Манай сайт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн дарга Л.Энхсайхантай уулзаж, цуврал ярилцлага бэлтгэж байгаа билээ. Өмнө нь мэдрэлийн ядаргаа сэдвээр ярилцсан бол энэ удаа толгой өвдөлтийн талаар ярилцаж, зөвлөгөө авлаа. -Хүн бүр ямар нэгэн байдлаар толгой өвдөлттэй байдаг. Гэхдээ дийлэнх олонхи нь толгой таллаж өвдөж байна гэдэг. Тэгэхээр толгой таллаж өвдөх нь юутай холбоотой, ер нь ямар төрлийн толгой өвдөлтүүд байдгаас яриагаа эхэлье?
-Толгойн өвдөлтийг иргэд эхлээд зөв ойлгох хэрэгтэй. Нэгд, толгойн өвдөлт нь зовуурь гэдгийг ойлгох хэрэгтэй. Толгойн өвдөлт болгон бие даасан өвчин биш юм. Хоёрт, толгой өвдсөн болгон мэдрэлийн өвчин биш юм. Толгой өвдөлтийг дотор нь анхдагч, хоёрдогч гэж хуваадаг. Хоёрдогч өвдөлт нь мэдрэлийн бус өвчтөнүүдийн үед толгой өвдөж болно. Жишээ нь, халуурах, даралт ихсэж, буурах, хэт удаан хоол идэлгүй явах, ядрах зэрэг шинж тэмдгүүдийн үед толгой өвддөг. Энэ нь толгой өвдөлт гэсэн зовуур болохоос биш, толгой өвдөлт гэсэн бие даасан өвчин биш юм. Толгой өвдөлт юутай холбоотой өвдөөд байгааг, ямар үед өвдөж байна, ямар арга хэмжээ авсны дараа намдаад байна гэдгийг хүн өөрөө сайн ажиглах хэрэгтэй. Тиймээс энэ үедээ даралтаа үзэж, ямар шалтгаантай өвдөж байна гэдгийг нэгд тодруул.
Хоёрдогч толгой өвдөлтийн шалтгаанууд нь янз бүрийн эмгэгүүдийн үед толгой өвдөж болно. Жишээ нь тархины харвалт, тархины хавдрын үед толгой өвдөлт илрэх болно. Анхдагч хэлбэр нь бие даасан толгой өвдөлтөөрөө илэрдэг толгойн өвчин юм. Үүнд үндсэн гурван төрлийн хэлбэр байдаг.
Нэгд, мигрень буюу талласан толгойн өвдөлт юм. Энэ төрлийн өвдөлт нь хүн амын дунд нэлээд тархалттай байдаг. Мөн эмэгтэйчүүдэд илүү тохиолддог. Энэ өвдөлтийн гол зовуурь нь мэдээж толгой таллаж өвдөнө. Нийт өвчтөний 60-70 хувьд нь толгой таллаж өвдөнө, үлдсэн 30-40 хувьд нь толгой хоёр талдаа өвдөнө.
Өөр нэг онцлог шинж нь маш хүчтэй лугшсан толгой өвдөлтөөр илэрнэ. Дараа нь огьж, бөөлжиж болно. Энэ хэлбэрийн толгой өвдөлтийг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг харьцуулаад үзвэл нэг эрэгтэй өвдөж байхад таван эмэгтэй өвдөж байдаг толгойн өвдөлт. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдэд илүү тохиолддог өвчин юм.
Хоёрт, хүчдэлийн толгой өвдөлт. Энэ төрлийн өвдөлт нь хүн амын 50 хувьд нь тохиолддог. Тэгэхлээр энэ толгой өвдөлт нь үндсэндээ хэт ядарсан стрессийн гаралтай. Хоёрт хүзүү, дагз хэсгийн булчингийн чангаралттай холбоотой үүсдэг. Энэ өвдөлтийн үед толгой дүүрнэ, ямар нэг зүйлээр дарсан юм шиг мэдрэмж өгч, өвддөг. Мөн их олон хоногоор үргэлжилж өвдөнө. Тэгэхдээ энэ нь мигрень шиг хүчтэй өвдөлт өгдөггүй онцлогтой.
Гуравт, толгойн багцалсан өвдөлт юм. Энэ хэлбэрийн толгойн өвдөлт нь эрэгтэйчүүдэд илүү тохиолддог. Багцалсан толгойн өвдөлтийн үед ихэвчлэн дух болон нүд орчимд маш хүчтэй өвдөлт өгдөг. Энэ хэлбэрийн толгой өвдөлт нь сар болон гурван сарын дараа сэдэрч болно.
-Мигрень буюу толгой таллаж өвдөх хэлбэр нь яагаад эмэгтэйчүүдэд илүү тохиолдож байгаа вэ?
-Энэ төрлийн толгой өвдөлтийг маш олон эрдэмтэд янз бүрээр тайлбарласан байдаг. Эмэгтэйчүүд яагаад илүү их тохиолдож байна вэ гэхээр эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг, дааврын өөрчлөлттэй холбоотойгоор толгой өвдөлт сэдэрдэг. Мөн толгой өвдөлт нь дагаж өвддөг. Жишээ нь ээжийн толгой өвддөг байхад охины толгой өвдөх зовуурь илэрдэг нь толгой өвдөлт нь дагаж илрэх хандлагатай. Энэ өвдөлт нь их хүчтэй өвдөлт өгдгөөрөө их төвөгт, ажлын бүтээмжид ч сөрөг нөлөөлтэй.
-Толгой нь байнга өвддөг хүмүүс өөрийн дураар эмийг маш ихээр хэрэглэдэг. Толгойн өвчин намдаах эмийг их хэрэглэх нь хэр зөв бэ?
-Толгой өвдөлтийн үед эм уухаас өмнө хамгийн эхлээд таны толгой яг юунаас болоод өвдөж байна вэ гэдэг шалтгааныг нь олоод түүндээ тохирсон эм хэрэглэх нь зөв. Юунаас болж өвдөж байгааг нь мэдээгүй байж эм хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Иргэдийн гаргадаг нэг алдаа бол сургаар оношилдог, хүний амаар өөрийнхөө оношийг тавьдаг. Жишээ нь, хажуу талын хүний толгой өвдөж байхад таны толгой адилхан өвчтэй байх албагүй шүү дээ. Нас, хүйс гээд бүх зүйл нь адилхан хоёр хүний толгой өвдөхөд шалгаан нь өөр байж болно. Тийм учраас бүх зүйлийг хүний амаар шийдэж болохгүй. Танд үнэхээр зовуурь байгаа бол өрх, дүүргийн эмчид ханд шаардлагатай бол мэдрэлийн эмчид үзүүлж толгойн өвдөлтийн шалтгаанаа тодруулах хэрэгтэй. Тэгэхгүйгээр сургаар оношлоод, бусдын ярьсан аргыг хэрэглээд өвс, ургамал, ногоо хэрэглэж уух нь маш буруу. Тэр хүний хэрэглэсэн өвс, ногоо, ургамал нь зарим зүйлд сайн байж болох ч зарим зүйлд сөргөөр нөлөөлж болно. Тийм учраас өөрийн биедээ хэрэглэх гэж байгаа эм тариа, ургамлаа сайн бодож, тунгааж байж хэрэглэх хэрэгтэй.
-Толгой удаан хугацаанд өвдөх нь ямар хор уршигтай вэ?
-Удаан хугацаанд өвдөж байгаа бол эмээр аргалаад яваад байхаас илүү эмчид хандах хэрэгтэй. Толгойн өвдөлтийн үед өөрийгөө хянаж, анзаарах хэрэгтэй. Нэгд, ямар хэлбэр маягтай өвдөж байгааг анзаарах. Лугших, тэлэх, дарах зэрэг олон хэлбэрүүдтэй тул өвдөлтийн хэлбэрээ анзаар. Дараа нь өвдөлт үргэлжлэх хугацаа, хэдэн жилийн турш өвдөж байгаа юм. Ямар үед өвдөж байна вэ, ямар арга хэмжээ авахаар толгой өвдөлт намдаж байгаа зэргийг олж тогтоох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дахин, дахин өвдөөд байгаа толгойн өвдөлтүүд хоорондоо адилхан байна уу, өөр өөр толгойн өвдөлт байна уу гэдгийг сайн анзаарч байх хэрэгтэй. Ингэж байж л эцсийн бүрэн оношийг тавина гэсэн үг. Жишээлбэл, байнга толгой өвддөг хүнд нэг удаа маш хүчтэй өвдөлт мэдрэгдвэл өмнөх толгой өвдөлт биш. Хоёр өөр толгойн өвдөлт байж болно. Тэгэхээр заавал толгой өвдсөн болгон өмнөх өвдөлттэй адилхан байх албагүй.
Хэд хэдэн тохиолдолд заавал онцгой анхаарах толгойн өвдөлтүүд байдаг.
1. 40-с дээш насанд гэнэт толгой өвдөлт илэрвэл үүнд онцгой анхаарал хандуулаад мэдрэлийн эмчид хандах ёстой.
2. Харвалт болон хавдрын эрсдэлтэй хүмүүст толгой өвдөлт илэрч байвал онцгой анхаарах хэрэгтэй.
3. Бөөлждөг, цочромтгой болдог гэх мэтийн шинжтэй хавсраад толгой өвдөлт илрэх үед онцгой анхаарах.
4. Гар, хөл саажих, биеийн нэг тал мэдээ муудах, тэнцвэр алдах зэрэг шинжүүдтэй цуг толгой өвдөлт илэрвэл онцгой анхаарах хэрэгтэй.
5. Тухайн хүнд анх удаа маш хүчтэй толгойн өвдөлт мэдрэгдэж байвал онцгой анхаарах хэрэгтэй.
6. Толгойн өвдөлт хүндрэх зэрэг тохиолдлуудад та нэн яаралтай эмчид хандах ёстой.
-Эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог мигрень буюу толгой таллаж өвдөх хэлбэр эмчлэгддэг үү?
-Мигрень өвчин нь нэг, хоёр удаагийн эмчилгээгээр бүрэн эдгэрэхгүй. Энэ нь тодорхой хугацаанд үргэлжилнэ, явагдана. Хүн өөрөө маш сайн дэглэм сахих ёстой. Дэглэмийн хувьд хүн ажил амралтын дэглэмээ зохицуулах ёстой. Нойргүй хонож болохгүй, хэт стресст автаж болохгүй, ядарч болохгүй. Харин эдгээр дэглэмийг баримтлахгүй бол толгой өвдөлт сэдэрнэ. Мөн зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс талласан толгой өвдөлт сэдэрдэг. Жишээ нь, шоколад, сийр, өндөг, улаан вино зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэсэн тохиолдолд толгой өвдөлт сэдэрдэг. Тиймээс юу хэрэглэснээс толгой өвдөж байна вэ гэдгийг тодорхойлох ёстой. Түүнчлэн сарын тэмдэг ирэхийн өмнө юм уу, сарын тэмдэг ирж байх үед толгой өвдөлт сэдэрдэг. Мөн жирэмснээс хамгаалах эмүүд хэрэглэж байх үе толгой өвдөлт сэдэрдэг. Тиймээс эмчилгээний хувьд бүрэн төгс онош тавихын тулд хүн өөрийнхөө тухай үнэн зөв мэдээллийг өөрөө анзаарч байгаад өгөх ёстой. Өөрийгөө анзаарч байна гэдэг нь биеэ чагнах гэсэн үг биш юм.
Мэдрэлийн толгой өвдөлтүүдийг оношлоход мэдрэлийн шинжилгээнүүд жаахан өндөр үнэтэй байдаг. Яагаад гэвэл тархи гэдэг их нуугдмал эрхтэн. Хүний үс, арьс, гавлын ясны доор байдаг учраас тэдгээрийг нэвтлэн үздэг шинжилгээнүүд нь харьцангуй өндөр үнэтэй болдог. Иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Шинжилгээ зүгээр гарна гэдэг бол огт шаарддаггүй шинжилгээ хийсэн гэж бодож болохгүй. Жишээ нь залуу хүмүүсийн толгой өвдөлтийн шалтгаан нь янз бүрийн судасны гажгууд байдаг. Цүлхэн, судасны бөөгнөрөл, зангирах зэргээс шалтгаалж байдаг учир судасны зураг авахуулах шаардлагатай. Хэрэв эдгээр эмгэгүүд илрэхгүй байвал бие даасан толгой өвдөлт гэсэн үндэслэлийн нэг болно.
-Толгой өвдөлтийг эмчлэхгүй удаан явснаараа ямар аюулд хүргэх вэ?
-Хоёрдогч толгой өвдөлтийн үед үндсэн өвчнүүд нь хүндэрнэ. Анхдагч толгой өвдөлтийн үед их ховор тохиолдолд харвалтад хүргэж болно. Олонх тохиолдолд мэдээж толгой өвдөлт нь их хүчтэй өвддөг болно, олон хоногоор өвдөнө цаашлаад дарагдашгүй өвдөлтөд хүрнэ. Мөн хөдөлмөрийн чадварыг алдагдуулна. Тийм учраас хүмүүс юунаас болоод толгой өвдөөд байна вэ гэдэг шалтгаанаа тодорхойлон эмчид хандаж хэрэгтэй. Ингэж байж та өвчнөө ялах болно.