Л.Ариунболд: Бизнесмэн хүн мөнгөнөөс давсан том зорилготой байх ёстой
CEO | 10 мин уншина

Л.Ариунболд: Бизнесмэн хүн мөнгөнөөс давсан том зорилготой байх ёстой

Нийтэлсэн 2018 оны 1 сарын 26
Инженерийн гараар мөрөөдлөө босгож, амжилтад хүрч болдгийг мянга, мянган залуу үед үлгэрлэн харуулсан энэ цагийн Шарк, ирж яваа цагийн бизнесмэнийг энэ удаагийн “Бизнесмэн ярьж байна” буландаа урилаа. Энэ эрхэм бол уншигч та бүхний сайн мэдэх “Монгол базальт” компанийн үүсгэн байгуулагч Л.Ариунболд.
Түүнийг ирж яваа цагийн бизнесмэн гэж тодотгосон нь учиртай. Энгийн нэг байгалийн чулууг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрийн аргаар 1550 цельсийн халууныг тэсвэрлэх чадалтай, дулаан, дуу болон ус чийгнээс тусгаарлах өндөр хамгаалалттай чулуун хөвөнг инженер хүний ур ухаанаар Монголдоо анхлан гарган авсан  түүний мөрөөдөл бизнесээс, товчхондоо мөнгөнөөс хол давсан алсын хараа байжээ. Г.Ариунболд хэн нэгний  гишгэсэн мөр, алхсан жимээр явахыг, бусдын хийж, бүтээсэн зүйлийг дуурайхыг хүсээгүй, харин түүхийн хуудаснаа хөгжлийн шинэ жим үлдээх зорилготой шинийг эрэлхийлэгч, санаачлагч, бүтээгч ирж яваа цагийн бизнесмен.    
Барилгын инженерээс Шарк болсон түүний амьдралын туршлага, ололт амжилт асар арвин. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна. Бидний яриа Монголын эрчим хүч, технологийн салбар дахь өөрчлөлт, шинэчлэл, утаа бууруулах шийдэл, арга зам, бизнесийн салбар дахь шинэ боломж, хөрөнгө оруулалт зэрэг сэдвийг тойрон өрнөлөө.    
undefined
-Ярилцлагын эхний асуултаа таны Шарк болсон “дүр”-ээс эхлүүлье. Монгол HD телевизийн “Шарк Танк” нэвтрүүлэгт оролцох шийдвэрийг хэрхэн гаргав. Шарк болох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-“Шарк Танк” нэвтрүүлэг Монголын нийгэм, эдийн засагт, тэр дундаа гарааны бизнес эрхэлж байгаа залууст үр өгөөжөө өгсөн, бизнесийн чиглэлийн сайн контент болсон. Анх нутгийн анд Гачууртын Л.Чинбат маань “Бизнесээ өөрийн гараар хөдөлмөрлөж босгосон бидэн шиг хүмүүс оролцож, залуу үеэ дэмжих хэрэгтэй” гээд нэвтрүүлэгт хөрөнгө оруулагчаар оролцох саналыг тавьсан. Бизнес эрхлэх гэж байгаа залууст урам зориг өгсөн, нөгөө талаасаа бизнесээ эхлүүлчихсэн явж байгаа хүмүүст дэм болох нийгмийн ач холбогдлыг нь бодолцож үзээд хөрөнгө оруулах шийдвэрээ гаргасан.
Нэвтрүүлэгт оролцоод бизнесийн салбар, жижиг дунд үйлдвэрлэл, гарааны бизнес хийж байгаа залуусын хандлага, бүтээлч сэтгэлгээнээс, мөн хамт оролцсон Шаркуудаасаа ч суралцсан зүйл их байлаа.   
-Нэвтрүүлэгт оролцсоны дараа Монголын бизнесийн орчин, монгол залуусын талаарх  таны үнэлгээ нэмэгдсэн үү, буурсан уу?
-Манай залуус зах зээл орчин үетэйгээ хөл нийлүүлж, хөгжиж байгааг олж харсан. Хил хязгааргүй бизнесийн ертөнцөд сайн санаа, хэрэглээ болсон бүтээл хийж  чадах юм бол долоон тэрбум хүний зах зээл дээр ажиллах боломж байна.
Монгол залуус техник, технологи чиглэлдээ сонирхогчоос эхлээд анхан, дунд, дээд гээд янз бүрийн төвшинд хөгжиж, хийж бүтээж байгаа нь их олзуурхууштай санагдсан. Түүнээс гадна өөрийнхөө гараар бүтээж, хөдөлмөрлөж буй залуусыг хараад их урам зориг авч, бахархаж суусан. Монголчуудад хийж бүтээх, өөрийн гэсэн патент, санаатай байх эрмэлзэл, мөн хийж байгаа зүйлдээ өөрийн гэсэн өнгө донжыг шингээх, бусдаас өөр байх хүсэл эрмэлзэл байгаа нь авууштай хэрэг. Шинэ санаа, шийдлээр бусдаас ялгарч байна гэдэг бизнес амжилттай байх том хүчин зүйл.  Энэ онцлог дийлэнх оролцогч нарт байсан. Харин бид тэр залуусыг эдийн засаг, банк санхүү, дэд бүтэц, хууль эрхзйн орчныг нь сайжруулаад дэмжээд өгөх юм бол тэд оюун санааны хувьд зах зээлийн нийгэмтэйгээ хөгжиж, бүтээж өөрсдөө санаачилах ёстой гэсэн уур амьсгал давамгайлж байна. Энэ бол маш зөв оюун санааны төлөвшил.
undefined
-Таны хувьд хөрөнгө оруулалт хийхдээ ямар шалгуур тавьж, юуг нь голчлон харж байсан бэ?
-Миний хувьд хөрөнгө оруулалт хийхдээ гурван зүйлийг харж байсан. Нэгдүгээрт, тухайн хүний хандлага, тууштай байдлыг гол шалгуур болгосон.  Ялагч болох үгүйг шийддэг гол хэмжүүр бол уналтад орсныхоо дараа хэр хурдан сэргэж чадах явдал гэж хэлсэн байдаг шүү дээ. Амжилтын гол үндэс бол уйгагүй чанар, тууштай байдал юм. Бизнесийг аль болох урт хугацаанд тууштай хийх нь чухал. Амжилтад хүрэх хамгийн том суурь бол тууштай байдал.
Нөгөө хоёр зүйл нь тухайн санаа, төсөл хэр шинжлэх ухааны үндэслэлтэй, цаашаа хөгжих боломжтой байна гэдгийг гол болгож харсан.
-Та хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бэ?
-Миний хувьд 650 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Одоогоор хөрөнгө оруулалт хийсэн хүмүүстэйгээ уулзаад, судлаад, төслүүдтэй нь нарийн танилцаад явж байна.
Миний хувьд хөрөнгө оруулалт хийж байна гэдэг нь тэр хүнд байгаа боломжийг өөрт байгаа туршлага, мэдлэгээр илүү хөгжүүлж, өргөжүүлэх хамтын ажиллагаа юм. Өөрийнхөө мэддэг, эсвэл дэм болох боломжтой төслүүдэд хөрөнгө оруулсан.  Тухайлбал, Амазон, Алибабагийн хэмжээнд чанар, стандартыг шингээсэн, бүс нутгийн хэмжээнд интернет худалдааг барилгын бүтээгдэхүүнээр хийх төсөл орж ирсэн. Тэр төсөлд хөрөнгө оруулж, хамтрахаар болсон.  
-Дараагийн улирлын “Шарк Танк”-д оролцох уу?    
-Миний хувьд анхны нэвтрүүлэгт нь Шаркаар оролцож, нэгэн сайхан түүхийг бүтээсэндээ баяртай байгаа. Дараагийн улиралд “Шарк Танк”-д оролцох эсэхийг продюсерууд л шийднэ байх.
-Та Говь-Алтайгаас төрсөн Шарк. Нутгийн брэнд, гарааны бизнесийг дэмжих тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?     
-Манай ГАА-аас төрсөн “Алтай Констрашкн”, “Туушин”, “Заг”, “Макс” гээд л маш олон мундаг Шаркууд бий. Нутаг орондоо хөрөнгө оруулалт хийж, дэмжиж туслах нь бидний үүрэг, хариуцлага. Миний хувьд боловсролын системд, хүүхдийн боловсролыг дэмжих чиглэлд анхаарч, хөрөнгө оруулалт хийж байгаа. Тухайлбал, аймгийн гуравдугаар сургуулийн Болдбаатар багштай технологийн олимподод амжилт гаргасан сурагчдыг дэмжиж байна. Мөн Дэлгэр, Жаргалан, Цогт гурван сумын сургуулийн технологийн танхимыг тохижуулж өгсөн.  
Миний хувьд дөрвөн жил нутгийн зөвлөлийн даргаар ажилласан. Энэ хугацаанд    “Баян-Алтай” клуб байгуулж, Тоосгоны үйлдвэрийг хөгжиж, өрөгжихөд нь тодорхой хэмжээний зээл олгосон.  Гэхдээ сум орон нутгийн хөгжүүлэхэд нэг хүн, нэг компани бус нийлж хамтдаа баялаг бүтээх нь чухал.
undefined
Шарк Л.Ариунболдын бизнесмэнүүдэд өгөх гурван зөвлөгөө   
-Өөрийн гараар баялаг бүтээж, бизнесийн салбарт 30 гаруй жил зүтгэж хөдөлмөрлөсөн хүний хувьд хуримтуулсан туршлага, мэдлэг асар их байгаа.  Таны бизнестээ баримталдаг зарчим юу вэ?    
-Бизнесмен хүн өөртөө, мөн хамтрагчдаа шударга байх ёстой. Бизнесийн урт хугацааны хамтрагчтай болмоор байгаа бол хамтрагчдаа илүү хожих боломжийг олгож байх хэрэгтэй.  Тэгж байж тухайн хүн удаан хамтын ажиллагаатай байж, харилцан бизнес маань амжилттай байна. Энэ бол миний бизнест баримталдаг хамгийн чухал зарчим. Хамтрагч гэдгийг өргөн утгаар ойлгож болно. Тухайлбал, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүний хувьд бол хэрэглэгч хамгийн чухал хамтрагч гэж хэлж болно. Тийм бол хэрэглэгчид очих ашиг нь илүү байх бизнесийн загварыг санал болго. “Монгол базальт” яг л ийм зарчмаар ажилладаг. Бидний хийсэн дулаалгын материал түүнийг хэрэглэж буй хүнд 40,50 жил үр өгөөжөө өгдөг, мөн эрчим хүчийг хэмнэж улсын төсвийг хэмнэж байна. Бизнес бусдаас авснаар бус өгснөөр өргөждөг. Гэхдээ ямар ч ашиг хардаггүй гэж ойлгож болохгүй шүү. Ашгийг соёлтой болгохын тулд хөгжлийн инновацийг бизнесийнхээ загвар болгон ашиглах хэрэгтэй.  Бизнесмен хүний туйлын зорилго мөнгө байх ёсгүй. Мөнгөнөөс давсан том мөрөөдөлтэй, зорилготой байх ёстой гэсэн санаа.  
Нөгөө нэг зүйл нь сурсан мэдсэн зүйлээ бусадтай хуваалцаж, зааж өгөх дадал маш  чухал. Манайд орос,япон,герман гээд олон орны инженерүүд ажилладаг. Ажиглаад байхад Ази хүмүүст сурсан зүйлээ бусадтай хуваалцах дадал бага байдаг. Харин орос инженерүүдийг харж байхад бусдад заах дадал маш сайтай байдаг. Сурсан мэдсэн зүйлээ бусадтай хуваалцаж, зааж өгнө гэдэг цаг хугацаанаас хүнд өгөгдсөн маш том даалгавар гэж боддог. Тиймд өөрт хуримтлуулсан, туршлага мэдлэгээ аль болох бусадтай хуваалцахыг, зааж өгөхийг хичээдэг.   
Мөн хийж, бүтээж буй зүйлдээ чин сэтгэлээсээ хандах их чухал. Би ажилчиддаа ерөнхий инженер гэдэг хүн бол компанийн нэг охин компани гэж хэлдэг. Ерөнхий инженер гэдэг нэртэй компанийн захирал гэж өөрийгөө ойлгож, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, өөрийгөө хөгжүүлж, бүтээмжээ нэмэгдүүлэх нь чухал гэж захьдаг. Ямар ч хүн хийж буй ажилдаа чин сэтгэл гаргах юм бол амжилттай ажиллана. Мөн залууст үргэлж хэлдэг нэг зүйл нь  амжилтад хүрмээр байгаа бол хийж байгаа ажилдаа дурлах шалтаг ол гэдэг. Дурлах шалтагтай хүнээс хичээл зүтгэл гардаг.  
