Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаярыг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилох бололтой. Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар 2016 оны наймдугаар сараас хойш ажилласан Ц.Цэнгэл нь тэтгэвэртээ гарахаар зэхэж байгаа тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, дэд сайд Ц.Батбаярыг томилох аж.
1964 онд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн.
1982 онд Эрдэнэт хотын 10 жилийн дунд сургууль, 1984 онд ОХУ-ын Волгоград хотын Техник мэргэжлийн сургууль, 1996 онд “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийг тус тус төгссөн. Орос, Энэтхэг, Солонгос, Сингапур улсад эдийн засаг, удирдахуйн ухаан, манлайллын чиглэлээр суралцсан. Эрх зүйч мэргэжилтэй. Магистр зэрэгтэй. Орос, англи хэлний мэдлэгтэй.
1984-1985 онд Эрдэнэ-Булганы цахилгаан түгээх сүлжээнд цахилгаанчин,
1985-1987 онд хилийн цэргийн 0202 дугаар ангид хугацаат цэргийн албан хаагч,
1987-1992 онд НАХЯ-ны барилгын хороонд мастер,
1993-1996 онд нийслэлийн МАХН-ын улс төрийн ажилтан,
1996-1997 онд “Залуучууд-хөгжил” төвийн дэд захирал,
1997-1999 онд МАСЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга,
1999-2000 онд нийслэлийн өмчийн газарт хуулийн зөвлөх,
2000-2004 онд “Сойху” ХХК-д ерөнхий захирал,
2004-2005 онд “Булган” төвийн захирал,
2005-2007 онд Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.
2007 оноос Монголын зүүний хүчний холбооны ерөнхий нарийн бичгийн даргаа ажиллаж байна.
2016 оны наймдугаар сараас Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар тус тус ажиллаж байгаа нэгэн ажээ.
Шинээр томилогдох төрийн нарийнуудын сураг
Дашрамд дурдахад, Засгийн газар одоогоор дөрвөн яамны Төрийн нарийн бичгийн даргыг ажлаас нь чөлөөлөөд байгаа билээ. Тодруулбал, Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаас Ж.Болормааг, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас Б.Нямааг, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас Л.Баяртулгыг, Эрүүл мэндийн яамнаас Д. Очирбат тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаад байгаа юм.
Тэгвэл Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Наранцогтыг, Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар МУИС-ийн улс төр судлалын тэнхимийн эрхлэгч С.Мөнхбатыг, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д.Энхбат нарыг томилохоор яригдаж байгаа ажээ.
С.Наранцогт нь одоогоор Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд тэрээр тус яамны Төрийн сангийн газрын даргаар ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай нэгэн аж.
Харин МУИС-ийн улс төр судлалын тэнхимийн эрхлэгч С.Мөнхбатын хувьд салбартаа олон жил ажилласан бас л туршлагатай боловсон хүчин ажээ.