Open iToim app
Зочин | 7 мин уншина

Л.Мөнх-Эрдэнэ: Монголд Ерөнхийлөгчийн засаглал л хамгийн шилдэг хувилбар. Учир нь...

Л.Мөнх-Эрдэнэ: Монголд Ерөнхийлөгчийн засаглал л хамгийн шилдэг хувилбар. Учир нь...
Нийтэлсэн 2018 оны 10 сарын 29
МУИС-ийн профессор, Макс Планкийн нийгмийн антропологийн хүрээлэнгийн ахлах судлаач Л.Мөнх-Эрдэнэтэй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцлаа.
Тэрээр Хоккайдо их сургуульд докторын зэрэг хамгаалж, Стэнфордын их сургуульд Хүмүүнлэгийн судалгааны төвд, мөн Принстоны тэргүүлэх судалгааны хүрээлэнд судлаачаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Өдгөө Макс Планкийн Нийгмийн Антропологийн Хүрээлэнд ажиллаж байна.
-Таны хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ямар байр суурьтай байгаа вэ. Улсаа нэг толгойтой, бас хариуцлага хүлээх эзэнтэй болгохын тулд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх үү, эсвэл  Ерөнхий сайдынхыг нэмэх үү. Таны бодлоор аль хувилбар нь оновчтой юм бэ?     
-Одоогийн боловсруулагдаад байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хамгийн гол зорилго нь Монгол Улсад тогтвортой, хариуцлагатай гүйцэтгэх засаглал бий болгох явдал. Яагаад? Өнгөрсөн 26 жилд буюу 7 удаагийн сонгуульт хугацаанд зүй нь ихээр бодоход 7 хүн Ерөнхий сайд хийх ёстой байсан бол түүний оронд үүрэг гүйцэтгэгчтэйгээ нийлээд 17 хүн Ерөнхий сайд хийж, зүй нь 7 Засгийн газар байх ёстой байсан бол 15 Засгийн газар солигдсон байна. Эндээс зөвхөн П.Жасрай, Н.Энхбаяр хоёрын Засгийн газар л сонгуульт хугацаагаа дүүргэсэн. Энэ найман жилийг хасвал үлдсэн 18 жилд 15 хүн Ерөнхий сайд хийсэн. Дундачилбал, Засгийн газрын нас 14 сар. Энэ юу гэсэн үг вэ? Энэ 18 жилд УИХ-ын гишүүд яаж Засгийн газрыг унагаж сайдын суудал олж авах вэ гэдэг дайн хийсээр ирсэн гэсэн хэрэг. Яагаад? Яагаад гэвэл Засгийн газрыг УИХ байгуулдаг учир Засгийн газар нь УИХ-ын гишүүдийн хувааж идэх бялуу. Засгийн газарт сайндаа 16 суудал байхад УИХ-д 76 ам байж байна. Үүнээс үүдсэн дайн. Азтай 16 нь сайдын багцыг автал ард нь 60 хоосон хоцорно. Шударга биш биз дээ. Хоосон хоцрогчид хорсолтой. Хоолонд орохын тулд 16-г суудлаас нь хөөх хэрэгтэй биз дээ. Энэ суудлыг суллах арга нь Засгийн газрыг огцруулах, учир нь ингэж байж тэд ээлжлэх боломжтой болж байгаа юм. Тиймээс Засгийн газар байгуулагдах тутамд 60 нь араа шүдээ долоогоод шүлсээ залгиад өлөн нүдлээд ээлжээ хүлээгээд тэсэж ядан засгийг унагах үйл ажиллагаа явуулдаг юм. Нэгэнт засгийн газрыг байгуулах, буулгах нь УИХ-ын эрх учир энэ нь тэдний эрх. Та бялуу зөвхөн олонхид хамаатай гэж маргаж болох. Тийм биш. Сонгуулиар бялуугаа алдаж, хоосон ширээнд хорсолтой цөлөгдсөн сөрөг хүчин нэртнүүд ядвал дараагийн сонгуулиар бялуугаа буцааж авах, чадвал бусдын бялуунаас шомбодочихын тулд засгийг унагахын тулд хорлон бусниулах үйл ажиллагаад ил, тодоор, эрээ цээргүй хийдэг юм. Учир нь энэ тэдний эрх нь ч, үүрэг нь ч. Тэдэн дээр нэгдүгээр, хоёрдугаар ээлжээр ороод хоолоо булаалгасан хорсолтонгууд ч нэгддэг юм. Иймээс л засгийн газар үргэлж 60 дайсантай байдаг юм. Тиймээс л тогтворгүй. Мэдээж хоорондоо байнга дайтаж байгаа хүмүүсээс хэнээс нь хариуцлага нэхэх вэ? Гэтэл бид бас 1993 оноос хойш Ерөнхийлөгч гэдэг албан тушаалтныг сонгон тэжээсээр ирсэн. 25 жил, сонгуулийн долоон хугацаа. Хэдэн Ерөнхийлөгчтэй байсан бэ? Тав. 17 биш 5. Нэг ерөнхийлөгч огцруулсан уу? Үгүй. Харин ч эсрэгээр хоёр ерөнхийлөгч тус бүр найман жил ерөнхийлсөн. Яагаад? Яагаад гэвэл Ерөнхийлөгчийг УИХ биш харин Монголын ард түмэн сонгодог юм. УИХ сонгодог байсан бол бид бас л 20-иод ерөнхийлөгчийн нүүр үзсэн байх байсан биз. Ерөнхийлөгчийн суудал шиг амттай зөөлөн суудал байхгүй биз дээ. Бүх онц эрх ямба, хангамж, хүндэтгэлийг эдэлнэ. Олон улсаар төрийн дээд хэмжээний аялал хийнэ. Одон, медаль, цол тэмдэг тарааж хүн амьтныг баясгана. Юу ч хийхгүй, амар сайхандаа жаргая гэвэл энэ чухам тэр суудал биш үү. Ийм суудлыг 76 мэддэг байсан бол бүгд энэ суудлын төлөө дайтах биш үү? Тиймээс өөрөөсөө асуугаад үз. Аль нь илүү сонголт байна. Хэрвээ ерөнхийлөгч засгийн газраа тэргүүлдэг, өөрөөр хэлбэл, Монголын ард түмэн өөрсдөө Засгийн газраа сонгон байгуулдаг байсан бол өнгөрсөн 26 жилд бид ихээр бодож 7 засгийн газартай л байх байлаа. Аль танд оновчтой хувилбар байна. Өөрөө сонго.         
-Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол нэг нам, нэг хүн эрх мэдэл ноёрхож, Путин, Назарбаев шиг олон жилийн төрийн эрх мэдлийг барих вий гэсэн болгоомжлол байгаа. Тийм эрсдэл бий юу?
-Парламентын засаглал харин нэг олонх, нэг нам, тэр ч бүү хэл ардчилсан бусаас нь нэрлэвэл нэг Цэдэнбал шигийг, нэг Ши Жинпин шигийг, ардчилсан гэдгээс нь нэрлэвэл нэг Маргарит Тэтчер, нэг Ангела Мэркель, эсвэл нэг Шинзо Абэ шиг нэг нам, нэг бүлэглэл, нэг удирдагчийн засаглалыг, тэр ч бүү хэл Сингапур дахь Лийгийн гэр бүлийн хаанчлалыг ч бий болгож болдог засаглал. Яагаад гэвэл парламентын засаглал бүх эрх мэдлийг зөвхөн парламентад буюу манайхаар УИХ-д төвлөрүүлдэг учир. Парламент хуулиа өөрөө тогтооно, өөрөө засаглана. Хууль тогтоох, гүйцэтгэх хоёр эрх мэдэл нэг нам, нэг бүлэглэлд төвлөрсөн байхад бие даасан шүүхтэй байх тухай бодох ч хэрэггүй. Харин Ерөнхийлөгчийн засаглалд Ерөнхийлөгч зөвхөн хуулийг хэрэгжүүлэх, биелүүлэх, дагаж мөрдүүлэх л үйл ажиллагаа явуулдаг. Ерөнхийлөгчид хууль тогтоох эрх мэдэл байхгүй. Харин эсрэгээр ард түмэн парламентаа буюу хууль тогтоох байгууллагаа өөрсдөө сонгож байгуулна. Тиймээс төрийн эрх мэдэл нэг нам, нэг бүлэгт төвлөрдөг, тэгээд тэр бүлэг нь ард түмэн, сонгогчдоо умартаад өөр хоорондоо эрх мэдлийн төлөө байнгын улс төрийн дайн, дажин хийж улс орныг бусниулдаг дэглэмийг парламентын дэглэм гэдэг юм даа. Тэр тэмцлийн улмаас нэг Цэдэнбал, эсвэл Тэтчер төрвөл түүний дарангуйлал, тэдний хооронд хүчний харьцаа тэнцвэртэй байгаад байвал Итали шиг ч юм уу эсвэл манайх шиг байнгын дажин самуун. Ийм л дэглэм. Гэтэл гүйцэтгэх эрх мэдэл мөн чанараараа нэг этгээдэд төвлөрч байх ёстой. Нэг биш л бол манай 76 шиг хоорондоо эрх мэдлээ булаалдан уралцдаг. Монголын түүхэнд ч, дэлхийн түүхэнд ийм гашуун жишээ дүүрэн. Хоорондоо дайтаж (цустай цусгүй нь хамаагүй) л байгаа бол хариуцлага, тогтвортой хөгжлийн тухай зүүдлэх ч хэрэггүй. Дээрээс нь Монгол улс дэлхий дээр ганцаар биш. Хятад, Оросоос эхлээд Монголд эрх ашигтай улс орнууд энэ улс орныг хүрээлэн байна. Дээрээс нь Рио Тинтогоос Олон Улсын Валютын Сан хүртэл энэ улс орныг засаглах сонирхолтой корпорациас, олон улсын байгууллага хүртэл байна. Мөн дотор нь Монголын төрийг халаасандаа чихдэг сонирхлын бүлэглэлүүд ч зөндөө байна. Монголын гүйцэтгэх засаглал парламентын гарт байвал үргэлж энэ бүх сонирхлуудын тоглоом байх болно. Харин Ерөнхийлөгчийн дэглэмийнх шиг гүйцэтгэх эрх мэдэл нь ард түмний гарт байвал дээрх сонирхолууд засгийн газрыг нь дураараа авч хаяад байхгүй. Засгийн газар нь ч хоорондоо дайтаад байхгүй. Харин ч огцрох аюул байхгүй учир эдгээр гадна, дотны хэсэг бүлгийн эрх ашгийн эсрэг сонгосон ард түмэндээ өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд тууштай ажиллах боломжтой болно. Хятад, Казахстан хөгжиж байгаа нь үнэн. Яагаад гэвэл гүйцэтгэх засаглал нь тогтвортой байгаа учраас. Гэхдээ тэд үүнийг ардчилсан замаар бус харин бид Цэдэнбалын дэглэм дор байсан шиг тийм замаар хийж байгаа юм. Мөр бүтэн, гэдэс цатгалан явах нь тухайн хүн амын гол асуудал нь болж байгаа бол мэдээж энэ зорилтыг хангаж байгаа хэрэг. Харин ард олон нь эрх, эрх чөлөө, тэгш эрх, шударга ёсыг эрхэмлэдэг бол энэ тийм биш. 
