Их Британийн санхүүгийн төв дүүрэгт Японы SMBC банкны Лондон салбарт банкираар 10 гаруй жил ажиллан, Европ, Дундад Ази, Орос, Казакстан, Туркменстан, Азербайжан зэрэг орнууудад хэрэгжиж буй томоохон төслүүдийг санхүүжүүлэх, хөрөнгө оруулалтыг хариуцан туршлага хуримтлуулсан Л.Дулмаазулыг ДЭЛХИЙН МОНГОЛ булангийнхаа зочноор урьж ярилцлаа. Тэрээр Прагийн Карлын их сургууль, Токиогийн Гадаад харилцааны их сургуулийг төгссөн. Мөн Оксфордын их сургуульд санхүүгийн бодлогын чиглэлээр магистраа хамгаалж, түүнийхээ дараа Оксфордын их сургуульд Executive MBA хамгаалжээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Та хүүхэд насаа Чехэд амьдарч, сурч өнгөрүүлсэн юм билээ. Ярилцлагаа таны бага насны дурсамжаар эхлүүлье?
-Танд болон iToim.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. ДЭЛХИЙН МОНГОЛ цуврал ярилцлагынхаа зочноор урьсанд баярлалаа.
Миний хувьд бага ангиа Улаанбаатар хотод 3-р хорооллын 13-р сургуульд төгссөн. Тиймдээ ч монгол хэл, соёлоо мартахгүй хайрлан, хадгалж ирэхэд ихээхэн нөлөөлсөн гэж боддог. Манай аав 1987 онд Прагийн Карлын их сургуулийн Монгол хэл судлал, түүхийн тэнхимд урилгаар ажиллах болсон юм. Намайг бага ангиа төгссөний дараа гэрээрээ Чех рүү нүүж, би арван жилээ Праг дахь ЗХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх орос сургуульд орж, төгссөн. Тухайн сургууль маань хуучны социалист нийгмийн үеийн орнуудын гадаад хүүхдүүд сурдаг олон улсын сургууль байлаа. Олон орны хүүхдүүдтэй найзлах, олон зүйлийг шинээр суралцах, мэдэх боломж гарсан тул би энэ сургуульдаа их хайртай байдаг. Сургууль маань том, сайхан орчин үеийн барилгатай Прагдаа Америк олон улсын сургуультай өрсөлдддөг байв. Чехийн намар үзэсгэлэнтэй, Праг хот бол Европын хамгийн гоё уран барилгатай хотуудын нэг. Харин оюутан цагаа Карлын их сургуулийн филисофийн факультет, Токиогийн Гадаад хэлний их сургуульд суралцаж өнгөрүүлсэн. Мөн Англид Оксфордын их сургуульд санхүү, удирдлагын чиглэлээр мастер болон “Executive” MBA хамгаалсан.
-Залуу хүн хүсэл мөрөөдөлтэй байна гэдэг чухал. Таны хувьд ч залуу насандаа дэлхийн шилдэг их сургуулиудад сурсан байна. Та өөрийнхөө хүсэл мөрөөдлийг хэрхэн олж, түүнийхээ төлөө хэрхэн хичээл зүтгэл гаргаж, хөдөлмөрлөж ирсэн бэ?
-Дэлхийн олон орноор аялангаа ажлаа хийгээд явахыг багаасаа мөрөөддөг байсан. Их сургуулиа төгсөөд санаандгүйгээр мөрөөдлийн ажилдаа орсон. Японы нэгэн томоохон компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар Чех улсад 500 гаруй хүнтэй машины үйлдвэр барих төсөл дээр анх ажиллахаар болсон юм. Тэр ажилд миний чех хэл давуу тал болсон гэж боддог. Ажил орсноос хойш Токио, Праг хоёрын хооронд сар болгон ирж, очдог болсон. Чехэд үйлдвэрийн газар авахаас эхлүүлэн, 10 жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө гаргах, нягтлан, үйлдвэрийн дарга, 500 гаруй ажилчнаа сонгон шалгаруулж авах ажлыг хүртэл гардан хийж, хамгийн сүүлд үйлдвэрээ нээх хүртэл ажилласан.
23 настайдаа их сургууль төгссөн оюутанд бол Токио, Прагын хооронд сар болгон “business class”-аар яваад л их гоё ажил санагддаг байлаа. Прагад очоод гэртээ харьчихна. Тэр төслийн дараа цаашид олон салбарыг хамарсан илүү их туршлага хэрэгтэйг ойлгож, банкны салбарт орсноор олон улс руу аялан, ажиллах боломж олдсон. Лондонд “SMBC” банкинд Европ, Ойрхи Дорнод болон Оросын холбооны орнуудад хэрэгжиж буй уул уурхай, эрчим хүч, нефть ба хийн төслүүдийн санхүүжилтийг хариуцан ажиллаж арав гаруй жилийн хөрөнгө оруулалт, санхүүгийн туршлага хуримтлуулсан. Тухайн үед жилдээ 20-30 удаа ажлын аялалтай. Залуу насандаа аялах боломж гарсанд баяртай байдаг. Эдгээр Европын болон Ойрхи Дорнодын улсуудаас гадна Өмнөд Африк, Намиби, Танзани, Ангол зэрэг оронд бас олон төсөл санхүүжүүлж байсан тул тэдгээр орноор аялах боломж гарсан нь их сонирхолтой байсан. Намиби улс бол яг Монгол шиг тал нутагтай, гэхдээ Германы колони улс байсан болохоор их цэвэрхэн, хөгжилтэй улс байна лээ.
Лондонд ажиллаж байхдаа Оюутолгой далд уурхайн санхүүжүүлэлт, Оюутолгойн цахилгаан станц, банкууд болон Монголын бусад компаниудад хөрөнгө оруулалт, санхүүжилт босгох ажилд оролцох боломж олдсон. Энэ нь миний хувьд Лондонд ажилласан туршлагаа Монголд хэрэгжүүлэх том боломж байсан.
-Одоо таны хувьд Монгол Улстай холбоотой ажиллаж байна уу?
-Одоогоор Лондонгоос Монголынхоо томоохон компаниуд болон хувийн төслүүдэд санхүүжилт босгох чиглэлд ажиллаж, эх орондоо хөрөнгө оруулалт татах тал дээр илүү анхааран ажиллаж байгаа. Миний хувьд уул уурхай, эрчим хүч болон сэргээгдэх эрчим хүчний салбаруудаар мэргэшсэн. Эдгээр салбарт 100 хувийн гаднын хөрөнгө оруулалттай нэлээн хэдэн төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Монголд төслийн санхүүжилтыг олон улсын стандартад нийцүүлэхэд анхаарах зүйл, хийх ажил их бий. Монголын компаниудтай энэ тал дээр хамтарч ажиллах сонирхолтой байгаа. Энэ миний зүгээс сурсан, мэдсэн зүйлээрээ бага ч болтугай эх орондоо хувь нэмэр оруулахыг хүссэн сэтгэл юм. Мөн миний хувьд Улаанбаатарын хөгжлийн корпорацийн зөвлөх, Улаанбаатар Худалдааны танхимд ТУЗ-ын гишүүн, Монголын эмэгтэй захирлуудын клуб гэх зэрэг байгууллагын ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж,сурсан мэдсэн туршлагаасаа Монголдоо хэв нэмрээ оруулж байна.
-Таны хувьд үндэстэн дамнасан томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлага арвинтай. Хамгийн том, үр дүнтэй хэрэгжүүлсэн төслийн туршлагаасаа хуваалцаж болох уу?
-Жишээ нь, Сахалин нефтийн төсөл, SUEK (Сибирийн нүүрсний компани) зэрэг уул уурхайн компаниудын санхүүжилтыг хурдацтай шийдвэрлэсэн. Тухайн үед Сахалин газрын тосны үйлдвэр барих 1,4 тэрбум ам.долларыг “Citi, JP Morgan” банкуудтай хамтран санхүүжүүлсэн. “Abhu Dhabi National Oil” компанид жил бүр 3 тэрбум ам.долларын санхүүжилтыг маш хямд жилийн бараг 0.8 хувийн хүүтэйгээр санхүүжүүлж байсан нь их сонирхолтой санагддаг байсан.
Зарим үед бусад банктай өрсөлдөн синдикат хийж ажиллана. Синдикат дээр хамгийн сүүлд UAE (United Arab Emirates)-ын 4 тэрбум ам.долларын газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг авахын тулд 20 гаруй гаднын банкууд өрсөлдөж, хэн, хэдийг оруулахыг нь тааварлан 500 сая ам.доллароор бооцоо тавьж, 300 сая ам.долларын хувь авч үлдсэн.
Ер нь улс орны том төслүүд Засгийн газар, Ерөнхийлөгчөөс хамааралтай. Сайд нарын төрийн айлчлалын үеэр том төслүүдийг хэрэгжүүлэх, эсэх нь шийдэгддэг тал бас байдаг тул геополитикийн хувьд ч их сонирхолтой ажил. Жишээ нь, буурай орнуудын төслүүд сонгуулийн өмнө болон хойт жилдээ зогсчихдог тул бид ер нь хүлээцтэй ханддаг. Надад хамгийн сэтгэлд ойр байдаг төсөл бол Москвагийн “Шереметьево” онгоцны буудлын “D” терминалыг санхүүжүүлсэн ажил байсан. Оросын “Vneshecomonbank” болон “Aeroflot” компанитай хамтарч 340 гаруй сая ам.долларын хөрөнгө шаардагдаж буй төсөл дээр Москва хүртэлх цахилгаан замыг 240 саяар нэмж гэрээг эцэслэсэн. Одоо Москвагаар дайрч нисэх бүрт Москвагийн “Шереметьево” онгоцны буудлын “D” терминал дээрээ очоод урам зориг авдаг шүү. Манай багийнхан “Aeroflot” компанитай хийсэн гэрээнд насаараа “VIP launged” үйлчлүүлэх гэсэн заалт оруулахгүй яав даа” гэж хошигнодог.
-Том төслүүдээ хөдөлгөснөөр тухайн улсын эдийн засагт ямар үр өгөөжийг өгдөг вэ. Бид юуг суралцаж, ямар чиглэлд анхаарах хэрэгтэй байна. Манайх хууль эрхзүйн орчин тогтворгүй, нөгөөтэйгээр том төслүүдээ хөдөлгөхөд улс төрийн шийдвэр нөлөө их байдаг болохоор хөрөнгө оруулагчдыг “үргээдэг” гэж гаднынхан ярьдаг. Бусад оронд том төслийг хэрхэн санхүүжүүлж, хэрэгжүүлж байна вэ?
-Бусад орны жишээнээс дурдахад, орлогын эх үүсвэр болсон газрын тос ба газийн төслүүдээ 100 хувь төрийн өмчит болгон улсын зээл, бондоор санхүүжүүлж хөдөлгөсөн байдаг. Жишээлбэл,, “Abhu Dhabi National Oil” компани 100 хувийн төрийн компани. Казакстаны “Samryk Kazyna”, Анголын “Sonangol”, Туркменстаны “Turmenneftegas”, Азербайжаны “Azeri Oil” гээд бүгд л 100 хувь төрийн компани.
Монголд бонд босгосон мөнгөөрөө орлого олох төслүүдийг санхүүжүүлэх биш, зам болон маш олон чухал биш төслүүдэд зээл өгчихсөн харагддаг. Гэтэл тэр зээлүүд нь төлөгдөх найдвартай орлогогүй харагддаг. Угтаа бол найдвартай орлого орж ирэх гол төслүүдээ 100 хувь төрийн өмчид авч үлдэн зээл болон бондын санхүүжилтээр явуулах нь оновчтой юм. Гэхдээ энэ маягаар төслөө явуулахад боловсон хүчин болон туршлага чухал байдаг. Хямд их үүсвэр, хөрөнгө оруулалтыг татахын тулд Засгийн газрын зүгээс Moody’s, S&P агентлагуудтай өрийн оновчтой диалог үүсгэн, улсынхаа зээлийн рейтингээ аажмаар сайжруулах талаар зөвлөлдөх хэрэгтэй. Энэ нь хямд зээл болон бонд босгоход маш чухал бөгөөд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахад нэмэртэй.
Тавантолгойн төсөлд нэлээд том хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр гаднын гурван банктай хамт ирж байсан
-Гаднын хөрөнгө оруулагчдыг хэрхэн татах талаар өөрийн туршлагаас олж мэдсэн зүйлсээсээ хуваалцаж болох уу?
-2012 онд Тавантолгойн төсөлд нэлээд том хэмжээний маш хямд зээлийн санал тавихаар гаднын гурван банктай хамт ирж байсан. Гэтэл Тавантолгойн удирдлагууд Засгийн газраас зөвшөөрөл авна гээд л алга болсон. Тэгээд дараа нь “хоёр жилийн дараа нөгөө санхүүжилтээ” гээд бидэнд хандахад нь дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаад санхүүжүүлэх боломжгүй болчихсон байсан.
Энэ дашрамд хэлэхэд, ер нь нүүрсний санхүүжилтыг ойрын хугацаанд хийхгүй бол дэлхий нийтээрээ нүүрсний орд, нүүрсний цахилгааан станцуудыг санхүүжлүүлэхгүй гээд шийдэцгээж, олон банк, хөрөнгө оруулагч нар татгалзаж байна. ОХУ-ын улсууд болох Казакстан, Туркменистан гэх зэрэг орнууд 2012-2017 он хүртэл маш олон том төслүүдээ хурдан шийдэж явуулж байсан. Ганцхан жилийн дотор нэг бүр нь .2 - 3 тэрбум ам.доллароор үнэлэгдэх 3-4 том төсөл хэрэгжүүлсэн байдаг. Тухайлбал, Хятадад байгалийн хийгээ зөвхөн хийн хоолойгоор гаргах замаар эдийн засгаа солонгоруулсан “Gas to Liquid”, “Gas to Polyetelen” төслүүдийг хэрэгжүүлж чадсан нь онцлууштай. Тухайн төслүүдийн баригдах хугацаа 3-4 жил гэж тооцвол,одооноос эхлэн байгалийн хийн орлогыг солонгоруулах орлогууд орж ирж байгаа юм.
Шилдэг их сургууль, боловсрол бол зөвхөн потенциалыг л харуулна. Түүнийг ашиглах, үйлдэх, хийх нь жинхэнэ чадвар
-Та Токиогийн их сургууль, Оксфорд гээд дэлхийн шилдэг их сургуулиудыг төгсчээ. Эдгээр сургуулиудад суралцсанаар ямар давуу талуудыг олж авсан бэ. Дэлхийн шилдэг их сургуульд суралцаад мэргэжил мэдлэг талаасаа олон зүйлсийг сурч мэдсэн байх. Өөрөөр танд өгсөн хамгийн том чадвар юу вэ?
-Шилдэг их сургууль, боловсрол бол зөвхөн потенциалыг л харуулна. Түүнийг ашиглах, үйлдэх, хийх нь жинхэнэ чадвар “power” гэж Оксфордын хичээлүүдээс санаанд үлдсэн юм байна. Оксфордын Executive MBA бол 10-20 жил ажилласан хүмүүст зориулсан удирдлагын хэмжээний боловсрол юм.
-Японы эзэн хаан Нарухито , Английн алдарт улс төрч Черчилль нарыг бэлтгэсэн сургуульд орсон анхны монгол хүн болсон-
-Оксфордын их сургууль нь 750 гаруй жилийн түүхтэй. Энэ олон жилийн түүхтэй сургуульд суралцсанаар Оксфордын их сургуулийн соёл болон түүхийн нэгэн хэсэг болсон мэт санагддаг. Энд ирсэнээр дэлхийн шилдэг багш нараар хичээл заалгахаас гадна олон орны шилдэг манлайлагч нартай нэг ангид орон, академи болон бизнесийн талаар санаа, бодлоо солилцох боломжтой болсон. Мөн Оксфордын коллежиуд нь их гоё, эртнийхээ барилга соёлыг авч үлдсэн тул 13-15-р зуунд очоод хичээлээ хийж, хооллон амьдарч байгаа юм шиг санагддаг. Тус сургуулийг олон алдартан төгссөн тул бахархууштай сонин түүхүүд бий. Оксфорд олон коллежитой. Жишээ нь миний сурсан “Merton” коллеж нь 1264 онд байгууулагдсан Оксфордын хамгийн эртний коллежи боловч энэ нэр хүндээ “Bailioil” болон “University” коллежитой булаацалдаж байдаг. Манай коллежид Английн алдарт улс төрч Лорд Рандольф Черчилль сурч байсан гэдэг. Мөн манай коллежиос Нобелийн шагналтан 4 төрсөн байдаг. Одоогийн Японы Эзэн хаан Нарухито Оксфордодбайхдаа энд сурч, байрлаж байсан. Коллежийн оюутны хоолны ширээ нь одоо ч Харри Потер хэв маягтай эртний зааланд оюутнууд нь урт ширээнүүдэд сууж хоолоо идэцгээнэ. Коллежидоо оройн хоолонд ороход заавал оюутны хар нөмрөг, хар дөрвөлжин малгайгаа авч орж ирэн хоол идэхийн өмнө бүгд босч латинаар “Recital” уншдаг. Нарухито эзэн хаан төгссөнийхөө дараа коллежидоо жил бүр хандив өгч, оюутнуудын хоолыг нь чанар сайтай байлгаарай гэж захисан тул манай коллежи хамгийн сайн хоолтойгоороо алдартай байсан. Миний хувьд “Merton” коллежид орсон анхны монгол хүн болсоноороо бахархдаг.
-Дэлхийн шилдэг их сургуулиудад элсэхийн тулд ямар шалгуурыг давах ёстой байдаг вэ. Залуус өөрсдийгөө хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө өгөхгүй юү. Ер нь XXI зуунд залуу хүний гол өрсөлдөх чадварыг та юу гэж тодорхойлох вэ. Таны хувьд ямар чиглэлд өөрийгөө илүүтэй хөгжүүлж байна вэ?
-Шилдэг сургуулиад потенциалтай оюутан элсүүлж, ирээдүйд сургуулийнхаа нэрийг өндөрт өргөх боловсон хүчин болгохоос гадна бас бусад оюутантай туршлагаасаа хуваалцаж чадах хүнийг эрж, хайж байдаг. Шилдэг их сургуулиудын анхан шатны шалгуур болох IELTS-ийн 7.0-7.5-аас дээш оноотой гэх зэргийн шаардлагыг давсаны дараа ямар нэгэн өөрийн давуу тал, онцлогоо эссэдээ гаргах, өөрөөр хэлбэл, тухайн сургуульд юуг авч очиж, оюутнуудтай хуваалцаж, тэдэнд ямар хөрөнгө оруулалт хийх вэ гэдгээ илэрхийлбэл тустай. Тиймээс англи хэлний өндөр мэдлэгээс гадна ямар нэгэн онцгой ур чадвар байх нь давуу тал болдог. Жишээ нь, манай ахын том охин Амина спортын авьяастай. 17 настайдаа Германы Гольфын Үндэсний шигшээ багт шалгарч орсон. “Wolkswagen” компанийн шинэ загварын машинуудыг нь үнэгүй унах эрх болон Америкийн топ 4 их сургуулиас бүрэн тэтгэлэгтэйгээр суралцан, тус сургуулийн Гольфын багийн өмнөөс нь тоглохыг урьсан.
-Таны ажлын онцлох арга барил, цаг хэмнэх арга юу вэ?
-Хийх ёстой ажлуудаа өмнөх өдөр нь бичиж тавиад маргааш нь ажилдаа ирээд бага багаар нь хийгээд ажлын листээ бөглөөд явдаг. Мөн энэ листээ долоо хоног сараар гарган очих эвент, уулзалт, аялал гээд төлөвлөгөөгөө гаргадаг. Харин дуртай ажлаа бол өдөр, шөнө харгалзахгүй хийдэг .
-Бидний хүүхдэдээ өгч чадах хамгийн том бэлэг бол боловсрол болон эрүүл орчин-
-Амжилттай яваа хүмүүс ихэнхидээ хэн нэгнээс үлгэр дууриалал, урам зориг авдаг гэдэг шүү дээ. Таны хувьд хэнээс эсвэл юунаас урам зориг, үлгэр дууриалал авдаг вэ?
-Охфордод сурч байхад манай ангид “Oxford University Press”-ийн олон улсыг хариуцсан захирал мэргэжилтэй бүсгүй байсан. Тэр ажлынхаа хажуугаар сурч байсан мөртлөө гурван ихэр хүүхэд төрүүлсэн гайхалтай эмэгтэй. Хүүхэд төрүүллээ гээд хойш суугаагүй, сургуулиа ч онц дүнтэй төгссөн, төрөөд зургаан сарын дотор ажилдаа орчихсон. Тэр найзыгаа хараад өөрийн эрхгүй бахархах, урамших сэтгэл төрсөн. Гэхдээ 3 ихэр хүүхэд хүн бүрт заяахгүй л дээ. Мөн Английн Хелена Моррисси гэх эмэгтэй “30 хувь” нэртэй клубыг байгуулан дэлхийн “Fortune 500” компаниудын удирдлагад 30 хувь нь эмэгтэй ТУЗ нар оруулах ажлыг амжилттай хэрэгжүүлж яваа. Тэр англи эмэгтэй 9 хүүхдээ хүмүүжүүлэхийн зэрэгцээ “Newton Asset Managememt”-ийн гүйцэтгэх захирлаар 47 тэрбум долларын хөрөнгийг удирдаж буй. Олон хүүхэд, гэр бүл болон ажил карьераа амжилттай зохицуулж эмэгтэйчүүдийн манлайлагч болж чадсан нь гайхамшигтай.
-Та өрсөлдөөн ихтэй гаднын зах зээлд амжиллтай ажиллаж яваа эмэгтэй хүн. Мөн ээж хүн. Энэ хоёр чухал ажлыг хооронд нь цалгардуулалгүй хэрхэн амжуулж, ажил амьдралын балансаа хэрхэн зохицуулж ямар төлөвлөгөөгаар ажилладаг вэ. Англид эцэг эхчүүд болон сурган хүмүүжүүлэгчид хүүхдийг хэрхэн өсгөж хүмүүжүүлдэг талаар өөрийн туршлага,ажиглалтаас үүдэлтэй зөвлөмжөө хуваалцахгүй юу?
-Би бусад ээжүүдийн л адил хүүхдийнхээ сургууль, хүмүүжлийг зохицуулан цаашид ямар сургуульд оруулах гэх зэргээр ирээдүйг нь төлөвлөдөг. Энэ миний хувьд хамгийн их хариуцлагатай бөгөөд сонирхолтой ажил. Одоогоор Монголын болон Английн боловсролын системийг судалж байгаа. Хүүхдээ яг алинаар нь явуулахаа хараахан шийдээгүй л байна. Английн дунд боловсролын систем нь аз жаргалтай, өөртөө итгэлтэй хүүхдийг бэлтгэдэг. Европын улс, жишээ нь Франц, Герман зэрэг улсуудад бол тоо, физик илүү гүнзгийрүүлж академик талдаа инженерүүдийг бэлтгэхэд анхаардаг юм байна. Аль аль нь сайн талуудтай санагдсан. Бидний хүүхдэдээ өгч чадах хамгийн том бэлэг бол боловсрол болон эрүүл орчин юм. Манай нөхөр бид хоёулаа Охфордын их сургуулийг төгссөн болохоор хүүгээ төгссөн сургуульдаа оруулахаар одооноос бэлтгэж байгаа. Гэхдээ том болоод өөрөө шийднэ байх аа.
-Таны хувьд амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөөг хэн өгсөн бэ?
-Манай аав Карлын Их Сургуулийн Монгол судлалын профессор Ж. Лувсандорж, МУИС-ийн Монгол хэлний тэнхмийн эрхлэгч байсан, Монголч эрдэмтэн хүн. МУИС, Ленинградын их сургууль, Чехийн Карлын их сургууль зэрэг алдартай сургуулиудад монгол хэл судлалаар багшилж олон гаднын монголч эрдэмтнийг төрүүлсэн.
Манай аавыг танихгүй монголч эрдэмтэн гэж бараг байхгүй байх. Аавын маань надад үзүүлсэн гол нөлөө гэвэл би гадаадад олон жил амьдарсан ч монгол хэл, соёлоо ер мартаагүй, Монголдоо хувь нэмрээ оруулж яваа гэж боддог. Мөн миний гадаад хэлний мэдлэгийн суурийг манай аав тавьсан. Намайг бага байхад манай гэрт гадаад хэлний бараг бүх толь бичиг байдаг байсан. Тийм болохоор багаасаа л толь бичиг нээж үзэн нэр үг, үйл үгээр нь харж, цээжилдэг байлаа. Надад англи хэлнээс гадна герман, франц хэл сургахаар Карлын их сургуулийн профессор rector Vacekiin гэрт аваачин долоо хоног бүр хувиараа заалгуулдаг байсан. Аав маань гадаад хэл сайн сурахын тулд өөрийн суурь монгол хэлийг бүрэн эзэмших нь хамгийн чухал. Монгол хэлгүйгээр гадаад хэлийг сураад сэтгэж чадахгүй гэдэг байсан.
Ер нь миний карьерт санхүүгийн мэргэжлээс гадна гадаад хэлний мэдлаг их тус болсон. Анхны ажилдаа чех хэлээ ашигласан бол хоёр дахь ажилд англи, япон хэл их хэрэг болсон. Лондонд банкинд орос, англи, чех хэлтэйг маань олзуурхан Орос, Оросын холбооны орнууд олон зүүн Европыг анх хариуцан ажилласан. Лондонд банкууд тухайн орныг хариуцан ажиллахад ихэнхдээ санхүүгийн мэдлэгээс гадна мөн хэлийг нь мэддэг хүмүүсийг сонгодог. Жишээ нь, латин Америкийг хариуцвал испани хэлтэй, Хойд африкийн улсуудыг хариуцахад ихэнхидээ франц хэлтэй хүмүүс ажиллаж байдаг.
Энэ дашрамд хэлэхэд, аав маань 40 гаруй жил монгол хэл шинжлэл болон “Монголын нууц товчоо”-ыг судалсан. 2017 онд “Монголын нууц товчоо”-ны орчуулгын алдаануудын тухай эрдэм шинжилгээний зорилготой “Монголын нууц товчоо” хэмээх номоо хэвлүүлсэний дараа Охфордын их сургуульд уригдан монголч эрдэмтэн багш нарт лекц тавьж, тэдний анхаарлыг ихэд татсан. Энэ ном 2019 онд дахин Юнескогийн дэмжлэгтэйгээр хэвлэгдэн гарна.
-Та ном хэр их уншдаг вэ. Унших дуртай, чухалчилдаг номынхоо талаар хуучлахгүй юу. Залууст санал болгох зорилгоор?
-Би хүүхэд байхдаа ном, сонин их уншдаг байсан. Прагад очоод 10 настайдаа хичээлээ тараад “DSNK” гээд номын санд орж орой хаатал нь Оросын бага ястнуудын үлгэрүүдийг бүгдийг нь уншаад дараа нь бараг цээжээр мэддэг болсон байсан. Одоо бол Охфордын номын клуб дээр зааварчилсан номууудаас уншиж байгаа. 2017 онд хэвлэгдэн бестселлэр болсон Линда Краттон болон Эндрю Скоттын “100 жилийн амьдрал”-(The 100 years of life) гэдэг номыг сүүлд уншсан. Баруууны орнуудад хүмүүсийн амьжиргаа сайжирсанаар хүмүүс урт удаан амьдардаг болж байна. Энэ ном нь амьдралдаа юуг хийж болох, зорилго болон амьдралаа яаж үр бүтээлтэйгээр төлөвлөх талаар санаа авахын тулд ер нь хүн бүр уншмаар санагдсан.
-Амьдралдаа хийж байсан хамгийн том бүтэлгүйтэл, түүнээс авсан сургамж тань юу вэ?
-Их сургуулиа төгсөөд Токиогийн их сургуульд орно гэсэн зорилготой ажлын компанидаа 10000 гаруй оюутнаас шалгалтын шатанд эхний 50-д тэнцэж дараа нь таван удаагийн ярилцлагад орон хамгийн сүүлийн ярилцлага дээр суралцах салбараа өөрчилж хэлээд уначихсан юм. Тэр үед тууштайгаар анх орно гэж байсан салбараа хэлээд явж байх минь яав дээ гэж бүтэн жил харамссан. Үүнээс аливаа зүйлд тууштай байх нь маш чухал гэдгийг ухаарсан.
-Иргэдийнхээ амьжиргаа, эрүүл мэнд, боловсролын төвшинг дээд хэмжээнд аваачихсан орон л хамгийн баян-
-Өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд эх орноо хөндлөнгийн нүдээр ажиглаж чаддаг, хөгжүүлэх өөрчлөх шаардлагатай байгаа талуудад илүү гярхай байдаг шиг санагддаг. Таны хувьд юуг өөрчлөх юмсан, ямар чиглэлд хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог вэ?
-Манайх шиг улсад дэд бүтцээ хөгжүүлэх, хүнээ дэлхийн өндөр хөгжилтэй, ирээдүйн аж амьдралын төвшинд аваачихад хийх, хэрэгжүүлэх ажил асар их байна. Хувь хүний амжиргаа, эрүүл мэнд, боловсролын төвшинг дээд хэмжээнд авааччихсан бол баян улс гэж боддог. Дэд бүтцийн нэг салшгүй суурь болсон иргэд, болон малчдыг орлого, аж ахуйг дээшлүүлэх тал дээр хийх ажил их байна.
-Эцэст нь залууст хандаад юуг захьж, хэлэх вэ?
-21-р зуунд бол аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэх дижитал орчин, Fintech, Ai, Robotic мэтийн мэдлэгүүд шаардагдаж боловсролын системийн өөрчлөлт явагдах шаардлагатай болж байгаа. Манай дунд боловсролын хүүхдүүд математик, ой тогтоолтын тэмцээнүүдэд амжилттай оролцон дэлхий нийтийг түрүүлж байгааг харахад бахархууштай. Шинэ үеийн залуус маань Fintech, дижитал тал дээр дэлхий нийттэй эн зэрэгцэн алхаж байгаа харагддаг. Монгол залуус ч дэлхийгээс хоцролгүй өөрсдийгөө хөгжүүлж, шилдэг их сургуульд суралцан, туршлагажиж, улсаа хөгжүүлээсэй гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.