Дэлхийн 170 гаруй оронд салбартай, үндэстэн дамнасан технологийн компани болох “IBM”-ийн ахлах инженер Б.Наранцацралыг Дэлхийн монгол буландаа урьж ярилцлаа.
ШУТИС-ийг төгссөн тэрээр өдгөө “IBM”-ийн ахлах инженер болж, тус компанид шинээр ажилд орж буй хүмүүсийн шалгаруулж авдаг туршлагатай, инженерүүдийнх нь нэг болжээ.
-Таны хувьд Монголдоо, ШУТИС-ийг төгсөөд дэлхийд алдартай “IBM”-д ажиллаж байгаа нь их сонирхолтой, бас бахархмаар санагдаж байна. Монголын хөрснөөс ургаад оргил нь болж чадсан байна. Энэ нь дэлхийд өрсөлдөх чадвартай боловсон хүчин төрж байна гэдгийг харуулж байх шиг?
-Би 2006 онд ШУТИС-ийн КТМС-ийг төгссөн. Тухайн үед бол манай сургууль хүн болгоны орохыг, сурахыг хүсдэг сургууль байсан. Тэр ч утгаараар сурлагаараа нэлээд сайн, шигшигдсэн хүүхдүүд элсэж ордог байлаа. Багш нарын хувьд ч биднийг маш их шахаж, мэргэжлийн суурь чадваруудыг сайн олгосон гэж боддог. Хичээлдээ тэнцэхгүй бол шууд унагаагаад, улираачихдаг байлаа шүү дээ. Хатуу үнэлгээтэй, маш сайн сургалттай байсан. Хожим тэр нь миний амьдралд их олон зүйлийн эхлэл, суурь болсон.
Их сургуулиа төгсөөд АНУ-д Сан Францискогийн их сургуульд мастер хамгаалсан. Мастер хамгаалахаар ирсэн хүүхдүүд дундаас Энэтхэг, Орос оюутнууд маш сайн байсан. Мэргэжлийн суурь ойлголт, чадвараараа ерөнхийдөө тэднээс дутахааргүй байсан. Мэдээж хэлний бэрхшээлээс эхлээд тулгамддаг асуудлууд байсан л даа.
-Үйлдвэрлэл, технологи өндөр хөгжсөн оронд өөрийн байр сууриа олж томоохон компанид ажиллана гэдэг амаргүй шүү дээ. Дэлхийн 170 гаруй оронд салбартай, үндэстэн дамнасан технологийн томоохон компани “IBM”-д хэрхэн орсон талаараа ярихгүй юу. Мэдээж маш өндөр шалгуурыг давж байж, энэ том компанид ажиллахаар болсон байх?
-Шалгуур гэхээсээ илүү ямар нөхцөлүүд бүрэлдсэн байсан нь чухал байх. Би АНУ-д компьютерийн ухааны мастераар сурч байхдаа “компьютер архитектур” гэдэг бакалаврын хичээл дээр багшийн туслах буюу “teaching assistant” хийдэг байсан. Тэгээд сургууль төгсөхөөсөө өмнө “Tealeaf” нэртэй компанид дадлага хийсэн юм. Тэр үед багшийн туслахаар ажиллаж байсан туршлага маань их нөлөөлсөн. Дадлагаа дуусгаад тэр компанидаа үргэлжлүүлэн ажиллахаар болсон юм. Тэгсэн манай компанийг “IBM” худалдаж авах болсон. Компанийг худалдан авч байгаа болохоор хуучин ажилчдаас ярилцлага авч, тодорхой шалгуураар авч байсан. Тэр үеэр ярилцлага өгөхөд өмнөх ажлын туршлага, үүрэг роль маань бас нөлөөлж байсан. IBM мөн л “resume”, “phone interview”, “team interview” гэх зэрэг үе шаттайгаар шалгаруулж авсан.
Дараа нь би “IBM” ажилд орох гэж байгаа хүмүүсээс ярилцлага авдаг болсон. Тэр үед ямар чадвартай хүн хайж байдгийг илүү мэдэрч байсан. Ярилцлага авч байгаа хүн бүр өөр төвшний, өөр албан тушаалтай хүмүүс байна. Миний хувьд тухайн хүний мэдлэг болон урд нь ажиллаж байсан төслүүдэд ямар үүрэг рольтой байсныг нь голчлон харж шүүдэг. Тухайлбал, тэр хүн тухайн ажлын байранд ажиллаж чадахуйц мэдлэг, туршлагыг эзэмшсэн эсэхийг баттай мэдэх нь чухал. Зарим нь худлаа ярьж өөрсдийгөө илүү магтах талтай. Мөн дээрээс нь багаар ажиллах чадварыг хэр сайн эзэмшсэнийг чухалчилдаг.
-“IBM” ажилд орох гэж байгаа хүмүүсээс ярилцлага авдаг гэж байна. Энэ тухайгаа тодруулахгүй юу?
-Ажилд орсоны дараах 2-3 жилд бол өмнөх ажлаа хийдэг, өөр цаг гардаггүй байсан. Сүүлийн жилүүдэд манай багт шинэ хүн авахаар болбол, эсвэл өөр багт шинэ инженер хэрэгтэй болбол ярилцлага авах гээд 5-6 хүний хамт шүүгчээр ордог болсон. Ажилд шалгаруулж авч байгаа шүүгч нарын арга барил, тактик нь өөр өөр байдаг. Тухайлбал, манай нэг инженер залуу код бичих, мэргэжлийн чадваруудыг нь голчлон хардаг. Харин миний хувьд ажилд авах гэж байгаа хүнийхээ шинийг сурах, эрэлхийлэх, өөрийгөө хөгжүүлэх чадварыг нь чухалчилдаг. Учир нь манай мэргэжил маш хурдан өөрчлөгдөж, шинэчлэгддэг онцлогтой шүү дээ. Энэ мэтчилэн ажилд авч байгаа 5-6 хүний дөрөв нь YES гэж хэлсэн үед "IBM"-д ажилд авдаг.
Өөрөө сонирхолтой, мэргэжилдээ чадмаг, хичээл зүтгэлтэй залууг "IBM"-д оруулж өгч болно
-Ярилцлага авч байх үед монгол залуустай таарч байсан уу. Ер нь монгол залуусаа дэмжих, компанидаа зуучлан ажилд оруулах боломж хэр байдаг вэ?
-Ярилцлагын үеэр монгол хүнтэй таарч байгаагүй. Компани дотор нь ажилладаг хүн хэн нэгнийг санал болгох, зуучлан өгөх боломж нээлттэй байдаг. Өөрөө сонирхолтой, мэргэжилдээ чадмаг, хичээл зүтгэлтэй залууг "IBM"-д зуучлан өгч болно.
АНУ-д ажиллаж, амьдардаг тэр дундаа IT-ийн салбарынхан монгол залуустаа яаж тусалж, дэмжих үү гээд их ярилцдаг, боддог. Бид эхний ээлжинд АНУ-д сурахаар ирсэн оюутнууд, ажил хайж байгаа залууст ярилцлагад хэрхэн бэлдэх үү, ажилд яаж орох уу гэдэг талаас нь тусалж, дэмжихийг зорьж байгаа.
-“IBM”-д яг ямар чиглэлээр ажиллаж байгаа вэ. Хийж байгаа ажлынхаа талаар танилцуулахгүй юу?
-Миний хувьд 2012 оноос хойш “IBM”-д ажиллаж байна. Өмнө нь би онлайн хэрэглэгчдэд ажиглалт хийж олон төрлийн бизнесийн аналитикийг зурган болон графикаар үзүүлдэг софтвэр дээр ажилладаг байсан юм. Одоо “IBM”-ийн шинээр гаргаж байгаа аналитик софтвэр дээр ажиллаж байгаа. Хөгжүүлэлт эхлээд удаагүй болохоор ажил ихтэй л байна даа.
Өнгөрсөн жилээс ахлах инженерээр ажиллаж байна. Хөгжүүлэлтийн ажлаас гадна шинээр орж ирж байгаа хүмүүст ментор хийх, зөвлөгөө өгөх шаардлага гардаг. Миний хувьд хүн албан тушаал дэвшиж, карьераа өсгөхийн тулд бага багаар ахиж, дэвшдэг гэж боддог байсан. Харин АНУ-д ирээд чадаж л байвал заавал багаас нь эхлэх албагүйг ойлгож, мэдэрч байна. Гэхдээ хамгийн гол өөрийнхөө чадварыг батлан харуулах хэрэгтэй. Тэгж байж бусдад үнэлэгдэж, хүлээн зөвшөөрөгдөнө, карьераа өсгөнө.
Цаг хэмнэнэ гэдэг хийж байгаа зүйлдээ бүх анхаарлаа төвлөрүүлэхийн нэр юм
-“IBM” дэлхийд алдартай том компани болж чадсаны нууцыг та хувьдаа юу гэж хардаг вэ. Амжилтад хүрэхэд нь нөлөөлсөн зүйл гэх юм уу. Хамгийн том соёл нь юу вэ?
-Дотор нь ажиллаж байгаа хүний нүдээр харахад “IBM” тасралтгүй шинэ бүтээгдэхүүн шийдлүүдийг хөгжүүлж байдаг. “IBM”-ийн их олон ажилчин патент эзэмшдэг. Зарим нь нэгээс олон патенттай. Ажилчдаа үргэлж шинэ санаа гаргах хөгжүүлэх тал дээр нь дэмждэг. Энэ нь“IBM”-ийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг гол хүчин зүйл юм болов уу гэж хардаг. Ажилчдынхаа мэргэжлийн ур чадвар, хөгжил дэвшилд нь хөрөнгө оруулж, түүнийхээ үр ашгийг хүртэж чаддаг компани амжилттай бас ашигтай ажилладаг.
-Таны ажлын онцлох арга барил, цаг хэмнэх арга юу вэ?
-Би ажил дээрээ долоо хоногийн 2-3 өдөр л очдог. Бусад үед нь гэрээсээ ажилладаг. “IBM” ажилтандаа аль болох дарамт учруулж, ачаалал өгөхгүй байхыг эрмэлздэг. Хэт их ачаалал, дарамт нь ажилчдын шинийг санаачлах, үр бүтээмжтэй сайн ажиллахад сөргөөр нөлөөлдөг гэж үздэг. Хүн ажлаа аль болох сэтгэл хангалуун, дарамт шахалтгүй хийж байж амжилттай ажилладаг.
Миний хувьд цагаа хэмнэхээс илүүтэй хийж байгаа зүйлдээ анхаарлаа маш сайн төвлөрүүлэхийг хичээдэг. Анхаарлаа сайн төвлөрүүлж, үр дүнтэй ажиллаж чадвал цаг хождог шиг санаддаг.
-Амжилттай яваа хүмүүс ихэнхдээ хэн үлгэр дууриалал, урам зориг авдаг гэдэг шүү дээ. Таны хувьд хэнээс эсвэл юунаас урам зориг, үлгэр дууриалал авдаг вэ?
-Миний хувьд үлгэр дууриал авч, бахархдаг хүмүүс олон байдаг. Гэхдээ цаг хугацааны явцад зарим нь өөрчлөгдөж байдаг. Одоо бол IBM-д Лиза Сикат Делүка нэртэй эмэгтэйгээс маш их үлгэр дууриалал авч байна. Надтай адилхан хоёр ихэр хүүхэдтэй. Тэр эмэгтэй IBM-д хамгийн олон патенттай. Бараг 50 гаруй патент эзэмшдэг байх шүү. Түрүү жил шилдэг инженерийн цол авсан. Тэр эмэгтэйн блогуудыг байнга уншдаг. Лиза өглөө маш эрт 6:00 цагт босоод ажлаа хийдэг юм билээ. Хүний өдөр тутмын амьдралын таск ажлуудыг хөнгөвчлөхийн тулд олон технологийн туршилтуудыг хийж үзэх дуртай гэж хэлдэг. Өөрийнхөө нохойдоо “gps” төхөөрөмж өөрөө хийж туршсан байгаа юм. Хүүхдүүддээ зориулж анхны программын ном зохиосон гээд боддоо. Эхний цуврал дээр нь хоёртын тооллын системийг 3-4 настай хүүхдэд ойлгомжтойгоор заасан байдаг. Шинэ санаа үргэлж эрэл хийж, турших дуртай нь надад их таалагддаг.
Мөн манай ээж миний хамгийн сайн сонсогч. Надад үргэлж итгэж, дэмжиж байдаг хүн. Ээжээсээ олон зүйлийг суралцаж, үлгэр дууриалал авдаг.
Том зорилготой хүн хэзээ ч хазайдаггүй бас төөрдөггүй
-XXI зуунд залуу хүний гол өрсөлдөх чадварыг та юу гэж тодорхойлох вэ. Таны хувьд ямар чиглэлд өөрийгөө илүүтэй хөгжүүлж байна вэ?
-Одоо ер нь хүн заавал сургуульд сурч диплом авах шаардлагагүй болсон үе. Гэхдээ суурь мэдлэг хэрэгтэй. Түүнийгээ сургуулиас авдаг шүү дээ. Сурах арга барилаа олсон хүн бол заавал сургуульд сурах шаардлагагүй болсон байна. Тиймээс гол өрсөлдөх чадвар бол хүн шинэ зүйлийг түргэн хугацаанд суралцах гэж боддог. Түүнээс хангалттай хугацаа өгвөл хэн ч сурч чадна шүү дэ. Дээрээс нь хийж байгаа ажлынхаа том зургийг харах чадвар чухал. Өөрийнхөө ажиллаж байгаа төслийнхээ том зургийг хардаг, том зорилготой хүн хэзээ ч хазайхгүй бас төөрөхгүй. Миний хувьд би өөрийнхөө зөөлөн чадваруудыг хөгжүүлж байгаа. Хамтран ажилладаг хүмүүстээ урмын үг хэлдэг байх гэх зэрэг чадваруудаа хөгжүүлж, энэ чиглэлд анхаарч байна.
-Та ном хэр их уншдаг вэ. Унших дуртай, чухалчилдаг номынхоо талаар ярихгүй юу?
-Хамгийн сүүлд “The way we are working isn’t working” номыг уншсан. Ер нь зүгээр практикал ном. Хүн гэр бүлтэй болж хажуугаар нь ажлаа хийгээд их завгүй болж тэр явцдаа өөрийн амьдралын энгийн элементүүдээ мартаж, сресст орж байгаа тухай бичсэн байсан. Итгэл үнэмшил (spiritual), сэтгэл зүй (emotional), биеийн тамир (physical), оюун санааны ухамсар (mental) хүний амьдралд их чухал гэж гарсан байдаг юм. Учир нь эдгээрээс бид өөрсдийнхөө алдсан энергиэ нөхөж авдаг. Хүн алдсан энергиэ нөхөхгүй яваад байвал амьдрал нь эмх замбараагүй болох гээд байдаг талтай. Энэ номонд нэг ийм санаа гардаг. Нэг компанийн гүйцэтгэх захирал өглөө 8:00 цагаас ажилдаа ирээд орой 23:00 цагт ажлаасаа гараад явж байхдаа тэр өдөр чухал хийх ёстой ажлуудаасаа нэгийг ч хийж чадалгүй утсаар ярих, емайл-д хариу илгээх, хурал зөвлөгөөнд оролцох гээд анхаарал сарниулсан бусад зүйлст бүх цагаа үрсэн тухай гардаг. Надад ч бас ийм бүтээмж муутай ажлын өдрүүд байдаг. Энэ бол хүний оюун санааны ухамсрын эрүүл байдалтай холбоотой. Хүн нэг зүйлд анхаарлаа удаан төвлөрүүлж өөрийгөө удирдаж чаддаг ухамсартай байх нь бүтээмжтэй, бас амжилттай ажиллахад нөлөөлдөг. Жишээ нь, бага насны хүүхдэд ажиглагддаг шүү дээ. Нэг тоглоомоор тоглож байгаад өөр зүйл рүү анхаарал нь сатаараад өөрчлөгдөж байдгийг анзаарсан байх. Учир нь хүүхдэд одоохондоо өөрсдийгөө удирдах ухамсар хараахан суугаагүй байгаа юм. Харин тэр хүүхэд энэ чигээрээ өсөж том болбол ирээдүйн амьдрал, ажилд нь сөрөг нөлөөтөй. Хүүхэд бол зөвхөн яг одоо юу хүсэж байгаа тэр сэтгэлийн хөөрөлдөө хөтлөгддөг. Харин том хүн одоогийн хүсэл, үүрэг, ирээдүйн мөрөөдөл, зорилгоо ухамсарлаж, өөрийгөө удирдаж сурсан байх ёстой.
-Та бол технологийн салбарт тэр дундаа өрсөлдөөн ихтэй гаднын зах зээлд амжилттай ажиллаж яваа эмэгтэй хүн. Мөн ээж хүн. Энэ хоёр чухал ажлыг хооронд нь цалгардуулалгүй хэрхэн амжуулж, ажил амьдралын балансаа хэрхэн зохицуулж ямар төлөвлөгөөгаар ажилладаг вэ. Америкт эцэг эхчүүд болон сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг хэрхэн өсгөж хүмүүжүүлдэг талаар өөрийн туршлага, ажиглалтаас үүдэлтэй зөвлөмжөө хуваалцахгүй юу?
-Сайхан асуулт байна. Манайх ихэр охин, хүү хоёртой. Одоо 4 нас хүрч байгаа. Хүүхдүүдээ төрсөний дараа нөхөр бид хоёрт нойргүй хонох үе олон байсан. Миний хувьд төрөөд гурван сарын дараа ажилдаа орж байлаа. Бид аав ээжээсээ хол амьдардаг болохоор хоёулаа өөрсдийнхөө ажлыг зохицуулж мөн хүүхдүүддээ ч гэсэн цаг гаргахыг хичээдэг. Яг төлөвлөгөө гэж байхгүй ээ. Ер нь долоо долоо хоногт нь ярилцаад зохицуулчихдаг юм байна. Манай хүүхдүүд “preschool” цэцэрлэгт явдаг. Эндэхийн багш нар нь хүүхдүүдтэй хэрхэн харилцах талаар маш сайн туршлагажсан хүмүүс байдаг. Хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх нь тухайн гэр бүлийн аав, ээж хоёрын гарт байдаг шүү дээ. Ээж болсон цагаасаа хойш анзаараад байхад энд ер нь хүүхэдтэйгээ зөөлөн дуугаар том хүн шиг хүндлэлтэй харьцдаг. Хүүхдийг тайван хамгийн гол нь өөртөө итгэлтэй болгоод байх шиг байна. Хүүхэд өсгөнө гэдэг хамгийн хэцүү ажил. Хүүхэд хүмүүжлийн тухай маш олон зөвлөгөө байдаг шүү дээ. Иймд миний зүгээс аав ээжүүддээ хандаад өөрсдөдөө цаг гаргаж байгаарай гэж зөвлөмөөр байна.
-Манай IT инженерүүд бүтээгдэхүүн хийж гадаад зах зээлд гаргах боломж хэр байдаг вэ. Ер нь Монголд IT-гийн салбарыг хөгжүүлэхэд ямар гаргалгаа байна вэ?
-Монголд гадаад зах зээл дээр юу болж байгаа, ямар технологи, инноваци гарч байгаа талаар мэдээлэл багатай. Хөгжилтэй орнуудын хурд, алхааг гүйцээгүй олон жилээр хоцорч байгаа. Тиймээс тэднийг гүйцэж ирж байж дараа нь гадагшаа гарах талаараа ярих нь чухал. Миний харснаар мэдлэгтэй туршлагатай лидерүүд ховор байгаа харагдсан. Байх нь байгаа гэхдээ цөөхөн. Нээлттэй, уулзалт, конференцууд дутагдалтай байдаг. Гадаад зах зээлд бүтээгдэхүүн гаргах боломж мэдээж байгаа. Гэхдээ мэдрэмжтэй байх хэрэгтэй харанхуйгаар гадаадын зах руу гарвал аюултай. Өрсөлдөгчдөө судалж, тэднээс суралцах хэрэгтэй болов уу.
-Өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд эх орноо хөндлөнгийн нүдээр ажиглаж чаддаг, хөгжүүлжөөрчлөх шаардлагатай байгаа талуудад нь илүү гярхай байдаг шиг санагддаг. Таны хувьд юуг өөрчлөх юмсан гэж боддог вэ?
-Олон юмыг өөрчлөмөөр харагддаг. Гэхдээ бид өөрсдөө эхлээд өөрчлөгдөх нь чухал байна. Нийгэм чинь өөрөө хүмүүсийн нэгдэл учраас хүмүүс өөрсдөө өөрчлөгдвөл нийгэм өөрөө хөгжих байх. Хамгийн наад зах нь залуус ном их уншдаг болмоор байна. Номын сангуудыг олноор нь нээх хэрэгтэй.
-Эцэст нь, таны зүгээс залуучуудад юуг захиж хэлэх вэ?
-Залуу хүнд маш олон боломж байдаг. Тиймээс цаг битгий алдаарай гэж зөвлөмөөр байна. Түүнээс гадна залуус мэдээлэл сайтай байх нь чухал.