Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Д.Энхцэцэг: Иргэд 10 төрлийн лавлагаа, үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр цахимаас авч болно

Д.Энхцэцэг: Иргэд 10 төрлийн лавлагаа, үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр цахимаас авч болно
Нийтэлсэн 2018 оны 11 сарын 24
Арваннэгдүгээр сарын 1-нээс Иргэний улсын бүртгэлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн өрөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс  зарим зүйлийг тодрууллаа.  
-Иргэний улсын бүртгэлийн тухай хууль тусгагдсан онцлох заалтуудаас дурдахгүй юу?  
-Иргэний улсын бүртгэлийн хууль анх 1999 онд батлагдаж, түүнээс хойш 112 зүйл, заалтад өөрчлөлт орсон байдаг. Өнгөрсөн зургаадугаар сард батлагдсан хуулийн шинэчилсэн найруулгаар Монгол Улсын 3 сая иргэнд хамааралтай чухал зохицуулалтууд туссан. Хууль хэрэгжсэнээр төрийн үйлчилгээ иргэдэд маш амар хялбар болно. Хуулийн гол агуулга бол төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс шаардахгүй болж байгаа юм.  Тухайлбал, шилжиж байгаа иргэн зөвхөн шилжин очиж байгаа газраа бүртгэл хийлгэдэг болно, цахим иргэний үнэмлэхийн чипийг идэвхжүүлэх, иргэдийн хаягийг шинэчлэх зэрэг бүртгэлийн шинэ үйлчилгээний эрх зүйн зохицуулалтыг тусгаж өгсөн.     
Хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Монгол Улсын регистрийн дугаарыг төрсөн хүүхдэд тухайн эмнэлэг дээрээс олгоод эхэлчихсэн. Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлээд улсын хэмжээнд төрсөн хүүхдэд эмнэлэг дээрээс регистр олгож эхэлнэ.  Одоогоор нийслэлийн хэмжээнд 1000 гаруй хүүхдэд регистр олгоод байна. Өдөрт 120 орчим хүүхэд тухайн эмнэлэг дээрээс нь регистр олгож байна. Ингэснээр цахим засаглалын суурь тавигдаж байгаа юм.
Түүнээс гадна шилжилт хөдөлгөөний бүртгэл шинэчлгдсэн. Иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэлд орохдоо хоёр шатаар дамждаг. Шилжин явахдаа тухайн аймаг, сумандаа хасалт хийлгээд, шилжин ирсэн газартаа мөн дахиж очиж бүртгүүлдэг. Харин шинэ хуулиар  шилжилт хөдөлгөөний бүртгэлийг зөвхөн нэг шаттай болгож байгаа. Өөрөөр хэлбэл, шилжин явсан газраас хасалт хийлгэлгүйгээр шилжин ирсэн газраа шууд бүртгүүлэх боломжтой болж байгаа юм.  Ингэснээр иргэний хаяг завсардахгүй болно.  
Мөн иргэн шилжин ирэхдээ эх нотлох баримт бичигт үндэслэн бүртгэнэ гэсэн заалт оруулж өгсөн. Хаа дуртаа газраа хэн нэгэн танилынхаа хаяг дээр бүртгүүлдэг шүү дээ. Энэ нь бүртгэхээс татгалзах үндэслэл болж болно.  Сонгуулийн үед өөр хаяган дээр бүртгүүлсэн хүмүүс маш их гарч ирдэг.  Иргэн өөрийнхөө бүртгүүлэх хаягийг заавал нотолж байж бүртгүүлнэ. Эд хөрөнгийн гэрчилгээ,  газар эзэмших ашиглах гэрчилгээ, тухайн газар түрээсийн гэрээтэй байж болно гэх мэт нотлох баримтыг үндэслэн шилжүүлгийн хүсэлтийг хүлээж авдаг болно.   
Түүнээс гадна цахим иргэний үнэмлэхний чипэнд тухайн иргэний шинэчилсэн хаягийг оруулах ажлыг хийж эхэлнэ. Тэгэхээр цахим иргэний үнэмлэхийг чипээр нь ашиглаад эхэлнэ гэсэн үг.  Үүнд, төрийн байгууллагад нэвтрэх, банкуудаар гүйлгээ хийх, лавлагаа авах, гэрлэлт, жолоо үнэмлэхний лавлагаа авах гээд бүх төрлийн үйлчилгээнд  иргэний үнэмлэхний чипээр үйлчлүүлэх боломжтой болно.   
-Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр төрийн байгууллагаас авдаг зарим лавлагааг цахимаар авах боломж бүрдсэн гэсэн. Энэ тухай тодруулахгүй юу? 
-Хууль хэрэгжиж эхэлснээр Burtgel.mn сайтаас 10 төрлийн лавлагааг иргэд цахимаар авах боломжтой. Үүнд, 
-Цахим үнэмлэхний лавлагаа
-Оршин суугаа хаягийн лавлагаа
-Гэрлэсний лавлагаа
-Төрсний бүртгэлийн лавлагаа
-Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа
-Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа
-Регистрийн дугаар сольж, шинээр олгосон тухай лавлагаа гэх зэрэг 10 төрлийн лавлагааг цахимаар авах боломж бүрдсэн. нэг үгээр хэлбэл, иргэд оршин суух хаягийн лавлагаа авахын тулд заавал ТҮЦ машин руу явахгүй, бүртгэлийн байгууллагад очихгүйгээр шууд цахимаар авах бүрэн боломжтой болсон гэсэн үг. Цахимаар лавлагааг авахын тулд иргэн тоон гарын үсэг, биеийн давхцахгүй өгөгдөл болон бусад хэлбэрээр өөрийгөө нотлох шаардлагатай.  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн