Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө ‘“Оюу толгой”-г дэлхий мэдэж, Гарамжавыг монголчууд хүндэтгэх цаг ирнэ” гэсэн гарчигтай нэгэн ярилцлага уншиж байв. Монголын хөдөөд алтан мэдрэмжтэй геологичид бий гэлцдэг. Тэдний нэг бол Гарамжав. Оросын геологийнхон шинжлээд орхиод гарсан газар буюу Өмнөговийн Оюу толгойд “ямар нэг юм” зайлшгүй бий гэж Гарамжав хэмээх эр дахин дахин шамдуулаагүй бол “Айвенхоу майнз” компанийнхан Монголд ажлаа үргэлжлүүлэхгүй байсан болов уу. Чингисийн хүүгийн зааж өгсөн газарт “Оюу толгой”-н гурван өрөм ажиллаж байгаа” хэмээн “Айвенхоу майнз” компанийн ерөнхийлөгч Р.Фрийдланд хэлж байв. Миний бие тэр үеэс л Оюу толгойн ордыг нээсэн монгол геологич Д.Гарамжав агсныг мэдэх болсон юм.
Ингээд сонингоос уншиж байсан гол дүрийн баатартайгаа саяхан уулзаж, ярилцах боломж олдсон. Монголын нэрийн хуудас болсон Оюу толгойн баялаг ордын түүх, өвгөн геологичийн амьдралын сургамжийг сонсохоор догдолж, яарсаар товлосон газраа буюу "Оюу толгой” компанийн төв байран дээр очлоо. Тэвхэлзсэн алхаатай, өвөр дүүрэн ном тэвэрсэн өвгөн геологич өөдөөс инээмсэглэн угтаж, хоёул хагас өдөр хууч хөөрч суув. Сэтгүүлчийн ажил цаг нартай хойно ярилцах цаг дуусаад явах гэтэл “За охин минь, ярилцлагаа нийтлэхээсээ өмнө өвгөн ахдаа харуулаарай. Мэргэжлийн үг хэллэг, нэр томьёоноос эхлээд нягталж харах зүйл бий шүү” гэснээр хоёр тийш салсан юм. Энэ өдөр бол өнгөрөгч есдүгээр сарын 13.
Цаг үе үү, эсвэл зөн мэдрэмж үү. Бидний анхны бөгөөд сүүлчийн уулзалт байжээ. Есхөн хоногийн дараа Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Гарамжав таалал төгслөө гэх мэдээг сонсоод чихэндээ итгэсэнгүй.
Гэвч... үнэн байв. Өвгөн геологич маань “амьдралын үнэн”-д гүйцэгджээ.
Ярилцлагыг нь нийтэлж амжаагүй шүү дээ гэх харуусалтайгаар хэдэн өдрийг өнгөрүүллээ. Дуу хураагуурт бичигдсэн өвгөн геологичийн цог золбоотой яриаг сонсохоос зүрхшээж дахиад хэд хонов. Тэгээд нулимстай бичлээ.
Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Оюу толгойн ордыг нээсэн геологич Д.Гарамжав агсны хэвлэлд өгсөн сүүлчийн ярилцлагыг толилуулж байна. Тэрээр долоодугаар ангиас тээсэн мөрөөдлөө 73 нас хүртлээ биелүүлж, энэ насны амьдралаа эх орныхоо эрдэс баялгийг нээх, хайх эрхэм үйлсэд зориулжээ.
-Сайн байна уу, Та? Урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Хоёулаа ярилцлагаа таны бага насны түүхээр эхлүүлье?
-Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын хүн. Мэдээ орсон цагаас гурав, дөрөвдүгээр анги хүртэлх бага балчир нас маань жинхэнэ буриад хэв маягийн элбэг дэлбэг амьдрал дунд өнгөрсөн, тэр үеэ хамгийн жаргалтай үе байсан гэж боддог. Манайх цөөн ч амьдралд хүрэлцэхүйц хэдэн малтай байсан учир намар нь хадлан тариагаа базаан авч, зуны дэлгэр цагт сүүгээ машиндан цөцгийн тос гарган авч, гадна барьсан шавар пийшиндээ “калач” хэмээх барагтай хатдаггүй цагирган талх хийж нөөцлөөд, заримдаа гашилсан сүү, ясны шөл, тос цохиход үлддэг факт гэдэг ундаа зэргийн алинаар нь ч хамаагүй гурил зуурч “лепёшка” хийж иддэг байлаа. “Лепёшка” гэдэг нь халуун нурманд булж болгосон гамбирыг хэлж байгаа юм л даа.
Анх би долоон настайдаа сургуульд орж байлаа. Ангийнхнаасаа хамгийн намхан нь байсан болохоор хамгийн хойно нь жагсана. Тухайн үед бага сургуульд бүстэй хүүхдүүд хөх даалимбан тэрлэг өмсөж, хөх таван хошуутай цүнх үүрдэг байсан юм. Одоогоор бол бидний дүрэмт хувцас. Нэгдүгээр ангид орсны хавар, цагаан сарын битүүний өдөр Сталин багш нас барсан нь манай нийгэмд их л том үйл явдал байлаа шүү дээ. Гэхдээ тухайн үед бид нар хүүхэд л болсон юм хойно сайн ойлгохгүй, хичээл ороогүйд бөөн баяр болж явсан санагддаг.
-Геологич гэх эрхэм мэргэжилтэй хэрхэн холбогдов оо? Таны мөрөөдөл нэлээд бага наснаас эхлэлтэй гэж дуулсан?
-Тавдугаар ангид байхад (1957 оны арванхоёрдугаар сарын 2-ны үдээс өмнө байсан байх) нэг өдөр хэл бичгийн багш маань самбар дээр сэдвийнхээ гарчгийг бичиж байтал гэнэт бичиг нь далийгаад явчхав. Тэгснээ бидэн рүү хараад “Газар хөдөлж байна. Гарцгаая, хүүхдүүд ээ” гэдэг юм байна.
Энэ үйл явдлаас хоёр жилийн дараа шинэ жилийн амралтаараа амарч байхдаа надтай ижил нэртэй, “хоолой Гарамжав” гэдэг хүний гэрээс ЗХУ-ын нэрт судлаач B.A Обручевийн бичсэн “Уулс ба хүдрийн орд газрын үүсэл” нэртэй ном уншиж байсан. Тэр номыг манай ахмад геологичдын нэг Шалоны Цэвэг гэдэг хүн 1949 онд орчуулсан байсан юм. Номын төгсгөлд “Хэрэв энэхүү номыг уншсан хүн дэлхийн бөмбөрцгийн гадаргуугийн гарал үүсэл ба түүний хувиралт өөрчлөлтийн тухай геологи гэж нэрийдэх шинжлэх ухааныг сонирхвол үүнийг бусад номноос уншиж, эсвэл эрдэмтэн, геологич нараар тайлбарлуулан яриулж нарийн тодорхой мэдэж авч болохоос гадна энэхүү сонирхолтой бөгөөд хүний дур сэтгэлийг татсан шинжлэх ухаанд суралцаж, ажиллах явдалд өөрийн насыг зориулах сэтгэл төрнө биз” гэж бичсэнийг үзээд сэтгэл хөдлөн, геологич болохоор зориг шулуудаж байлаа.
Үүний дараахан “Говь-Алтайн газар хөдлөлт” гэсэн жижгэвтэр, хатуу хавтастай ном олж уншсан. Ойлгосон хэсгүүдээ дэвтэртээ бичиж тэмдэглээд л уншина. Тэр дэвтэр одоо ч бий. Тухайн үед геологийн нэр томьёо хэлээд өгчих хүн байхгүй. Газарзүйн багшийн амнаас геологитой холбогдох нэр томьёо ер унадаггүй байлаа. Ингэж явсаар аравдугаар анги төгссөн. Тэгсэн тэр жил Зүүнхараад МУИС-ийн геологийн ангийн хуваарь ирсэнгүй. Газарзүйн ангийн л хоёр хуваарь ирлээ. Тэгээд нэгийг нь би, нөгөөг нь манай ангийн нэг охин авсан. Тэгж анх хотод ирсэн дээ.
-Геологич мэргэжлийг сонгоход гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ. Эсэргүүцэж байв уу?
-Манай аав намайг агрономич бол гэдэг байлаа. Харин ээж минь намайг геологич мэргэжлийг сонгоход “Дураараа бол, хүү минь. Түмэндээ тустай, төрдөө хэрэгтэй юм бол ямар ч мэргэжил сонгосон яах вэ дээ. Явдалд саадгүй, ямбанд яаралгүй яв даа” гэж билээ. Тэр үг санаанаас ер гардаггүй юм.
Манай авга ах лам хүн байсан болохоор “Газар шороо хөнддөг геологич болж яах юм. Түүний оронд багш бол” гэдэг байв. Сургуульд явахын өмнөхөн нагац ах маань улаан хоолойн нарийн өвчин тусаад хэвтэрт орсон. Ер нь л сургуульд явсан хойгуур нас барах шинжтэй байна. Тэгэхлээр нь би “Ерөөсөө сургуульд явахаа болилоо. Зүүн хараагийн сангийн аж ахуйд тракторчин болно” гээд уйлаад суучихсан. Тэгсэн ах анх удаа надад буулт хийж “За, миний хүү, эр хүн зорьсноосоо буцаж болдоггүй юм. Тэр геологич мэргэжлээ эзэмш. Надад санаа зовох зүйлгүй” гэж билээ. Тэгээд сургуульдаа явсан. Очоод нэг их удаагүй байтал их муухай зүүд зүүдлэлээ. Тэр тухайгаа эгчдээ хэлсэн чинь хоёулаа ерөөсөө харья гэж байна. Тэр үед одоогийнх шиг холбоо харилцаа байхгүй шүү дээ. Гэртээ очтол авга ах маань яг тэр зүүдэлсэн шөнө нас барсан байсан. Ингээд авга ахыгаа оршуулчхаад буцаж ирж билээ.
МУИС-ийн геологийн ангид орохдоо гурван шалгалт өгч байсан. Орос хэлээ онц, химийн шалгалтаа мөн онц өгсөн. Гурав дахь шалгалт нь математик, физикийнх байв. Сайн өгч чадаагүй болохоор “За даа, их сургуульд ордог хөг ч өнгөрлөө дөө” гэж бодсон. Нөгөөдөр нь билүү шалгалтад орсон хүүхдүүдийг дуудаад, дүн танилцуулах гэж байна гэж бодоод очтол шууд л Сангийн аж ахуй яв гэж байна. Орох хүн олдохгүй болохоор сайн муу авсан хамаагүй авч байсан юм билээ. Баярласан гэж жигтэйхэн. Тэгээд л маргааш нь Жаргалантын сангийн аж ахуй руу ачигдлаа. Ингэж Монгол Улсын их сургуулийн Байгалийн ухааны тэнхмийн геологийн ангид элсэн орсон доо.
-Та “Зэсийн Гарамжав” хэмээн геологи, уул уурхайн салбартаа танигдсан хүн. Зэсийн хайгуултай хэрхэн холбогдсон юм бэ?
