Улсын II төв эмнэлгийн дарга, АУ-ны доктор Г.Баясгаланг “Эрүүл монгол” буландаа урьж ярилцлаа.
-Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Улсын II төв эмнэлгийг хэрхэн удирдаж, ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар яриагаа эхлүүлье?
-Улсын II төв эмнэлэг 1931 онд байгуулагдсан. Манай улсын ууган эмнэлгүүдийн нэг. Одоогийн эмнэлгийн үйл ажиллагаа явуулж буй төв байр 1959 онд баригдсан. 1990 оныг хүртэл эмнэлгийн үйл ажиллагаа нэлээд хязгаарлагдмал буюу төрийн өндөр албан тушаал хашиж буй цөөн тооны хүн амын эрүүл мэндэд тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн. Харин 1990 оноос хойш эмнэлэг бол олон нийтийн эрүүл мэндэд анхаарал хандуулж, иргэдэд нээлттэй үйлчлэх ёстой гэсэн чиглэл, үзэл баримтлал руу явж байна. Эрүүл мэндийн сайдын 161-р тушаалаар төрийн өндөр албан тушаалтнууд, Монгол Улсын гавьяат цолтон, Хөдөлмөрийн баатруудыг эмчилж, тусламж үйлчилгээ үзүүлдэг ч түүнээс гадна манайх ялангуяа мэс засал, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлж байна. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэдэд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Эмнэлгийн үйл ажиллагаа, зорилт чиглэл сайд нарын гэдэг ухагдахуунаас тэс өөр чиглэлд явж байна. Манай эмнэлэгт жилдээ 10 мянга орчим хүн хэвтэн эмчлүүлж байхад сайд, төрийн өндөр албан тушаалтнууд 50 хүрэхтэй үгүйтэй л байдаг. Энэ хэрээрээ эмнэлгийн үйл ажиллагаа илүү олон нийт рүү чиглэдэг. Тэр ч утгаараа хүн амын олонхид тохиолдож буй өвчин, эмгэгүүдийг эмчлэх, тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах чиглэлд ажиллаж байна.
Тухайлбал, Улсын II төв эмнэлэг дээр Үндэсний оношилгоо, эмчилгээний төв төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 17000 метр талбай бүхий өргөтгөлийн барилга барих, хүн амд нэн хэрэгцээтэй байгаа тусламж үйлчилгээний дэд бүтцийг бий болгох, шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулах, дотооддоо нарийн мэргэжлийн эмчилгээ, үйлчилгээг шинэ шатанд гаргах, гадаадад эмчилгээ хийлгэхээр явж байгаа иргэдийн тоог бууруулах, эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах, эмнэлгийн мэдээллийн тогтолцоо, программ хангамжийн үйл ажиллагааг олон улсын төвшинд хүргэн гэсэн зорилтуудыг тавин ажиллаж байгаа. Зөвхөн тоног төхөөрөмж шинэчлэх, эсвэл зөвхөн барилга байшин барих биш нэлээн олон асуудлыг цогцоор нь шийдэх төсөл байгаа.
Тухайлбал, манай төсөл хэрэгжиж, Үндэсний оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орсноор зүрхний шигдээс, тархины харвалтын эмчилгээ, оношилгоог хийж эхэлнэ. Манай улсын хүнд амд зонхилон тохиолддог эдгээр өвчний эмчилгээ, чанар хүртээмжийн асуудлыг сайжруулах шаардлага байгаа юм. Тэр дундаа ангиограф буюу судсан дотуурх мэс заслыг хөгжүүлэх шаардлагатай байна. Энэ төрлийн өвчтөнүүд зөвхөн Гуравдугаар эмнэлэг дээр л очдог байсан бол удахгүй манай эмнэлэгт эмчлүүлэх боломжтой болно гэсэн үг.
Түүнээс гадна манай улсын хүн амд зонхилон тохиолдож буй хавдарын өвчлөлийн эрт илрүүлэлт, хяналт маш чухал байна. Тиймд бид төслийн хүрээнд хавдарыг маш бага дөнгөж эхэлж, үсэрхийлж байгаа үед нь илрүүлэх боломжтой PET CT буюу positron emission tomogram оношлогоог манйа улсын эмнэлгийн практикт анх удаа нэвтрүүлнэ.
Энэ нь одоогоор Монголд байхгүй маш үнэтэй технологи юм. Судлаачдын мэдээлсэнэээр энэхүү технологи эмнэлзүйд нэвтэрснээр хавдартай хүмүүсийн 30 орчим хувьд өвчнийг эмчлэх тактикыг өөрчлөх шаардлагатай болдог. Энэ технологийг Монголд хавдрын оношилгоонд нэвтрүүлснээр оношийг эрт тавьж зөв эмчлэх талаар томоохон дэвшил авчирна гэж найдаж байна.
Үндэсний оношилгоо, эмчилгээний төв ирэх онд ашиглалтад орно
-Хавдрын оношилгоог шинэ шатанд аваачиж, зүрхний шигдээс, тархины харвалтыг эмчилж, тусламж үйлчилгээ үзүүлэх Үндэсний оношилгоо, эмчилгээний төвтэй болох юм байна. Хэзээ ашиглалтад орох вэ?
Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийг (УХТЭ) өргөтгөж, бүтэц үйл ажиллагааг төрөлжсөн нарийн мэргэжлийн түвшинд хүргэж, иргэдийн хэрэгцээ шаардлаганд нийцсэн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагтай байгаа тухай саналаа 2007-2010 онуудад удаа дараа Эрүүл Мэндийн Яаманд өгч байсан боловч, төсөв санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан шийдэж чадахгүй байсан.
2009 онд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд С.Ламбаа гуай манай эмнэлгийн ажилтнуудтай уулзах уулзалт дээр энэ төслийг хэрэгжүүлэх талаар би илтгэл тавьсан юм. Улсын II төв эмнэлэгийн үйлчилгээг аль болох олон нийт рүү чиглүүлж, үндэсний хэмжээнд эмчилгээ, үйлчилгээ явуулдаг, эмнэлгийн байгууллага болгохыг зорьсон. Эмнэлэг бол нэг талдаа зах зээлээр хязгаарлагдаад байж болохгүй, нөгөө талдаа иргэдийн хэрэгцээ байсан болохоор үйлчилгээгээ өргөжүүлэх шаардлага байсан юм.
Монгол Улсын Засгийн Газраас 2010 онд “Эрүүл Мэндийн салбарт хийх цогц шинэчлэлийн төлөвлөгөө” баталсан бөгөөд гадаадад эмчилгээ хийлгэхээр явж байгаа иргэдийн урсгалыг зогсоох зорилгоор Улаанбаатар хотод Үндэсний оношлогоо эмчилгээний төв байгуулах асуудлыг томоохон эмнэлгийг түшиглэн байгуулах зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тул УХТЭ-ийн удирдлагын багаас эмнэлгийг өргөтгөх үйл ажиллагааг санхүүжүүлэх олон улсын байгууллага төсөл хөтөлбөрүүдийн талаар судалсан бөгөөд Солонгос улсын Economic Development Cooperation Fund (EDCF)–ийн шаадлагад нийцүүлэн, Оношлогоо Эмчилгээний Төв байгуулах төслийн техник эдийн засгийн үндэслэлийг англи хэл дээр боловсруулах ажлыг зохион байгуулсан.
2010 оны 11 сард Солонгос улсын EDCF, EXIM банкны төлөөлөгчид Монгол улсын Сангийн яаманд дээр бодлогын уулзалт хийсэн бөгөөд Солонгосын тал санхүүжүүлэх боломжтой төслүүдийг шалгаруулахад тус эмнэлгээс боловсруулсан “Construction of modern Digital Diagnostic Center in the Second General Hospital” нэртэй төсөл шалгарсан.
2010 оны 7 сард Эрүүл мэндийн яамны сайдын зөвлөлийн хурлын зөвлөмжийн дагуу төслийн нэрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нийцүүлэн, Үндэсний Оношлогоо Эмчилгээний Төв байгуулах төсөл гэж нэрлэхээр шийдвэрлэсэн бөгөөд улмаар нэмэлт сайжруулалтыг хийж, Монгол улсын Засгийн газар, Улсын Их хурлаар хэлэлцүүлэн зөвшөөрсний үндсэн дээр Солонгос улсын EDCF-д өргөн барьсан. Уг төслийн зорилгыг Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийг Үндэсний хэмжээний Оношлогоо Эмчилгээний Төв болгон шинэчлэн зохион байгуулах гэж тодорхойлсон болно.
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд найрамдах Солонгос Улсын Экспорт-Импорт банк хооронд 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Үндэсний Оношлогоо Эмчилгээний Төв байгуулах төслийн” зээлийн гэрээг байгуулагдсан.Манай хамт олны мөрөөдлийг тусгаж боловсруулсан энэхүү төсөл хэрэгжих боломжийг нээж, зээлийн гэрээнд тусгах талаар тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С. Батболд, Эрүүл мэндийн сайд нар С. Ламбаа, Н. Хүрэлбаатар нар чин сэтгэл гаргаж, эрүүл мэндийн салбарт хөгжил дэвшил гаргах эрмэлзэлтэй ажиллаж байсныг тэмдэглэх нь зүйтэй.
Төсөл хэрэгжүүлэх ажлыг 2012 оноос ЭМЯ хариуцан ажиллаж байснаа өнгөрсөн зургадугаар сараас төслийн хэрэгжүүлж дуусгах ажлыг тус эмнэлгийн идэвхитэй оролцоотойгоор дуусгах хариуцлагатай үүргийг тус эмнэлгийн хамт олонд өгсөн. Эхнээсээ Үндэсний оношлогоо эмчилгээний төвийн төсөл нь Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн үйл ажиллагааг өргөтгөж, тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргах, иргэдэд нэн шаардлагатай тусламж үйлчилгээг нэвтрүүлэх сэдэлтэйгээр ТЭЗҮ боловсуулан хэрэгжүүлж байгаа тул нэгдсэн нэг удирдлагатай нэг байгууллага байна. Ингэснээр захиргаа, оношлогоо, эмнэлгийн тусламжийн давхардал арилж, төсвийг хэмнэх ба барилга байгууламж дэд бүтцийн нөөцийг зохистой илүү үр дүнтэйгээр ашиглах боломж бүрдэнэ. Шинэ өргөтгөл оны гурав, дөрөвдүгээр сараас ашиглалтад орно гэж төлөвлөж байна.
Эрүүл мэндийн салбарын онцлог нь хязгаарлагдмал нөөцөөр хүмүүсийн эрүүл мэндийн хязгааргүй хэрэгцээ шаардлагыг хангах хэрэгтэй байдаг. Түүнчлэн, гаргасан шийдвэр бодлогын үр дүн олон жилийн дараа үр дүнгээ өгдөг. Тиймээс 2008-2012 онд ажиллаж байсан Засгийн газрын олон шийдвэр одоо амьдралд үр дүн өгөх байх гэж бодож байна. Үүнд иргэдийн хүлээж байгаа манай эмнэлгийг өргөтгөх төсөл, Түлэнхийн Төв, 300 ортой эх барихын эмнэлэг байгуулах, Сонгинохайрхан дүүргийн жишиг эрүүл мэндийн төв байгуулах төслүүд бөгөөд Эрүүл Мэндийн Яамны одоогийн удирдлага энэхүү төслүүдийг муулах, зогсоох, удаашруулах биш, хэрэгжилтийг идэвхижүүлэн аль болох түргэн дуусгаж, иргэдэд үзүүлэх тусламжийг сайжруулах талаар идэвхитэй ажиллаж байгаад талархалтай байгаа. Ер нь С. Ламбаа сайдын эхлүүлсэн ажлуудыг Д. Сарангэрэл сайд дуусгах юм шиг байгаа юм.
-Улсын II төв хэр олон эмч, ажилчинтай вэ. Эмч ажилтнуудаа хэрхэн чадавхижуулж, мэргэжлийн ур чадварыг хэрхэн сайжруулж байна вэ?
-Улсын II төв эмнэлэг 400-аад эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй. 90 орчим эмч, 180 сувилагчтай. Манай эмнэлэг Солонгос, Тайвань, Герман, Орос гэх зэрэг орнуудын 20 орчим эмнэлэгтэй хамтран ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд жилд эмнэлгийнхээ 40-50 мэргэжилтнийг урт, богино хугацааны сургалтад хамруулж, гадагшаа явуулдаг. Сургалтад хамрагдахаар явж байгаа хүнд мэргэжлийнхээ ур чадварыг дээшлүүлээд буцаад ирээд эмнэлэгтээ хэрэгжүүлэх ёстой шаардлагыг тавьдаг.
-Эмч хүнд мэргэжлийн өндөр чадвараас гадна ёс зүй чухал. Эмч, ажилтнууддаа ёс зүй талаас нь хэрхэн зөвлөж, үүнд хэрхэн анхаарал хандуулдаг вэ?
-Эмч хүнд хамгийн түрүүнд мэргэжлийн ур чадвар, шийдвэр гаргалт, ухаалаг байдал чухал. Яг үнэнийг хэлэхэд эмнэлгийн ажилтны ёс зүйн асуудлыг хэтэрхий их ярьж, шаардлага тавиад байдаг. Бүх зүйл дээр л эмч нарыг буруутгаж, ёс зүйгүй гэж шүүмжлэх үзэгдэл их. Бид ёс зүй гэдэг зүйлийг нэлээд үндэслэлтэй ойлгож, нийгмээрээ ухаарах хэрэгтэй байгаа юм. Ёс зүйн ойлголтын талаар Германы философич Кант хэд, хэдэн бүтээлдээ нэлээн үндэслэлтэй тайлбарласан байдаг.
Нэгд, ёс зүйн талаар морал гэдэг ойлголт байдаг. Морал нь хүний өөрийн дотор байдаг зүйл. Юу хийвэл зөв бэ, юу хийвэл буруу вэ гэдэг зөв буруугийн хэмжүүр гэж ойлгож болгоно. Хүн бүрт зөв буруугийн ойлголт, хэмжүүр өөр, өөр байдаг. Тэгэхээр хүн бүрийг нэг моралтай болгоно гэвэл нийтээр нь коммунизм байгуулна гэдэгтэй адилхан бүтэхгүй зүйл.
“Ворошиловын мэргэн бууч” гээд нэг орос кино байдаг. Тэр киноны гол дүр болох ахмад дайчин өвгөн (М. Ульянов) охинтой нь зүй бусаар харьцсан гурван хүнийг буудчихдаг. Тэр киноноос ёс зүйн талаар сонирхолтой ойлголтыг олж харж болно. Өвгөний охинд зүй бусаар хандсан гурван залуу байдаг. Нэг нь цагдаагийн даргын хүүхэд, нөгөөдөх нь баян айлын хүүхэд, бас нэг хүүхэд.
Охинд нь зүй бусаар хандсан хүмүүст хуулийн арга хэмжээ авах гэсэн чинь бүтдэггүй. Тэгэхээр нь өөрөө хувь хүний арга хэмжээ авч гурвууланг нь буудчихдаг. Хуулиар бол тэр өвгөн гэмт хэрэгтэн. Сэдэлтэйгээр хүний амь нас бүрэлгэсэн этгээд. Гэхдээ тэр киног үзсэн хүмүүс тэр өвгөнийг өрөвддөг бас өмгөөлдөг. Яагаад гэж бодож байна. Тэр өвгөний үйлдэж байгаа үйлдэл, сэдлийг зөв байна гэсэн шударга үнэлэмж бидний дотор байна гэсэн үг. Тэгэхээр хууль зөрчсөн хүн бүр муу хүн биш байх нь байна. Хууль болон моралын ойлголт тусдаа юм.
Энэ моралыг хүнд өвлүүлж, сургаж, заах боломжгүй. Яагаад гэвэл энэ нь тухайн хүний өссөн төрсөн орчин, ямар амьдрал дунд ямар мэдээлэл авч өссөнөөс шалтгаалж бий болдог зүйл. Тэгэхээр үүнийг би эмнэлэгт ажиллаж байгаа ямар ч эмчид тулгаж, зааж чадахгүй юм.
Түүнээс гадна мэргэжлийн ёс зүй буюу этик гэсэн ойлголт бий. Эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүй гэж бий. Тэр бол нийтээр дагаж мөрдөх ёс зүйн хэм, хэмжээ. Эмч хүн өвчтөнтэй хандах ёс зүйн гол зарчим бол гэм хийхгүй, тухайн хүнийг хохироохгүй байх явдал. Анагаах ухааны чиглэлээр бусдаас арай илүү мэдлэгтэй бол түүнийгээ ашиглан хэн нэгнийг хорлож болохгүй гэсэн санаа юм. Жишээлбэл, “Ромео Жулетта” гээд жүжигт Ромео амиа хорлохоор эмийн зүйчээс хор авдаг. Гэтэл тэр эм зүйч хор гэдгийг мэдсээр байж хүнд өгнө гэдэг жинхэнэ ёс зүйгүй байгаа хэрэг юм. Өөрийнхөө мэдэж байгаа мэдлэг боловсролоо хүний эрүүл мэнд болон бусдыг эсрэг хэрэглэж болохгүй гэсэн санаа юм. Ганцхан энэ тохиолдолд л эмчийн ёс зүй яригдах ёстой юм.
Үйлчлүүлэгч боломжгүй зүйлийг маш их шаардана. Анагаах ухаанд чаддаг ч зүйл бий. Бас чадахгүй зүйл ч бий. Богинохон хугацаанд энэ хорвоо ертөнц дээр томилолтоор ирээд буцдаг нь хүний жам ёс. Хүн хэзээ нэгэн цагт өвддөг, бас хэзээ нэгэн цагт нас бардаг. Эмч нар түүний эсрэг тэмцэж байгаа ч гэсэн бүхнийг хийх боломжгүй шүү дээ. Үүнийг үйлчлүүлэгч нь ойлгодог, эмч ч гэсэн өөрийн мэргэжлийн хэмжээнд тусламж үзүүлж чаддаг байх ёстой. Ийм л ухагдахууныг ялгаж салгаж ойлгох ёстой. Эмч, үйлчлүүлэгч аль, аль нь ижилхэн ёс зүйтэй байх ёстой. Олон нийтэд шаардлага тавьдаг ямар ч субьект байхгүй болчихсон. Монголд хамгийн дутагдаж байгаа зүйл бол энэ. Шат шатанд өөрсдийгөө олон нийт, ард түмэн гэж нэрлээд байгаа хүмүүс замбараагүй байдал үүсгэдэг.
-Эмч нарын хувьд хүнд суртлын асуудал их яригддаг шүү дээ?
-Яг юуг хүнд суралтай гэж ойлгож, тайлбарлаж байгаа үндэслэл нь чухал. Үнэхээр ачааллаа дийлэхгүйгээс болоод тусламж үзүүлж чадахгүй байгаа эмчийг хүнд сурталтай гэж байна уу. Эсвэл огт ачаалалгүй, өөрт нь боломж бололцоо байсаар байхад тусламж үзүүлэхээс татгалзаж байна уу гэдэг үндэслэл чухал. Нэг эмч нэг хугацаанд 10 хүнийг зэрэг үзэх боломжгүй шүү дээ.
Харин огт ачаалалгүй мөртлөө хэн нэгнийг эмчлэхээс хойргошиж байгаа бол хүнд суртал. Энд нөгөө ёс зүйн асуудал яригдах ёстой.
Түүнээс гадна ёс зүйтэй андуурагддаг бас нэг зүйл бий. Хүнд аливаа зүйлийг мартах, санал асуудал гардаг. Үүнийг ёс зүйтэй холбож тайлбарлаж болохгүй юм. Эмч хүн хариуцлагатай байх ёстой нь үнэн. Түрүүнд хэлсэнчлэн өөрийн мэдлэг чадвараа ашиглан бусдын биед санаатай хохирол учруулж болохгүй. Гэхдээ энэ амьдралдаа гэрийн түлхүүрээ мартаж үзээгүй, эд зүйлээ гээж үзээгүй хүн гэж байдаг болов уу. Яг түүнтэй адил эмчийн ажил өөрөө маш богино хугацаанд шийдвэр гаргадаг. 100 хувь зөв шийдвэр гаргана гэж бас байхгүй шүү дээ. Гэтэл хүмүүс өөрийн хийж чадахгүй төгс зүйлийг эмчээс шаардаад, тэр нь биелэгдэхгүй болохоор ёс зүйгүй гэж нэрлээд байдаг.
Нэг жишээ авъя, хагалгаа хийсэн хүний биед мэс заслын багажаа мартсан тохиолдол эмч хүнд гардаг. Гэхдээ 1000-д нэг, 10000-д нэг тохиолдддог. Хэрвээ тэр эмч санаатайгаар багажаа үлдээсэн бол ёс зүйн асуудал энд яригдана. Санамсаргүйгээр мартсан бол эмчийн ёс зүйгээс тусдаа ойлголт юм. Санамсаргүй алдаа, тэр эрсдэлийг бууруулах талаас нь системийн бодлого чухал. Мэс засал хийж байгаа эмч нар биенээ хянадаг, давхар шалгадаг, нэг нь алдлаа гэхэд нөгөөх нь залруулдаг байх ёстой юм. Майкл Жордан гэхэд дэлхийн хамгийн алдартай сагсан бөмбөгчин. Шидсэн бөмбөг бүр нь гоол ордоггүй биз дээ. Шидэлтийн магадлалын хувь нь 50,60 байдаг. 40 хувь алддаг. Торгуулийн шидэлтээр ч 100 хувь гоол оруулах магадлалтай хүн байдаггүй шүү дээ. Эмчийн ажил ч мөн алдаа гаргах эрсдэл байдаг.
Гэхдээ эмч нарт асуудал байдаг уу гэвэл бас байна. Үйлчлүүлэгчтай зөв харилцаж, өөрийгөө зөв ойлгуулах чадвар дутмаг байдаг. Өөрийгөө зөв илэрхийлж байна гэдэг мэргэжлийн ур чадварын нэг хэсэг шүү дээ. Эмч хүн гэдэг өвчтөний бие мах бодийг эмчлэхээс гадна сэтгэлзүйг давхар нь ойлгож, мэдэрч, харилцаж сурах ёстой. Энэ ур чадварыг эзэмшээгүй эмч нар олон байна.
-Эмч хүн бие мах бодийг эмчлэхээс гадна өвчтөний сэтгэл зүйг нь ойлгож, мэдэрдэг байх ёстой гэж байна. Энэ тухайгаа нэмж тодруулахгүй юу?
-Өвчтөнийг унших, мэдрэх тэр мэдрэмж төрмөл байдаг. Эмч хүн мэргэжлийн ур чадвараа бол сайжруулах боломжтой. Гэхдээ мэдрэмжийг яах ч аргагүй. Хүн бүрийн мэдрэмжийн төвшин өөр, өөр байдаг. Жишээ нь, мэс заслын Ичинхорлоо гээд багшийг гартаа эхотой хүн гэж ярьдаг байсан. Тэр хүн үзлэг хийх үедээ тэмтрэлт, тогшилт, чагналтаар хүний бие эрхтэний талаар асар их мэдээлэл авч чаддаг байсан. Тэмтрэлт, тогшилтыг төгс эзэмшсэн хүн байсан болохоор гартай эхотой юм шиг л мэддэг байсан. Одоо бол эмч нар хүний бодит үзлэгийг их дутуу хийдэг болсон байна. Технологийн дэвшлийн нэг сөрөг тал нь тэр. Технологийн тусламжтайгаар эход харж, зургийг нь нарийвчлалтай хардаг болсон болохоор эмчийн бодит үзлэг шаардлагагүй болж байгаа юм. Ингээд ирэхээр эмч тухайн өвчтөнөө өөрөө бодитой үзээ, мэдээлэл авах чадвар нь мууддаг. Энэ нь ганцхан Монголд ч биш, техник технологийн хөгжлөөс үүдэлтэйгээр дэлхий нийтэд тохиолдож буй үзэгдэл. Үүний улмаас өвчтөн, эмч хоёр бие сэтгэл зүйн хувьд холдоод байгаа юм. Уг эмч хүн өвчтөнийг аль болох ойроос үзэж, биеийн болон сэтгэлзүйн мэдээллийг ойлгож уншиж сурах ёстой.
-Та Н.Энхбаяр, С.Баяр, Ч.Сайханбилэг гээд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг эмчилж байсан. Энэ хүмүүстэй ажиллахад илүү том хариуцлага шаарддаг уу. Нэгэн цагт төрийн өндөр алба хашиж байсан ч шоронд орж, нийгэмд ад үзэгдэж байгаа тийм хүмүүсийн биеийг эмчлэхээс гадна сэтгэл санаагаар дэмжих, ойлгох шаардлага гардаг байх?
-Миний хувьд нийгэмд маш эмзэглэж хардаг нэг зүйл бий. Нийгэм тэр чигээрээ хүнийг нэг бол гайхамшигтай мундаг бурхан болгож магтаж, өргөмжлөөд, эс бол нийгмийн хог шаар болгочихдог. Аливааг хэт нэг өнцөгөөс харж өөрсдөө ариухан юм шиг шүүмжилж, шуугидаг. Хүн бүрт алдаатай оноотой дутагдалтай зүйл бий. Доржжадамбаа гээд манай ахмад профессорын эмнэлгийн мэргэжилтний талаар бичсэн ном байдаг. Тэр хүн өөрөө насаараа сэтгэцийн эмгэгтэй хүнтэй ажилласан. Тэр номдоо “Хүн өвчтэй болж ухаан нь тэнэгрээд, бүр хүний сүг болсон ч тэр хүнийг эмч хайрлах ёстой” гэж бичсэн байдаг.
Тухайн хүнийг хэн байхаас, ямар өвчтэй байхаас үл хамаарч хүн гэдгээр нь хайрлаж, ижил тэгш хандахыг хичээдэг. Манай эмнэлэгт эмчлүүлэх гээд ороод ирсэн хүн бүртэй тэгш харьцах юмсан гэсэн бодолтой байдаг. Төр засгийн тэргүүнүүд ч, төрийн өндөр албан тушаалтнууд ч, шоронд хоригдсон хүн ч үнэндээ бүгд л адилхан хүн. Ерөнхийлөгч гэж дагаж гүйгээд, эсвэл энэ шоронд орсон гээд хандлагаа өөрчилдөг ёс зүй надад байхгүй.
-Эрүүл амьдралын талаар зөвлөгөө өгөхгүй юү?
-Анагаах ухаан хамгийн дээд цэгтээ хөгжсөн улс орнуудад зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээгээр бүх асуудлыг шийдэж чадахгүй гэдгийг ойлгочихсон байдаг. Хүн өвдөх нь үнэн, нас барах нь бас үнэн. Бүх асуудлыг эмнэлэг дангаараа шийдэж чадахгүй. Түүнийг гол шийдэх хүч нь хувь хүнд өөрт байдаг. Үйлчилгээний байгууллагын хувьд хүн эдгэрээд гарахад “заа баярлалаа, дараа дахиад ирээрэй” гэж хэлдэггүй. Хүн өөрөө эрүүл мэнддээ анхаарал тавьж, зөв амьдрах нь чухал. “Амьд явах чинь өөрөө эрүүл мэндэд их муу” гэдэг үг байдаг. Хүн өөрийнхөө амьдралыг зөв зохион байгуулж, амьдралын зөв хэмнэлтэй байж, хөдөлгөөнтэй идэвхитэй, ухаалаг эрүүл амьдрах эрхтэй. Би бол үүнийг хувь хүний үүрэг гэж хэлнэ. Ер нь амьдрал бол юу хүсдэг, юу хэрэгтэйгээ тохируулах хувь хүний сонголтын асуудал юм. Хувь хүний өөрийнх нь амьдралын буруу хэвшлээс өвчин эмгэг үүсдэг. Идэвхитэй хөдөлгөөн, зөв хооллолт. Мөн архи тамхины хэрэглээгээ бууруулж чадвал олон өвчнөөс сэргийлэх боломжтой. Энэ гурван зүйлийг л өөрийн амьдралдаа зөв дадал, зөв зуршилтай болгож чадвал олон өвчний эрсдэлт хүчин зүйлийг өөрөөсөө холдуулж чадна.
Харин эмнэлгийн байгууллагын хувьд зөв мэдээллийг хүргэх, түгээх үйл ажиллагаа нь их чухал. Сингапурын Темасек сан нэртэй байгууллагын шугамаар нэг сургалтад хамрагдаж байсан. Тэр сургалтаар бол эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламжийг эмнэлгээс гаргаж гэрт нь аваачих тухай хэлж байсан. Маш зөв санаа. Өөрөөр хэлбэл, хүн болгон эмнэлэгт ирдэг бус гэртээ эрүүл амьдрахад нь анхаарал хандуулах тухай юм. Ингэж чадвал хүн болгон эмнэлэг рүү ирээд байх шаардлагагүй болох юм. Хоёрт, бас нэг яригдсан зүйл нь эмнэлэг өөрөө нийгмийн эрүүл мэндийн талаарх зөв мэдээллийг түгээдэг Нийгмийн эрүүл мэндийн анги шиг байж зохион байгуулагдах ёстой гэж хэлж байсан. Сургалтын дараа эмнэлэг дээрээ ирээд зүрх, судас чихрийн шижин зэрэг өвчнөөс яаж, хэрхэн хамгаалах талаар зөв мэдээлэл агуулсан самбаруудыг байршуулсан. Иргэд үзэж санаа авч хэрэгжүүлэх нь хувь хүнээс шалтгаалах болов уу.