Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс хүн амын дунд хийсэн судалгаагаар нийт хүн амын 18 хувь нь сэтгэл түгшилтэй, 17 хувь нь нойрны эмгэгтэй, 16 хувь нь мэдрэл сульдалттай, 6 хувь нь архинд донтсон, 4.4 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй болох нь тогтоогдсон байна. Эдгээр сэтгэцийн эмгэгт ажилгүйдэл, ядуурал, нойргүйдлээс үүдсэн стресс голлон нөлөөлж байгаа ажээ. Тодруулбал, өмнөх жилүүдтэй харьцуулахад стрессийн шалтгаантай сэтгэцийн эмгэг 10 дахин нэмэгдсэн байна.
Хүн амын дундах сэтгэцийн тулгамдсан асуудлын талаар СЭМҮТ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Л.Насанцэнгэлтэй ярилцлаа.
Стресс, ядаргаа нь туйлдаа хүрээд, унтаж чадахгүй болохоороо манайд ирдэг
-Хүн амын дундах сэтгэцийн өвчлөл нэмэгдэхэд голлон нөлөөлж буй хүчин зүйл юу байна вэ. Сүүлийн үед ямар төрлийн сэтгэцийн эмгэг зонхилон тохиолдож байна?
-СЭМҮТ-д жилдээ 6000 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг. Мөн жилд 40 гаруй мянган хүн амбулторийн тусламж, үйлчилгээ авдаг. 6000 хүний 1000 орчим нь донтох эмгэгийн шалтгаантай байдаг. Манай улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15 хувийг эзэлдэг. Сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн сэтгэцийн эмчийн идэвхитэй хяналтад эмчлэгдэж байна.
Сэтгэцийн эмгэг нийгмийн хөгжлийг дагаад ихэсдэг зүй тогтолтой. Улс орон хөгжихөөр халдварт өвчин буурч, халдварт бус өвчний тархалт өсдөг. Халдварт бус өвчин дотроо стресстэй холбоотой сэтгэцийн эмгэг, тулгамдсан асуудал өсдөг зүй тогтолтой. Манай улсын хувьд 1984-1992 онд хийсэн судалгааг 2014 оны судалгаатай харьцуулахад архинд донтох эмгэг 40 дахин, стрессийн шалтгаантай сэтгэцийн эмгэг 10 дахин өссөн.
Сүүлийн үед бол дэлгэцийн дон, хар тамхи, мансуурах бодис, нойргүйдлийн дон, сэтгэл түгшүүр, архинд донтох эмгэг өсч байна. Стресс, ядаргаа нь туйлдаа хүрээд, унтаж чадахгүй болохоороо манайд ирдэг. Үүнд, голлон нөлөөлж байгаа зүйл бол стресс, ажлын байрны дарамт, нийгмээс ирж буй төрөл бүрийн дарамт, ачаалал, орчин гэх зэрэг зүйлс нөлөөлж байна.
Мөн тайвшруулах, нойрсуулах эмийг хэтрүүлэн хэрэглэснээс сэтгэцийн эмгэгтэй болох тохиолдол ихэсч байна.
-Тайвшруулах, нойрсуулах эмийг хэтрүүлэн хэрэглэх нь сэтгэцэд нөлөөлдөг гэж байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Морфин, хүчтэй өвчин намдаах, седвексин, люминол зэрэг тайвшруулах үйлчилгээтэй нойрны эмүүдийг 14 хоногоос хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Тайвшруулах, нойрсуулах үйлчилгээтэй эмийг 14 хоногоос дээш хугацаанд хэрэглэвэл сэтгэцэд эмгэг үүсэх эрсдэлтэй. Долоогоос илүү хоногоор үргэлжлүүлэн уувал эмийн үйлчилгээ биед бага багаар үлдэн хуримтлагдах учир өдөр ч гэсэн нойрмоглон дүнсийж, хөдөлмөрийн чадвар сулрах эрсдэлтэй байдаг.
Сэтгэл түгшилт, санаа зовнил гурваас дээш жил үргэлжилбэл сэтгэцийн эмгэг болдог
-Сэтгэцэд ямар нэг өөрчлөлт орох, эмгэгтэй болох үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Нийгэм хамт олны дунд өөрийгөө зөв авч яваад нийгэмд зохих хувь нэмрээ оруулж чадаж байгаа хувь хүнийг сэтгэцийн хувьд эрүүл гэж хэлнэ. Нойргүйдээд, ядраад, сульдаад, толгой өвдөөд, байнгын айдастай, сэтгэл түгшилтэй, мансуурах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байгаа бол сэтгэцийн тулгамдсан асуудалтай байгаагийн шинж юм. Жишээ нь, сэтгэл түгшилт, санаа зовнил гурван жил түүнээс дээш хугацаагаар даамжирвал сэтгэцийн эмгэг болдог. Архи, тамхи хэрэглэж байгаа нь ч сэтгэцийн хувьд асуудалтай байна гэдгийг илтгэж байгаа юм.
Нойргүйдлийг эм биш зөв дэглэмээр эмчилнэ
-Нойргүйдэл хэр удаан үргэлжилж байж сэтгэцэд өөрчлөлт ордог вэ. Нойрны эмгэгийг хэрхэн эмчлэх вэ?
-Сэтгэцэд ямар нэг асуудал үүссэн байна уу гэдгээ хамгийн эхэнд нойроор шалгаж үзэж болно. Нойргүйдэл сэтгэцийн эмгэгийг эхний шинж. Гэхдээ нойргүйдлийн шинж тэмдэг 6-аас дээш сар үргэлжилсэн тохиолдолд эрсдэлтэй гэж үзнэ. Түүнээс ажлын ачаалал ихтэйгээс болоод 2, 3 хоног нойргүй явлаа гээд сэтгэцэд өөрчлөлт бий болохгүй. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Нойргүйдлийн шалтгааны дийлэнх нь ажил, амралтын горим алдагдсантай холбоотой байдаг. Тогтсон цагтаа унтдаг, ажил амралтаа зохицуулдаг бол нойрны эмгэгт өртөхгүй байх боломжтой. Нойрны эмгэгийг эм биш зөв дэглэм өөрчилнө.
Сэтгэцийн эмгэгийг бөө гэж андуураад хүндрүүлчихээд байна
-Сүүлийн үед бөө нар сэтгэцээр өвчлөх нь нэмэгдэж эмчлүүлэх болсон гэж ярьж байна. Энэ үнэн үү?
-Сэтгэцийн өвчтэй эмчлүүлэгсэд бөө болсон тохиолдлууд байгаа. Сэтгэцийн өөрчлөлттэй болоод байгаа хүүхдээ, нөхрөө, эхнэрээ бөөд очиж үзүүлэхээр тухайн хүнийг “бөө болох ёстой” гэж хэлээд бөө болгочихсон байх тохиолдол олон байдаг байна. Улмаар бөө болсон ч гэлээ сэтгэцийн өвчин нь зүгээр болохгүй харин ч улам хүндэрсэн хойно сая манайд эмчлүүлэхээр ирдэг. Харин бөөгийн шашнаас болоод сэтгэцийн өвчтэй болсон тохиолдол сайн мэдэхгүй байна.