-Их сургууль төгсөхдөө зэсийн хайгуулаар дипломын ажил хамгаалсан юм. Тэгээд л зэсийн чиглэлээр дагнан ажиллах болсон. Сургуулиа төгсөөд Баянхонгор аймаг руу томилогдсон. Дараахан нь, 1968 оны гуравдугаар сард Чехийн Прагад Зөвлөлтийн танк давхиж ороод, бөөн буудалцаан, үймээн болсон юм. Бүр театрын дээврийг хүртэл сэт буудчихсан гэдэг. Чехүүд тэр театраа одоог хүртэл засварладаггүй гэдэг шүү. Тэрний уршгаар Чех энд хайгуул хийж байсан эрдэмтдээ буцаагаад, “Эрдэнэт”-ийн хайгуул дээр Сандуйжав, Мягмар гээд хоёрхон монгол геологич үлдсэн. Тэгээд би тийшээ очиж байсан юм. Ингээд л монгол геологичид “Эрдэнэт”-ийн урьдчилсан хайгуулыг гардан дуусгасан түүхтэй.Харин үүний дараа оросууд ирээд нарийвчилсан хайгуул хийж, ТЭЗҮ-ийг нь гаргаад Эрдэнэт үйлдвэр анх ашиглалтад орсон юм. Дараа нь Цагаан суварга, Дорнод Монгол, Завханы Оюут толгой, Өмнөговийн Оюу толгойн бүлэг ордод хайгуул, судалгаа хийж, “Эрдэнэт Магма”, “Би Эйч Пи”, “Айвенхоу майнз”, “Оюу толгой” компанид зэсийн чиглэлээрээ дагнан ажилласан даа.
-Оюу толгойн ордыг нээсэн түүхээсээ хуваалцахгүй юу. Түүхэн үйл явдлын гэрч болсон хүний үг он цаг улирах тусам үнэ цэнэтэй болдог шүү дээ?
-Ж.Гүррагчаа анх сансарт нисээд ирэхдээ Монголын нутгийг хамарсан сансрын зураг авч ирсэн юм. Тэр сансрын зургийг харсан чинь Монголд өмнөд хэсэгт салхины циклон шиг нэг юм байна. Захирал М. Жамсран багш, сансрын зураг уншдаг нэг хүнтэй гурвуулаа тэрийг хамт харсан юм. Тэгсэн манай захирал багш “Ханбогдын хоёр цагираг гэдэг юм. Шүлтлэг чулуунаас тогтсон хэсэг” гэж тайлбарлаж байна. Шууд яваад үзье гэхээр намар орой болж, нэлээд хүйтэрчихсэн байсан болохоор чадаагүй. Тэгээд хавар нь буюу 1983 оны дөрөвдүгээр сарын 11-нд өнөөх газрын зургаа бариад Э.Чагнаадорж бид хоёр Ханбогдод очлоо. Хоёр долоо хоног ерөнхий тогтоцыг нь хараад ажиглалтуудаа хээрийн дэвтэртээ бичсэн. Дэвтэртээ би геологийн тогтоцыг нь зураглаад, зэсийн-порфирын илрэлийг галт уулын чулуулагт агуулагджээ гэж тодорхойлсон нь хамгийн эхний зөв дүгнэлт байсан.


Намайг очихоос өмнө, 1957 онд ЗХУ-ын геологич Ю.Я.Петрович Оюу толгой орчмын газраас дээж аваад “шаварлаг занар, элсэн чулуулагт зэсийн хүдэржилт байна” хэмээн тодорхойлж, тэр орчимд хоёрдогч баяжилтын бүс үүссэн байх боломжтойг тэмдэглээд, уулын ажил хийж, 100 метр газар өрөмдөж шалгах тухай тайландаа тэмдэглэсэн байдаг. Түүнийгээ “Бор овооны зэсийн илрэл” гэж тэмдэглэсэн. Тэгээд тэр үедээ нэг их хэрэгсэлгүй орхичхож. Ер нь мартагдсан хэрэг. Тухайн үед Орост зэсийн хэрэгцээ бага ч байсан, Казахстан, Узбекистан, Армен гээд өөрийнх нь бүс нутагт зэс элбэг байсан болохоор дэд бүтэц муутай гээд манай Говийг хэрэгсээгүй байх л даа. Миний анхны дүгнэлт Ю.Я Петровичынхоос ч, хожмоо 1987-1989 онд Оюу толгойн ордыг тойруулан хийсэн 1:200 000 геологийн зураглалд тусгагдсанаас ч өөр байсан.
-Оюу толгойн хайгуул дээр гадаадын хэд, хэдэн компани ажиллаад буцсан байдаг. Яагаад бүтэлгүйтээд байсан юм бол?
-Тийм. Анх 1995 онд “Магма коппер” гээд АНУ-ын компани хайгуулын ажил эхлүүлж байлаа. Эрдэнэт шиг зэс-порфирын томоохон орд олж илрүүлнэ гээд “Эрдэнэт-Магма” компанийг байгуулж, одоогийн Эрдэнэт үйлдвэртэй хамтран 50:50 хувиар санхүүжүүлэн ажиллахаар тохиролцож байсан юм. Гэтэл “Магма коппер” нэг жил ажиллаад хувьцаагаа Австралийн BHP компанид худалдсан. Тэгээд 1997 онд BHP Оюу толгойн хайгуул дээр хэсэг ажиллаад 1:50000 масштабтай зураглал хийгээд 23 ширхэг цооног өрөмдсөн. Гэтэл бас л удаагүй компанийн захиргаа нь өөрчлөгдөөд, Оюу толгойн ордыг тэр чигт нь орхих шийдвэр гаргасан. Түүний дараа 2000 онд “Айвенхоу майнз” компани орж ирэн хайгуулын ажлыг үргэлжлүүлсэн. Хайгуулын эхний жилдээ жаахан алдаа гаргаад, бага зузаантай хүдэржилтийн бүсийг том орд гэж ойлгоод нэлээд хөрөнгө зарцуулсан. Тэгээд төслөө зогсоох шийдвэр гарах гэж байхад “Айвенхоу майнз” компанийн удирдлагаас сүүлийн 1500 тууш метр өрөмдлөгө хийх боломж олгоё, тэгээд эцсийн шийдвэрээ гаргая гэсэн юм. Тэгээд 500 метрийн гүнтэй гурван цооног өрөмдсөн.
Монголын газар нутагт “Эрдэнэт”, Оюу толгойтой адилхан нөөцтэй зэсийн орд илрэхийг үгүйсгэхгүй.
Би өмнө нь хайгуулын бүсийн Баруун өмнөд хэсэгт “Алтны гурвалжин” гэж гурван овоо босгочихсон байсан юм. Зэс 0,6 хувь, мөн 0,5 г/т алт байна гээд тогтоочихсон байсан. Гэтэл өрөмдлөгийн үеэр С.Санждорж геологич надаас Таны нөгөө “Алтны гурвалжин” гэж тэмдэглэсэн зүсэлт хаана байгаа билээ" гэж асуухад нь цүнхнээсээ би өөрийн ажиглалт хийсэн, өмнө нь энэ хэсэгт бага гүнтэй өрөмдсөн цооногийн зүсэлтийг харуулсан юм. Миний зургийг үзээд манай хайгуулын менежер Ф. Чарли энэ хэсэгт өрөмдөхийн хувьд санал нэг байна, хаашаа харуулж өрөмдөхөө харин өөрсдөө шийднэ гэж хэлсэн. Ингээд 150-р цооногийг өрөмдөхөд бусад өрөмдлөгийнхтэй харьцуулшгүй баян зэс, алтны агуулга илэрсэн дээ. Ийнхүү “Айвенхоу майнз” компани эргэлт буцалтгүй ажилдаа орж, “Оюу толгой” төслийн үйл ажиллагаа шуудран, зөв голдиролдоо орсон юм.
-Монголын зэсийн хамгийн том хоёр орд болох Оюу толгой, “Эрдэнэт үйлдвэр”-ийн эхлэлийг та тавьжээ. Монголд энэ ордууд шиг асар их хэмжээний нөөцтэй орд шинээр илрэх боломж бий юү? Хайгуул хийх юм сан гэж боддог газар бий юү?
-Монголын газар нутагт “Эрдэнэт”, Оюу толгойтой адилхан нөөцтэй зэсийн орд илрэхийг үгүйсгэхгүй. Оюу толгойн ордын ойролцоо гэхэд л хайгуул хийгээгүй газар зөндөө бий. Одоо ашиглаж байгаа нөөц бол хайгуулаар тогтоогдсон нөөцийн ердөө 20 хувь нь юм. Ойролцоогоор 1500м гүнд 80 орчим хувийн нөөц нь хөндөгдөөгүй байж байгаа.
-Монголын газарт нутагт зөвхөн зэсээс гадна нүүрс, алт гээд их хэмжээний байгалийн баялаг хуримтлагдсан байдаг шүү дээ. Үүнийг газарзүйн тогтоцын хувьд хэрхэн тайлбарладаг вэ?
-Монголын хойд хэсэгт Сибирийн их тал нутаг бий. Өмнө талаар Хятадын өргөн тал хүрээлдэг. Энэ хоёрын хооронд өргөгдөж, атираажсан бүс бол Монголын газар нутаг. Энэ бүс нь Казахстан, Узбекистан хүртэл үргэлжилж байгаа юм. Тэгээд зүүн тийш явсаар Номхон далайд хүрдэг.
-“Оюу толгой”-н гэрээ Монголд ашигтай, ашиггүй болсон гэх зэргээр олон шүүмжлэл дагуулдаг. Та үүнд ямар дүгнэлт хийдэг вэ?
-Зөв, бурууг шүүж хэлэлцэхэд хэцүү. Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ээс эхлээд бидэнд дангаараа хийж чадахгүйн зовлон бий. Манайхан анхлан Эрдэнэтийн хайгуул дээр өөрсдөө ажилласан нь үнэн. Гэтэл үргэлжлүүлэх санхүү хөрөнгө, ТЭЗҮ боловсруулах хүчин чадал дутагдалтай байсан болохоор Зөвлөлтийн баг орж ирэхээс өөр аргагүйд хүрч байсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийн зөвхөн ТЭЗҮ-г гаргахад Зөвлөлтийн 16 хүрээлэн оролцсон гэж ярьдаг юм. Нэг институт нь л манай нэг яамнаас том байгууллага шүү дээ. Тийм том байгууллагуудын хүчээр л том хэмжээний үйлдвэр, ордыг ашиглалтад оруулах боломжтой. “Оюу толгой”-н ТЭЗҮ-г боловсруулахад ч гэсэн гаднын олон институт ажилласан.
Монголчууд маань ер нь бусдаас хараат болчих гээд байдаг талтай, тиймдээ ч бусдын аманд багтдаг зовлонтой улс. Шинжлэх ухааны салбарыг хөгжүүлье гэвэл эдийн засаг хүчтэй, өөрсдийн сайн лабораторитой байх шаардлагатай. Социалист нийгэмд том гүрнээс хамааралтай байсан бол одоо гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах, тэдний дэмжлэгийг авах шаардлагатай болж байна.
-Эцэст нь залууст хандаад юу гэж захиж, хэлэх вэ?
-Хүн зорьсон зорилго, эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байх нь чухал. Мэргэжилдээ үнэнч байна гэдэг бол зүгээр нэг хүний үгийг дагаад явах биш, хэлэх ёстой зүйлээ хэлж, эсэргүүцэх ёстой зүйлээ эсэргүүцэж байх явдал юм. Сүүлийн үед хүний үгэнд ордоггүй хүнийг багаар ажиллах чадваргүй гэж буруутгах талтай болж. Хүн зорьсондоо тууштай, түүндээ зүтгэлтэй бол мөн ч олон зүйлд хүрч чадна гэж боддог.
Д.Гарамжав агсан ярилцлагынхаа төгсгөлд “Өвгөн ахынх нь дараагийн том зорилго бол Ханбогдод геопарк байгуулах ажил байгаа юм. Энэ бол миний нүд аних хүртлээ хийх зүйл” хэмээн дэлгэмэл хавтастай зузаан ном үзүүлж билээ. Тэгж хэлээд хэсэг зуур бодолхийлэн чимээгүй суухад хоёр нүдэнд нь нулимс цийлэгнэж байсан юм. Түүний мөрөөдлийг үр хүүхэд, ач зээ, хамт олон нь үргэлжлүүлээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүснэм.
Энэхүү ярилцлагыг Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Гарамжав агсны гэгээн дурсгалд зориулав. Жаран элээсэн их үйлс тань Монголын ард түмний сэтгэл зүрхэнд мөнхөд гэрэлтэн дурсагдсаар байх болно.