Open iToim app
Боловсрол | 5 мин уншина

Ц.Хүрэлтулга: Зав ихэдвэл, зовлон ихэддэг

Ц.Хүрэлтулга: Зав ихэдвэл, зовлон ихэддэг
Нийтэлсэн 2018 оны 10 сарын 2
Монголын англи хэлний академийн захирал Ц.Хүрэлтулгын "Цаг хугацааны үнэ цэнэ, түүнийг хэрхэн удирдах" тухай зөвлөмжийг хүргэж байна. 
Цаг хугацаа бол гэдэг амьдралын хэмжүүр. Аз жаргалтай байх, аз жаргалгүй байхын хэмжүүр, зааг юм.  Миний хувьд амьдралдаа баримталдаг хамгийн чухал зүйл бол цаг хугацаа юм. Хэрвээ таныг цаг хугацаа удирдаж байгаа бол асар гунигтай хүн юм. Харин та цаг хугацааг өөрөө удирддаг бол аз жаргалтай хүн.  Цаг хугацааг үр бүтээлтэй, зөв өнгөрүүлж зарцуулахын тулд хэд хэдэн дадалд суралцах шаардлагатай. Түүнээс биш нэг л өглөө цаг төлөвлөлтийн дэвтэр гаргаж ирээд цагаа хуваарилж бичээд шууд л л цаг хугацаагаа зөв сайн ашигладаг, зарцуулдаг болохгүй. 
Цаг хугацаа гэх баялаг хүн бүрт ижил тохиодог, харин түүнийг зөв зарцуулсан эсэхэд амжилтын нууц оршдог 
Нэгдүгээрт, тухайн хүн цаг хугацааны үнэ цэнийг ухаарсан байх ёстой. Миний хувьд анх мэргэжлээ эзэмшээд АШУИС-д оюутан болж, дадлагад гарч байхдаа өдөр шөнөгүй амьдралын төлөө тэмцэж байгаа эдгэршгүй өвчинтэй нэгэн охинтой таарч байсан. Маш их өвдөж, зовиурлаж байгаа мөртлөө ганц ч гэсэн хоног амьдрахын төлөө тэмцэж, асар их хичээж байсан. Тэгж байгаад нас барсан. Тэр охинд амьдрах боломж, цага хугацаа өгөгдөөгүй. Миний хувьд тэр үеэс цаг хугацааны үнэ цэнийг баг багаар ойлгож эхэлсэн. Дараа нь өөрөө өвдсөн тэгээд цаг хугацааны үнэ цэнийг илүү их ойлгож, мэдрэх болсон. Амьдрах хугацаандаа өмнө нь цаг хугацааны үнэ цэнийн талаар маш олон зүйлийг сонсдог байсан ч нэг чихээр ороод нөгөө чихээр гараад явдаг байлаа. Аливаа зүйлийг хэт олон ярихаар үнэ цэнээ алдчихдагтай адил хүн бүр цаг хугацааны талаар яриад байхаар үнэ цэнийг нь мэдэхээ байчихдаг юм шиг байгаа юм. Тэгээд өөрөө өвдөөд эхэлсэн чинь цаг хугацаа ямар үнэ цэнэтэй  болохыг, юуны төлөө амьдрах ёстойгоо илүү их мэдрэх болсон. Өмнө нь гоё байшин, машин, карьерын төлөө амьдардаг байсан бол өвдөх үедээ юуны төлөө амьдраад байсандаа эргэлзэж эхэлсэн.  Залуу хүмүүст тэр дундаа өөрт чинь цаг хугацаа гэдэг асар том баялаг байгааг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр магадгүй гар утсандаа нэгжгүй, дата дууслаа гээд, эсвэл автобусны мөнгөгүй гээд санаа зовж болох юм. Гэхдээ яг үнэндээ цаг хугацаа гэх асар том баялаг өгөгдсөн гэдгийг ойлгох хэрэгтэй. Цаг хугацаа гэх баялаг хүн бүрт ижил өгддөг. Харин түүнийг ашиглаж, зөв зарцуулсан үгүйд л амжилтын нууц оршдог.  
Хоёрт, өөрийгөө өдөр бүр хурцал. Хамгийн иртэй хутга байлаа гээд хэрэглэхгүй байвал ир нь алга болдог. Үүнтэй адил хүн байнга өөрийгөө өдөөж хөгжүүлж байхгүй бол зогсдог. Гадаад хэл сурах гэж байгаа хүмүүсийн ч гэсэн гаргадаг нэг алдаа бол энэ. Гадаад хэлийг тодорхой хэмжээнд, хэрэглээний төвшинд эзэмшээд ирэхээр өөрийгөө мундаг гэж ойлгоод зогсчихдог, энэ бол хамгийн аймшигтай алдаа. Надад ч бас ийм үе байсан. Англи хэлийг тодорхой хэмжээнд ойлгосон эзэмшсэн, дээрээс нь бизнесийн ухаанд хэд хэдэн зүйлийг эзэмшчихсэн, тайланд шинжилгээ хийгээд сурчихсан, ТЭЗҮ-г англи хэл рүү чөлөөтэй буулгаад сурчихсан  үе. Өөрийгөө болж байна, чадаж байна гэж ойлгоод сурахаа зогсоосон байсан. Гэтэл нэг удаа Монгол тулгатны  синхрон орчуулга хийлээ, тэгсэн би гацихсан. Миний хажууд туслах орчуулагчаар сууж байсан жаахан охин үргэлжлүүлээд орчуулсан. Нүүр хийх газар олдоогүй, өөрөөс маш их ичсэн. Хүн тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэйг ухаарсан. Тэгээд тэр шөнөжин, үргэлжүүлээд бүтэн долоо хоног суугаад Монгол тулгатны талаар маш их үг цээжилж, Монгол тулгатан, Монголын түүхтэй холбоотой боть номыг өөрөө зорьж орчуулсан.    
Түүнээс хойш хэн надаас илүү байна, тэр хүнийг дагадаг, суралцдаг болсон. Томоохон хуралд орчуулга хийхгүй байсан ч очиж суугаад хэрвээ би орчуулсан бол хаана алдах байсан, юуг чадахгүй байсан, хаана нь илүү байх тухай бодож өөрт анализ дүгнэлт хийдэг болсон.
Өөрөөсөө илүү хучирхэг хүмүүс дунд очиж байх ёстой.  Тэр үед л  өөрийгөө хүчгүй сул дорой байгаа гэдгээ мэддэг. Тэгж байж цаг хугацааг зөв зарцуулах хүч, урам зориг төрнө. Өдөрт нэг удаа ч болтугай өөрийн өрсөлдөгчийнхөө фэйсбүүк, твиттерт ороод харж байгаарай. 
Гуравт, орчноо өөрчил. Цаг хугацааг өөрийн болгож эзэмшмээр байгаа бол орчноо өөрчил. Нэг үгээр хэлбэл, хүрээлж байгаа хүмүүсээ өөрчлөөд үзэх хэрэгэй. Хүчирхэг хүмүүс дунд ор. Олон улсын том хуралд дээр сайн дурын ажил хий. Өөрийгөө ямар дутуу байгааг мэдэж улам их хичээхэд чиглүүлнэ.    
Дөрөвт, зорилгоо ол. Хүмүүс зорилго мөрөөдөл хоёроо андуураад байдаг. Тэд ихэвчлэн хэрэглээгээ мөрөөдөлтэйгээ андуурдаг, мөрөөдлөө зорилготойгоо андуурдаг. Хүн бүрт мөрөөдөл байдаг. Гэхдээ мөрөөдөл, хэрэгцээ хоёр хүнийг урагш алхаж, тэмүүлэхэд нөлөөлдөггүй.   
Харин зорилго бол хүнийг асар хурдтай урагшлуулдаг. Зорилго хүчирхэг хүмүүс дунд хүчирхэг баг дунд цаг хугацаагаа удирдаж чаддаг тэр хүмүүс дунд, нэг үгээр хэлбэл, өөрийгөө голох үед зорилго бий болдог. Өөрөөсөө илүү хүмүүс дунд очиж, өөрийгөө голж, байх суух газраа олохгүй байгаа  тэр үед зорилго бий болдог. Зорилготой хүн цаг хугацааг удирдаж чаддаг. 
Энэ дөрвөн зүйлийг цогцлоож  чадвал цаг хугацааг удирдаж сурна. 
Үүний дараа цаг төлөвлөлтийн дэвтэрээ хөтөлж эхлээрэй. Долоо хоногт хоёр удаа хөтөлбөл үр дүнтэй. Ингэхдээ хоёр зүйлийг анхаарах шаардлагатай. Хамгийн түрүүнд урт хугацааны төлөвлөгөө, зорилгоо бич. Дараа нь тэр урт хугацааны зорилгодоо хүрэхийн тулд өдөр тутам хийх ёстой зүйлүүдээ хувааж бичээрэй. Ихэнх хүмүүсийн гаргадаг том алдаа нь маш хурдан амжилтад хүрэх гээд байдаг. Хурдан үр дүн хүлээгээд байдаг. Нарийн тооцоолол маш чухал шүү. 
Түүнээс гадна цаг төлөвлөхдөө хийх ажлаа хамгийн чухлаас эхлээд эрэмбэ, дэс дараалалд оруулаарай. Үнэхээр завгүй өдөр байсан хамгийн чухал зүйлээ заавал хийж байх ёстой. Хэрвээ IELTS-д бэлдэж байгаа бол өдөр бүр 100 үг цээжлэх ёстой гэдэг ч юм уу. Үнэхээр завгүй байсан ч хамгийн чухал зүйлээ заавал амжуулах нь чухал. Завгүй бай гэдгийг хоолоо идэхээ мартаад, эрүүл мэндээ, гэр бүлээ орхиод ажиллана гэж ойлгож болохгүй.  Завгүй бай гэдэг чинь сул зогсолт бүү хий гэсэн санаа юм. Өөрийнхөө чухал зүйлээ хийж байхыг хэлээд байгаа юм. Зав ихдэх юм бол зовлон ихэддэг. Хэрвээ та бусдад гомдоллосон, сэтгэлээр унасан, шантарсан байгаа бол завтай байна гэсэн үг шүү.    
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн