Хаврын улиралд бид өдрийн турш нойрмоглож, ажил хийх сонирхолгүй болох, бие нь зовуурилах тохиолдол элбэг байдаг. Зарим нь үүнийгээ хаврын ядаргаа гэх. Харин зарим нь мэдрэлийн ядаргаа гэдэг. Энэ талаар ЭМЯ-ны мэдрэл судлалын ерөнхий мэргэжилтэн, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн дарга Л.Энхсайхантай ярилцлаа.
-Өвлийн улирлаас дулааны улиралд шилжихэд цаг агаарын байдалтайгаа дасан зохицох гэж багагүй зүдэрдэг. Олонх нь ядарч нойрмоглодог. Үүнийг иргэд мэдрэлийн ядаргаа эсвэл хаврын ядаргаа гэж яриад байдаг. Энэ хоёрын ялгааг бидэнд тайлбарлаж өгнө үү?
-Мэдрэлийн ядаргаа гэдэг нь неьроз гэж нэрлэгддэг сэтгэл зүй болон тархины үйлийн ядаргааг хэлнэ. Өөр хэлбэл сэтгэлзүйн гаралтай өвчин. Сэтгэл санааны дарамт, байнгын архаг стрессээс холбоотой үүсдэг болохоос биш байнгын ачаалалтай ажил хийдэг, хүнд юм өргөдөг хүн бүр мэдрэлийн ядаргаа тусдаггүй. Харин нөгөө талаасаа хийж байгаа ажил нь их дарамттай, байнгын хэрүүлтэй, ажлын байран дээрээ дарамтлуулдаг эдгээр асуудлууд нь удаан хугацаанд үргэлжилбэл мэдрэлийн ядаргаанд хүрдэг. Түүнээс биш их ажил хийснийг мэдрэлийн ядаргаанд орсон гэж хэлэхгүй, тэр бол бие мах бодын ядаргаа. Бие махбодын ядаргааг нь унтаж амраад хэвийн байдалдаа ордог бол мэдрэлийн ядаргаа бол унтаж амраад ч хэвийн болохгүй.
Хаврын ядаргааг шууд мэдрэлийн ядаргаа гэж хэлэхэд зохимжгүй л дээ. Яагаад гэвэл энэ үед хүн өвлийн улиралд асар их энергийг зарцуулж, биед байгаа витамин эрдэс бодисын хэмжээ багасаж, хүйтнээс дулааны улирал руу шилжиж байгаатай холбоотойгоор хүний бие ядарч сульдаж, ханиад томуу хүрэх нь элбэг байдаг. Аливаа нэг зүйлээс нөгөө рүү шилжих үед хүн шууд дасан зохицох явцад хэсэг хугацаанд биед өөрчлөлт ордог үүнийг л хаврын ядаргаа гэж байгаа юм.
-Мэдрэлийн ядаргааны үед толгой өвдөхөөс өөр ямар зовуур илрэх вэ. Уурлаж, бухимдах, ядарч нойрмоглох нь энэ өвчний шинж тэмдэг мөн үү?
-Хаврын улиралд тохиолддог энэ нөхцөл байдлын үед хүн өөрөө хамгийн түрүүнд сэргийлж, ийм байдалд ордог юм шүү гэдгийг ойлгож, шим тэжээлтэй хоол идэж, дасгал хөдөлгөөн хийж, идэвхтэй байх хэрэгтэй.
Харин мэдрэлийн ядаргаа гэдэг бол улирлаас үл хамааран явагддаг. Мэдрэлийн ядаргаа нь маш олон төрлийн зовууриар илэрдэг. Хүмүүс тархи гэдэг зүйлийн үйл ажиллагааг төдийлөн сайн ойлгохгүй байна. Тархи нь ганцхан боддог эрхтэн биш юм. Тархи бодно, сэтгэхээс гадна ярина, хэлнэ, явна мөн тархины удирдлагаар хүний биеийн бүх эрхтэн тогтолцоо ажиллаж, үйл ажиллагаа нь зохицуулагдаж байдаг. Тийм учраас мэдрэлийн ядаргаа гэдэг зүйл нь тархины үйл ажиллагаатай холбоотойгоор асар өргөн хүрээний шинжүүд илэрнэ. Энэ өвчний эхний үед уур, уцаартай болж анхаарал суларч, мартамхай болж эхэлдэг. Түүнчлэн шийдвэр гаргах чадвар буурдаг. Харин нөгөө бүлэг шинжүүдээр нойрмоглож, амархан ядарч сульддаг болно. Өөр нэг бүлэг шинжүүдээр тодорхой эрхтний үйл ажиллагаа өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл зүрхээр өвдөх, хоол боловсруулалт муудах, ходоод өвдөх зэрэг эрхтэн тогтолцооны талаас шинжүүд гарна гэсэн үг. Энэ нь мэдрэлийн үйл ажиллагаа хямраад түүний зохицуулалт алдагдсанаас илэрч байгаа шинж болохоос биш зүрхний эмгэг, уушгины эмгэг байгаад өвдөөд байгаа юм биш. Эдгээр шинж тэмдгүүд удаан хугацаанд үргэлжлээд ирэхээрээ бие махбодын жинхэнэ өвчинд хүрдэг. Жишээлбэл, даралт ихэсдэг болно, ходоодны шархтай болно, зүрх өвддөг болно энэ цаашлаад зүрхний шигдээс болж, амь насаа алдах эрсдэл болно. Өөрөөр хэлбэл эхлээд засаж болох боломжтой байсан эмгэгүүд нь удаан хугацаанд үргэлжлээд ирэхлээрээ жинхэнэ бие махбодын бодитой ноцтой өвчинд хүргэдэг.
-Дээр хэлсэнчлэн хаврын ядаргааг хүмүүс мэдрэлийн ядаргаатай андуурч янз бүрийн эм тариа, витаминыг дураараа хэрэглэдэг. Тиймээс эмчилгээний тухай зөвлөнө үү?
-Дураараа эм тариа хэрэглэж эмчилгээ хийж эхлэхээсээ өмнө эхлээд өвчнөө ойлгох хэрэгтэй. Өвчнөө ойлгохгүйгээр мянган эм, эмчилгээ хийгээд ч эдгэхгүй. Тухайн хүн хамгийн эхлээд өөртөө илэрсэн өвчнөө таньж мэдэж, ойлгосноор тэр хүний өвчин эдгэрнэ. Тэгэхээр хаврын ядаргаа, мэдрэлийн ядаргаа хоёр хамтдаа ч байж болно тусдаа ч байж болно үүнийгээ л сайн мэдэрч ойлгох хэрэгтэй.Энэ ганцхан мэдрэлийн ядаргаа гэлтгүй бүх л өвчинд хамаатай. Хүн өөрийн өвчнийг ойлгоогүй байж эмчийн хэлснийг худлаа гэдэг, олон эмч дамжин үзүүлж явдаг. Жишээ нь Монголд аль хэдийнээ онош нь тодорхой болсон өвчнүүд гадаадад зөндөө явж байна. Тийм учраас хаана, хэнээр эмчлүүлэх вэ гэдгээсээ өмнө өөрийн өвчний тухай зөв ойлголт мэдлэгтэй болж, таньж мэдэх хэрэгтэй. Таньж мэдсэний дараа гарах гарц нь тодорхой болдог юм. Иймд тухайн өвчтөн хамгийн эхлээд өөрөөсөө эмчилгээгээ эхлэх хэрэгтэй. Өөрөө өөрийгөө эмчилнэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Таныг хүсээгүй байхад эмч хэзээ ч таныг эмчилж чапдахгүй. Хүмүүс эмчээс их зүйл нэхээд байдаг эмч бол оношоо тавина, зөвлөгөөгөө өгнө, эмчилгээгээ бичнэ. Харин эмчийн бичиж өгсөн эмчилгээ, зөвлөгөөнд итгэл үнэмшилтэй хандаж хамтран зүтгэж байж эмчилгээний үр дүн гарна. Итгэл үнэмшил бол манай монголчуудад хамгийн их дутагддаг зүйл.
Ер нь мэдрэлийн ядаргаа гэдэг зүйлийг дуслаар тайлдаггүй, эмчилдэгүй. Эм, дуслыг амин чухал хэрэгтэй зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Витаминаар ч ядаргааг тайлдаггүй. Ядаргааг үүсгээд байгаа шалтгаан, хүчин зүйлээс салж байж ядаргаа алга болно.
-Хаврын ядаргаагаа тайлах гэж байна гээд дусал тариаг маш их хийлгэдэг. Тэгэхээр энэ нь тийм ч үр дүнтэй зүйл биш гэж ойлгож болох уу?