-Таны ажлын онцлох арга барил, цаг хэмнэх арга юу вэ?
-Асар хурдтай хөгжлийн эрин зуунд амьдарч буй бид хөл нийлүүлэн өөрсдийгөө хөгжүүлж явах учиртай. Хуучны бидний үед оюутны таван жилийн мэдлэгээр 10 жил ажилладаг байсан. Гэтэл өнөө цагт сургуулиа төгсөөд, бараг дипломоо авч байхад л олж авсан мэдлэг хуучирч, элэгдэж байна. Миний хувьд мөн тасралтгүй өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Орой гэртээ очоод хамгийн багадаа 40 орчим минутыг өөртөө зарцуулж, өөрийгөө хөгжүүлэх гэж хичээдэг. Технологи, бизнесийн салбарт хүч сорьж байгаа хүн өөрийгөө хөгжүүлэх дадал хамгийн чухал.  Ер нь хүний амжилт ажлаа тараад унтах хүртлээ юу хийснээс шалтгаалдаг гэдэг.  
Утаа арилгах үүргийг “Монгол базальт”-д өгчих, бидэнд хамгийн багадаа 60 хувь бууруулах шийдэл байна
undefined
-Сүүлийн асуултаа Улаанбаатарт хамгийн том асуудал болж буй утааг бууруулах шийдлээр төгсгөе. Инженер хүнийхээ хувьд утаа бууруулах төгс шийдлийг нэрлэ гэвэл та ямар хариулт өгөх вэ?
-Утааны асуудал, утаа арилгана гээд л нэг их том зүйл яриад байх юм. Угтааны асуудлыг шийдэх их амархан.
Нэгдүгээрт, манай эрх баригчид эрчим хүчнийхээ хэмнэлтийг сайн ойлгохгүй байгаа юм. Бид үрж, зарж чадаж байна, харин хэмнэлт хийж чадахгүй байна. Бид эрчим хүч, дулааны хэмнэлтээс асар их үр ашиг хүртэх боломжтой. ОХУ бол зөвхөн дулааны шугамаа дахин шинэчлээд, дулааны алдагдлаа багасгаснаар 500 мигабайтын эрчим хүч ойрын долоон жилд хэмнэсэн байгаа юм. Энэ нь манай тавдугаар цахилгаан станцтай тэнцэх хэмжээний эрчим хүчийг зөвхөн дулаалгаа сайжруулаад олж байна гэсэн үг. Эрчим хүчний хэмнэлт гэдэг чинь шинэ зүйл бүтээхээс илүү үр дүн авчирдаг технологи. Бид дулааны алдагдлаа бууруулж, эрчим хүчээ хэмнэж чадвал утаа бууруулах шиг амархан зүйл байхгүй.    
Дэлхийн нийт хамгийн бага эрчим хүчээр хамгийн өндөр бүтээмжтэй хөгжлийн төлөө явж байхад бид үрэлгэн технологитой явж байна. Иргэдийн өнөөдрийн цахилгаан халаалтын хэрэглээ 6-8 квт байна. Байшиндаа дулаалга хийснээр цахилгааны хэрэглээ нь 2 квт болно. Ингэснээр төрд 4 квт хэмнэлт бий болгоно. Энэ бол энгийн наад захын физикийн хичээл дээр үздэг ойлголт. Эрчим хүчний ашиглалтын үр ашгийн дээшлүүлснээр хэдэн тэрбумын хэмнэлт хийдгийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны эдийн засагчид ч тооцож гаргасан байдаг.  
Улс орон бүр сэргээгдэх эрчим хүчний салбараа өөрийн тактиктай хөгжүүлдэг. Гэтэл манайх нүүрсээр бий болсон эрчим хүч 9 цент байхад, нарны цахилгаар бий болсон эрчим хүч 14 цент байх жишээтэй.  
Германы канцлер Ангела Меркель цөмийн эрчим хүчний стратегиа өөрчлөх гол шалтгаанаа барилга, эрчим хүч, дулааны үр ашгийг дээшүүлэх гэж үзэж байна. Цөмийн станцуудынхаа эрчим хүчний хэрэглээг бууруулснаар нөгөө талдаа дулааны эрчим хүчний үр ашгийг сайжруулна гэсэн балансыг барьж байна. Гэтэл энэ мэт хөгжлийн балансыг бид барьж чадахгүй байна.  Үүний хор уршгаар нь 15 жилийн хугацаанд  200 орчми тэрбум төгрөгөөр утаагаа шийдэж чадаагүй гамшиг боллоо.
Утааг шийдэх шинжлэх ухааны том гарц байхад, түүнийг олон улс орнууд хийгээд хэрэгжүүлээд явж байхад бид ямар ч гарц алга гээд сууж байна. Барилга хот байгуулалтын сайдаар Г.Мөнбаярыг байх үед Ажлын хэсэг гарч Баваар мужид туршлага судалж байсан. 40, 50 онд манайхтай адил утаагаа шийдэж чадахгүй, гамшиг болж байсан хот, тосгонуудтай танилцаад, туршлага судалсан. Миний хувьд Ажлын хэсгийг нь ахлаад явсан. Тэр хотуудын утаанаас салсан арга нь дулааны алдагдлаа бууруулсан бодит жишээ. Уулзалтаас ирээд туршлага судалсан тайлангаа яаманд өгсөн. Одоог хүртэл хэрэгжиж, биелэл болсон зүйл алга.  
Дулааны алдагдлаа бууруулахын тулд дулаалгын материал, тусгаарлагч материал байшиндаа хийлгэх хэрэгтэй. Бид шинжлэх ухаан,технологи инноваци гэхээр шинэ зүйл бүтээх гэсэн түгээмэл ойлголттой. Гэтэл одоо хэрэглэж буй бүтээгдэхүүндээ эрчим хүчний, дулаан, цаг хугацаан, чанар, материалын хэмнэлт хийхийг л инноваци гээд байгаа юм. Бүх салбарт хэмнэлтэд суурилсан асар их бизнесийн нөөц боломж байна.   
Хоёрт, утаа буурахгүй байгаа бас нэг шалтгаан бол авилгал. Төрөөс хөтөлбөр,төсөл хэрэгжүүлэхдээ зардлын задаргаанд менежмент хийж тухайн бүтээгдэхүүнд эх орны түүхий эд, монгол хүний мэдлэг оюун, хөдөлмөрийн бүтээмж,нэмүү өртөг хэдэн хувь шингэснийг тооцож дотоодын шингээлт 60 хувь түүнээс дээш оролцоотой бүтээгдэхүүн үйлчилгээг сонгон шийддэг байх хэрэгтэй. Утааг шийдэх олон шийдэл байна. Эдгээр шийдэлд худалдан авах бүтээгдэхүүн,материал,үйлчилгээндээ дээрхи зарчмыг баримтлавал эдийн засагт өсөлт авчирч,ажлын байр,хүн амын орлого нэмэгдэнэ. Үүнийн үр дүнд үндэсний үйлдвэр өргөжинө, хөгжинө. Гэтэл авилгаас бол ямар ч үр ашиггүй хятад зуух, чанаргүй материал худалдан авч улсын төсвийг үргүй зарж байна.  
Утаа бууруулах даалгаврыг “Монгол базальт”-д өгчих. Бид нэг хороо, нэг хэсгийг хариуцаад авах юм бол хамгийн багадаа 60 орчим хувь бууруулах боломж байна. Утааны асуудлыг Монголынхоо түүхий эдээр шийдэх боломж байна.  
Гуравт, бид нийтээрээ сэтгэлгээний ядууралд орчихсон. Эрх баригчид нь ч тэр, иргэд нь ч тэр ялгаагүй. Бүх зүйлийг болохгүй, бүтэхгүй, чадахгүй талаас нь харж бодож сэтгэж байна. Ард түмнээ ядуу гээд л улстөрчид нь яриад байхаар иргэд ядуу гэдэгтэйгээ бүр дасан зохицоод эвлэрчихдэг. Сэтгэлгээний ядууралд орчихсон хүнээс бүтээмж гардаггүй.
Үнэтэй гар утас барьсан, хашаандаа хамгийн багадаа нэг машинтай мөртлөө дулаалгын материал авах гэхээр мөнгөгүй, ядуу болчихдог ийм л сэтгэлгээтэй байна, бид. Сэтгэлгээний ядуурлаас гарч, хотын соёлд суралцсан цагт сая утаа арилах нэг гарц бий болно.     
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн