Одоогоос хэдэн жилийн өмнө дунд сургуульд хамт сурч байсан эрэгтэй найз маань оюутан болсныхоо хавар сэтгэцийн эмгэгтэй гэсэн оношоор сургуулиасаа чөлөө авч билээ. Багаасаа нэг сургуульд сурч, хамт тоглож өссөн болохоор төрөлхийн ямар нэг өөрчлөлтгүй байсан гэдгийг надаас эхлээд найзууд, гэр бүлийнхэн нь бүгд гэрчилнэ. Сургуулийн спортын тэмцээнд ангиа төлөөлөн гүйдэг, сагс тоглодог, хэрэндээ л хөдөлгөөнтэй, яриа хөөрөө сайтай хүүхэд байсан юм. Гэтэл оюутан болоод удалгүй сэтгэцийн өөрчлөлттэй болсон гэх яриаг сонсоод итгэсэнгүй. Тэгээд учрыг лавлатал, барилдах сонирхолдоо хөтлөгдөн уургийн бэлдмэл хэтрүүлэн хэрэглэж, хүнд төмөр өргөж бэлтгэл хийдэг байжээ. Өдөрт нэг удаа хоол идээд, 75 грамм уураг авах ёстой байтал булчинлаг болно гээд 150, 200 грамм уургийг нэмж хэрэглэж байсан тухай өөрөөс нь сонссон юм.
Тэр явдлаас хойш фитнессээр хичээллэж эрүүл мэнддээ анхаарч болно, гэхдээ төрөл бүрийн уураг, судас тэлэгч хэрэглэж болохгүй шүү гэж ойр тойрныхондоо захьж хэлдэг болов.
Гэтэл саяханаас Улаанбаатар Сонгдо, Мөнгөн гүүр, Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нар “уураг, судас тэлэх зориулалттай бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэснээс зүрхний хэм нь алдагдсан, даралт нь ихэссэн, элэг нь задарсан тохиолдол нэг биш удаа бүртгэгдэж байгаа” тухай анхааруулж эхэллээ.
Уураг, судас тэлэгч хэрэглээд элэгний эс нь задарсан байна
Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал Ш.Зоригоо “Уураг уугаад элэгний эс нь задраад, ялтас эс цагаан эсүүд нь унаад хагас жил гаруй хугацаанд эмчилгээ хийлгэсэн тохиолдол бий. Гэтэл он гарсаар даралт нь ихдээд нүүр нь улайгаад толгой нь маналзаж өвдөөд, даралт нь 180-200 хүрээд эмэнд буухгүй байгаа 5-6 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс гурван залуу нь сүүлийн хоёр долоо хоногийн дотор манайд орж ирсэн. Үүний шалтгааныг ураг, судас тэлэгч бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой болов уу гэж харж байгаа. Даралт нь ихэсч, зүрх нь дэлсээд манай эмнэлэгт хандсан энэ залуус бүгдээрээ фитнессээр хичээллэж, уураг уудаг байсан байгаа юм. Хяналтын байгууллагууд энэ бүтээгдэхүүнүүдийг шалгаж хоримоор байна.
Уг нь эрүүл байж фитнессээр хичээллэнэ гэдэг уураг ууж, булчингаа хөгжүүлэхийг хэлэхгүй. Үнэхээр биеэ чийрэгжүүлмээр байгаа бол нэмэлт бэлдмэл, уураг уух шаардлагагүй, дасгалаа тогтмол хийхэд л хангалттай юм. Булчингийн хөгжил өөрөө хөдөлгөөний давталттай л холбоотой байдаг. Биеийн аль хэсгийг хөгжүүлэх дасгалыг давталттай хийж байна, тэр хэсгийн булчин хөгжиж томордог. Ер нь өндөг, махан хоол идэхээс илүү бодитой уураг нөхөх магадлал нь маш бага"
Ж.Батчимэг: Уураг, судас тэлэгч хэрэглээд даралт нь ихэссэн залуусын хамгийн бага нь 20 настай
Мөнгөн гүүр эмнэлгийн зүрх, судасны эмч Ж.Батчимэг: “20-35 насны залуусын даралт нь 170, 180 хүрсэн байдалтай орж ирж байна. Шалтгааныг нь тодруулахаар уургийн бэлдмэл, Л карнитин, амин хүчэл ууж хэрэглэсэн байна. Энэ жилийн тухайд гэхэд л ийм оноштой 3-4 залуу эмчлүүлсэн. Хамгийн бага нь 20 настай”
Д.Нарантуяа: Уургийн бэлдмэл хэрэглэснээс болж зүрхний хэм нь алдагдсан залуус ирж байна
Шастины нэрэмжит Гуравдугаар эмнэлгийн зүрхний тасгийн эмч Д.Нарантуяа “Төрөл бүрийн уургийн бэлдмэл ихээр хэрэглэж байгаа нь зүрх судасны өвчинтэй болоход нөлөөлж байна. Уургийн бэлдмэл хэрэглэсэн бол түүнийгээ задлах хэмжээний дасгал, хөдөлгөөн хийх хэрэгтэй байдаг. Гэтэл тэр дасгал хөдөлгөөнөө хангалттай хийгээгүйн улмаас зүрхний төрөл бүрийн хүндрэл гарах, зүрхний хэм нь алдагдсан, даралт нь ихэссэн залуус ирж байна
Э.Одхүү: Залуус тестестерон агуулсан уургийн бэлдмэл ихээр хэрэглэж байгаа нь үргүйдэлд хүргэж байна
Анагаах ухааны доктор, дэд профессор Э.Одхүү “Тестостероны тариа болон тестостерон агуулсан уургийн нэмэлт бэлдмэлийн хэрэглээ. Фитнессээр хичээллэх үедээ булчингийн массаа нэмэгдүүлэх зорилгоор энэхүү бэлдмэл болон тариаг залуучууд ихээр хэрэглэх болсон. Энэ нь булчингийн массыг нэмэгдүүлдэг хэдий ч эрэгтэй хүний өнчин тархинаас ялгарах бэлгийн дааврыг дарангуйлах замаар төмсгөнд эр бэлгийн эс үүсэх үйл явцыг саатуулж улмаар үргүйдэлд хүргэдэг.
Тухайлбал, тестестероны тариаг хэр удаан тариулснаас хамааран нэг жилээс дээш хугацаа өнгөрч байж эр бэлгийн эсийн өсөлт, үржилт сэргэж эхэлдэг. Иймээс энэ асуудлыг ард түмэнд сайтар ойлгуулахгүй бол энэ нь эрэгтэй шалтгаант үргүйдлийг ихэсгэх улмаар үндэсний хэмжээнд анхаарах ёстой чухал асуудал болоод байна. Мөн зарим уургийн бэлдмэлүүд нь уг дааврын агууламжтай байдаг. Энэ нь эргээд нэг бол эр бэлгийн эс огт байхгүй болгож болно, эсвэл эр бэлгийн эсийг цөөрүүлж, эрт бэлгийн эсийн чадамжийг алдагдуулснаар үргүйдэлд хүргэж байна.
Д.Даваадорж: Уураг, тэжээл хэрэглэж байгаад элэг, бөөрний дутагдалд орсон хүн олон байдаг
АУ-ны доктор, профессор Д.Даваадорж: Фитнесст дасгалын хажуугаар уураг болон тэжээл өгдөг том бизнес яваад байх шиг санагддаг. Дасгал хөдөлгөөн зааж хэдэн төгрөг олохоос илүү уураг тэжээл зарж мөнгө олох илүү байгаа харагддаг. Уураг, тэжээл нь нэг талдаа булчингийн масс нэмж байгаа ч нөгөө талд хувь хүндээ сөрөг нөлөөтэй. Нийтэд мэдэгдэхгүйгээр уураг, тэжээл хэрэглэж байгаад элэг, бөөрний дутагдалд орсон хүн олон байдаг.Тиймээс нэгд, маш болгоомжтой, тохируулж хэрэглэх хэрэгтэй. Миний бодлоор бол бүр хэрэглэхгүй байсан ч зүгээр санагддаг. Учир нь, байгалийн гаралтай биш химийн гаралтай бүтээгдэхүүн байдаг. Хоёрт, заавал уураг, тэжээл хэрэглэж булчин, шөрмөсөө гоё болгосон дор булчин шөрмөсөө байнга хөдөлгөдөг, эрүүл байх нь чухал. Гадаад үзэмжээ гоё харагдуулахын тулд ихэнхи нь уураг хэрэглэдэг. Үнэндээ гадаад байдал гоё байхаас илүү хөдөлгөөн сайн хийж, илүүдэл жингээ хаяж, эрүүл байх нь чухал шүү дээ”
Мэргэжлийн эмч нар ингэж ярьж байна. Уураг, судас тэлэгч бүтээгдэхүүний хэтрүүлэн хэрэглээ залуусын эрүүл мэндэд заналхийлж, аюул дагуулж эхэлжээ. Аливаа зүйлд хэмжээ стандарт гэж байдаг. Барилгыг стандартаар нь бариагүй бол хэзээ нэгэн цагт доголдол гардаг шиг уураг, амин хүчил, судас тэлэгч бүтээгдэхүүнийг хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэх нь эргээд хор болж байгааг эмч нар онцолж байна.
Бид дараагийн цувралаар уураг судас, тэлэгч бүтээгдэхүүний химийн найрлага бүтэц, түүний зохистой хэрэглээний талаар, мөн Монголд уураг, судас тэлэгч бүтээгдэхүүнийг ямар хяналттай зарж борлуулддаг, залуус мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр ууж, хэрэглэдэг эсэхийг сурвалжлан хүргэх болно.