Монголд генерал цолыг анх 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдөр олгож эхэлсэн бөгөөд энэ жил генерал цол олгож эхэлсний 75 жилийн ой тохиох юм. Энэ өдрийг угтан “Монголбазальт” компанийн захирал Л.Ариунболд төрсөн нутаг болох Говь-Алтай аймгаас төрсөн генералуудаа өчигдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Тэрээр энэ арга хэмжээг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд аав нь армийн хурандаа, ээж нь хошууч цолтой, Шарга сумын уугуул ажээ.
Түүнчлэн энэ үеэр Говь-Алтай аймгийн Цэргийн хэлтсийн дарга, хурандаа М.Батсуурь "Генералын мөрдөс" хөшөө босгох тухайгаа зарлан, загварыг танилцуулсан юм.
Монголд нийт 180 гаруй генерал цолтон төрсний хамгийн олон нь Завхан, Говь-Алтай аймгаас тодорчээ. Тодруулбал, Завхан аймгаас 22 генерал цолтон төрсөн бол Говь-Алтай аймгаас мөн 21 генерал төрсний 15 нь өдгөө энх тунх амьдарч байна. Түүнчлэн, Говь-Алтай аймаг дотроо Халиун сумаас 6 буюу хамгийн олон генерал төржээ. Өнөөдрийн байдлаар Говь-Алтайн генералуудын 3 нь гавьяат цолтон болжээ.