрх зүйн зохицуулалттай. Түүнээс биш, өөрчлөх эрх байхгүй. Энэ ажлын байранд эрх зүйч мэргэжилтэй гэсэн байна, бид үүнийг эдийн засагч мэргэжилтэй болгоно гэж өөрчлөх эрхгүй.
Яагаад гэвэл томилох эрх бүхий байгууллага буюу Засгийн газар ажлын байрны тодорхойлолтоо өөрөө баталдаг. Үүний улмаас 330 суманд байгаа 330 Тамгын газрын дарга 330 өөр ажлын байрны тодорхойлолттой байгаад байдаг.   
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хуульд албан тушаалтны ажлын байранд тавигдах шаардлага, тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн зөвшөөрөлтэйгөөр баталдаг болох юм. Тэгэхээр хэн дуртай нь хэн дуртай хүндээ тааруулж ажлын байрны тодорхойлолт зохиодог, баталдаг явдал алга болно гэсэн үг.  Засгийн газар ажлын байрны тодорхойлолтоо боловсруулчихаад батлах үедээ Төрийн албаны зөвлөлийн зөвшөөрлийг авч, Төрийн албаны зөвлөлд хянуулж байж баталдаг болох юм.      
Зам тээврийн яамны гурван газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалт удахгүй эхэлнэ 
-Төрийн нарийн бичгийн даргыг томилоход Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газарт хэдэн хүнийг санал болгодог вэ?    
-Сонгон шалгаруулалтын үнэлгээгээр бусдаас хамгийн өндөр оноо авсан нэг хүнийг л Засгийн газарт санал болгодог.       
-Түр орлон гүйцэтгэгч нар Төрийн нарийн бичгийн даргын үүргийг удаан хугацаагаар  гүйцэтгэж болох уу?       
-Ерөнхий сайд Засгийн газрын 258-р тогтоол гаргаж есдүгээр сарын 1-ний дотор төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтны үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг байхгүй болгож, сонгон шалгаруулалт явуулахыг даалгаж, чиглэл өгсөн.   Яам, агентлагууд энэ чиглэлд анхаарч, сонгон шалгаруулалтын захиалгаа ирүүлж байна. Тухайлбал, Зам тээврийн яамны гурван газрын даргын сонгон шалгаруулалтын захиалга Засгийн газраас ирсэн. Ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шалгуурыг Төрийн албаны зөвлөл хянаж, нягталж байна. Хянаж үзээд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй бол сонгон шалгаруулалтыг удахгүй зарлана.       

Сонгуулиас хойш 10 мянган орчим хүнийг төрийн албанаас халж, чөлөөлсөн байна

-Төрийн албаны тухай хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Шинэ хуулиар Төрийн албаны зөвлөлийн эрх үүрэг ямар өөрчлөлт орж байгаа вэ. Онцлох заалтуудаас дурьдвал?   
-Нэгд, түрүүнд хэлсэнчлэн ажлын байрны тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөл хянадаг болно. Хоёрт, бүтцийн өөрчлөлт гэдэг юм уу, хууль тогтоомжоор өөрчлөлт ороогүй бол төрийн байгууллагад бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, ажилтан албан хаагчийг ажлаас нь чөлөөлдөг, хөдөлгөдөг зохицуулалтыг зогсоох агуулга багтсан. Хуулиар  тухайн байгууллагад өөрчлөлт ороогүй тохиолдолд сайд, Засаг дарга, агентлагийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга нь дур мэдэн бүтцийн өөрчлөлт хийж, халаа сэлгээ хийх боломжгүй болж байгаа.  
Дөрөвт, Төрийн албан хаагчдад ээлтэй нэг зохицуулалт бол Засгийн газрын дэргэд Төрийн албан хаагчдын сургалтын байгууллагыг шинээр байгуулахаар хуульд заасан. Энэ сургалт төрийн албанд орох гэж байгаа хүмүүсийг эхлээд сургадаг, орсон хойно ажлын байран дээр сургадаг болох юм.  Ажлын байранд нь сургахдаа бусад хөгжилтэй орны жишгээр төдөн кредит судлах ёстой ч гэдэг юм уу, иймэрхүү байдлаар сургалтаа явуулна. Сургалтын агуулга хөтөлбөрийг Засгийн газар, Төрийн албаны зөвлөл хамтарч батална.   
Тавд, буруу шийдвэр гаргаж төрийн албан хаагчийн эрхийг зөрчиж хохироосон тохиолдолд төрд учруулсан хохирлыг нь буруутай албан тушаалтнаар өөрөөр нь төлүүлэхээр хуулиар зохицуулсан.  
Зургаад, төрийн албан хаагчдад сахилга хариуцлага тооцдог шинэ заалт орсон. Төрийн албанд сахилга хариуцлага алдсан бол гурван жил хүртэлх хугацаагаар төрийн албанд эргэж орохгүйгээр ажлаас нь чөлөөлдөг болно. Өнөөдрийн мөрдөж байгаа хуулиар бол нэг жилийн хугацаанд төрийн албанд ажиллахыг хориглосон байдаг. 
Долоод, албан тушаалын шатлан дэвших системийг шинэ хуулиар зохицуулсан. Тухайлбал, Төрийн нарийн бичгийн дарга, түүнтэй адилтгах  тэргүүн түшмэлийн албан тушаалд томилогдох гэж байгаа хүн төрийн албанд 16 жил ажилласан байх ёстой. Мөн яг тухайн албан тушаалын доод талын албан тушаалд буюу эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8 жил ажилласан байх ёстой. Энэ хоёр шаардлагыг хангасан хүн албан тушаалын шалгалт өгөөд төрийн албанд орох боломжтой болно. 
Наймд, төрийн албанд ажиллах гэж байгаа хүнээс Төрийн албаны Ерөнхий шалгалт авдаг болж байгаа. Мөн тусгай шалгалтыг албан тушаад очих бүртээ өгдөг тогтолцоо бий болно.  
Есд, Төрийн үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасны нэмэгдэл авдаг болно. Тодруулбал, төрийн албанд ажилладаг нярав, нягтлан, бичиг хэргийн эрхлэгч, архивч, жолооч, харуул хамгаалалтын ажилтнууд тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг авахаар болсон. Гэхдээ энэ заалт 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Мөн шинэ хуулиар Төрийн Захиргааны албан хаагч илүү цагаар ажиллавал илүү цагийн хөлс авдаг болж байгаа.    
-2016 оны УИХ сонгуулийн дараа, Д.Эрдэнэбатаас У.Хүрэлсүхийн Засгийн газар солигдоход, мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа төрийн албан хаагчдын дунд халаа сэлгээ хэр хийгдсэн бэ?  
-Хэвлэл мэдээллээр 22 мянган төрийн албан хаагчийг ажлаас нь халсан, чөлөөлсөн тухай ярьж байгаа. Энэ нь төрийн албан хаагчдын хөдөлгөөнд орсон тоо. Хөдөлгөөнд орсон гэдэг нь, сургуульд сурахаар явсан, хувийн хэвшилд шилжсэн, бизнес эрхлэхээр явсан, биеийн байдлаас болж ажлаас чөлөөлөгдсөн, эсвэл нэг агентлагаас нөгөө рүү шилжсэн, яам дотроо ажлын байр нь солигдсон хүмүүс юм. Харин ажлаас нь халсан, чөлөөлсөн хүний тоо 10 мянган орчим байна.   
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн