Open iToim app
Бид 6000 хүнээс шалгарч 'Нобель'-д Монголоо төлөөлөхөөр болсон
Анализ | 11 мин уншина

Бид 6000 хүнээс шалгарч 'Нобель'-д Монголоо төлөөлөхөөр болсон

Нийтэлсэн 2018 оны 3 сарын 15
Нобелийн шагналтнуудын 68 дахь удаагийн уулзалтад Монгол Улсаас АШУҮИС-ийн багш, залуу эрдэмтэн, Анагаах ухааны доктор О.Зэсэмдорж, Б.Хонгорзул нар оролцохоор сонгогдсон билээ.
Тус уулзалтад анагаахын чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэд урилгаар оролцдог бөгөөд энэ жилийн уулзалтад Нобелийн шагналт 43 эрдэмтэн оролцох аж.  Түүнчлэн энэхүү уулзалтад оролцохын тулд орон орны 6000 гаруй залуу эрдэмтэн сонгон шалгаруулалтад орсон бөгөөд тэдгээрээс 84 орны 600 залуу эрдэмтэн, судлаач сонгосноос Монголоос ийнхүү О.Зэсэмдорж, Б.Хонгорзул нар сонгогджээ. Тэд Японы Жичи Анагаахын их сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сараас Монголдоо ирж, АШУҮИС-д багшилж байгаа ажээ.  
Ингээд эх орноо төлөөлөн Нобелийн шагналтнуудын уулзалтад оролцохоор болсон хоёр залуу доктортой ярилцсанаа хүргэж байна.  Тэдний хувьд Монголоос анх удаа Нобелийн шагналтнуудын уулзалтад оролцож буй судлаач, эрдэмтэд юм.   
-Нобелийн шагналтнуудын уулзалтад оролцохоор болсон хоёр судлаачдаа баяр хүргэе. 6000 гаруй судлаачдаас сонгогдсон гэхээр нэлээд өндөр шалгуурыг давсан байх. Та хоёрын судалгааны ажлын үр дүн голчлон нөлөөлсөн үү. Гол шалгуур нь юу байсан, хэрхэн сонгогдсон талаараа хуваалцахгүй юу?  
-Б.Хонгорзул: Анх АШУҮИС-ийн сүлжээ мэйлээр Нобелийн шагналтнуудын уулзалтын сонгон шалгаруулалтын зар ирсэн. Эхний ээлжинд судлаач нь намтар болон судалгааны талаарх танилцуулгаа явуулах байсан. Өнгөрсөн оны аравдугаар сард бид хоёрт эхний шатанд тэнцлээ гэсэн хариу ирсэн. Түүний дараа дахин сонгон шалгаруулалтад орж гуравдугаар сард уулзалтад оролцохоор сонгогдсон талаар мэдэгдсэн. Ерөнхийдөө хагас жилийн турш сонгон шалгаруулалт болсон. Хоёрдугаар шатандаа 50-60 орчим хуудас материал бөглөж, олон жижиг эссэ бичсэн. Тэр дундаа хамгийн чухал нь өмнө хийж байсан судалгааны сэдэв, үр дүн, цаашдаа ямар чиглэлд хэрхэн судалгаа хийх, хуралд оролцсоноор судалгаанд нь хэр үр өгөөжтэй байх талаар олон асуулт, эссэ бичих даалгавар байсан.   
Энэ жилийн уулзалт түүхэндээ анх удаа 43 Нобелийн шагналтан оролцож байгаа нэлээд өргөн цар хүрээтэй зохион байгуулагдах юм билээ. Бидний хувьд нэг дор 43 Нобелийн шагналтантай уулзах ховор боломж тохиосонд баяртай байгаа. Үндсэн хурал нь долоон хоног үргэлжилнэ. Хуралд Нобелийн шагналтнуудын зарим нь урилгаар илтгэл тавьж, залуу судлаачдад сургалт явуулах юм билээ. Залуу судлаачид ч гэсэн тодорхой шалгуураар өөрсдийнхөө судалгааны ажлыг танилцуулж, илтгэл хэлэлцүүлж,зөвлөгөө авах боломжтой. Анагаахын салбарын шилдгүүд цугласан газраас судалгааныхаа чиглэлд ч тэр өөр бусад зүйл дээр илүү их шинэ санаа, урам зориг, туршлагыг олж аваад ирнэ гэсэн хүлээлттэй байгаа. Түүнчлэн нэг салбарын нэг үеийн 600 залуу судлаачтай уулзаж, судалгааныхаа талаар ярилцаж, цаашдын судалгааны хамтын ажиллагааны эхлэлийг тавьж, олон улсын төвшинд хамтран ажиллах гүүрийг тавина гэж бодож байгаа.  
-Та хоёулаа Японы Жичи Анагаахын их сургуульд докторын зэрэг хамгаалсан гэсэн. Судалгааныхаа ажлын үр дүн, чиглэлийн талаар танилцуулахгүй юу. Мэдээж судалгааных нь үр дүн Нобелийн шагналтнуудын уулзалтад оролцоход чухал нөлөө үзүүлсэн байх? 
undefined
-Б.Хонгорзул: Миний хувьд Японы Жичи Анагаахын их сургуулийн Анатомийн тэнхимийн Гистологи-Биологийн салбарт суралцан докторын зэрэг хамгаалсан. Судалгааны ажлын гол чиглэл бол өнчин тархи тэр дундаа өнчин тархины урд хэлтэрийг судалсан. Өнчин тархины урд хэлтэрийн үүдэл эсийн зохицуулга, нас бие гүйцсэн амьтанд үүдэл эс хэрхэн яаж зохицуулагддаг талаар судалсан. 
Үүдэл эс судалдаг судлаачдын мөрөөдөл бол ямар нэг өвчнөөр өвдсөн хүний эсийг авч, эргэн програмчилж, анхны төлөвт нь оруулан, өвчнийг анх үүсэх шатнаас нь даган судалж тухайн өвчний нарийн учрыг тайлж, эмчилгээний шинэ арга гаргаж авах буюу тухайн хүнийг өөрийнх нь эсээр эмчлэх боломжийг судалдаг гэж ойлгож болно. Үүдэл эсийг гарлын хувьд үр хөврөлийн үеийн үүдэл эс, эрхтэн тогтолцооны буюу нас бие гүйцсэн үеийн үүдэл эс гэж ангилж авч үздэг. Үр хөврөлийн үүдэл эс нь анх үр тогтох үед бий болж өөрийгөө олон дахин олшруулж, олон төрлийн эс болон ялгаран хөгжих чадвартай байдаг. 
Харин эрхтэн тогтолцооны буюу нас бие гүйцсэн үеийн үүдэл эсүүд үйл ажиллагааны алдагдалд орсон эсүүдийг орлох шинэ эсийг ялгаран хөгжүүлэх зэрэгт оролцож байдаг. Тиймдээ ч эд эрхтнүүд хэвийн үйл ажиллагаатай ажиллаж байдаг. Гэхдээ энэ үеийн үүдэл эс нь ялгаран хөгжих үйл нь тухайн эрхтэн өвөрмөц байдлаар хязгаарлагдсан байдаг.
2012 онд Японы эрдэмтэн Shinya Yamanaka болон Их Британийн эрдэмтэн John B. Gurdon нар  үүдэл эсийн чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн байдаг. 1962 онд John B. Gurdon эсийн ялгаран хөгжлийн явцыг буцаах буюу ухраах боломжтой гэдгийг нээсэн. Харин 2006 онд Shinya Yamanaka нь дөрвөн төрлийн транскрипцийн факторын тусламжтайгаар нас бие гүйцсэн үеийн эсийг залуу үүдэл эс болгож чадсан.
Тиймд орчин үед үүдэл эсийн чиглэлээр судалгаа хийдэг хүмүүс өвчтөнөөс өөрөөс нь эсийг аваад, өвчний явцыг нь судлах, эмчилгээний шинэ аргыг нээх, өвчний суурь шалтгааныг тодорхойлоод, өөрийнх нь эсээр өөрийг нь эмчлэх боломжийг нээх зорилготойгоор судалгаа шинжилгээг хийж байна. 
Миний судалгаа болохоор өнчин тархины үүдэл эсийн талаар байсан. 20-иод  жилийн өмнө өнчин тархи өөрөө өөрийгөө зохицуулах чадваргүй зөвхөн дээрээс ирсэн сигналын дагуу даавар ялгаруулдаг эрхтэн гэж судлаачид үздэг байсан. Гэтэл өнчин тархи өөрөө, өөрийгөө зохицуулах чадвартай, өөрийн гэсэн үүдэл эстэй гэдгийг эрдэмтэд 20-иод жилийн өмнөөс мэдэж, судалж эхэлсэн байдаг. Миний хувьд өнчин тархины урд хэлтэрийн үүдэл эсүүд ямар үед ялгаран хөгжөөд, ямар үед өөрийн тоо хэмжээгээ тогтмол барьдаг механизмыг судалсан. Үүдэл эс дээр эсийн сигнал гэж байдаг. Зэргэлдээ оршиж байгаа хоёр эс өөр хоорондоо мэдээлэл дамжуулдаг. Энэ мэдээллийн механизм амжилттай дамжихаас шалтгаалаад үүдэл эс ялгаран хөгжих эсвэл олшрох эсэх нь тодорхойлогддог. Тэгэхээр энэ сигнал нь үүдэл эсийн олшролтод оролцоод байна уу, эсвэл ялгаран хөгжилтөд оролцоод байна уу гэдэг талаас, мөн үед E-cadherin нэртэй наалдагч уураг энэхүү үйл явцад яг ямар үүрэгтэйгээр оролцдогийг олсон.
Судалгааны нөгөө нэг том үр дүн нь SOX2 эерэг үүдэл эсийн ялгаран хөгжилтийн нэг зохицуулах зам нь Notch signaling гэдгийг батласан. Нэг чухал дэвшилттэй зүйл нь үүдэл эсийн маркер болон энэхүү сигнал хоёрыг эд будгийн аргаар нэг эд дээр нэгэн зэрэг харах үр дүнг бусад эрдэмтэд олж аваагүй байсан. Харин энэхүү судалгааныхаа явцад тэрхүү аргыг боловсруулсан нь бусад судлаачид ашиглах боломжийг нээж өгсөн. Ингэснээр анагаахын шинжлэх ухааны салбарт нэг жижигхэн цэгийг бүтээсэн.
Одоо миний хувьд АШУҮИС-ийн Шинжлэх ухаан технологийн газрын судлаач мэргэжилтэн, Биологи-гистологийн тэнхимд багшаар ажиллахын зэрэгцээ судалгаагаа үргэлжлүүлэн хийж байна. Тодорхой үр дүн гаргах юм бол япон багштайгаа хамтраад үргэлжүүлэн хийхээр төлөвлөсөн зүйлс байгаа.
О.Зэсэмдорж: Чихрийн шижин, таргалалтыг эмчлэх онолын, суурь судалгааг хийсэн 
-Миний хувьд 2003 онд Нийслэлийн Физик-Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай  11-дүгээр дунд сургуулийг төгссөн. Улмаар ЭМШУИС-ийг төгсөөд 2012 онд ЭМШУҮС-д магистрын зэрэг хамгаалж, 2013 онд Японы Жичи Анагаахын их сургуульд докторын зэрэг хамгаалахаар явсан. Чихрийн шижин, бодисын солилцоо талаар дэлхийд алдартай Тошихоко Яда профессорын удирдлагад судалгаагаа хийсэн.   
Бидний тархин дахь Гипоталамус хэмээх жижиг хэсэг нь тархины бусад хэсгээс болон, захын эрхтэнүүдээс ирсэн мэдээллийг нэгтгэж улмаар хоногийн био хэмнэл, бие махбодийн дотоод орчны зохицуулга, бодисын солилцоо, даавар, хооллолт, нөхөн үржихүй зэрэг олон үйл ажиллагааг зохицуулдаг. Хүмүүс ходоодондоо захирагдаж хоол иддэг гэж боддог. Гэтэл тархин дах Гипоталамусын ARC (Нуман) бөөмөнд байдаг нейронуудын (мэдрэлийн эс) үйл ажиллагаагаар хооллох, цадах зэрэг нь шийдэгддэг. Уг бөөмийг хооллолтын анхдагч төв гэж үздэг. Гэтэл Гипоталамусын бусад бөөмүүд өлсөх, цадах зэрэгт оролцдог хэдий ч уг бөөмүүд дэх зарим нэгэн нейронуудын үйл ажиллагаа нь тодорхойгүй байсан юм.  
Миний хувьд багшийнхаа удирдлаган дор Гипоталамусын дунд хэсэг дэх Гамма Амин тосны хүчил ялгаруулдаг нейроны үйл ажиллагааг нь судалж гаргасан юм. Уг үр дүнгээр цаашид Чихрийн шижин, таргалалт эсвэл бүр хоолны дуршил буурсанаас тураалд ордог өвчнийг эмчлэх онолын, суурь судалгаа нь болж байгаа юм. Жишээлбэл, зарим нэг хавдартай хүмүүс хоолны дуршилгүй болж турдаг, магадгүй энэ нь дээрх нейронуудын үйл ажиллагаа дарангуйлагдсан. Нөгөөтэйгүүр биеийн жингийн илүүдэлтэй хүмүүст дээрх нейронууд нь хэтэрхий их цочирсон байх магадлалтай. Судалгааны үр дүнг үнэлж Нобелийн шагналтнуудын энэ уулзалтанд оруулахаар болсон гэж бодож байна. 
Цаашид судалгааны ажлаа Монголдоо үргэлжлүүлэн практикт илүү хэрэгтэй үр дүнг гаргаж авахаар зорьж байна. Монгол хүний хоногийн илчлэг 2500-3000 к.кал гэдэг. Гэтэл баярын өдрүүдэд энэ хэмжээ хэтэрч хамгийн багадаа 6000 к.кал-т хүрдэг. Хэтрүүлэн авч байгаа энэ илчлэг бидний биед эргээд зөөлөн хэлбэрийн үрэвсэлийн эмгэгүүд үүсгэж байх талтай. Энэ талын судалгаа хомс байгаа учир илүү сонирхож байна. 
-Та хоёрын хийж буй судалгаа их сонирхолтой, үр өгөөжтэй санагдлаа. Судалгаагаа яагаад Монголдоо үргэлжлүүлэн хийхээр болсон юм бэ. Монголдоо ажиллаж, амьдрах сонголтыг яагаад хийсэн бэ? 
Б.Хонгорзул: Бидний хувьд АШУҮИС-д багшилж байхдаа Жичигийн Анагаахын их сургуульд тэнцээд явсан. АШУҮИС маань Жичигийн Анагаахын их сургуульд багш сургах хамтын ажиллагааны гэрээтэй байдаг. Тиймд бидний хувьд буцаад сургуульдаа ирж багшлах гэрээтэй байдаг. Гэхдээ судалгаагаа Япондоо үргэлжлүүлэн хийх боломжийг ч гэсэн олгодог. Миний хувьд Жичигийн Анагаахын их сургуульд нэгдүгээр курс төгсдөг жилдээ байхдаа сургалтаа дуусгаад үргэлжлүүлэн судлаачаар ажиллах санал авч байсан. Өөрийгөө сорих, өөр зүйл дээр илүү нарийсан судалгаа хийхэд илүү үр дүнтэй юм болов уу гэдэг утгаар саналыг хүлээж аваагүй. Монголдоо буцаж ирэхээр шийдсэн.   
О.Зэсэмдорж: Миний хувьд Жичигийн Анагаахын их сургуульд үргэлжлүүлэн судлаачаар ажиллах, мөн дээрээс нь гадаадын өөр их сургуульд докторын дараах сургалтанд хамрагдах боломжууд нээлттэй байсан. Японд сурч байх хугацаандаа Монголд тэр дундаа АШУҮИС-д цөм лаборатори байгуулагдсан, судалгаа хийхэд лабораторийн орчин нөхцөл, боломж сайжирсан, шинжлэх ухааны салбартаа илүү анхаарал хандуулж байгаа талаар сонссон нь Монголдоо буцаж ирж ажиллахад нөлөөлсөн.   
-Үйлдвэрлэл технологи өндөр хөгжсөн Япон орны хувьд шинжлэх ухааны салбартаа хэрхэн анхаарал хандуулдаг вэ. Салбарын судлаачдын хувьд Монголынхоо шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх, шинэчлэх, өөрчлөх хэрэгтэй талуудад нь гярхай ажигласан болов уу?
undefined
-О.Зэсэмдорж:  Өндөр хөгжилтэй, шинжлэх ухааны салбар нь ихээхэн хөгжсөн орнуудын хувьд бүтээгдэхүүнийг нь дараагийн шатны байгууллага шууд авч хэрэглэхэд бэлэн байдаг нь авууштай. Судалгаагаар шинэ технологи, өгөөжтэй үр дүнг гарган авлаа гэхэд түүнийг нь практикт ашиглах боломжтой байх жишээтэй. Эргэх холбоо сайтай гэж хэлж болно. Судалгаа болон бизнесийн байгууллага нь биенээ дэмжсэн нягт холбоотой, хамтын ажиллагаа сайтай байдаг. Монголд маань судалгааны үр дүнг дараагийн байгууллагуудад нэвтрүүлэх уялдаа холбоо сул байдаг. 
Мөн Өндөр хөгжилтэй орнууд ДНБ-ийн 5 орчим хувийг шинжлэх ухааны салбартаа зарцуулдаг жишигтэй.   Харин Монголд ДНБ-ийн 0.2 хүрэхгүй хувийг шинжлэх ухаанд зарцуулж байгаа нь маш бага үзүүлэлт.    
Б.Хонгорзул: Улсын хэмжээнд шинжлэх ухаанд зарцуулж буй хөрөнгө бага ч АШУҮИС-ийн хувьд нийт төсвийнхөө 3 хүртэлх хувийг багш нарынхаа судалгаанд зарцуулдаг. Сургуулиас боломжийнхоо хэрээр эрдэмтэн багш, судлаачдаа дэмжиж ажилладаг.
Японд нэг анзаарсан зүйл бий. Тэр нь японы бүх эрдэмтэд жил нэг удаа салбар салбарын нэгдсэн уулзалт хийдэг. Тэр үеэрээ хэн юуг, хэрхэн судлах зорилтоо гаргаж харилцан тохиролцоод явдаг. Жишээ нь, тархи судалдаг эрдэмтэд цуглалаа гэхэд тархийг хэсэг бүрээр нь хувааж аван, хүн бүр өөр өөр даалгавартай буцна. Тэгээд ирэх жил нь үр дүнгээ ярилцдаг. Энэ нь тэд өөр хоорондоо өрсөлдөх бус Япон орны шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх, бусад оронтой өрсөлдөх, тэднээс илүүг бүтээх гэсэн нэгдмэл зорилго, нэг санаатай байгаагийн илрэл юм. Улсаараа нэг зорилгын төлөө ажиллаж, япон хүнээ яаж амжилтад хүргэх вэ гэдэг туйлын зорилготой. Энэ нь Японы хөгжилд нэн ялангуяа шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй санагдсан.
-Та хоёрын хувьд Японд доктор хамгаалсан сэдвээс гадна сурч авсан хамгийн том зүйл нь юу байсан бэ?
-Б.Хонгорзул: Японууд хэн хэндээ төвөг удахгүй амьдардаг. Миний эрх хэн нэгнээр хязгаарлагдаж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн хүмүүс. Миний эрх хэтрэх вий гэж өөрийнхөө эрхийг маш сайн хязгаарлаж бусдыг хүндэлж, ойлгодог. Хэзээ ч өөрийнхөө бодол, хүслийг хэн нэгэнд тулгаж, хүчилдэггүй. Манайх эрх чөлөөтэй нийгэм гэдэг утгаараа эрхээ маш сайн мэдээд байдаг. Харин үүргээ дутуу ухамсарладаг шиг санагддаг.
Би ээж хүн. Япончууд хүүхдээ багаас нь, цэцэрлэгийн наснаас нь эхлэн маш сайн хүмүүжүүлж бэлддэгийг харсан. Бага наснаас нь тухайн хүнийг өөрийгөө олж, танихад нь тусалж, чиглүүлж өгдөг. Тийм болохоор япон хүүхдүүд бүр багаасаа өөрийнхөө юунд дуртай, ямар давуу талтай, юуг хийвэл бусдаас илүү амжилтад хүрч болох, цаашдаа ямар чиглэлд суралцаж, хэн болох ёстой гэдгээ ухамсарлачихсан байдаг.  Тиймдээ ч их сургуульд орж ирж байгаа оюутнуудын зорилго нь баттай, илүү сайн сурч, сайн мэргэжилтэн болж чаддаг юм болов уу.
Нөгөө нэг зүйл нь мэдэхгүй, чадахгүй байхаас айх хэрэггүй, харин хүнд мэрийлт, хичээл зүтгэл байвал амжилтад хүрч болдгийг олж харсан. Харин мэдэхгүй, чадахгүй гэдгээ мэддэг чаддаг гэж худлаа хэлж болохгүй. Хамгийн гол өөрийнхөө маш их мэрийлттэй, сурах чин хүсэл эрмэлзэлтэй байгаа гэдгээ мэдрүүлж, ойлгуулах нь чухал юм билээ.
О.Зэсэмдорж: Японууд нэг том алхам хийхийн өмнө маш олон жижиг алхам төлөвлөж хийдэг. Долоо хэмжиж нэг огтолдог ард түмэн. А цэгээс Б цэг хүртэл ямар замаар яаж хүрвэл илүү үр дүнтэй, ашигтай, сайн байх вэ гэдгийг нэг бүрчлэн судалж, олж мэдээд эхлүүлдэг арга барилыг үнэхээр биширмээр. Тийм ч учраас уг арга барилаас өөртөө авч үлдэхийг хичээсэн.
-Та хоёулаа багш хүмүүс. Орчин үеийн залуусын сурч мэдэх хандлага, хичээл зүтгэл ямар байна. Оюутан, залуус юун дээр  анхаарах хэрэгтэй талаар саналаа хуваалцахгүй юу?  
-О.Зэсэмдорж: Япон хүмүүс өөрийн нэг сонирхсон зүйл рүүгээ маш гүн, гүнзгий ордог. Дурын япон хүнээс сонирхдог зүйл, хоббиных нь талаар асуухад тухайн зүйлийнхээ үүх түүх, бүтэц, үйл ажиллагаа, холбоотой бүхий л зүйлийн талаар бүрэн дүүрэн хариулж чадах хэмжээнд өөрийгөө хөгжүүлж, судалсан байдаг. Нөгөөтэйгүүр ингэж судлах орчинг нь бүрдүүлж өгсөн байдаг. Зургаан жил эмч мэргэжлээр сурах гээд нэгдүгээр курст орж ирж байгаа оюутан юуны эмч болох, өөрийгөө хэрхэн бэлдэж, суралцах талаар төлөвлөчихсөн, шийдчихсэн орж ирдэг. Харин Монголд эмчийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын дийлэнх нь ямар нарийн мэргэжлээ эмч болохоо шийдээгүй байдаг. Шийдсэн зарим нэгэнд бага зэргийн бэрхшээл тулгарахад дундаас нь хувираад явчихдаг нь харамсалтай. Энэ нь түрүүнд Б.Хонгорзулын хэлсэнчлэн бага насны хүмүүжил, сургалт, боловсролын тогтолцоо, өөрийгөө олсон эсэхтэй холбоотой байх л даа. Илүү баттай зорилготой болчих юм бол түүнийхээ төлөө хичээл зүтгэл гаргаж чадна гэж хардаг.  
Тиймд оюутан залуустаа хандаад олон зүйлийг сонирхох гэж зорих биш нэг зүйлээ гүнзгий судал дурла гэж хэлмээр байна. Мэдээж онолын суурь мэдлэг хүн бүрт байх ёстой ч нэг зүйлийг илүү гүнзгий судалж, өөрийгөө хөгжүүлж чадвал бусадтай өрсөлдөх чадварыг өөртөө бий болгож чадна.
Б.Хонгорзул:  Шинжлэх ухаанаа дэмжсэн хүн болоорой гэж хэлмээр байна.
undefined
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн