АШУҮИС-ийн Мэдрэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Д. Бямбасүрэнгээс цөөн асуултад хариулт авлаа.
-Мэдрэл сульдал, мэдрэлийн ядаргаа гэж юу вэ. Мэдрэлийн ядаргаанд оруулдаг эрсдэлт хүчин зүйлс юу байдаг вэ?
-Мэдрэлийн тогтолцооны эмгэг гэдэг нь өөрөө асар том зүйл. Бүхий л эрхтэн тогтолцоог удирдаж байдаг гол удирдагч нь хүний мэдрэлийн тогтолцоо гэж хэлж болно. Мэдрэлийн тогтолцоонд ямар нэг асуудал тулгарснаар амь нас, эрүүл мэндэд асуудал учруулдаг. Тухайлбал, харвалт бол мэдрэлийн тогтолцооны эмгэг дундаа өвчлөл, нас баралт өндөртэй цочмог өвчин. Цаг хугацаатай уралддаг учраас бид нэн түрүүнд анхаарал хандуулах ёстой.
Мэдрэлийн тогтолцооны эмгэг нь өөрөө тахир дутуу байдлыг үүсгэж байдаг. Яагаад гэвэл мэдрэлийн тогтолцоо нь бидний хөл, гарыг хөдөлгөх, удирдах, амтлах, залгих гээд бүхий л үйлийг удирдаж байдаг. Удирдаж байгаа хэсэг нь гэмтчих юм бол тэр үйл ажиллагаа алдагдаж тахир дутуу болж байгаа юм.
Тэгэхээр хүний биеийн эрхтэн тогтолцоог удирдаж байдаг мэдрэлийн тогтолцоо ядарч, сульдах үед бие эрхтэнд сөрөг нөлөөллийг үзүүлж эхэлнэ гэсэн үг. Хүмүүс өөртөө онош тавьчихсан, мэдрэлийн ядаргаанд орчихсон гэж яриад явдаг. Мэдрэлийн тогтолцоо өөрөө маш нарийн, ухаантай тогтолцоо. Амьсгалыг хүртэл зохицуулахдаа тодорхой хэмнэлтэй, тодорхой тоогоор ажилуулж байдаг. Гэтэл тэр мэдрэлийн тогтолцоонд ачаалал учруулаад байх юм ядарч сулддаг. Нойргүй удаан хугацаагаар явах, амьдралын буруу хэв маягтай байх, дасгал хөдөлгөөн хийхгүй байх зэрэг ачааллаас болж мэдрэлийн тогтолцоо сульдаж ядардаг. Ачаалалд өртөж ядарсан мэдрэлийн тогтолцоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүйд хүрдэг.
Түүнээс гадна архаг бөөр, элэгний дутагдал гээд бүх бодисын солилцоог хариуцаж байдаг том тогтолцоонууд гэмтээд эмгэгшээд эхлэхээр эрхтэн тогтолцоог зохицуулах гэж хичээж байгаа мэдрэлийн тогтолцоо сульддаг.
-Мэдрэлийн ядаргаанд орсон үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Мэдрэлийн ядаргааг хэрхэн тайлах вэ?
-Мэдрэлийн ядаргаанд орсон хүн амархан ядарна, амархан хөлөрнө, тамирдана. Түүнээс гадна нойргүйдэх, амархан бухимдах, хөдөлмөрийн чадавхи, оюуны чадамж буурах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.