-Одоо хоёр өөр үзэл явж байна л даа. УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн барьж байгаа нэг төсөл байна. Нөгөө нь манай Ерөнхийлөгчийн хүсээд байгаа нэг төсөл байх шиг. Ерөнхийлөгчийн засаглалын тогтолцоонд шилжихэд шинээр Үндсэн хууль бичих шаардлага үүснэ биз дээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэж болохгүй биз дээ. Хууль зүйн хувьд ийм бололцоо байгаа юу?
-Зүй нь Үндсэн хуулийг Үндсэн хуулиар байгуулсан жирийн хууль тогтоох байгууллага болох парламент юм уу УИХ өөрчлөх ёсгүй юм. Гэхдээ асуудлын хамгийн гол нь УИХ-аас боловсруулаад байгаа нэмэлт, өөрчлөлт Монголд засаглалын тогтвортой, хариуцлагатай тогтолцоог бий болгохгүй. Бүр улам тогтворгүй тогтолцоог бий болгоно. Төслийн нэг том заалт нь Засгийн газрын сайд нарын гуравны хоёрыг УИХ-ын гаднаас томилох явдал. Энэ юу гэсэн үг вэ? 76-гийн ээлжлэн суух суудлын тоо төдий хэмжээгээр цөөрнө гэсэн үг. Энэ тэмцлийг төдий хэмжээгээр хурцатгана гэсэн үг. Одоо бол дор хаяж сонгогчдын өмнө улаан нүүрээ улалзуулдаг, тойрогтоо буцаж очих нүүрээ боддог хүмүүс сайд хийдэг байсан бол тийм бус хүмүүс сайд хийнэ гэсэн үг. Мэдээж тэд ерөнхий сайд эсвэл ерөнхий сайдыг лоббидсон олигарх сонирхолын өмнө л хариуцлага хүлээнэ. Энэ нь ард түмний эрх ашиг сонирхол бишийн дээр УИХ-ын гишүүдийн ч эрх ашиг сонирхол биш. Тиймээс тэр “давхар дээл” гэгчээ тайлбал засгийн газар яг 1997-2000 оны засгийн газрууд шиг годройтох болно. Яагаад гэвэл тэд Ардчилсан Холбоо Эвсэлийн 50 гишүүний өөрсдийнх байгуулсан засгийн газар гэхээсээ илүү Багабандийн тулгасан засгийн газрууд байсан юм. Тиймээс олонх нь хамгаалах гэхээсээ илүү унагаах сонирхолтой байсан юм. Тиймээс “давхар дээл” тайлбал засгийн газар улам хэврэг болно. Мэдээж намууд энэ байдалд орохгүйн тулд пропорционал сонгууль, намын жагсаалтаар санал хураах байдлаар сонгуулийн системийг өөрчлөнө. Сонгогчид хүнийг биш намыг сонгоно. Мэдээж Үндсэн хууль зөрчигдөнө.  Хамгийн гол нь дахиад л зорилгодоо хүрэхгүй. Учир нь хувь тэнцүүлэх сонгуулиар олон нам парламентад орж ирдэг учир олонхгүй парламент байх нь түгээмэл. Олонх бүрдүүлхийн эвсэл байгуулах хэрэтэй болдог. Эвсэл хэврэг, хэзээ ч задарч болно. Задрах тутамд засаг годройтно. Энэ мэт олон асуудал байна. Тиймээс энэ төсөл нь зорилгоо биелүүлэхгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн засаглалын хувилбар хамгийн шилдэг хувилбар. Асуудлыг бүр мөсөн шийдэхийн дээр парламентын засаглалын олон ужиг өвчин түүнтэйгээ хамт Монголын улс төрөөс арчигдана. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн