Хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэл ЖДҮ-чин УИХ-ын гишүүдийг эгүүлэх татах асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа билээ. Мөн тэрээр ЖДҮХС-гийн зээлд холбогдсон гишүүдийн тоо нэмэгдсэн тухай, ЖДҮ-чин гишүүд нийлж “ЖДҮ-г задалсан ажлын хэсгийнхэн, сэвсэн, энэ сэдвийг байн байн сэдрээж нийгэмд байнга сануулж байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар Засгийн газар, Ерөнхий сайдыг шахаж эхэлсэн байна. Тэд нийгэмд ЖДҮ-г мартуулахыг хүсч, хичээж байна” гэж өчигдөр болсон "Хууль дээдлэх ёс ба авилга, ашиг сонирхлын зөрчил" хэлэлцүүлгийн үеэр мэдэгдлээ. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-ЖДҮ-чин УИХ-ын гишүүдийг эгүүлэх татах таны өргөдөл Цэц хариу ирүүлсэн үү. Энэ асуудал ямар шатандаа явж байна вэ
-Цэц дээр өчигдөр очиж уулзсан. Маргаан үүсгэх эсэхээ шийдвэрлээгүй байна гэсэн хариу өгсөн. ЖДҮ-чин гишүүдэд хариуцлага тооцох эцсийн боломж нь Цэц юм. Цэц энэ асуудлыг шийдвэрлэхгүй орхих юм бол цаашид яах ёстойгоо хэлж мэдэхгүй байна. Энд бид хэн нэгний мууг үзэх гэж Цэцэд хандаагүй. Нэг таньдаг ах маань над руу залгаад “Цэцэд гаргасан өргөдөлд нэр дурдагдсан УИХ-ын гишүүний нэрийг хэлээд ахынхаа мууд дурлаж яахнав дээ” гэж байна лээ. Би хүний мууд дурласан юм биш, бидний ирээдүй, үр хүүхэд амьдрах энэ нийгмийг ёс суртахуунтай, шударга, сайн сайхан болгохын төлөө явж байгаа юм.
ЖДҮХС-гаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор олгодог урт хугацааны хөнгөлөлттэй зээлийг төрийн өндөр албан тушаалтнууд олуулаа ижил тэнцүү хэмжээгээр авсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж Цэцэд хандсан. Цэц маргаан үүсгэж хэлэлцэнэ гэдэгт итгэлтэй байгаа.
-УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж, дүгнэлт гаргаж байсан тохиолдол Цэцэд бий юу. Түүхэн үйл явдлаас харахад?
-Байдаг. Энэ бол Үндсэн хуулийн цэцийн түүхэнд УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх дүгнэлт гаргуулах гээд явж байгаа зүйл бол анхных биш юм. Хамгийн том жишээ бол 2007 онд УИХ-ын дарга Ц.Нямдорж нь Авлигын эсрэг болон Ашигт малтмалын тухай хуулийн эцсийн найруулгыг УИХ-д танилцуулсны дараа засвар хийсэн тухай маргааныг Цэц хянан хэлэлцсэн. Ингээд Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтэд хүрч, УИХ-ын даргаас огцорч байсан сургамж бий. Бас шийдэж, УИХ-ын гишүүний хууль зөрчсөн үйлдлээс Үндсэн хуулийг хамгаалж, ирсэн механизм байна.
Хулгай нь баригдсан УИХ-ын гишүүд уучлалт гуйгаад өнгөрч болдог юм бол хохирлоо төлчихсөн, хулгайн хэрэгтэй бүх хоригдлоо уучлал гуйлгаад суллая л даа
-ЖДҮ-чин гишүүдэд хариуцлага хүлээлгэхийг нийгэм шаардаж байгаа учраас та Цэцэд хандсан уу, эсвэл та нар улс төр хийж байна уу. Хариуцлага хүлээлгэснээр нийгэмд ямар эерэг нөлөөллийг үзүүлэх вэ, эсрэгээрээ хариуцлага тооцохгүй байснаар ямар хор хохиролтой вэ?
-Хэн нэгэн нь энэ асуудлаар Цэцэд гомдол гаргах болов уу, тэмцэх болов уу гэж нэлээд удаан хүлээсэн. Иргэдэд, нийгэмд ЖДҮ-чдээс хариуцлага нэхэх, тэдэнд хариуцлага тооцуулах хүлээлт бий. Тэр хүлээлтийн төлөөлөл болоод явж байна.
Өвөрмонгол хүнтэй уулзахад надад “Хэрвээ манайд ийм зүйл гарсан бол аль хэзээний буудуулчихсан байгаа даа” гэж байгаа юм. Мөн манай нэг өмгөөлөгч эгч рүү Орос найз нь яриад “Танайд ийм зүйл болсон нь үнэн юм уу. Парламентын гишүүд нь ийм олноороо ингэж болдог юм уу, итгэхгүй байна” гээд халаглаж байна гэсэн. ЖДҮ-чид Монголоо наанадаж хоёр хөршид элэг доог болгож байна.
Хэрвээ энэ удаа л Үндсэн хууль хэрэгжихгүй, өнөөдөр л бид ямар нэг хариуцлага тооцож, арга хэмжээ авахгүй бол цаашаа их олон жил явна. Хамгийн аюултай нь энэ зүйлийг дагаад төрд итгэх ард түмний итгэл суларч байна. Энэ нь нийгмийг эмх замбараагүй байдал руу хөтөлнө. Хэрвээ төрд гараад ард түмний татвараас хулгай хийж болохыг зөвшөөрч байгаа бол ёс суртахуун, шударга ёс шаардаад, нэхээд хэрэггүй. Хулгай нь баригдсан УИХ-ын гишүүд уучлалт гуйгаад өнгөрч болдог юм бол хохирлоо төлчихсөн хэрнээ ял эдэлж байгаа хулгайн хэрэгтэй бүх хоригдлоо уучлал гуйлгаад суллая л даа. Энийг нийгэм, тэр байтугай ЖДҮ-чин УИХ-ын гишүүд ч хүлээн зөвшөөрөхгүй биздээ.
-Та сая илтгэлдээ ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн тоо 30 гарсан гэх мэдээлэл байна. Хариуцлага хүлээх ёстой ЖДҮ-чид эсрэгээрээ өөрсдийг нь мэдээлсэн хүмүүст хариуцлага тооцох тухай МАН дотор ярьж байгаа гэлээ. Энэ үнэн үү?
-ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн тоо 30 гарсан тухай мэдээлэл байна. Өнөөдөр Ардчилсан нам бүлэгтэй болох уу, бүлэггүй болох уу гээд ярьж байхад УИХ-ын бүхэл бүтэн 3-4 бүлэг байгуулах хэмжээний гишүүд ЖДҮХС-гийн зээл авсан тухай яригдаж байна. Удахгүй олон нийтэд ил болно байх. Түүгээр зогсохгүй ЖДҮ-д нэр холбогдсон гишүүд нийлж, хүчээ нэгтгэж Засгийн газарт хүчтэй дарамт үзүүлж байгаа гэх мэдээлэл ч байна. Анх ямар зорилготой ЖДҮХС-гийн асуудлыг хөндсөн, Ажлын хэсэг шалгасан, яагаад ЖДҮХС-гийн асуудал ярихтай зэрэгцэн Улсын бүртгэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон бэ, нийгэмд мартуулах хэрэгтэй байтал энэ сэдвийг байн байн гаргаж нийгэмд байнга сануулж байгаа явдлыг зогсоох хэрэгтэй, шаардлагатай бол зарим хүмүүст хариуцлага тооцох асуудал хөндөж, Засгийн газрыг, Ерөнхий сайдыг шахаж, шаардаж байгаа мэдээлэл ч байна. Ерөнхийдөө манай улстөрчид чинь мартагдахаас айдаг хүмүүс. Харин өнөөдөр тэд ЖДҮ гэдэг сэдвийг мартуулахыг ихэд хүсч байна.
ЖДҮ-гийн асуудлыг хамгаалсан, намжаах гэсэн бодитой бүлэглэл үүсчихлээ гэж харж байна. ЖДҮХС-гаас зээл авсан нь хэзээ задрах бол, олон нийт хэзээ мэдчих бол гэсэн айдастай нэлээн олон гишүүн байна. Үүний эсрэг тэмцэхэд, бидний өөдөөс эсэргүүцэх хүч бүр л томорч байна. Тэд эхний ээлжид сэтгүүлчдийг онилох байх, дараагийн ээлжинд энэ асуудлыг хариуцдаг төрийн албан хаагчид, дараа нь энэ асуудлыг шалгадаг хуулийн байгууллагынхныг онилж ирэх болов уу.
Тэгэхдээ тэд цаг хугацааны хувьд л өнөөдөртөө ялж магадгүй. Харин маргааш шударга хүмүүс, нийгмийн хүлээлт ялна, сайн цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна. Тэр ч утгаараа хуульчид бид хуулийн бүх боломжийг шавхаж ажиллахаар нэгдээд байна. Өнөөдрийн арга хэмжээ бол нэг хэсэг нь.