Хүмүүс ихэвчлэн мэдрэлийн ядаргаагаа тайлах гэж байна гээд дусал, витамин хийлгээд яваад байдаг. Дусал хийж, төрөл бүрийн витамин уугаад мэдрэлийн ядаргаа тайлагдахгүй. Мэдрэлийн ядаргаар тайлахын тулд зөв амьдралын хэв маягтай байх, дасгал хөдөлгөөн хийх, сэтгэлээ амар, амгалан байлгах, сэтгэл зовоосон асуудлаа шийдэх нь чухал. Түүнээс өөртөө мэдрэлийн ядаргаа гэсэн онош тавьчихаад төрөл бүрийн эм, бэлдмэл, сүлжээний бүтээгдэхүүн хэрэглээд ядаргаа тайлагдахгүй. Витамин хэрэглээд л байвал эрүүл байна гэж ойлгодог. Асар буруу ойлголт. Хүний биеийн лаборатори болох элэг тааралдсан эм, витамин болгоныг задлаад байх үүрэгтэй биш. Хавдрын олон шалтгаанд замбараагүй, зохисгүй эмийн хэрэглээ, сүлжээний бүтээгдэхүүн нөлөөлж байна. Түүнээс гадна хүмүүс юу ч хийхгүй бие амар суугаад, өөрийгөө гамнаад байвал ядаргаанд орохгүй гэж боддог. Яг үнэндээ зав ихтэй, ямар хөдөлгөөнгүй суусан хүмүүсийн мэдрэл хамгийн ядардаг.
-Стресс мэдрэлийн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг вэ. Ер нь стресс гэж юу вэ?
-Стресс гэдэг үгийг хүн бүр мэддэг болоод их удаж байна. Стресс нь маш богино хугацаанд болоод урт хугацаанд хүний сэтгэл санаанд тавгүй байдал үүсгэх хүчин зүйлүүдээс улбаатай . Мэдрэлийн тогтолцоонд байдаг олон сэрэлийг дамжуулж байдаг бодисуудыг ихэсгэж, багасгах, богино хугацаанд тогтворгүйжүүлэхэд нөлөөлдөг. Ингэснээр хэвийн бодож сэтгэх, хөдөлмөрийн чадвар, анхаарал төвлөрөх чадварыг алдагдуулж байдаг. Стресс нь зөвхөн хүний зан төлөв ааш араншингаар илрээд зогсохгүй бие мах бодиор дамжин илэрдэг. Зүрхэнд ачаалал өгөх, даралтыг ихэсгэх, ходоод хүчтэй агших, горойгоод хоол орохгүй байх гээд эрхтэн тогтолцоонд нөлөөлж байдаг. Олон удаа стресст ороод, тэрийгээ тайлж чадахгүй, түүнийхээ эсрэг зөв арга хэмжээ авч чадахгүй бол мэдрэлийн ядаргаа үүсдэг.
-Нойргүйдэл мэдрэлийн ядаргаанд хэрхэн нөлөөлөх вэ. Нойргүйдэл юунаас болж үүсдэг вэ?
-Нойргүүдлын эмгэг нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Эхлээд тухайн шалтгааныг тодорхойлж, тохирсон эмчилгээ хийлгэх шаардлагатай. Гүн нойр авдаг цаг хангалтгүй байна уу, нойр эхэлж чадахгүй байна уу гээд маш олон шалтгаантай. Нас ахихын хэрээр нойронд нөлөөлдөг милатинин гээд бодисын хэмжээ буурдаг. Тэгэхээр нойргүйдлийг таамгаар эмчилж болохгүй. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах шаардлагатай.
Хүн тус бүрийн нойрны хэмнэл өөр өөр байдаг. Зарим хүн бол 3 цаг унтаад нойр нь ханаж байхад, зарим нь 10 цаг унтаад нойр нь ханадаг. Хэдэн цаг унтаад нойр ханаж байна тэр нь тухайн хүний нойрны хэмнэл. Зөв дэглэмтэй, тодорхой цагт унтаад тодорхой цагт босдог хүнд нойргүйдэх эмгэг бага байдаг. Харин дуртай цагтаа унтаад, дуртай цагтаа босдог, оройтож унтдаг хүмүүс бол нойргүйдэх эмгэгтэй болох эрсдэл өндөр.
-Удаан хугацаагаар нойргүй явснаар сэтгэцэд эмгэг үүсэх үү?
-Нойргүйдлээс болоод сэтгэцийн эмгэтэй болж байна уу, эсвэл сэтгэцийн асуудлаас болоод нойргүйдэж байна уу гэдэг тусдаа асуудал. Ер нь сэтгэл гутралтай, сэтгэцийн асуудалтай хүмүүс дандаа нойргүйдэх эмгэгтэй байдаг. Сэтгэл гутралыг эмчлэх юм бол нойргүйдэл эмчлэгдэнэ.