Open iToim app
Эрх зүй | 4 мин уншина

Д.Миеэгомбо: Цэц Үндсэн хуулиа баривал Б.Наранхүүг эгүүлэн татах бүрэн үндэслэлтэй

Д.Миеэгомбо: Цэц Үндсэн хуулиа баривал Б.Наранхүүг эгүүлэн татах бүрэн үндэслэлтэй
Нийтэлсэн 2018 оны 1 сарын 15
 Б.Наранхүү гишүүнийг УИХ-аас эгүүлэн татах асуудлаар хуульч Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, Ч.Жадамба  нар Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа юм. Энэ асуудлаар хуульч Д.Миеэгомботой ярилцлаа. 
-Та бүхэн УИХ-ын гишүүн Б.Наранхүүг Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр эгүүлэн татах асуудлаар Цэцэд хандаад байгаа. Цэцэд хандсан үндэслэл хэр бодитой вэ. Цэц бол Үндсэн хууль зөрчсөн эсэх дээр дүгнэлт гаргадаг. Тэгэхээр Б.Наранхүү гишүүн Үндсэн хуулийн яг ямар заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа вэ?
-Б.Наранхүү гишүүний Үндсэн хуулиар хүлээсэн, тангарагаа өргөсөн үүрэг бол Үндсэн хуулийг чанд сахиж бусад хууль тогтоомжийг биелүүлнэ, түүний хэрэгжүүлэх хамгийн гол чиг үүрэг нь ард түмнийг төлөөлөх. УИХ бол төлөөллийн байгууллага. УИХ-ын гишүүний төлөөлөл бол зөвхөн тойргийн хэмжээнд яригдахгүй.  Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн нь ард түмний элч төлөөлөгч бөгөөд нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэнэ” гэсэн агуулгатай заалт бий нь үүний нотолгоо.  Ард түмнийг төлөөлж хэлэлцэж байгаа асуудалд тэдний санал бодлыг  тусгаж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллах ёстой. Тийм ч учраас та нар, УИХ-ыг “Бага ард түмэн” гэж бичиж байгаа харагддаг шүү дээ. Түүнээс тэр тойргоо хэрхэн хөгжүүлсэн нь Үндсэн хуулийн агуулгаар бол тийм ч сонин биш. Тэнд чинь Засаг дарга, хурал гээд орон нутгийн хөгжил хариуцсан этгээд байж байгаа шүү дээ. Б.Наранхүү гуай бол биеийн тамирын багшийн орон тоон дээр орчихоод дуу дуулаад, хөгжмийн багш хийх маягтай яваад байгаа л асуудал юм.  
-Цэцээс энэ асуудлаар маргаан үүсгэх, эсэх талаар хариу өгсөн үү. Өмнө нь ийм асуудлаар маргаан үүсгэж байсан удаагүй. Цэцийн дүгнэлт хэрхэн гарах бол?
-Энэ бол маргаан үүсгэх хангалттай үндэслэл мөн. Ялах ялагдахдаа гол биш үүний цаана Үндсэн хууль бий. Төлөөлөгчийн багууллагаас сонгогдсон хүмүүс хуулиа дагадаг байх ёстой. Ер нь энэ асуудал Б.Наранхүүдээ гол биш. Тэр хувь хүн огт хамаагүй. УИХ-ын гишүүн гэдэг төрийн өндөр албан тушаалын чиг үүрэг, үүрэг нь юү вэ, энэ албан тушаалтан хэрхэн ажиллах ёстой вэ гэдэг асуудлыг хөндөж Үндсэн хууль зөрчсөнийг тогтоолгож хариуцлага тооцуулах шууд зорилготой.
Цэцээс одоогоор маргаан үүсгээгүй шалгаж байна гэсэн хариуг өгсөн байгаа. Шалгаж маргаан үүсгэх эсэхээ шийдэх хугацаа нь 14 хоног л доо Цэцийн процессийн хуулиар. Бидний өргөдөл Н.Жанцан гуай дээр хуваарилагдсан байна лээ. Н.Жанцан гуайн бүрэн эрх 2011-2017 оны тавдугаар саруудууд Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн 6 жил нь үргэлжилсэн, УИХ дараагийн гишүүнийг томилох хүртэл эрхээ хэрэгжүүлж байгаа ийм гишүүн. Асуудалд яаж хандах бол гээд анхааралтай харж сууна.   
-Цэцээс энэ асуудлаар маргаан үүсгэхгүй гэсэн шийдвэр гарвал хуулийн процессоороо дараагийн алхам нь юу байх вэ?
-Түүнд нь гомдол гаргаж 3 гишүүний бүрэлдэхүүнтэй бага суудлын хуралдаанаар хэлэлцүүлэх боломж бий. Энэ удаагийн асуудал бол Цэц үнэхээр Үндсэн хуулиа ойлгож мөрдөж хамгаалж  ажилладаг уу, үгүй юү гэдгийг ил болгоно. Энэ албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Цэц 7-9 гишүүний буюу их суудлын бүрэлдэхүүнээр шийддэг. Эндээс дүгнэлт гарна, УИХ-д оруулна. 
-Наранхүү гишүүний эгүүлэн татах асуудлаар гомдол гаргасан танай талын ард улс төрийн ямар сонирхол, захиалга бий юу гэсэн хардлага байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Надад Монголын улс төрийн тогтолцоог эрүүл байгаасай гэсэн улс төрийн сонирхол байна. Харин хэн нэгний захиалга бол байхгүй. Тухайлбал миний хувьд энэ гишүүнийг огт танихгүй. Наранхүү гишүүн, магадгүй УИХ-д суухаар ой нь гутаад хэцүү байдаг байж болно л доо. Гэвч Б.Наранхүүдээ гол нь бус Үндсэн хуулийн төлөөлөх гэдэг гол чиг үүргийг нухацтай авч үздэг, энэ нь ирцээр илэрч хуралдаанд сууж хэлбэрждэгийг л ойлгох ёстой. УИХ-ын үндсэн үйл ажиллагаа нь хуралдаан байна гээд заачихсан шүү дээ, Үндсэн хуульд.
Улстөрчид, нийгмийн ухамсрын төвшин хэт доогуур байна гэдэг. Тэгвэл өөрсдөө үлгэрлэ, манлайл. Шинэтгэлийг хийх ёстой, дэвшил авцрах үүрэгтэй хүмүүс өөрдөөсөө эхэл. Ард түмний итгэлийг өөртөө татаж хураах хэрэгтэй шүү дээ. Итгэлцэл байхгүй байгаа нь хамгийн эмзэг асуудал юм. "Хүнийг эзэлье гэвэл сэтгэлийг нь эзэл" гэдэг. Энэ бол төр ард түмний хооронд байх ёстой гол зүйл нь.  
-Үндсэн хуульд өөрчлөлт хийх асуудлаар хэлэлцэж байна. Хуульч хүнийхээ хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтөд ямар байр суурьтай байгаа вэ. Дэмжиж байгаа юу?
-Үндсэн хуулийн өөрчлөх хэрэгтэй юү гэсэн асуултад хариулахаар Засгийн газар 2016 оноос ажлын хэсэг байгуулж ажиллуулсан юм. Түүнд багтаж орон нутгаар явж нилээд ажилласан. Ингээд харж байхад, Үндсэн хуулийг өөрчлөхөд гурван шалгуурыг хангах ёстой юм. Нэгдүгээрт, нийгмийн зөвшилцөл заавал байх ёстой. Хоёрт, улс төрийн явцуу сонирхолоор хандаж болохгүй. Гуравт, Үндсэн хуулийг өөрчлөх ямар зайлшгүй шаардлага, тулгамдаад байгаа асуудал нь юу вэ гэдгийг маш сайн судлах ёстой. Нэг үгээр хэлбэл Үндсэн хууль өөрчилж байгаа зорилго нь ариун байх ёстой. 20-р зууны төгсгөлд, Үндсэн хуулийг баталсан явдал бол Монголчуудын хийсэн, гадны оролцоо багатай, нийгмийн хамгийн том түүхэн зөвшилцөл гэж хэлж болно. Иймээс үүнийг хамгаалах сэтгэхүй хүчтэй байх нь аргагүй, тэгэх ч ёстой юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн