Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2019 оны төсвийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан. Ирэх жилийн төсөвт тусгагдсан боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилготой зарим онцлох арга хэмжээг танилцуулж байна.
Сурагчдад сурах бичиг түрээсүүлнэ
ЕБС-ийн сурах бичгийг төрөөс бага ангийн сурагчдад 100 хувь, харин төрийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувьд үнэ төлбөргүй олгодог. Ингэснээр дунд, ахлах ангийн сурах бичиггүй үлдэж буй 60 хувь нь өөрөө худалдан авах шаардлагатай болдог. Иймд сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн номын санд сурах бичгийг түрээслүүлж, түрээсийн орлогоороо нөхөн хэвлэлт хийдэг сурах бичгийн түрээсийн тогтолцоог 2019 оноос нэвтрүүлэхээр тооцож 3.7 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан байна
"Үдийн цай хөтөлбөр"-ийн санхүүжилтийг 14.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ
Ирэх 2019 онд цэцэрлэгийн насны хүүхдийн тоо 20.4 мянгаар ерөнхий боловсролын сургуульд суралцагчийн тоо 26 мянгаар туст тус нэмэгдэж байгаатай холбоотойгоор нэг суралцагчдад ногдох хуьсах зардлыг нийт 33.6 тэрбум төгрөгөөр, харин үдийн цай хөтөлбөр, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 14.7 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлж тооцлоо.
Багшийн үр дүнгийн урамшууллыг сурагчийн амжилт, ажлын ачаалалтай уялдуулна
Одоо үйлчилж байгаа багшийн ажлыг үнэлж дүгнэх, шалгуур үзүүлэлтүүд болон уг шалгуурыг үндэслэн олговол зохих үр дүнгийн урамшууллын зохицуулалтыг шинэчлэх шаардлагатай байна. Иймд багшид сурагчийн амжилтаас нь хамааран зр дүнгийн урамшуулал олгох тогтолцоог бий болгож боловсролын чанарыг нэмэгдүүлнэ.
Мөн багшийн нэмэгдлийг ажлын ачалаалалтай нь уялдуулж ялгаатай тогтооно. Тодруулбал, ЕБС-ийн багшийн нэмэгдлийг сурагчийн тоо, ажлын ачаалалтай нь уялдуулж ялгаатай тогтоохоор тооцоолжээ.