Яг одоо бүртгэл нь явагдаж байгаа гадаад болон дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулж байна.
Францын Засгийн газрын тэтгэлэг
Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2022-2023 оны хичээлийн жилд Франц улсын их, дээд сургуулийн магистрын түвшинд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна.
Хүсэлт хүлээн авах сүүлийн хугацаа: 2022 оны дөрөвдүгээр сарын 22
• Магистрын сургалт /франц болон англи хэл дээр/
• Хоёр талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэл, малын эрүүл мэндийн шинжлэх ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, геофизик, соёл, урлаг, нано технологи, инженер зэрэг мэргэжлээр суралцах бол давуу тал болно.
Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. Бельгийн тэтгэлэгт хөтөлбөр
Валлониа-Брюссель тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Азийн их сургуулийн профессор, судлаачид Валониа-Брюссельтэй солилцоо хийх санхүүгийн дэмжлэг авах боломжтой. "DUO-Бельги" / Валлония-Брюсселийн / тэтгэлэгт хөтөлбөр 2022 оны хоёрдугаар сарын 14-өөс 2022 оны дөрөвдүгэр сарын 28 хүртэл өргөдөл хүлээн авч байна.
Тус хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй лавлах бол дараах хавсралтаас авна уу.
АНУ-ын Засгийн газрын Фулбрайтын тэтгэлэг
Фулбрайт хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгждэг бөгөөд ойролцоогоор 8000 тэтгэлэг олгодог юм. Онлайн өргөдлийн материалыг 2022 оны 4-р сарын 25-ны 08.00 цаг хүртэл хүлээн авах болно.
Тэтгэлэгт тавигдах шаардлага:
-Монгол Улсад амьдарч буй Монгол Улсын иргэн байх;
-Их, дээд сургууль төгссөн байх ( Бакалаврын диплом болон эсвэл түүнтэй дүйцэхүйц );
-Хамгийн багадаа 1.5 жилийн бүтэн цагаар ажилласан туршлагатай байх;
- Англи хэлний шалгалтын оноо хүчинтэй байх
Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр
Уг тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэд өргөдлөө 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн дотор илгээнэ үү. Өргөдлийг цахимаар гаргах бөгөөд дурдсан хугацаанаас хоцорсон материал хүлээн авахгүй байна.
-Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргагчид "Австралийн тэтгэлгийн бодлогын гарын авлага"-д дурдсан бүх ерөнхий шалгуурыг хангасан байна.
-Өргөдөл гаргагчид 2023 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар хүчинтэй Academic IELTS-ийн голч оноо 6,5 болон түүнээс дээш /нэгж оноо 6,0-с доошгүй/ эсвэл iBT-TOEFL эсвэл PTE-ийн дүйцэх оноотой байна.
-Өргөдөл гаргагчид бүтэн цагаар суралцсан бакалаврын дипломтой, голч оноо 3.0 болон түүнээс дээш байна. Хэрэв тухайн бакалаврын дипломд дүнгийн голч оноог тодорхой заагаагүй бол өргөдөл гаргагч нь төгссөн их, дээд сургуулиасаа голч онооны тодорхойлолт авах ёстой.
-Хөдөө аж ахуй, байгаль орчин судлал, боловсрол, инженерчлэл, уул уурхай, барилга, эрүүл мэнд зэрэг тэргүүлэх салбарын мэргэжлүүдээр суралцах
Тэтгэлэгт шалгарагсад тухайн жилдээ суралцаж эхлэх шаардлагатай. Тэтгэлэгт хамрагдах жилийнхээ арваннэгдүгээр сараас өмнө суралцаж эхэлж чадахгүй нөхцөлд тэтгэлэг цуцлагдах болно.
Тус тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. Тус тэтгэлгийн талаарх зөвлөгөө ярилцлагыг энд дарж уншина уу. Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр
Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөр, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагч болон дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан иргэдийг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Тэтгэлгийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам” (цаашид “журам” гэх)-ын дагуу зохион байгуулна.
Хамрах хүрээ: Дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн оюутан, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагч, олон улсын болон үндэсний соёл, спортын тэмцээн, уралдаан, наадамд тэргүүн байр эзэлсэн оюутан, гадаадын их, дээд сургуульд магистр, докторын хөтөлбөрт суралцах иргэн.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ
Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн иргэд Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-ын 2.1-2.3-т заасан шаардлагыг хангасныг нотлох материал, анкетаа сонгон шалгаруулалтын зар гарснаас хойш 30 хоногийн хугацаанд буюу 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагаас 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл scholarship.esis.edu.mn цахим холбоосоор ирүүлнэ.