-Ер нь бол хүн дусал, тариа гэдэг зүйлээс хүн зайлсхийж байх ёстой. Яагаад гэвэл хүний арьсны бүрэн бүтэн байдлыг алдагдуулна гэдэг нь элдэв халдвар авахын үүд. Ялангуяа сүүлийн үед эмэнд тэсвэртэй нянгийн халдварууд маш их өргөн байгаа. Тийм учраас янз бүрийн булчин тариа, дусал тариа болон шивээс зэрэг арьсны бүрэн бүтэн байдлыг алдагдуулж байгаа зүйлүүдээс аль болох татгалзах хэрэгтэй. Жишээлбэл жижиг тариа хийлгэснээс болоод идээлж, буглах асуудлууд зөндөө гарч байгаа. Дээр үеийн нянгууд харьцангуй амархан эмчлэгддэг байсан бол одоо үед эмэн тэсвэртэй нянгуудтай болсон байна. Тийм учраас энэ байдал нь дараагийн эрсдэлд хүрэх магадлалтай учраас хүн өөрийгөө хамгаалж хол явах нь зүйтэй.
Харин шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, сэтгэл санаагаа сэргээх ямар нэгэн зүйлийг хийж идэвхтэй байх хэрэгтэй. Хэрвээ таны биед эрдэс бодис дутагдсан бол заавал тариагаар биш, бага багаар шаардлагатай витаминуудаа ууж, нөхөөд авах хэрэгтэй.
-Стресс ядаргаанаас салахын тулд яах ёстой вэ?
-Нэгд, дээр хэлсэнчлэн өөрийгөө таньж мэд. Хоёрт, шалтгаанаа олох хэрэгтэй. Хүн заавал ямар нэгэн асуудалтай байж стресс, бухимдалд ордог. Үүний дараа сайнаар ч бай, муугаар ч бай асуудлаа шийдээд дуусгах хэрэгтэй. Энэ нь ядаргаанаас гарах үндсэн арга. Асуудлаас хэзээ ч зугтаж болохгүй. Манай эрчүүд стрессийг архиар тайлах нь элбэг. Яагаад гэвэл эрэгтэй хүн дотогшоогоо учраас асуудлаа тэр болгон гаргаж ярьдаггүй учраас хуримталсан стресс үүсдэг. Үүнээс болоод стресстэй холбоотой янз бүрийн эмгэгүүдэд өртөх нь элбэг байдаг. Тийм учраас асуудлыг маш сайн шийдэж сурах хэрэгтэй. Та эр хүн л бол асуудлыг ямар нэгэн аргаар шийдэх гарцыг олох ёстой. Ер нь асуудлаа шийдэж чадаагүйгээсээ болоод амиа хорлолтууд маш их гардаг. Ялангуяа эрчүүд хамгийн их амиа хорлож байна. Тэгэхээр асуудлыг амиа хорлолт хүртэл хүндрүүлэхгүйгээр наана нь шийдэж сурах хэрэгтэй. Асуудлаа шийдчих юм бол нойр болон дагалдах зовууриуд нь алга болж эхэлнэ. Үүний дараа амьдралын хэв маягаа өөрчил, идэвхтэй амьдарч аль болох эерэг талаас юмыг харах хэрэгтэй.
-Мэдрэлийн ядаргаа хүндэрвэл мэдрэлд ямар аюултай вэ?
-Мэдрэлийн ядаргаа гэдэг нь мэдрэлийн болоод сэтгэцийн эмгэгийн засварын эмгэг. Өөрөөр хэлбэл мэдрэлийн өвчин сэтгэцийн өвчин хоёрын аль алинд нь хамаардаг өвчин. Мэдрэлийн ядаргаа нь сэтгэлийн болоод бие махбодын өвчин эмгэгүүдэд хүргэдэг. Мөн олон өвчний эх үүсвэр, дэмжигч хүчин зүйл, таатай хөрс болдог. Мөн гэр бүл, тойрон байгаа хүмүүстээ сөрөг сэтгэл, таагүй байдал, стресс үүсгэж байдаг. Энэ нь тухайн хүндээ стресст байдлыг гүнзгийрүүлдэг. Иймээс мэдрэлийн ядаргаа нь хүний дотор өөрт нь байгаа чимээгүй дайсан юм.